Ярилцлага

"Монголын сайхан бичигтэн" эгч дүүс: Манай ээж бас сайхан бичигтнээр шалгарч байсан

Эгч дүүс хоёулаа “Монголын сайхан бичигтэн” уралдаанд тэргүүн байр эзэлсэн нь олны хайр хүндэтгэлийг хүлээгээд буй. Тэднийг Ү.Энхжин, Ү.Эмүжин гэдэг.

МОНЦАМЭ агентлагаас 25 дахь жилдээ зохион байгуулсан тус тэмцээнд хоёрдугаар ангийн сурагч Ү.Эмүжин, 11-р ангийн сурагч Ү.Энхжин нар өөр өөрсдийн ангилалд тэргүүн байр эзэлсэн юм.

Тэд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумынх. Бид 11б ангийн сурагч Ү.Энхжинтэй холбогдож, товч ярилцлаа.


-Дүүгийнхээ хамт “Монголын сайхан бичигтэн” уралдаанд тэргүүн байр эзэлсэнд нь баяр хүргэе. Та хоёр хэдэн настайгаасаа монгол бичиг суралцаж эхэлсэн бэ?

-Баярлалаа. Би зургадугаар ангиасаа эхэлж сурсан. Харин манай дүү таван настайгаасаа.

-Дүү нь ийм багаасаа монгол бичиг сонирхон суралцахад юу нөлөөлсөн юм бол?

-Намайг харж, үлгэр дуурайлал авсан нь түлхэц болсон байх гэж бодож байна. Өөрөө бас монгол бичигтээ их сонирхолтой л доо.

-Дүү нь хоёрдугаар анги гэхээр кирилл бичгээ ч гүйцэт дасаж амжаагүй насандаа юм байна шүү дээ. Монгол бичгийг зэрэгцүүлэн суралцахад хүндрэлтэй байсан зүйлсээ юу гэж ярьдаг вэ?

-Манай дүү кириллээр чөлөөтэй уншиж, бичдэг. Бага насны хүүхэд удаан хугацаанд анхаарлаа төвлөрүүлж суухад нь хүндрэлтэй байсан байх. Бусдаар нэг их хүнд байна гэж байгаагүй. 

-Яг цаг гарган зааж зөвлөж өгөх хүн байдаг уу?

-Манай ээж бид хоёрт зааж өгдөг. Өөрөө англи хэлний багш мэргэжилтэй.

-Монгол бичгээр уншиж, бичиж сурахаас гадна бийрэн бичлэгт суралцана гэдэг их авьяас, тэвчээр шаарддаг шүү дээ. Хэцүү нь юу байсан бэ?

-Багш нар маань эхнээс нь чиглүүлж, зааж сургасан. Монгол бичгийг зургадугаар ангидаа сурч эхлээд, зун нь бийрэн бичлэгээр хичээллэсэн. Яг эхнээс нь, багшаасаа зөвлөгөө авч суралцсан болохоор хүнд, хэцүү байсан зүйл санаанд орохгүй байна. Мэдээж тухайн үедээ хэцүү зүйлс байсан байх л даа. Гэхдээ сонирхолтой байсан учраас төдийлөн хүндээр хүлээж авч байгаагүй.

-Хэн хэнийх нь хувьд сонирхолтой байсан болохоор шантраагүй гэж ярилаа шүү дээ. Юу нь сонирхолтой байдаг вэ?

-Монгол бичиг хүн бүрийн хэрэглээ болж байгаа. Тийм учир зайлшгүй суралцах шаардлагатай болсон. Түүнчлэн суралцах явцад ахиц нь үр дүнтэй харагддаг. Удаан бичээд суухаар бичгийн хэв яг нүдэн дээр сайжраад ирдэг учраас түүнээсээ их урам авдаг.  

-Үеийнх нь хүүхдүүдэд монгол бичиг сурах сонирхол хэр байна вэ?

-Үеийн хүүхдээсээ үлгэр жишээ авч, суралцах эрмэлзэл авдаг хүүхэд олон байдаг. Би өөрөө тийм үлгэр болж байгаа байх гэж итгэдэг. Үе тэнгийн хүүхдэдээ зааж, сургахад урам зориг илүү өдөөгддөг байх.

Манай сургуульд 10 гаруй хүүхэд “Бийрийн жим” гэдэг дугуйланд явдаг. Тэр дугуйлангийн хүүхдүүд бийрэн бичлэгээр бичиж сурдаг.

-“Монголын сайхан бичигтэн” тэмцээнд яагаад оролцох болсон бэ. Тэргүүн байр эзлэхэд ямар санагдсан бэ?

-Манай ээж анх санал болгосон. Ээж өөрөө энэ тэмцээнд байр эзэлж байсан удаатай. Шалгараад сайхан л санагдсан. Өмнө нь би гуравдугаар байранд орж байсан. Тэр үеийн мэдрэмжээс энэ жилийнх илүү л гоё байсан, тэргүүн байр гэдэг утгаараа.

-Ирээдүйд монгол бичгийн чадвараа ямар түвшинд хөгжүүлнэ гэж боддог вэ?

-Огт алдаагүй бичдэг болмоор байна. Зарим үгийг тольдох шаардлага гардаг шүү дээ. Тийм шаардлагагүй, ямар ч үгийг алдаагүй бичдэг болъё гэж боддог.

-Та хоёр одоогоор ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ?

-Миний хувьд одоогоор сонгосон мэргэжил байхгүй ч эх хэлнийхээ чиглэлээр явах байх. Дүү маань загвар зохион бүтээгч болно гэж ярьдаг.

Ү.Энхжин монгол бичиг суралцахыг хичээж байгаа хүүхдүүдэд хандаж, “Тууштай л байгаарай. Уг нь кирилл бичгээс илүү амархан. Ганц нэг хэцүү талыг нь хүндээр битгий хүлээж аваарай” гэж зөвлөсөн юм.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-12 10:56

яадаг 2 эгдүү вэ

Зочин
Зочин
2022-01-12 11:02

ээж аавын бахарх�##� болсон мундаг охидууд юмаа

Холбоотой мэдээ

Back to top button