ХЭРГИЙН МӨРӨӨР: Гар утсаа хураалгасан хүү гөжүүдлэхдээ нүцгэн гарч, хөлийн хуруунуудаа хөлдөөжээ
"Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг 28 настай эмэгтэй, 9 настай хүүгээ шийтгэх нэрээр гадаа зогсоосноос хөл нь хөлдсөн" тухай мэдээлэл олон нийтэд цацагдаад буй. Хүү хэрэг болсны маргааш буюу нэгдүгээр сарын 15-нд ГССҮТ-д үзүүлэхэд, "Эмнэлэгт хэвтэх шаардлагагүй" хэмээх онош гарчээ. Улмаар өдгөө хамгаалах байранд тусгаарлагдаад байгаа юм. Бага насны хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэх хэргийг харъяа цагдаагийн байгууллагад мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
-Н.УРАНЧИМЭГ: ХҮҮГИЙН БАРУУН ХӨЛИЙН ДӨРӨВ, ЗҮҮН ХӨЛИЙН ХОЁР ХУРУУ ХАЙРАГДСАН-
Бид нийтлэгдсэн мэдээлэлтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн дарга Н.Уранчимэгтэй холбогдож тодрууллаа.
-Сонгинохайрхан дүүргийн 30-р хороонд амьдардаг эмэгтэй хүүхдээ шийтгэх нэрээр гадна зогсоосноос тавхай нь хөлдсөн гэх мэдээлэл нийтэд түгээд байна. Энэ тухай мэдээлэл өгөөч?
-Нэгт хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа. Хүүхдийн хөлийн хуруу хайрагдсан байдалтай ГССҮТ-д хүргэгдээд, анхан шатны үзлэг зөвлөгөөг авсан. Эмч нар хүүг үзээд эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй, "7-10 хоног хайрагдсан хэсэгт баавгайн тос түрхээд, дотроосоо эм уух"-ыг зөвлөсөн.
-Хөлийнх нь хэдэн хуруу хайрагдсан бэ?
-Баруун хөлийн дөрөв, зүүн хөлийн хоёр хуруу хайрагдсан. Хүүхэд хэвийн. Хөл дээрээ асуудалгүй явж байгаа.
-Тухайн хүү гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж байсан гэх мэдээлэл байсан?
-Тийм зүйл огт байхгүй. Тухайн айл цагдаагийн болон хорооны хяналтад байдаггүй. Ямар нэг зөрчил, гэр бүлийн хүчирхийллийн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж, бүртгэгдэж байгаагүй. Хорооноос нь асуувал хэлээд өгнө байх. Дүүргийн хамтарсан багийнхан хуралдаад, "Тухайн гэр бүлд хүчирхийлэл, маргаан гардаггүй. Асуудалгүй гэр бүл" гэж үзсэн. Хүүхдээс мөн мэдүүлэг авсан.
Цагдаагийн байгууллагаас хүүг хохирогчоор тогтоогоод манай байгууллагаас хууль ёсны төлөөлөгч томилуулаад хүүхэдтэй уулзаж мэдүүлэг авсан. Тухайн үед хүүхэд гар утсаараа тоглож байсан юм билээ. Орой болсон учир ээж нь "Одоо унт" гэхэд хүү гар утсаараа тоглоно гэж зөрүүдлээд нүцгэн хэвээрээ гэрийнхээ гадна гараад зогсчихсон гэсэн.
-ЭЭЖ НЬ ГАР УТСЫГ НЬ ХУРААЖ АВААД "УНТ" ГЭХЭД ЗӨРҮҮДЛЭЭД, НҮЦГЭН ГАРААД ЗОГСЧИХСОН ЮМ БИЛЭЭ-
Ээж нь гараад хүүгээ ор гэхэд "Орохгүй" гээд гөжүүдэлсэн байгаа юм. Тухайн үед аав нь бага хүүхдээ хөхнөөс гаргах гээд хөдөө дагуулаад явсан байсан. Ингээд аавтай нь "Хүүхэд чинь гэртээ орохгүй байна" гэж ярьсан байгаа юм. Хүүхэддээ "Ор" гэж хэлчхээд түрүүлээд орсон. Хүү араас нь удалгүй гэртээ ороод унтсан юм билээ. Өглөө сэрээд "Ээж ээ миний хөл их эвгүй байна" гэхээр нь ГССҮТ рүү дагуулж яваад үзүүлсэн. Иймд л зүйл болсон байгаа юм.
-Хүүхэд одоо хаана байгаа вэ?
-Хамгаалах байранд авчихсан байгаа. Тухайн хэрэг цагдаагийн байгууллагад шалгалдаж байгаа учир гэрт нь буцаагаагүй. Хүүхэд өөрөө "Би гэртээ харьмаар байна. Дүү нараа, ээж, аавыгаа санаад байна" гэсэн. Цагдаагийн байгууллагын шийдвэрээс шалтгаалан хүүг гэрт нь буцаах эсэхийг шийднэ.
-Хүүг хэр хугацаанд гэр бүлээс нь тусгаарлах вэ?
-Тухайн үүссэн нөхцөл байдлаас шалтгаална. Хэрвээ хохирогчийн нөхцөл байдал гэмт хэргийн шинжтэй, тухайн орчин хүүхэд байхад тохиромжгүй бол хүүг тусгаарлана. Энэ нөхцөлд удаан тусгаарлахгүй болов уу. Тухайн өдөр болсон зүйлийн тухай ээж, хүүгийн мэдүүлэг таарч байгаа. Аав нь ч гэсэн "Манай хүүхэд зурагт их үздэг, утас их оролдоно. Зөрүүд зантай" гэж ярьсан. Хүүхэд ч мөн өөрөө "Гэртээ харьмаар байна" гэдэг зүйлийг хэлж байгаа.
Сайт, хэвлэлээр гараад байгаа шиг хүүхдээ хүчирхийлсэн зүйл болоогүй. Тухайн хүүхдийн мэдээллийг олонд цацах нь эргээд сөрөг нөлөөтэй. Ангийн хүүхдүүд нь хүртэл мэдчихвэл шоолохоос эхлүүлээд асуудал их. Тиймээс мэдээллийг аль болох зөв талаас нь хүргэж өгөхийг хүсэж байна.
-Ээжийн сэтгэл санаа ямар байгаа вэ. Тухайн айл, амьдралын боломж, бололцоо хэр вэ?
-Ээж нь сэтгэл санаа тавгүй байгаа. Тухайн хүү гурван хүүхэдтэй айлын том нь. Эцэг эхийнх нь байр байдал хэвийн бол хүүхдийг тусгаарлах нь тохиромжгүй.
Амьдралын боломж, бололцоо дундаж. Хүүхдийн мөнгөөс бусад халамжийн үйлчилгээнд хамрагддаггүй. Ангийн багштай нь холбогдоход, тухайн хүүхдийн эцэг эх маш идэвхтэй, хүүхдэдээ санаа тавьдаг болохыг хэлсэн. Хүүхэд ч мөн цовоо сэргэлэн, потенциал сайн, ар гэрийн хараа хяналт сайн, математикийн хичээлдээ сайн" болохыг хэлсэн.
-СХД-ИЙН ЗАСАГ ДАРГА: ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ БАЙГААГҮЙ, АМЬДРАЛЫН БОЛОЛЦОО САЙТАЙ АЙЛ-
Мөн тус дүүргийн Засаг дарга н.Гантулгатай холбогдож хэргийн тухай тодруулахад:
"Цахим орчинд ташаа мэдээлэл түгсэнд харамсалтай байна. Тухайн айл амьдралын боломж сайтай. Эцэг эх нь архины хамааралгүй. Хүүхдийнхээ хичээл, сургуульд нь сайн анхаардаг. Ээж нь гурван хүүхдээ хараад гэртээ байдаг. Бага хүүхэд нь хоёр настай. Тухайн хүү айлын том юм.
Бид уг хэрэгтэй холбогдуулан эмч нараасаа тодруулахад "Хүүгийн биед ямар нэг шарх, сорви байгаагүй" тухай хэлсэн. Өнгөрсөн хавар гэр бүлээрээ коронавирусийн халдвар тусаад эдгэрсэн юм билээ. Эмч нар гэрт нь ойр ойрхон очиж, эргэлт хийдэг байсан. Ангийн багштай нь ч мөн холбогдож тодруулахад, хүүгийн эцэг, эх "Манай хүүхэд ямар байна? Ямар хичээлдээ муу байна? гэхчлэн сайн анхаардгийг хэлж өгсөн." гэв.
Бид хүүгийн аавтай утсаар холбогдож, болсон хэргийн тухай тодруулахад, "Мэдээлэл өгөхгүй" хэмээсэн юм.
"Цар тахлын хөл хорионд хоёр жил орчим хоригдсон хүүхдүүд компьютер, гар утасны тоглоомд донтох нь элбэг байна” гэх иргэдийн хандлага ихсэж буй. Иймд бид хүүхдүүдийн цахим хэрэглээ, компьютер, гар утасны донтолт тэдний зан төлөвт хэрхэн нөлөөлдөг тухай СЭМҮТ–ийн хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч, эмч Л.Цэрэндолгороос тодрууллаа.
-Цахим тоглоомд донтсон хүүхдийн зан төлөв, байр байдалд ямар өөрчлөлт орох вэ?
-Анхаарал сулрах, тоглоомоос бусад зүйлд төвлөрөх чадвар буурч болно. Гэхдээ хүүхдийн зан төлөв гэнэт өөрчлөгдөж, хурц араншин, үйлдэл гарахгүй.
-Өсвөр насны хүүхдийн ааш зан өөрчлөгдөх, гөжүүдлэх нь насны онцлогтой холбоотой юу?
-Өсвөр үеийнхэн ихэвчлэн бусдыг даган дууриах зарчмаар бие хүнээ бүтээж байдаг. Тэгэхээр үздэг зүйлс, нөхөрлөдөг хүмүүсийн хандлага, байр байдал нөлөөлж болно. Гэхдээ дээр дурдсанчлан гэр бүлийн орчин, суурь хүмүүжил хамгийн чухал.
Хүүхэддээ болно, болохгүйн тухай ойлголт өгөөгүй, эсвэл хэт эрхлүүлэх, хэт үл тоох, ширүүлж загнах зэрэг нь сэтгэлзүйд нөлөөлдөг. Гэр бүлийн орчин, уур амьсгал хамгийн чухал.
-ХҮҮХДИЙНХЭЭ ГАР УТСЫГ ХУРААЖ АВЧХААД ӨӨРСДӨӨ ОРОЛДООД БАЙДАГ НЬ БУРУУ-
-Өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн ойлголцох, цахим хэрэглээнд хяналт тавих хэрэгтэй вэ?
-Сайн л ярилцах хэрэгтэй. Хүүхэдтэйгээ нэг түвшинд өөрийгөө аваачиж, найз нөхөд мэт илэн далангүй ярилцах нь зөв. Харилцаа хөндийрч, ярилцах багассанаас л эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ үл ойлголцох нь ихэсдэг. Хүүхдийнхээ сонирхож буй зүйлийг мэддэг байх их чухал. Үзэж буй видео, тоглодог тоглоом нь нас, сэтгэхүйн онцлогт тохирч байгаа эсэхийг хянах хэрэгтэй. Тэр хэрээр хүүхдээ буруу хэрэглээ, дэлгэцийн донтолтоос гаргах боломж бүрдэнэ. “Шууд боль” гээд нэмэргүй. Хүүхэд тухайн үед больсон ч, дахиад л тоглоно, утас оролдоно. Тэгэхээр өөр зөв дадалд аажуухан дасган, хүүхэдтэйгээ сайтар ярилц.
-Эцэг, эхчүүд хүүхдээ компьютер тоглоомд донтохоос сэргийлж, гаргаж буй түгээмэл алдаа юу байна вэ?
-Шууд хориглодог алдааг их гаргадаг. “Хортой, муу гэнэ” гээд хамаг юмыг нь хураагаад авчихдаг. Тэгсэн мөртлөө өөрсдөө хэрэглээд байдаг. Эцэг, эх хүүхдийнхээ дэргэд утас оролдоод байхаар “Би яагаад утас оролдож болохгүй гэж. Шударга бус байна” гэж хүүхэд бодно. Хүүхдийн хорхойссон байдал дарагдаагүй, хүчээр болиулчихсан тул нууцаар тоглодог, утас оролддог. Хүүхэдтэйгээ ярилц, зөвшөлц, тохиролц.
Тэгэхээр эцэг, эхчүүддээ хүүхдэдээ зөв үлгэрлэх чухал. “Гэртээ утас оролдохгүй, эрүүл харилцааг эрхэмлэе” гээд уриалга гаргаад ч юм уу зөв үлгэрлэвэл хүүхэд аяндаа дасдаг, буруу хэрэглээнээсээ ангижирна.
-Цахимд тоглоомд донтсон хэчнээн хүүхэд СЭМҮТ-ээр үйлчлүүлж байна вэ.
-Цар тахалтай холбоотойгоор эмчилгээ шаардлагатай хүүхдүүдийг насанд хүрэгсдийн тасагт авч байгаа. Хөл хорионоос шалтгаалан дэлгэцийн хамаарал, донтолт ихэссэн” гэв.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавихад, эцэг эхчүүд хамтдаа хичээх хэрэгтэй байна. Цахим тоглоом, хэрэглээнд донтсон хүүхдүүдийн зан авир өөрчлөгдөх, цаашлаад гэмт хэргийн хохирогч болох нь ихэссэн. Тиймээс хүүхдийнхээ гэрэлт ирээдүй, сайн сайхны төлөө гар утасны хэрэглээндээ хязгаарлалт тавьж, үнэт цагаа гэр бүлийнхэндээ зориулцгаая!
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүмүүжилд нь анхаар
Ene odoo yatsan humuus ve huuhdiinh ni hul hulduj bhad harad suuj bsn gesen ugu
хүүхэдээ сайн хардаг бол эцэг эхийг буруутгах хэрэггүй тэрнээс долоон дор хүүхдийнхэ мөнгөөр архидаж хүүхэд хоосон ноытон байлгаж байгаа зөндөө новшнууд байна
Etseg eh n hudlaa yarij bga ym shig sanagsaj bn.
ene neg hogiin togloomnoos bolj huruugaa aldaad tahir dutuu bolj baiga bol odo tavilan yumdaa
pubg gej ene neg novshiin yumiig mongold haagaachee zaluus chine jivlee
etseg eh ni arai l archaagui yu
хүүхдийнхээ утасны хэрэглээнд анхаарахгүй бол энэ байтугай зүйл болно, хэт эрхлүүлж
Нэг их сёнсаац үүсгээд байх асууд�##� биш.хүүхэд нь хүмүүжилгүй дураараа утсанд дордож бгаа юм бна.монголчууд дээр үеэс хүүхдээ хайрлаж 5 с�##�аа �######� өгдөг байсан энэ л дутаж одоо бол эцэг эхийнхээ толгойн дээр суух сайхан цаг ирж.......
Эрхийн б�##�айд утас өгдөг нь буруу ш дээ