ЭДИЙН ЗАСАГ

Оюу толгой: Урт хэлэлцээний үр дүнг харуулсан хоёр үйл явдал

Өнөөдөр “Оюу толгой” төсөлд холбогдох хоёр томоохон үйл явдал болсон. Нэг нь, “Оюу толгой” ХХК-ийн 34 хувьд ноогддог 2.4 тэрбум ам.долларын өрийг албан ёсоор тэглэлээ. Нөгөө нь, далд уурхайн анхны тэсэлгээг хийв.

“Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм өмнийн говьд очиж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамт зургаа татуулсан нь ингээд түүхийн нэгэн хуудсанд үлдэв. Энэ агуулгаар С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын зураг “Рио Тинто” талтай зургаа татуулж байлаа.

Далд уурхай хөрөнгө оруулагч тал болоод Монголын Засгийн газар хоорондын хэрүүлийн алим болоод удаж байна. Бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон нь маргаан, мэтгэлцээн дагуулсаар өдийг хүрэв. Хэдийгээр далд уурхай дахь зарим бүтээн байгуулалт дуусаагүй ч огтлох малталт буюу хүдрийн биетийг хэсэгчлэн тэслэхэд бэлэн байгаа юм.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл “Рио Тинто”-гоос ирүүлсэн Нөөцийн тодотгол тайланг нэг удаа хүлээн авалгүй буцааж, хоёр дахь удаадаа баталсан байдаг. Улмаар улаар огтлох малталт хийх эрх зүйн боломж бий болоод байгаа юм. Улаар огтлох түвшинд ийн хүдрийн биетийг тэсэлж, дараагийн түвшин рүү унагах бөгөөд тэнд бутлагдаж, газрын гадарга хүртэл туузан дамжуургаар гарах юм.

Харин өнөөдөр эхний тэсэлгээг хийсэн нь улмаар далд уурхай ашиглалтад орж эхэлж буйг илтгэлээ. Далд уурхайн онцлог нь нэг л тэсэлгээ хийгдэж эхэлсэн бол олборлодог зогсолтгүй үргэлжилдэг. Үүний цаана Дубайн гэрээг хүчингүй болгож, нэмэгдэл санхүүжилт дээр тодорхой ойлголцолд хүрч, “Рио Тинто” группыг буулт хийлгэсэн нюанс бий.

Нөгөөтээгүүр, 34 хувь ноогдох 2.4 тэрбум ам.долларын өр бол анх хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсанаас хойш яригдаж буй урхагтай сэдэв. Цаашид энэ өр 22 тэрбум болж нэмэгдэх боломжтой гэсэн тооцоолол байлаа. Харин Засгийн газрын “Рио Тинто” групптэй хийсэн хэлэлцээний хамгийн бодитой, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх бололцоотой тохиролцоо нь энэ байв. Анх “Оюу толгой” ХХК-ийн 34 хувьд хөрөнгө оруулахдаа санхүүжилтээ “Туркоиз Хилл Ресурсес”-ээс зээлэх замаар босгосон энэ дүн ингээд хаагдав. Монголчууд “Оюу толгой” компанийн 34 хувийг ямар нэг өр төлбөргүйгээр эзэмших боллоо.

Эдгээр нь жил гаруй хугацааны турш үргэлжилсэн Засгийн газар, “Рио Тинто” групп хоорондын хэлэлцээ бодит амьдрал дээр хэрэгжихийн эхлэл нь. Эцсийн дүндээ эдийн засгийн үр өгөөж нь иргэдийн амьдралд нөлөөлөх нь гол. Харин энд хэн ардын баатар болох нь төдийлөн сонин биш болжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x