84-р сургуулийн сурагчдад барилгын материалын саваар тараг зөөн идүүлсэн нь илэрчээ

Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн 84 дүгээр сургуулийн Үдийн цай хөтөлбөрт нийлүүлж байсан таргийг барилгын материалын саванд хийж зөөвөрлөсөн, тээвэрлэж байгаа тухай мэдээллийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийлээ.
Нийслэлийн 84 дүгээр сургуульд Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж “Коко десерт” ХХК-ний үйл ажиллагааг шалгахад хүнсний зориулалтын бус саваар тараг тээвэрлэж, түгээж байгаа зөрчил илэрсэн.
Тиймээс ашиглаж байсан сав болон таргийг шинжлүүлэхээр лабораторид өглөө. Энэ нь Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11.2 дахь заалт, Хүнсний зориулалтын бус хуванцар савны талаар авах арга хэмжээний тухай Монгол улсын Засгийн газрын 2015 оны 496 тоот тогтоолыг зөрчиж байгаа тул Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Тиймээс НМХГ-аас тус компанийн гэрээ цуцлах саналыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт, сургуулийн удирдлагад хариуцлага тооцуулах тухай саналыг Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлж, зөрчлийн хэрэг нээж, прокурорт хүргүүлэхээр боллоо. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 09 сарын 03-16-ны өдрүүдэд Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлж буй ерөнхий боловсролын сургуулиудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.
Т.САНТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.