СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

ХӨШИГНИЙ АРД: У.Хүрэлсүхийн найз Н.Онон Үндэсний зөвлөлд очих нь А.Бүрэнбаатарыг унагах фракцад таалагдахгүй

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Н.Онон, Д.Жавзандорж нарыг томилох асуудал өнөөдөр УИХ-аар хэлэлцэгдэнэ. Байнгын хорооны хуралдаанаар, “ногоон гэрлээр” дэмжүүлсэн тэд логикийн хувьд өнөөдөр ч дэмжүүлж, томилогдох нюанстай байна.

Тэднийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд  нэр дэвшүүлж буй. Өдгөө ажиллаж буй Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул эл томилгооны асуудал сөхөгдсөн.

Н.ОНОН ЦЭВЭР У.ХҮРЭЛСҮХИЙН БОДЛОГО ГҮЙЦЭТГЭГЧ БОЛ Д.ЖАВЗАНДОРЖ “ГЭГЭЭН ДҮР”

Д.Жавзандоржийн хувьд амьдралынхаа ихэнх хугацааг Энэтхэгт өнгөрүүлсэн, Монголоос лхаарамба цол хүртсэн анхны шашны мяндагтан. Нэр дээр нь хэд хэдэн ТББ бүртгэлтэй байх бөгөөд Наро Банчэн гэгээнтэн, Д.Чойжамц хамба тэргүүтэнгүүд шиг улс төрийн хамаарал бүхий түүхтэй нэгэн биш. Нэг ёсондоо У.Хүрэлсүх нэр цэвэр нэг дүрийг сонгож, зүтгүүлж буй нь тэр гэлтэй.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс Д.Нямсамбуу гавж гарснаас хойш шашны чиглэлийн бодлого чиглүүлэх хүн байхгүй байгаа. Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүрэн эрхийнхээ хугацаанд, өөрийн хэвлэлийн албанд байсан Ж.Цэсэнг энэ сегментэд дэвшүүлж, дэмжүүлсэн байдаг. Тийм учраас үргэлж байж ирсэн “ламтан”-ы орон зай Үндэсний зөвлөлд дутаж байгаа.

Харин Н.Ононг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ямар шалтгаанаар нэр дэвшүүлэв. Өдгөө “МУГЖ Н.Онон сонгуулийн үеэр МАН талд ажилласны шангаа хүртлээ” гэж эсэргүүцэх хэсэг бий болоод байна. Тэр өнгөрсөн жил МУГЖ тэмдгээр энгэрээ мялаахдаа Х.Баттулгыг хамгийн муу Ерөнхийлөгч хэмээн цоллож, “Би төмөр гуйгаагүй” хэмээн пост бичиж байв.

Энэ хардлага оргүй биш бөгөөд Н.Ононгийн гавьяатыг тухайн үед У.Хүрэлсүх “гуйж” олгуулсан гэгддэг. Түүнчлэн тэд МУИС-д, нэг ангид суралцаж байсан бөгөөд нэг нутгийн улс юм. Н.Онон томоохон сошиал багтай, сонгуулийн үеэр У.Хүрэлсүхийн талд түүнийгээ ашиглаж оролцдог ч гэх. Ер И.Одончимэг нарын “X Tuts” угшилтнууд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар У.Хүрэлсүхийг илтэд дэмжсэн нь олон нийтийн шүүмжлэлийг хүлээсэн.

Н.Онон “Номадс фильмс энд энтертайнмент” ХХК-ийн хувь эзэмшигч байсан бөгөөд “Монгол масс медиа” компанитай энэ хүрээнд хамтарч ажиллаж байв. “Монгол масс медиа” бол өдгөө У.Хүрэлсүхийн “гал тогоо”-г базалцаж буй сийрэг толгойтнуудын нэг Д.Амундрагийн удирдаж явсан компани. Энэ үүднээс Н.Онон бол улс төрийн хувьд цэвэр У.Хүрэлсүхийн фракцыг дэмжиж ажиллах нэгэн.

Гэхдээ Үндэсний зөвлөлд анх Н.Ононгоос өөр хүнийг дэвшүүлэхээр ярилцаж байсан гэдэг мэдээлэл байна. Энэ утгаар түүний нэр орж ирсэн нь зарим хэсэгт гэнэтийн тусжээ.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд У.Хүрэлсүхийн хүмүүс орж ирэх нь, ер энэ бүтэц өөрчлөгдөх нь яагаад тийм чухал юм бэ.

ХУУЧЧУУДЫН ФРАКЦ “ХИЛЭНТЭЙ” БАЙХЫН УЧИР НЬ

Ингэхээр Үндэсний зөвлөлийн 15 гишүүний ашиг сонирхлын зөрүүтэй, дотроо хуваагдсан байдлыг сөхөх хэрэгтэй болно. Энэ үүднээс харвал, Үндэсний зөвлөл хуралдаж, олонхын шийдвэр гаргах болоход Н.Онон, Д.Жавзандорж нар аль талд багтах вэ гэдэг нь л анхаарал татаж байгаа юм.

Гэтэл Үндэсний зөвлөл сүүлийн арав гаруй сарын хугацаанд ганцхан МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг чөлөөлөх асуудлаар хуралдсан. Түүнийг унагахаар, Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр хэсэг хугацаанд ажилласан Г.Гэрэл шүүхдэж яваад ялагдчихаад байгаа. Г.Гэрэлийн талд гэвэл Үндэсний зөвлөлийн гишүүдээс Д.Цоодол, Б.Ганболд, Д.Батсүх, Д.Өлзийбаатар нарыг нэрлэх боломжтой харагддаг.

Харин А.Бүрэнбаатар ажлаа өгөхгүй байр суурьтай байгаа. Тийм ч учраас Үндэсний зөвлөлийн хуралдаан хэд хэдэн удаа хойшилсон, нэгдсэн шийдвэрт хүрч чадахгүй байгаа нь түүний нөлөөлөл гэлтэй.

Харин энэ асуудлыг ТББХ-ны хуралдааны үеэр Ж.Мөнхбат гишүүн хөндөж дуугарсан нь анхаарал татсан. Тэр шинэ нэр дэвшигчдийн талаар саналаа хэлэхээс илүү “Үндэсний зөвлөл ажлаа хийж чадахаа болилоо. Хуралдаан нь дандаа хойшилж, дотроо талцдаг болоод байна” гэх агуулгыг “шидсэн” юм.

Ж.Мөнхбат өөрөө Үндэсний зөвлөл дэх, дээр дурдсан Г.Гэрэлийн талын, МҮОНРТ дахь хууччуудын хамаарал бүхий хүн. Б.Ганболдын “Монголын үнэн” сонинд ажиллаж байсан, ноднин Үндэсний зөвлөлд дэвшээд больсон Ч.Батцэнгэлтэй нэг нутаг. МҮОНРТ-д олон жил ажилласан Ч.Батцэнгэлийн эрх ашиг энд хүчтэй сөхөгддөг юм. Аа, Д.Өлзийбаатар нь Ж.Мөнхбатын зөвлөх. Мөн Ж.Мөнхбат Г.Гэрэлтэй дотно харилцаатай гэх мэдээлэл ч бий.

Ерөнхийд нь базвал, энэ фракц МҮОНРТ-д хамгийн удаан ажилласан, ашиг сонирхол нэгдсэн улс гэж харагдах бөгөөд Л.Нинжжамцаас хойш алдагдсан хуучны “засаглал”-аа авчрах л сонирхолтой хүмүүс.

Тэр мессежийг нь Ж.Мөнхбат ТББХ-ны хуралдаан дээр “шиддэг”.

Дараагийн логик нь, тэд яавч У.Хүрэлсүхийн дэмжлэгийг авах улс биш. А.Бүрэнбаатар өөрөө өдгөө МАН-тай нарийн сэжмээр холбогдох болсон “Mongol HD” телевизэд ажиллаж байсан, тэр зүгийн гэж болохоор хүн л дээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр мэтгэлцээн зохион байгуулахгүй байх шийдвэр гаргасныг нь ч дурдах хэрэгтэй. Тийм ч учраас Н.Онон, Д.Жавзандорж нар Үндэсний зөвлөлд орж ирвэл мөнөөх хууччуудын фракцын эсрэг зосгох нюанстай юм.

Ингэхээр Үндэсний зөвлөл дэх хүчний тэнцвэрийг “шинэ” зүг рүүгээ хэлбийнэ гэж харж болохоор.

Үүнд нэг үйлд явдлыг нэмж өлгөхөд, А.Бүрэнбаатар өнгөрсөн наймдугаар сард МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга Б.Даваажавыг халсан байгаа. Б.Даваажав 2021 оны дөрөвдүгээр сард томилогдоход сенсац үүссэн. Б.Ганболд, Д.Цоодол нарын зүтгүүрээр, “гаалийн” тодотголтой, хүчирхийллийн хэрэгт холбогдож байсан ийм хүн томилогдсонд МҮОНРТ-ийн уран бүтээлчид эсэргүүцэл илэрхийлж байсан билээ.

Тэгэхээр Б.Даваажавыг халж орхисон нь ч энэ фракцын уурыг хүргэсэн байх.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ

Яг үнэндээ МҮОНРТ ялзарсан л газар болсон. Тэндэх талцал, барилаа тавьдаггүй хууччуудын эрх ашгийг хөндөж бичих нь ч, У.Хүрэлсүхийн дэмжлэгээр “илгээгдэж” буй Н.Ононгийн чадамжгүй байдлыг шүүмжлэх нь ч ач холбогдолгүй сэдэв гэлтэй. Угтаа Н.Ононгийн хариуцлагагүй, итгэл үнэмшилгүйгээр байнгын хорооны хуралдаанд оролцож, "Үндэсний зөвлөлд юу болдгийг мэдэхгүй. Ойлголтгүй байгаа" гэж суух нь асар буруу, тавиул шинжтэй үйлдэл юм. Гэхдээ энэ газар зөв зарчмаараа урагшилж, нар үзэх эсэх нь л чухал асуудал.

Үндэсний зөвлөлийн гишүүд цалин мөнгө авч гавьдаггүй ч МҮОНРТ-ийн төсвийг баталдаг, хяналт тавьдаг, Ерөнхий захирлаа сонгодог бүтэц гэдгээрээ өндөр нөлөөтэй. Гэвч нөгөө талаар МҮОНРТ-ийн контентын агуулгыг салбар салбарын бодлого, чиглэлээр залж байх ёстой газар. Энэ утгаараа бизнесийн, түүхийн, соёлын, шашны гэх мэт олон сегментийн хүмүүс томилогдох ёстой.

Харамсалтай нь хэт олон сэтгүүл зүйн салбарын хүн тэс хөндлөн сегментэд очдог. Д.Цоодол гэхэд л нэвтрүүлэгч мөртлөө байгаль орчны чиглэлийнх нь. Ж.Цэсэн мөн сэтгүүлч хүн мөртлөө шашин, түүхийн чиглэлийг хариуцдаг. Гэтэл МҮОНРТ иргэдийн татварын мөнгөөр санхүүждэг байгууллага билээ.

Магадгүй хууччуудын фракцын тэнцвэр алдагдаж буй тул удахгүй Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг эгүүлэн татах асуудлыг ч Ж.Мөнхбатын даргалдаг ТББХ сөхөж тавихыг үгүйсгэхгүй нөхцөл байдал үүсжээ.


ДЭВСГЭР МЭДЭЭЛЛҮҮД:

Нэг. Зөвлөл нийт 15 гишүүнтэй байдаг бөгөөд,

  • дөрвийг нь Ерөнхийлөгч
  • дөрвийг нь Ерөнхий сайд
  • үлдсэн долоог нь УИХ хэлэлцэж  дэвшүүлдэг.

Хоёр. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 15 гишүүн тус бүр өөрсдийн үүрэг, чиглэлтэй. Энэ орон зайд эзэмшсэн мэдлэг боловсрол, ажилласан туршлагыг нь тааруулж, гишүүдийг нэр дэвшүүлэх хуультай. Тодруулбал,

  • Ерөнхийлөгч Шинжлэх ухаан; Шашин, түүх, уламжлалт ёс заншил; Утга зохиол; Соёл урлаг
  • Ерөнхий сайд Эдийн засаг; Бизнес; Менежмэнт; Техник технологи
  • УИХ Хөдөлмөр, нийгмийн хамгаалал; Гадаад харилцаа; Байгаль орчин; Сэтгүүл зүй; Эрх зүй; Боловсролын чиглэл бүхий хүмүүсийг нэр дэвшүүлдэг.

Ингэж бүрдсэн 15 гишүүд иргэдийн татварын мөнгөөр, монгол хүнд зориулсан хамгийн шилдэг сэтгүүл зүйн медиа контентуудыг бүтээх ажлыг бодлогын түвшинд зангидаж, чиглүүлж ажиллах ёстой.

Үндэсний зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхт хугацаа зургаан жил байна. Одоогийн бүрэлдэхүүнтэй энд дарж танилцана уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-14 09:09

Онон хоосон толгойтоор яадаг байна аа

Зочин
Зочин
2022-01-14 09:10

Лам оруулж ирэх нь зөв байх

Зочин
Зочин
2022-01-14 09:53

onon chine mundag nairuulagch bizdee

Зочин
Зочин
2022-01-14 09:54

haha unheer tulee humuus shuu

Зочин
Зочин
2022-01-14 09:57

huuk odoo ene hogiin tv geer yahg eed bgan boloo eniig yer ni hun uzdeg yumuu

Зочин
Зочин
2022-01-14 09:57

ene hogiin tv g haaval taarna bid naraas uzehgu bhad mungu tatah chine buruu bizde

зочин
зочин
2022-01-14 11:06

ОНОН хэрэггүйдээ хошин шогийнхон хоосон толгой зүгээр л маазрах өвчтэй багц хүмүүс

С.Баатар
С.Баатар
2022-01-14 11:37

энэ хоёр хүн хоёулаа ёстой нөгөө эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэгтэй адил байна. Хошин урлаг бол урлаг биш эмээ өвөөгөө өөрсдийгөө доромжлогсод шүү дээ. Лам хүн бол хэрэггүй. Бүх төрлийн шашин хэрэггүй. Шашин бол хүнийг мунхруулагч хар тамхи шүү дээ

зочин
зочин
2022-01-14 11:44

хошин нөхөр хорчин нөхөр боловоо

Зочин
Зочин
2022-01-14 11:44

Үндэсний тэлвийз гэх ат#### үзэх юм байхгүй 10 хүнтэй хувийн тэлвийзээс дор үлбийсэн нэвтрүүлэгтэй өрсөлдөөн байхгүй үнэн лөөлөй газар даа. Олон нийтээс хүчиндэж татвар авдаггүй байсан бол өдийд дашийншог байх бизээ

Зочин
Зочин
2022-01-14 14:40

Ямар айхтар мэдээлэлтэй бичээ вэ.Зөв бичжээ.Онон,лам хоер зарчмаа барьяа гэвэл шинээр томилогдсон Бүрэнбаатрийн хүлээсийг тайлж ажлыг нь хийлгэж боломж олгох хэрэгтэй.Томилогдсон өдрөөс нь эрхийг нь өхгүй өөрийн т####ын хуучин хүмүүсээ томилох сонирхолтой Ганболдын т####ынхан байна.

зочин
зочин
2022-01-14 16:45

Онон үзэг цаас нийлүүлж үзсэн л байгаасай даа

Зочин
Зочин
2022-01-14 17:52

Дотроо эрх мэдэл, ####бан туша####ын төлөө үзэлцээд бхаас ард түмэнд хэрэгтэй, хүүхэд з####ууст оюуныг тэлэх ш/у-ны мэдээлэл хүргэх олон сайхан нэвтрүүэг яагаад гаргаж чаддаггүй юм бэ?! Нэвтрүүлгйнхээ чанарт анхаарах хүн бн ? Чадвартай хүн бн у ? Гаргаж бга кинонууд нь үнэхээр үзэгчдээ доромжилсон арай дэндүү юм гаргадгаа болиоч, Бүрэнбаатар гэж хөдөөний хөлдүү толгойтоо !!! Ийм бж улсын төсвөөс асар олон тэрбум төгрөг авна, иргэдээс өрх бүрээс сар бүр төлбөр авна. Бид нар ийм хог үзэх гэж энэ олон жил та нарт мөнгө төлөөгүй шүү !!! Чадахгүй бж л ####бан туша####ын төлөө үхэлдэхээс өөр хийж бга юм ####га !!!!

ZOCHIN
ZOCHIN
2022-01-14 20:17

ER N BOL HEN TUR BARIJIINA TER HUN UURIINHUU ITGELT HUMUUSEER TOIRON HUREELUULEH N ZUVSHDEE...TER HUN N TENEG BNA UU UHAANTAN BH N GOL N BISH...NIIT IRGEDIIN L ERH ASHGIIG L HAMGAALJ BVAL...SHUDARGA L BVAL... SHUUDEE....

haba
haba
2022-01-14 22:18

burenbaatar gedeg daljiisan shivertei har nuhurt tomdson ajil baisiimaa odoo hoitohoo unshuuljee huurhii

ҮНЭН
ҮНЭН
2022-01-15 01:16

БАЛАГТ ХҮРЭЛСҮХ

Зочин
Зочин
2022-01-15 14:05

Удахгүй хошин шогийнхон төр эргүүлэх нь ээ

Холбоотой мэдээ

Back to top button
17
0
Would love your thoughts, please comment.x
()
x