Нийгмийн

Ц.Булган: Хяналт, шалгалтыг түр зогсоосон ч иргэдийн гомдлын дагуу шалгах эрх бий

Харлаж, муудсан, хаягдал жимсийг "Зөөлөрсөн алим кг нь 3900 төгрөгөөр зарна. Орос, Польш, Бельги" хэмээх тайлбартайгаар нийтэлсэнд хэрэглэгчид бухимдалтай байгаа. Иргэд энэ зарын мэргэжлийн хяналтынхан ажлаа хийхгүй байна, ард иргэдийн доромжилж байна гэсэн утга бүхий сэтгэгдлийг олноор үлдээжээ. НМХГ-ын улсын ахлах байцаагч Ц.Булгантай холбогдож, товч тодрууллаа.

-Цахим ертөнцөд түгээд буй харлаж, зөөлөрсөн жимсний зартай холбоотой гомдол, мэдээлэл ирсэн үү?

-Ургамал хамгааллын тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд заалтууд бий. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас тээвэрлэлт, импортын бүтээгдэхүүний хангамж, хүрэлцээ саатсан. Тиймээс тээвэрлэлтийн явцад бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал алдагдах тохиолдлууд гарч байна. Манайхаас ч мөн тогтмол хяналт шалгалтыг хийдэг. Чанар аюулгүйн байдал хангахгүй бүтээгдхүүнийг худалдаанд нийлүүлэхгүй байх журмын дагуу холбогдох арга хэмжээг авдаг. Уг зөрчлийг гаргасан аж ахуй нэгж, хувь хүнийг Зөрчлийн тухай хуулиар холбогдох арга хэмжээг авч, тухайн бүтээгдэхүүнийг устгах арга хэмжээг авдаг. Тухайн аюултай бүтээгдэхүүнийг аж ахуй нэгж өөрөө хариуцна гэх журам гарсан. Асуулттай холбоотой гомдол мэдээлэл одоогоор бүртгэгдээгүй байна.

-Тэгэхээр аюултай, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг тухайн аж ахуй нэгж, иргэн өөрөө устгах юм байна?

-Аж ахуй нэгжүүд дотоод хяналтаараа шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг өөрсдөө устгах шаардлагатай. Бид хяналт, шалгалт хийгээд явж байхад дээрх зөрчил илэрвэл шууд устгах, Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авдаг.

-Хяналтыг хувиарт шалгалтаас гадна, өөрөөр хэрхэн хийдэг вэ. Цахим дахь мэдээлэл, иргэдийн гомдлын дагуу шалгалт хийх үү?

-Урьдчилсан сэргийлэх хяналт, тогтмол хяналтууд явагдана. Баяр ёслолын өмнө хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал хангагдаж байгаа эсэх зэргээр хувиарт шалгалтуудыг хийнэ. Оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүнийг худалдахдаа хадгалалт, тээвэрлэлт хэвийн байгаа эсэхийг лабораторийн шинжилгээ хийнэ. Мөн иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу шалгалт хийдэг. Шалгалтууд тасралтгүй хийгээд явдаг ч, харамсалтай нь цар тахлаас шалтгаалан хяналт түр хугацаанд хийгдэхгүй байгаа.

-Одоогоор хяналт шалгалт хийгдэхгүй байгаа юм байна тийм үү?

-Тийм ээ. Цар тахлаас хамаараад хяналт, шалгалт түр хугацаанд зогссон. Гэхдээ мэдээж иргэдээс ирсэн гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалтыг хийх эрх нь хэвээрээ бий.

-Хамгийн сүүлд хэзээ хяналт шалгалт хийсэн бэ?

-Цагаан сарын баяр ёслолтой холбоотой хүнсний аюулгүй байдлын хяналт, шалгалтууд хийгдээд явж байгаа. Сүүлд шинэ оны өмнө бас хийсэн. Гэхдээ жимс ногооны хувьд хадгалалтын нөхцөл шаардана. Мөн тухайн бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хадгалах боломжгүй.

Оруулж ирээд худалдаалахад танхимын орчин, агаарын хэм чухал. Тасалгааны хэм +18-аас хэтрээд явахаар агаарын чийгшил өөр болно. Энэ үед бүтээдэхүүн дотор чийгээ хурдан алдаж, мууддаг. Хадгалах хэм алдагдсанаас муудах тохиолдлууд их гардаг. ААН-үүд ч мөн тээвэрлэлт, хадгалалтад анхаарах ёстой.

-Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал алдагдах зөрчил хэр их гарч байна вэ?

-Манай орон өөрсдөө жимс тариалдаггүй, импортоор оруулдаг. Байгаль цаг уурын нөхцлөөс шалтгаалан жимс ногоог гаднын орнуудаас авч, худалдаалдаг. Жимс улирлын чанартай учир одоо худалдаанд байгаа жимсүүд хадгалалтаас л гарсан.

-Жимсний хугацааг сунгах, муудуулахгүйн тулд химийн бодис шахаж байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?

-Хяналт, шинжилгээ хийнэ. Жимс, хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа байдаг. Гэхдээ тухайн жимс худалдаалах орчин таатай бол хадгалалтын горим хэвийн явна. Хугацаа дууссан гэхээс илүү хадгалалтын нөхцөл алдахаас болж жимс, ногоо мууддаг. Мөн тээвэрлэлт чухал.

-Хадгалалтын горим алдагдсан жимс, хүнсний ногоо худалдаалахад Зөрчлийн хуулиар торгодог гэсэн. Хэдээр торгодог вэ?

-Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх заалтаар иргэн 500,000 төгрөг, ААН-ийг таван сая төгрөг. Гарал үүслийн гэрчилгээгүй бол иргэн 50,000, ААН-ийг 500,000 төгрөгөөр торгоно. Тухайн зөрчлөөсөө шалтгаална гэсэн үг.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Энэ жилээс эхлэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон. Ингэснээр төрийн хүнд суртал, авилга багасахын сацуу ард иргэдийн төрдөө итгэдэг, цаашлаад Улаанбаатар хот хөдөлмөр хийсэн хүнийг дэмждэг болно хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэлсэн. Энэхүү шийдвэр гарснаар Улаанбаатар хотын 20 мянга шахам аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхлэхийн тулд элдэв зөвшөөрөл авах, цаашид зөвшөөрлөө сунгуулах шаардлагагүй болж байгаа юм. Түүнчлэн цар тахлаас шалтгаалан хяналт, шалгалтыг зогсоогоод байна. Хэдийгээр эдгээр нь иргэдэд таатай шийдвэрүүд боловч энэ мэт зохисгүй үйлдлүүд гарсаар байна. Иймд иргэдийн эрүүл амьдрах эрхийг хамгаалж, хүнсний бүтээгдэхүүнд тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button