Сурвалжилга, Нийтлэл

Ж.Ганбаатар: Австрид амьдардаг ч цагаан идээ, хэвийн боовоо өөрсдөө хийж, шинэлдэг

Цагаан сар дөхөж байна. Энэ баяр ойртохоор л хэвийн боов, ширээн дээр хэд хоносон шүүсний үнэрийг сэртхийтэл санадаг нь монголчууд. Айл хунараар зочилж, золгож, хөөрөглөн тамхилж, хуучилдгаа санана. Энэ жил монголчууд яаж ийгээд, гэр бүлийн хэмжээнд Цагаан сарыг ёсчлон тэмдэглэх хүсэлтэй байгаа нь цар тахлын хэмээх хоёр жил өнжсөнтэй холбоотой.

Аль болох гэр бүлээрээ, цомхон тэмдэглэхийг төр засаг нь хүсэж буй энэ үед бид дахиад л хуучных шигээ тэр нижгэр Цагаан сарыг хийхгүй нь. Гэхдээ хилийн чанадад буй монголчууд өөрсдөө цагаан идээ, хэвийн боовоо хийдэг жишиг байна.

Австрид амьдардаг Ж.Ганбаатарын товчхон яриаг сонирхоно уу.

-Сайн байна уу. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Ж.Ганбаатар гэдэг.  Би Дарханых. Сүүлийн хэдэн жил Австри улсад гэр бүлийн хамт ажиллаж, амьдарч байна.

-Австри улсад коронавируст халдварын нөхцөл байдал ямар байна вэ. Удахгүй Цагаан сарын баяр болох нь. Та бүхэн энэ цаг үед баяраа ямар хэмжээнд тэмдэглэх бодолтой байгаа вэ?

-Миний амьдарч буй Австри улсад сүүлийн үед халдварын тархалт ихсэж байгаа боловч тус улсын шат дараалан авч буй арга хэмжээнүүд ихээхэн нэмэр болж байна. Төрөл бүрийн үнэгүй шинжилгээ, вакцинжуулалт болон хувь хүмүүсийн хариуцлага, нөхцөл байдалдаа тохирсон журмуудын улмаас харьцангуй айдас хүйдэс багатай, хувийн хариуцлага өндөртэй амьдран сууж байна.

Манай энд хорих, хаах журам бага байгаа учраас бид Цагаан сараар урд жилүүдийн адил л шинэлнэ дээ. Энэ жил ээж, эгч, хүргэн ах ирээд байна. Тийм болохоор арай өргөн, гэхдээ гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ.

Ер хүн гадаадад, түмэн үндэстэн ястны дунд амьдраад ирэхээр өөрийн улс үндэстний түүх соёл, ёс заншил, дээл хувцас, соёл урлаг хэл гэх мэт үнэт зүйлсийг илүү мэдэрч, анхаардаг юм билээ. Энэ олон үндэстэн дунд ялгаран ондооших, омогших, ёстой нөгөө зовхи өөдөө, толгой дээшээ амьдрах үндэс суурь нь болдог. Тийм болохоор жилдээ нэг болдог Монголынхоо баярыг уламжлалт дэг жаягийнхаа дагуу хүндэтгэлтэй тэмдэглэдэг.

-Та бүхэн хэвийн боов, цагаан идээгээ өөрсдөө хийж байна. Австри дахь материалаар хийхээр хэр болдог вэ. Амт чанар нь өөр мэдрэгддэг үү?

-Австри бол аж үйлдвэрлэл, аялал жуучлал, хөдөө аж ахуйн орон. Би өөрөө тус улсын нийслэл Вена хотод амьдардаг. Харин манай дүүгийнх хөдөө, тосгонд байдаг. Дүүгийн маань хөршүүд фермер л дээ.

Үнээний био сүү 1 литр нь  40 центийн үнэтэй. Би цагаан сардаа зориулж, 100 л сүү авч хөөрүүлээд, өрөм загсааж, тараг бүрдэг. Мөн цагаа айраг хийн бүлж исгээд монгол шимийн архи, аарц, ааруул гаргаж авч гэр бүлээрээ хэрэглэдэг. Монгол аргаар хийсэн болохоор амт нь бараг ялгаагүй. Мөн жилд 70-100 ширхэг хэвийн боов, еэвэнгээ өөрсдөө хийнэ, бэлтгэнэ. Үхрийн өвчүү, дөрвөн өндөртэй чанаад бас утаад шуузанд тавьдаг. Заримдаа Монголоос сүүл ирвэл ууц тавьж сүүлээ эвтэйхэн залгана.

Манай ах дүүс, хамаатан садны хүрээн дэх 20 гаруй хүмүүс байгаа. Жилдээ нэг удаа цугларч битүүлэн, даалуу тоглож, бага нас, хөгжилтэй явдлуудаа дурсан баярладаг учраас Цагаан сарын гурав хоногийг бүгд л хүлээж уулздаг. Мөн гадаад хүмүүс, монгол судлаач эрдэмтдийн зүгээс “Монгол цагаан сар үзье” гээд ирэх нь бий.

Гэрээсээ хол, оюутан хүүхдүүд ч “Ах аа, танайд очин золгож, бууз идэж, шинэлье” гэнэ. Ирээд хамаатныдаа ирсэн юм шиг, Монголдоо очсон юм шиг боллоо гээд гарахад би их баярладаг.

-Австри дахь монголчууд уламжлал, ёс заншлаа мартахгүй, хадгалж үлдэх чиглэлд Цагаан сар тэмдэглэхээс өөр ямар ямар үйл ажиллагаа зохион байгуулдаг вэ?

-Австрид янз бүрийн спортын багууд бий ч “Үндэсний уламжлалт” гэсэн утгаараа би шагай харвадаг. Залуудаа сагс, волейбол, бүжгийн спортоор хичээллэдэг байсан.  Харин Австрид эрэгтэй дөрвөн баг, эмэгтэй гурван баг, мөн сонирхогчид гээд нийт 100-гаад хүн шагайн харвааны спортоор хичэээлэж байна. Харвааны хэрэгслүүдээ Монголоос захиж авчирдаг.

Саяхан Польшид цомын аварга шалгаруулах тэмцээн болох үеэр Европын орон бүрээс баг тамирчид ирж, монгол уламжлал, монгол хувцас зонхилсон хоёр өдрийн спорт өдөрлөг зохион байгуулагдсан. Монгол шагайн харваа бол оюун санаа, сэтгэл зүй, тэвчээрийн спорт гэж би боддог. Шагай харваснаар хүн сэтгэл зүйгээ хянах, сэтгэл хөдлөлөө удирдах, тооцоотой, тогтвортой тайван байхад суралцдаг.

Өвөг дээдсийн үлдээсэн, өв уламжлалд шингэсэн ухаан бүрээс өдөр бүр суралцаж, “Эвтэй байхдаа хүчтэй” гэдгийг хүний газар алхам тутамд мэдэрдэг гэхэд болно. Удахгүй Цагаан сарын шинийн 3-нд Австрийн Салзбург хотод Золгоо харвааны тэмцээн болох гээд бэлтгэгдэж л байна.

-Гадаадад амьдардаг монголчуудаа төлөөлж ямар үг хэлмээр байдаг вэ?

-Гадаадад амьдардаг гэхээр монгол хүн байхаа больчхож байгаа  хэрэг биш шүү дээ. Бид чинь дуртай цагтаа Монгол руугаа нисэж, хураасан хадгалсан хэдэн төгрөгөө үлдээгээд л ирдэг.

Гадаадад байгаа монголчууд л үүх түүх ёс заншил уламжлалынхаа үнэ цэнийг илүү мэдэрч, чиглэл чиглэлд, улс улсад өөрийн гэсэн орон зайг бий болгож байна. Техник технологи хөгжсөн орчин үед Монголдоо, гэртээ байгаа юм шиг утсаар ярьж , мэдээ мэдээллийг минут тутамд л мэдэж авч байна.

Тийм болохоор 1190-ээд оны нөгөө хуучин сэтгэлгээнээсээ салж, гадаад, дотоодод амьдардаг монгол гэхээс илүү нэг эх оронтой, нэг мөнх хөх тэнгэртэй, нэг хөх толботой, нэг цустай, нэг л монголчууд байгаа шүү гэж онцолъё доо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-27 09:18

ямар гоё юм бэ.

Зочин
Зочин
2022-01-27 09:25

хөдөлмөрч мундаг хүмүүс юмаа.

Зочин
Зочин
2022-01-27 09:27

Ганбаадаа болон Нацаг эгчдээ удахгүй болох сар шинийн мэнд хүргье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Зочин
Зочин
2022-01-27 09:36

ажилсаг мундаг хүмүүс хаана ч очсон сайхан байх юмаа. үнэхээр мундаг юмаа

Зочин
Зочин
2022-01-27 09:37

Baharhaj bn. Manai mongolchuud uneheer mundag shuu

Зочин
Зочин
2022-01-27 09:38

тийм шүү. гадаадад байгаа гэхээр л Монгол байхаа больчихно гэсэн үг биш. цагаан сар бол манай улсын уламжл�##�т баяр манайхан хаана ч очсон энэ баяраа боломжоороо тэмдэглээд үнэхээр сайхан байнааа

Зочин
Зочин
2022-01-27 09:39

Сүү ийм хямд бол юугч хийж болох юм байна

Зочин
Зочин
2022-01-27 14:38
Reply to  Зочин

Монголд ч зундаа хөдөө м�##�чид сүүгээ 1000 төгрөгөөр л зардаг. 40 сeнт ч хүрэхгүй гэсэн үг

zoloo
zoloo
2022-01-27 09:54

manaihan haana ch yvsan mundag shuu

Зочин
Зочин
2022-01-27 10:02

Heviin b##v tsaitai ch bas goy l doo

Зочин
Зочин
2022-01-27 10:03

Гадаадад байгаа Монголчуудын шүлсийг ч гоожуулж байна шүү.

Зочин
Зочин
2022-01-27 14:35

Мундаг. Арчаатай ажилсаг, ёс уламжл�##�аа дээдлэн амны хишгээ арвижуулж, хийморь лундаагаа өргөж явдаг хүмүүс хаана ч өөрийнхөөрөө сайхан амьларч чадна

Иргэн
Иргэн
2022-01-27 16:20

Заяатай хүмүүс гэж ажилсаг бх юм даа

Zochin
Zochin
2022-01-27 16:41

Mundag ah bna ajil amidraldan sain saihniig husen erooe

Зочин
Зочин
2022-01-27 19:33

Та бүхэндээ удахгүй болох сар шинийн баярийн мэнд хүргэе! Сайхан шинэлээрэй.

Ааяа
Ааяа
2022-01-27 20:09

Та нараараа бахархаж байна шүү. Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Гарч буй бар жил та бүхэнд аз хийморь эрүүл энхийг авчираг ээ

Холбоотой мэдээ

Back to top button