СПОРТ

Шигшээ багаа түүхэн хожилд хөтөлсөн, 18 настай А.Дөлгөөнтэй ярилцлаа

Монголын хөлбөмбөгийн хорхойтнууд тун ч баяртай байна. Учир нь “Талын хөх чононууд” гэгддэг манай улсын хөлбөмбөгийн шигшээ багийнхан ДАШТ-ий урьдчилсан шатны эхний тоглолтдоо Мьянмарыг хожин, түүхэндээ анх удаа гурван оноо авсан юм. Талбайдаа, монгол түмнийхээ өмнө түүхэн хожил байгуулахаас илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Эл тоглолтод хожлын гоол оруулж, багаа ялалтад хөтөлсөн Үндэсний шигшээ баг, “Дэрэн” клубийн тамирчин А.Дөлгөөнтэй ярилцлаа.

-Монголын хөлбөмбөгчид ДАШТ-ий хоёрдугаар шатанд анх удаа хожиход гол баатар нь Та байлаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг А.Дөлгөөн гэдэг. Үндэсний шигшээ баг, “Дэрэн” клубийн тамирчин, 18 настай. МУИС-ийн маркетинг, менежментийн нэгдүгээр дамжааны оюутан. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаад таван сар болж байна. Эх орноо төлөөлөн олон улсын гурав дахь тоглолтдоо оролцлоо.

-Та бүхэн Мьянмарын эсрэг бэлтгэлээ хэрхэн хийв. Тэднийг хожино гэх багцаа байсан уу?

-Мэдээж хожиж, монгол түмнээ баярлуулахын төлөө өрслөлдсөн. Манай багийнхан тэмцээний өмнө Унгарт 14 хоног хамтарсан бэлтгэл хийсэн. Өнгөрсөн хугацаанд хоёр ч нөхөрсөг тоглолт хийсэн нь бидний амжилтад их нөлөөллөө. Үүний сацуу ДАШТ-ий эхний шатанд Брунейн шигшээ багийг хожсон нь их туршлага болсон.

-ДАШТ-ий эрх авахын төлөө эх орондоо тоглохын өмнө хэр сандрав?

-Сандрахаас илүү ямар их догдолсон гэж санана. Монгол түмнийхээ өмнө хожигдох эрх бидэнд байхгүй. Хөгжөөн дэмжигчдээ баярлуулахыг үргэлж хүсдэг. Тиймээс бүхнээ дайчлаад тоглосон.

https://www.facebook.com/MongolianFootballFederation/videos/526237601473277/UzpfSTEwMDAwNjY3NjQ0OTgzNjozMDYwNjExMjk0OTk0MTQ6MTA6MDoxNTY5OTEzMTk5OjQ4OTY0MTg5NTc5MDE2NzY3NzE/

-Эхний хагасын 17 дахь минутад А.Нармандах тан руу дамжуулахад өөр тамирчин руу дамжуулах уу шууд довтлох уу гэж эргэлзсэн үү?

-Огт эргэлзээгүй. Шууд л Мьянмарын хаалга руу довтолсон. Гоол оруулсынхаа дараа үнэхээр баярласан. Амьдралд минь тохиолдсон хамгийн сайхан мөчүүдийн нэг байлаа. Өмнө нь мэдэрч байгаагүй, үгээр илэрхийлэхийн аргагүй тийм гоё мэдрэмж төрсөн. Гоол оруулсныхаа дараа шоконд орсоон (инээв). Манай багийнхан тэргүүллээ хадгалсаар хожсон нь бүр ч сайхан санагдаж байна. Монголын шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатанд анх удаа хожиж, гурван оноо авч байгаа юм билээ. Гоол оруулж, багийнхаа хожилд хувь нэмэр оруулсандаа баяртай байна.

-Олон улсын тэмцээний анхны гоолоо оруулаад шигшээ багаа хожилд хөтөлнө гэж төсөөлсөн үү?

-Үгүй ээ. Бүхнээ дайчлаад, багийнхандаа чадах чинээгээрээ тусална л гэж бодсон.

https://www.facebook.com/ideruugan.ganbat/videos/1249947485192788/

-18 настай тамирчин шигшээ багаа хожилд хүргэлээ гээд олон хүн танаар бахархаж байгаа нь анзаарагдсан. А.Дөлгөөнд хамгийн сайхан урмын үгийг хэн хэлэв?

-Олон хүн урам хайрлаж, улам хичээх эрх хүч өгсөн. Бүгдэд нь баярлалаа.

“Улаанбаатар сити” клубийн хөлбөмбөгчин А.Тэмүүжин таны төрсөн ах. Таныг эл спортод хөл тавихад ах тань их нөлөөлсөн байх.

-Тэгэлгүй яах вэ. Багаасаа ахтайгаа хамт хөлбөмбөг тоглон, эл спортод хорхойссон. Би хөлбөмбөгөөр хичээллээд зургаан жил болж байна. Би эхээс дөрвүүлээ. Ахаасаа үргэлж үлгэрлэн, суралцдаг.  

-Хөлбөмбөгийн спортын хамгийн сайхан нь юу вэ?

-Ямар ч үед ялалт, хожигдлын амтыг багаараа мэдрэх.

https://www.facebook.com/MongolianFootballFederation/videos/514052115805774/?epa=SEARCH_BOX

-Та “Пушкаш”-ийн академид сурсан Монголын хуруу дарам хөлбөмбөгчдийн нэг нь. Г.Ганбаяр “Пушкаш” клубтэй гэрээ байгуулж, одоо тоглож байгаа. Тус клубтэй гэрээ байгуулах боломж танд байсан уу?

-Уг нь байсан юм аа. Даанч “Пушкаш” клубтэй гэрээ байгуулахын тулд заавал 18 нас хүрсэн байх учиртай. Тухайн үед би 16 настай байсан болохоор боломж бүрдээгүй. Би “Пушкаш” академид П.Ууганбаярын хамт нэг жил сурсан, 2017 онд.  Тамирчин бүхэн мэргэжлийн хөлбөмбөгчин болж, томоохон лигт тоглохыг мөрөөддөг. Би ч бас тийм.

-Танд гадаадын багаас санал хэр ирдэг вэ?

-Ганц нэг багаас ирсээн.

-Нэг тоглолтод хамгийн олондоо хэдэн гоол оруулж байв?

-“Дэрэн” клубийн тамирчдын хамт 2014 онд өсвөр үеийн ДАШТ-д оролцохдоо Норвегийн багийн эсрэг таван гоол оруулсан.

-Үлгэрлэж явдаг тамирчин бий юү?

-Байлгүй яах вэ. Б.Гарьдмагнай, Х.Цэнд-Аюуш, Н.Цэдэнбал ах нараас үлгэрлэж, тэдэн шиг хөлбөмбөгчин болохыг хүсдэг.

-Ямар клуб, тоглогчийг дэмждэг вэ. Олонх хүн Месси, Роналдуг онцолдог шүү дээ. 

-“Челси” клубийг, тоглогчдоос Фрэнк Лампардыг дэмждэг.

-Тоглолтын тань онцлог, гол давуу тал юу вэ? 

-Аль болох бүх талаараа давуу байхыг хичээдэг. Хурд, хүчээрээ илүүрхэхийг илүүд үздэг.

-Манай улсад хөлбөмбөг тоглоод амьдралаа авч явах боломж хомс. Та хэрхэн зохицуулдаг вэ? 

-Мэдээж хөлбөмбөгийн спорт өндөр хөгжсөн бусад оронтой харьцуулах аргагүй. Би хөлбөмбөг тоглохынхоо хажуугаар сургуульдаа сурдаг.

-Та бүхэн F хэсэгт Киргиз, Япон,  Мьянмар, Тажикстаны багтай нэг хэсэгт багтсан. Бидэнд ДАШТ-ий хоёрдугаар шатнаас гарах боломж хэр байгаа бол?

-Олонх хүн боломжгүй, биднийг хожигдоно гэж бодож байгаа. Гэхдээ бид бууж өгөхгүй. Өндөр амжилт гаргах боломж, нөөц бидэнд байгааг харуулахын тулд бүхнээ дайчилна.

-Та бүхэн энэ сарын 10-нд Тажикстантай өрсөлдөнө. Тэдэнтэй хэрхэн тоглохоор төлөвлөж байгаа вэ?

-Баг бүрийн тоглох арга барил, онцлог өөр өөр. Бид аль болох өрсөлдөгчийнхөө сул талыг ашиглаж тоглоно.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button