ВИДЕО КОНТЕНТНИЙГЭМУРЛАГЭнтертайнментЯрилцлага

Doid буюу Б.Доржнанжид: "Монголд намайг гүйцэх хүн байхгүй" гэж биеэ тоогоод АЛДСАН

Сүүлийн үед хүч түрэн гарч ирж буй залуу уран бүтээлч, Doid нэрээрээ танигдсан Б.Доржнанжидтай "For you" романтик, инээдмийн УСК-ны нээлтийн арга хэмжээний үеэр ярилцлаа.

Doid уг киноны "For you" дууг дуулсан. Түүнээс гадна "24/7", "She", "Намайг мэдэр", "You", "Notebook", "Давуу", "Love", "Me n U" зэрэг уран бүтээлийг туурвисан бөгөөд удахгүй шинэ цомгоо гаргахаар ажиллаж байна.

-БҮТЭН ДУУДУУЛАХЫН ТУЛД НЭРИЙНХЭЭ ЭХЛЭЛ ТӨГСГӨЛӨӨР DOID ХЭМЭЭН НЭРЛЭСЭН-

-Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулаач?

-Намайг Б.Доржнанжид гэдэг. Харин уран бүтээлээ туурвидаг нэрийг Doid. 30 хүрч яваа, хөгшин, шинэ залуу уран бүтээлч байна /инээв/. 2021 оноос эхлэн анхны уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Хавартаа амжаад альбом нээлтээ хийх төлөвлөгөөтэй явна.

-Таны хүүхэд нас хаана өнгөрөв. Багаасаа л урлагт дуртай байв уу?

-Тийм ээ. Би Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн. Гурван настайдаа Улаанбаатар хотод ирж, хүүхэд нас минь 13-р хороолол, Сансарт л өнгөрсөн дөө. Багаасаа урлагт дуртай хүүхэд байлаа. Манайхан бүгд урлагт хайртай, урлагийн гэр бүл.

-Урлагийн гэр бүл гэдгийг тодруулбал?

-Миний төрсөн эгч жүжигчин Б.Янжиндулам. Нагац ах минь зохиолын дуучин. Үеэл дүү жүжигчин. Өвөө, эмээ хоёр минь их сайхан дуулдаг хүмүүс байсан. Өвөө Говь-Алтай аймагт гэрэлтүүлэгч, тайзны зураач хийдэг байлаа.

-Өөрийгөө хөгшин, шинэ залуу уран бүтээлч гэсэн. Яагаад ийм хожуу уран бүтээл туурвих болсон бэ?

-Би 2008 оноос хип хоп бүжгээр хичээллэсэн. “Aimar dance studio”-ийн гишүүн байсан. Тэгээд л амьдрал үргэлжилж, хичээл, хөдөлмөр хийж явсаар цаг хугацаа өнгөрсөн гэх үү дээ. Би дууны үг бичдэг. Ахлах ангид байхаасаа л ийм сонирхолтой байлаа. Тиймээс "Одоо ер нь хийе" гэж шийдээд боломжтой болсон цагтаа уран бүтээл туурвиж эхлээд байна.

-Дуугаа дуулж, үгээ бичдэг гэлээ. Дуутай хэзээнээс холбогдсон бэ?

-2011 оноос эхлээд оролдож эхэлсэн. Хип хоп бүжиг бүжиглэдэг. Тухайн үед бүжиглэнгээ дуулаад сурсан байсан. Үргэлж хийсээр байсан учир дуулах сэдэл авч, энэ бүхнийг хийж эхэлсэн байх.

-Doid нэр нь ямар утгатай вэ?

-Эмээ минь намайг "нэрээ бүтэн дуудуул" гэдэг байсан. Доржнанжид гэдэг нэрийг бүтэн дуудахад хэцүү, чаддаггүй учир нэрийнхээ эхлэл, төгсгөлийг оруулаад нэрлэсэн гэх үү дээ.

-ДУУНЫХАА ҮГИЙГ ӨӨРӨӨ БИЧИЖ, ДУУЛДАГ-

“For you” романтик, инээдмийн киноны дууг өөрөө зохиосон уу?

-“For you” уран сайхны киноны албан ёсны дууг өөрөө шүлгээ бичээд дуулсан. Аяыг “Suon HYP” хийсэн. Микс, мастерыг “HYP Community”-Ган-Туана ах хийж өгсөн.

-Таны Love” дуу, клип олон хүнд хүрсэн. Энэ дууны тухай?

-“Love” дуу 2014 онд бүтсэн. Үг нь бэлэн болчихсон байсан ч, ая нь чанартай болоогүй л яваад байсан. Сүүлд “Suon HYP”-тай гэрээ байгуулаад, аяыг нь дахин хийсэн. Ая нь амилаад ирэхээр дуу нь өөрөө дагаад амь ордог юм билээ. Шүлгээ өөрөө бичдэг учир илүү амьд санагдсан. Клипний утга санааны хувьд дууны үгнээс сэдэвлэсэн. Би өөрөө түүх талдаа илүү сонирхолтой, Монголын түүхэн хүмүүсийг судалж байсан. Хайрыг би ганцаараа илэрхийлж болохгүй байсан учир эсвэл хоёр хосоор илэрхийлэх нь дутмаг санагдсан гэх үү дээ. Тиймээс түүхэн хүмүүсээр төлөөлүүлсэн. Миний хувьд энэ клипэнд дүрсэлсэн хүмүүсээ Монголын түүхийг бүтээгсэд гэж боддог. Одооны залуус, хүүхдүүдийн мэддэггүй, мартсан хүмүүсээс голчлон оруулахыг зорьсон.

-Дууны клипээ бэлэн болсны дараа өөрөө үзэхэд ямар санагдсан бэ?

-Өөрөө хийсэн учир, хийсэн клипээ хараад чамлаад байдаг юм билээ. Хүмүүс үзээд гоё гэж байгаа ч, дотроо төсөөлсөн төсөөлөлдөө хүрээгүй. 100 хувь гэж үзвэл 85 хувь байхад дандаа чамлаад, дараагийн удаа илүү сайжирна л гэж боддог доо.

-Уран бүтээл үзсэн хүмүүсийн сэтгэгдэл ямар байв. Анхаарч хардаг уу?

-Тийм ээ. Би бүгдийг нь хардаг. Subscribe хийсэн хүмүүстэйгээ контакт үүсгээд, хэрэв сэтгэгдэл ирсэн бол харсан гэдгээ ямар нэгэн байдлаар илэрхийлээд явахыг хичээдэг. Тухайн хүмүүс надад цагаа зарцуулж байгаа учир би тэднийг хүндлэх хэрэгтэй.

-Сөрөг сэтгэгдэлд ач холбогдолд өгдөг үү?

-Би ер нь гайгүй дээ. Өмнө нь олон удаа алдаж, онож үзсэн. Жаахан хүүхэд байхаа больсон болохоор сөрөг зүйлсийг ч даваад л гарна.

-МОНГОЛД НАМАЙГ ГҮЙЦЭХ ХҮН БАЙХГҮЙ ГЭЖ БИЕЭ ТООГООД АЛДСАН-

-Ямар алдаа таныг хатуужуулав?

-2012 онд хип хоп бүжгийн тэмцээн болсон. Нэгийн эсрэг нэгд би бүх шатанд ялаад, тухайн үедээ хамраа сөхчихсөн. “Би хамгийн мундаг нь. Монголд намайг гүйцэх хүн байхгүй” гэж бодсон л доо.

Ингээд 2013 онд бүжгийн тэмцээнд эхний тулаандаа шавийнхаа шавьд ялагдаад, тэр үед их зүйл бодсон. Бүгдийг чадна гэж бодож яваад унасан гэх үү дээ. Бүжгийн хүрээлэл маш том байсан. Түүний хэрээр биеэ тоосон байсан. Гэхдээ одоо тэр залуу байхгүй. Номхорсон.

-Өндрөөс доош буусан байх нь?

-Өөрийнхөө хувьд нэлээн өндөрт гарсан байсан. Тэгээд л доош унасан. Түүний дараа ч гэсэн компани байгуулах гэж оролдоод бүтэлгүйтсэн. Унаж, оносоор л явна. Тиймээс одоо бол сэтгэлийн хат сайн суусан.

-Маш олон зүйлийг оролдож үзжээ. Уран бүтээлч байх таны туйлын хүсэл мөн үү?

-Уран бүтээл туурвих болсноор би өөрийгөө олсон. Тиймээс хожуу ч гэлээ дуунуудаа гаргаад явж байна. Би нэг дор олон зүйл амжуулахгүй бол хурдан уйддаг. Маркетингаар мэргэшсэн учир нэг зүйлийг удаан хийж чаддаггүй. Тэр нь сул тал гэх үү дээ.

-Ижил уран бүтээл туурвидаг залуусаас ялгарах онцлог тань юу вэ?

-Үзэгчид л хэлэх болов уу. Би сайн хэлж мэдэхгүй юм. Бүгд л өөрийн сүнс, мэдрэмжээр уран бүтээл туурвидаг учир бүгдийг нь хүндэлнэ. Би ганцаараа бүжиглэдэг, лаг гэхэд хэцүү. Шинэ уран бүтээлчдийн дийлэнх нь бүжиглэдэг болсон.

Тиймээс үзэгчид өөрсдөө үнэлэлт дүгнэлтээ өгөх байх. Уран бүтээлчдийн хувьд таарсан ч мэндийн зөрүүтэй, сайхан харилцаатай байдаг. “Тэрний дуу хит болчихлоо” гэдэгтээ биш бүтээсэн уран бүтээл нь үзэгчдэд таалагдаад, тэднийг баясгаж, мэдрэмж өгч байгаа нь өөрөө чухал. Түүнээс тоонд ач холбогдол өгдөггүй. Миний дуунууд өөрөө маш бага үзэлттэй шүү дээ.

-Клипэнд цээж нүцгэн хэсэг гардаг шүү дээ. Спортоор хичээллэдэг мэт харагдсан. Эсвэл дан бүжгээр дагнадаг уу?

-Тийм. Би 2008-2018 он хүртэл тасралтгүй 10 жил бүжгээр хичээллэсэн. Хажуугаар нь хөлбөмбөг, parkour, snowboard зэрэг экстрем спортод илүү дуртай.

-Хэрэв урлагийн хүн болоогүй бол спортын эсвэл бүжигчин болох байсан уу?

-Бүжгийг бол хөөхгүй байх. Харин спортоороо тууштай хичээллээд тамирчин болчихсон байх байсан. Би өөрөө атлетик талдаа тамирчин биетэй.

-ГҮЙДЭГ, АТЛЕТИК ТАЛДАА ӨӨРИЙГӨӨ ДАЙЧИЛДАГ БҮСГҮЙ ТАТАГДДАГ-

-Бүжгийн суурьтай учир уран бүтээлүүддээ давуу талаа ашиглах болов уу?

-Тийм ээ. Ганц хоёр уран бүтээлүүдэд бүжгийнхээ чадварыг гаргана гэж бодож байгаа. Дуу нь бэлэн болчихсон байгаа.

-Дараагийн уран бүтээл дээр ажиллаж эхэлсэн үү?

-Цомгийнхоо хамгийн сүүлийн дуу болох “Woman” дуун дээр ажиллаж байгаа. Үүн дээрээ бараг сүүлийн таван сар ажиллаж байна. Эмэгтэй хүнд, ээждээ зориулсан. Цомогт 10 дуу багтаж байгаа. Есөн дуу бэлэн болсноос найм нь цацагдчихсан. Одоо хамгийн сүүлийн даваа үлдээд байна.

-Бүжиг, спорт таны амьдралд ямар эерэг өөрчлөлтийг авчирсан бэ?

-Сэтгэл санаа амгалан, тайван болдог. Өөрийгөө хянаад, баланслаад сурдаг. Тархиа ажиллуулахын хэрээр биеэ ажиллуулах нь давуу талтай. Мөн дотоод бие эрхтэн эрүүл байж, түүний хэрээр залуу төрхтэй, эрч хүчтэй болно. Илүү олон зүйл амжуулна. Хүн чинь амьдралд шунаж, олон зүйл хийхийг хүсдэг шүү дээ. Түүний тулд эрүүл л байх ёстой гэж боддог.

-Гэр бүл зохиож амжсан уу?

-Гэр бүл зохиож амжаагүй л явна. Урлаг, уран сайхан, ажил, гэр гэсээр хувийн амьдралдаа цаг зарцуулах нь бага байгаа. Бусад хүнд бүү хэл өөртөө ч хангалттай цаг гаргаж амжихгүй явж байна. Гэхдээ болно байх аа.

-Гэр бүл зохиох хугацаагаа төлөвлөсөн үү. Эсвэл мэдрэмжээ дагах уу?

-Миний хувьд дотроо төлөвлөсөн байгаа. 30 магадгүй 40 нас ч байж болно. Гэхдээ таарч тохирох, ойлголцох хүн гараад ирвэл болох байх. Харж байхад хүмүүсийн амьдрал маш хурдан л өрнөөд байх шиг байна.

-Ямар бүсгүй таалагддаг вэ?

-Гүйдэг. Атлетик талдаа, өөрийгөө дайчилдаг бүсгүйд нэлээн татагддаг. Тийм бүсгүйчүүд өөртөө хайртай, эрүүл биетэй байгаагийн шинж гэж боддог.

-ХЭНИЙ Ч НӨЛӨӨГҮЙ УРАН БҮТЭЭЛЭЭ ТУУРВИХ БОЛОМЖТОЙ УЧИР АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДАГ-

-Та муу зуршилтай юу?

-Бага зэрэг. Ганц бий. Түүнээсээ гарч чадахгүй байгаа. Гэхдээ бусдаар бол дажгүй шүү.

Дуучин, уран бүтээлч байхын хүндрэлтэй болон сайхан талууд нь таны хувьд юу вэ?

-Хүндрэлтэй гэвэл бараг байхгүй. Би өөрөө хүсээд л хийж байгаа гэдэг утгаараа. Яах вэ нэг бодлын маш аз жаргалтай байдаг. Хүсэх л юм бол хэний ч нөлөө, үзэл бодлыг шингээхгүйгээр өөрийнхөөрөө уран бүтээлээ туурвих боломжтой.

Нөгөө талаар амьдралаа авч явахын хажуугаар уран бүтээл, клипдээ мөнгө зарцуулах шаардлагатай болно. Тиймээс заавал өөр нэг бизнестэй байгаад тэнцүүхэн авч явах хэрэгтэй болдог.

-Тэгэхээр та хувиараа бизнес эрхэлдэг байх нь ээ?

-Би 2021 оны зургадугаар сараас эхлэн эгчтэйгээ хамтраад жижиг кофе шоп ажиллуулж эхэлсэн. Карьераа хөөж байгаа учир кофе шопоосоо нэрээ татсан гэхэд болно. Миний хувьд хэд хэдэн төсөл бичсэн. Магадгүй хөрөнгө оруулалт авч чадвал өөрийн гэсэн бизнесийг эхлүүлнэ дээ.

-Цаашдын зорилго зорилтоосоо хуваалцаач?

-Уран бүтээлээ улам бүр чанаржуулж, өөртөө болон үзэгчдэд таалагдах уран бүтээлийг туурвина. Мөн хувь хүн талаасаа ч өөрийгөө илүү хөгжүүлэх бодол байна.

-Баярлалаа. Амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-02-11 08:22

biye tooj ehleh ni tiim ch sain yumand hurgehgui

Зочин
Зочин
2022-02-11 09:26

zugeeree. zaluu hun itgeltei baihad bolno

Зочин
Зочин
2022-02-11 10:16

Хөөрхөн з�##�уу вэ

Зочин
Зочин
2022-02-11 10:16

Биеээ тоогоод байгаарай

Зочин
Зочин
2022-02-11 10:52

Ха ха Хамгийн сайн гэх нь харьцангуй ойлголт юм даа. Тийм юманд тулгуурлаж сэтгэл зүйгээ бэлдэнэ гэдэг их өрөвдөлтэй. Ямар ч мэдээлэлгүй юм уншдаг ч үгүй хүний хийх ажил. Харин з�##�уус олон юмаар хичээллэдэг зан чанараас нь тусгав�##� зүгээр.

misheel
misheel
2022-02-25 14:20

Goy duuchin shuu. Uran buteeldee ih setgel gargaj baigaa haragddag. Harin suuliin heden duu jaahan dawtagdaad bh shig anzaaragdsan. Anhaaraarai Amjilt

Холбоотой мэдээ

Back to top button