Бээжингийн Өвлийн олимп-2022ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

Цар тахлын сүүдэр туссан, спорт улс төртэй хутгалдсан өвлийн олимп

Өвлийн олимпын XXIV наадам коронавирус ба мөргөлдөөний сүүдэр дор нээлтээ хийлээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин баасан гараг /2022.02.04/-т Бээжингийн өвлийн олимпын наадмыг нээлээ. Энэ удаагийн олимп дэлхийн хэмжээнд нүүрлэсэн коронавируст цар тахлын сүүдэр тусаад зогсохгүй, хүйтэн дайны үеэс хойш спорт, улс төртэй хутгалдсан олимп болж байна.

Ши Жиньпин дарга Бээжинд нэг хоногийн айчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж, шинэ стратегийн эвсэл байгуулахаа албан ёсоор зарласнаас хэдхэн цагийн дараа олон улсын хүний эрхийн төлөө тэмцэгчдийн шүүмжлэлд өртөөд буй Хятад дахь цөөнх уйгар үндэстний төлөөлөл олимпын наадмын галт бамбарыг бадамлуулахад оролцсоноор нээлтийн ёслол өндөрлөлөө.

Алдарт “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд 11,600 мкв бүхий өндөр нарийвчлалтай LED дэлгэц бүхий тайзнаа гурван мянган жүжигчин, уран бүтээлчид гарч, ковидын хязгаарлалтын улмаас цөөн хэдэн үзэгчдийн өмнө  үзүүлбэр үзүүллээ.

Бүжигчид Хятадын хуанлийн дагуу хаврын эхний өдөр ирснийг илтгэх ногооны үндсээр даллаж, дараа нь “Хавар” гэсэн үгээр цагаан, ногоон өнгийн салют буудуулав.

Мөстэй төстэй гурван хэмжээст шоо дээр лазераар өмнөх 23 өвлийн наадам бүрийн дүрсийг сийлсэн байна. Дараа нь, шоонуудыг хоккейчид “хагалж”, олимпын цагиргууд бүгд цагаан өнгөөр хувирав.

Галт бамбарын буухиа дахь хамгийн сүүлийн тамирчин чухам хэн байх бол гэдэг нь олимпын нээлтийн хамгийн оргил үед тооцогддог. Харин 2022 оны Бээжингийн өвлийн олимпын галт бамбарыг Шинжааны баруун бүсийн Алтай нутагт мэндэлсэн 20 настай гүйлтийн цанын тамирчин Динигэр Иламужиан /Dinigeer Yilamujiang/, цанын холимог төрөл буюу Нордик комбайнэд /Nordic combined/-ийн тамирчин Жиавэн Жаоны хамтаар бадамлууллаа.

Үүгээрээ Хятадын эрх баригчид Хятад дахь цөөнх үндэстнийг гадуурхаж, хүний эрхийг зөрчиж байна хэмээн буруутгасан олон улсын шүүмжлэлд өгч буй хариу гэж харагдаж байгаа юм. Вашингтон геноцид буюу хүмүүсийг үй олноор хоморголон хөнөөх явдлыг Шинжаан дахь Уйгар үндэстэн лалын шашинтнуудад хэрэгжүүлдэг хэмээн Бээжинг буруутгаснаар АНУ тэргүүтэй барууны хэд хэдэн улс өвлийн олимпд дипломат бойкот зарлахад түлхэц болсон юм.

ХЯТАД ДАХЬ УГСААТНЫ БҮЛГҮҮД

БНХАУ-ын төрийн дууллыг эгшиглүүлэхийн өмнө Хятад дахь 56 үндэстний төлөөлөл болгонд төрийн далбааг атгуулан мандуулснаараа хүний эрхийг ноцтой зөрчдөг гэх шүүмжлэлийг Хятад улс няцаах агуулгыг ёслолын үеэр харуулахыг оролдлоо.

Өвлийн олимпын наадмын нээлтийн ёслолын ажиллагааг 2008 оны Бээжингийн зуны олимпыг найруулсан, Оскарын шагналд нэр дэвшиж байсан кино найруулагч Жан Имоу найруулжээ.

Хагас жилийн өмнө болсон Токиогийн олимп шиг коронавируст цар тахлын улмаас энэ удаад ч мөн олимпын наадмын нээлтийг биечлэн үзэх боломжтой зочид, төлөөлөгчид, үзэгчид цөөн байлаа. Үүнд өвлийн олимпыг зохион байгуулахтай холбоотой авч хэрэгжүүлсэн хязгаарлалт бас нөлөөлсөн юм.

Коронавирусийн Омикрон хувилбар дэлхий даяар хурдацтай тархаж байгаа хэдий ч Хятад улс “Тэг Ковид” /Zero Covid/ бодлогыг баримталсаар байгаа тул зохион байгуулагчид өнгөрсөн сараас эхлэн олон нийтэд олимпын наадмын тасалбар борлуулахгүй байх шийдвэр гаргасан билээ. Ингэснээрээ хятадууд өрсөлдөгчид болоод бусад хүмүүсийг “хаалттай гогцоо”-ны цаана үлдээлээ.

2008 оны Хятадын “үзүүлээд өгнө дөө” гэсэн олимпын наадмаас цар хүрээний хувьд хэдий хумигдмал болж байгаа ч гэсэн Бээжингийн өвлийн олимпын наадмыг Ши Жиньпин даргын үед илүү цэцэглэн хөгжсөн, хүчирхэг, өөртөө итгэлтэй, сөргөлдөөнтэй байдлаар зохион байгуулж байна.

Өвлийн олимпын XXIV наадмын нээлт болохоос хэдхэн цагийн өмнө Ши Жиньпин дарга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар эвсэл байгуулснаа мэдэгдэж, хоёр орны хооронд “хязгааргүй” найрамдалт харилцаа тогтоосноо тунхаглалаа.

Энэ үйл явдал бол 1980-аад оны Хүйтэн дайны үеэр АНУ Москвагийн олимпын наадамд оролцохоос татгалзаж, мөн хуучнаар Зөвлөлт Холбоот Улс Лос- Анжелесаас холдсон үеэс хойш ажиглагдаагүй геополитикийн өрсөлдөөний дүр төрхийг тод санууллаа.

Евразийн зааг дээр наана, цаана орших БНХАУ, ОХУ-ын хооронд хурцадмал байдал сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд хамгийн дээд цэгтээ хүрсэн энэ цаг үе, нөхцөл дор ялангуяа Барууныхан Владимир Путиныг Украиныг тойрсон асуудлаар дайн хийхээр бэлдэж байна хэмээн буруутгаж эхлэхэд Ши Жиньпин, Владимир Путин хоёр биенийхээ талд зогсож, хэн хэнээ дэмжихээр боллоо.

ХАРИЛЦАН ДЭМЖЛЭГ

Украины Крымын хойгийг эзлэн авахаар цэргээ илгээхээс хэд хоногийн өмнө 2014 оны өвлийн олимпын наадмыг Сочи хотноо зохион байгуулахдаа ОХУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин даргад урьсанд талархал илэрхийлж, “Энэ бол асар том ажил гэдгийг бид эхнээс нь мэдэж байгаа” хэмээж байв.

Энэ удаад Орос-Хятадын хамтарсан мэдэгдэлд Бээжин НАТО-г өргөжүүлэхээ зогсоохыг шаардсан ОХУ-ын олон жилийн уриалгыг дэмжлээ.  Москвагийн тавьж буй эл шаардлагын улмаас Владимир Путин Украинд дайн хийхээр зэхэж байна хэмээн хардаж буй Барууны орнуудтай ОХУ маргаантай байгаа юм.

Украины хилийн бүсэд 100 мянга гаруй цэргээ байршуулсан ОХУ дайн хийж, довтлохоор төлөвлөж буйгаа үгүйсгэж байгаа хэдий ч аюулгүй байдлын шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд тодорхойгүй цэргийн ажиллагаа явуулж магадгүй гэж мэдэгдээд байгаа билээ.

Москвагийн хувьд Тайванийн арлын асуудлаарх Бээжингийн байр суурийг бүрэн дэмжиж, Тайванийн тусгаар тогтнолыг ямар ч хэлбэрээр эсэргүүцэж байгаа юм.

Олон Улсын Олимпын Хороо /ОУОХ/-ны Ерөнхийлөгч Томас Бах дэлхийн улс төрийн удирдагчдад хандан “Олимпын эв нэгдэл”-ийг сахиж, “энх тайванд боломж олгох”-ыг уриаллаа. Гэсэн ч, АНУ болон Барууны бусад орны төрийн удирдагчид өвлийн олимпод хүрэлцэн ирээгүй юм. Үүний шалтгаан нь тэд Уйгар үндэстэн болон бусад лалын шашинт цөөнхүүдийг Хятадын эрх баригчид хавчин гадуурхаж байгааг шүүмжилж байгаа юм. Харин энэ бүхнийг Бээжин эрс үгүйсгэсээр ирсэн.

Хүний эрхийн байгууллагууд БНХАУ-ыг Шинжаан-Уйгaр дахь нэг сая иргэнийг  эрүүдэн шүүж, тэднээр албадан хөдөлмөр эрхлүүлж, хорих лагерьт хорисон хэмээн буруутгаж байгаа юм. Үүний хариуд Хятадын эрх баригчид тэдэнд дахин боловсрол олгож, мөн шашны хэт даврагч үзэлтнүүдтэй тэмцэж байгаа хэмээн өөрсдийгөө зөвтгөж, хүчирхийллийг үгүйсгэдэг.

Шинжааны мэргэжилтэн, Мэрилэнд мужийн Фростбургийн Улсын Их Сургуулийн дэд профессор Ма Хайюн /Ma Haiyun/ хэлэхдээ, “Хятад улс олимпын галт бамбар асаахад Уйгaр үндэстэн тамирчныг сонгож оролцуулснаараа уйгуруудыг үй олноор нь хоморголон устгаж, хавчиж байна, үндэстний цөөнхийг гүтгэж байна гэсэн Барууныхны шүүмжлэлийг дарахыг хичээж байна. Гэсэн ч, ингэлээ гээд Хятадын хийж буй ихэнх зүйл “шоу үзүүлбэр” гэж үздэг тул Барууны орнуудад энэ нь тийм ч их нөлөө үзүүлэхгүй гэж би бодож байна” гэлээ.

(Эх сурвалж: Reuters)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2022-02-05 10:59

Хүн төрлөгтний эв санааны нэгдэл болсон Олимпийг чам шиг муу авгайцарт хамаагүй байх шив О Анарт хэлж байна

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x