Муурын зулзагаас хямд монгол хүүхдийн амь гурав хоноод МАРТАГДАВ
Аав ээждээ эрхэлж явсан алгын чинээ үр ашиглалт хангаагүй лифтнээс болж амиа алдаад удаагүй байна. Гурван жил засвар хийгдээгүй, нурахаа шахсан байрны СӨХ нь "хуучин өрөө дараад лифт засварлах боломжгүй байсан" хэмээн биеэ өмөөрөөд өнгөрсөн.
Харин Нийслэлийн төрийн өмчит байгууллагын лифт болон гэрээт газруудад засвар үйлчилгээ үзүүлдэг гэх “Улаанбаатар лифт” ОНӨААТҮГ-аас "Осол болсон лифтийг манайх хариуцдаггүй, НМХГ мэднэ" хэмээн хээвнэг мэдээлсэн бол, хянаж, шалгах үүрэгтэй НМХГ нь "2018 онд тухайн байрны СӨХ-өөс хүсэлт гаргасны дагуу техникийн байдал, эвдрэл гэмтлийг тогтоох дүгнэлт гаргаж өгсөн. Тухайн ослын хариуцлагыг СӨХ хариуцна" хэмээн хариуцлагаас бултчихав.
Монголын ёс гурав гэгчээр золгүйгээр эндсэн гурван настай хүүгийн амь сошиал шуурганд гурван өдөр яригдаад мартагдав. Гэтэл муурын зулзага хүүхдийн хамар идсэн гэх цаашлаад яргалж тамласан гэх хэргийг нийтээр жигшин зэвүүцэж, хариуцлага нэхэж байв.
Мэдээж муур ч гэсэн амьд амьтан тул хайрлуулах, тамлуулахгүй байх эрх түүнд бий. Гэвч муурын зулзагаас хямд монгол хүүхдийн амийг төр нь ч, иргэд нь ч буруутнуудаас нэхсэнгүй. Хариуцлага ярьсангүй.
Хүний алаг үр ажлаа мэддэггүй хариуцлагагүй нөхдүүдээс болж цаг бусаар эндсэн байтал алба хаагчид алдаагаа бусад руу чихэж, хариуцлагаас зугтана. Ард иргэд ч сошиалд гурав хоног шуураад, амиа алдсан хүүгийн үхлийг мартчихлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.