ВИДЕО КОНТЕНТЭнтертайнментЯрилцлага

Ч.Сэлэнгэ: Гологдохгүй жүжигчин болохын тулд сэтгэлзүй, мэдлэг, бие бялдартаа анхаарна

Нээлтээ хийгээд удаагүй СЭТГЭЛЗҮЙН ТРИЛЛЕР төрлийн "Этгээд" уран сайхны киноны гол дүр, залуу жүжигчин Ч.Сэлэнгэтэй ярилцлаа. Тэрбээр “18 нас би чамд хайртай” “Аз жаргал” “Хайр”, "Six feet", "Бумеранг" гэх зэрэг уран бүтээлүүдэд ажиллаж, авъяаслаг, үзэсгэлэнтэй жүжигчин гэдгээрээ олонд танигдсан билээ.

-ДРАМА, ТРИЛЛЕР ТӨРЛИЙН УРАН БҮТЭЭЛД АЖИЛЛАХЫГ ХҮСДЭГ-

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн үеийн сониноос тань яриагаа эхлүүлье?

-Шинийн гуравны билэгт сайн өдөр “Этгээд” УСК нээлтээ хийсэн. Энэ бар жилийн хамгийн сонин содон гэвэл нээлтээ хийсэн кино маань л байна даа.

-Яагаад тухайн уран бүтээлд тоглох болсон бэ?

-Оны өмнө буюу 2021 онд кино зохиолоо авсан. Зохиолоо уншсаны дараа найруулагч “Ирж уулзаач” хэмээн санал тавьсан. Очиж уулзсан. Ер нь бол ямарваа бүтээлийн зохиол нь чухал байдаг. Анх уншиж танилцахад л зохиол нь маш содон, өвөрмөц, “Этгээд” байж чадсан учраас тухайн бүтээлд оролцох ёстой юм байна гэж бодоод саналыг шууд хүлээж авсан.

-Найруулагчдаас ирж буй уран бүтээлийн саналд хэр цензуртай ханддаг вэ?

-Би өөрөө инээдмийн жанрын хүн биш. Угаасаа намайг хараад хүн инээнэ ч гэж юу байх вэ /инээв/. Аль болох драма, триллер кино, уран бүтээлд тоглохыг хүсдэг.

-Тухайн уран бүтээлд ажиллахад таниас хэр их эрчмийг шаардав?

-Энэ кино групптэй ажиллахад надад маш гоё байсан. Хоорондоо эвлэгхэн, "баримлын шавар мэт" наалдаад, бие биетэйгээ амархан ойлголцсон. Цаг хугацаа ч дагаад хурдан өнгөрсөн. Өөрийнхөө дуртай зүйлийг хийсэн учир аз жаргалтай цаг хугацааг өнгөрүүллээ. Маш хэцүү, эсвэл шантарсан үе байгаагүй. Шатнаас унаж байгаа, өвлийн хүйтэнд ой дундуур гүйж байгаа гээд тэр бүрээс кайф, аз жаргалыг мэдэрсэн.

Зүрх багтарч, амнаас таван цул эрхтэн гарах гээд байгаа мэт гүйж байгаа ч, дэлгэцээр харахад зүгээр л гүйж байгаа мэт харагдсан. Алдаанууд бол олон харагдсан. Дотроо хичнээн хичээгээд байгаа ч, камерт тэс өөр буудаг юм билээ. Сценээс сцений хооронд дүрийн шугамаа алдах гэх мэт алдаа харагдсан.

Мундаг уран бүтээлчид ч надад шүүмжлэл, зөвлөгөөгөө харамгүй хайрласан. Үзэгчид ч мөн сошиал ертөнцөд кино үзсэн сэтгэгдлээ бичсээр байгаа. Тэр бүрийг уншиж байгаа. Хүн бүр өөр өөрийнхөөрөө, маш өөр өнцгөөс харсан байсан. Тэр нь их сонин, сонирхолтой байгаа.

-ӨӨРИЙН АМЬДРАЛЫН ТУРШЛАГА, ЭРГЭН ТОЙРНООС ХАРЖ АЖИГЛАСАН ЗҮЙЛЭЭР ДҮР ДЭЭР АЖИЛЛАДАГ-

-Монголчууд зомби, сүнстэй кино хийхээр оролдож байна. Тэр нь ч дэвшилттэй байгаа анзаарагдсан. Таны хувьд хийсвэр дүрд ажиллах санал ирвэл хүлээж авах уу?

-Товчхондоо “Хэрвээ би байсан бол ямар байх байсан бол” гэж бодсоны үндсэн дээр л дүр дээрээ ажилласан. Тиймээс ч, одоохондоо арай зомбитой кинонд оролцон тоглох боломжгүй байх. Яагаад вэ гэвэл ажиллах дүр нь миний бодит амьдралаас хэт холдоод явчихаар хэцүү.

Ямарваа бүтээлд ажиллахад өөрийн амьдралын туршлага, эргэн тойрноосоо харж ажигласан зүйлээс л гарч байгаа шүү дээ. Огт мэдэхгүй зүйлээ гэнэт хийнэ гэвэл би чадахгүй байх. Өөрийгөө голох байх.

 -Тухайн уран бүтээлд ажилласан дүр, бодит амьдрал дээрх таны зан төлөв, байдалтай хэр зөрчилдсөн бэ?

-Өөрийнхөө чадахаар хичээж ажилласан. Аль болох давуулан биелүүлэхээр хичээсэн. Тодорхой хэмжээний алдаа оноо байсан. Тэр бүрд шүүмжлэлийг сонсоод явж байгаа. Дараа дараагийн бүтээлдээ тухайн шүүмжлэлийг засаж, залруулах байх гэж бодож байна.

Би өөрөө жирэмсэн болж үзсэн, хүүхэд гаргаж үзсэн. Тухайн үеийн сэтгэлзүйн байдлын дотор характер, төрөөд сэтгэлзүйн гүн хямралд ордог гэх мэт амьдралын туршлагаас үндэслээд “За нэг иймэрхүү байвал, илүү тохирох юм байна” хэмээн бодсон. Ингээд ярихаар би өөрөө киногоо спойлердох гээд байна л даа /инээв/.

-Ганц бие байх, ээж болсны дараах амьдрал өөрт тань хэр ялгаатай байв?

-Ганц бие байсан жаахан охиноос ээж болсон нь сэтгэлзүйн хувьд асар их өөрчлөлтийг авчирсан. Ер нь бол ээж болсны өмнөх болон дараах би тэс өөр хүмүүс болсон. Магадгүй бүгд л тэгдэг байх. Тиймээс кинонд ажиллахад ээж болсон түүх, туршлага минь тусалсан.

-Хэтэрхий эрт амьдралд хөл тавилаа, зохиолоо гэж бодож байсан үе бий юу?

-Нуулгүй хэлэхэд жирэмсэн болсныхоо дараа гэнэт шоконд орсон. Хүн бүр л боддог байх. Тухайн үед тийм зүйл бодож байсан ч, хүүхдээ төрсний дараа ертөнцийг харах үзэл өөрчлөгдсөн.

Хүүхдээ хараад уярч хайлах нь их байсан ч, их ажлыг амжуулсан. Би нэлээн хожуу оюутан болсон л доо. Гуравдугаар дамжаанд байхдаа наймдугаар сарын 1-нд  төрөөд есдүгээр сараас нь эхлээд хичээлдээ явж байсан. Тухайн жилдээ маш их хөдөлмөрлөснөө санадаг юм. Тиймээс алдсан цаг хугацаа байхгүй.

-ТӨРСНИЙ ДАРАА ХЭВИЙН ХЭМЖЭЭНЭЭС ХЭТ ТУРЖ 42 КГ БОЛЖ БАЙЛАА-

-Танд жирэмсний үеийн болон төрсний дараах сэтгэл гутрал, сэтгэлзүйн өөрчлөлт байсан уу?

-Эмэгтэй хүн бүр л төрсний дараах сэтгэл гутралтай нүүр тулдаг болов уу. Би ч гэсэн адилхан. Адаглаад төрсний дараа өөрийнхөө хуучин туранхай, чанга биеийг үгүйлсэн. Хөх унжихаас эхлүүлээд л бие их өөрчлөгддөг шүү дээ. Толины тусгал дахь өөрийгөө хараад “Шал өөр хүн хараад байгаа мэт санагдсан”. Үүнээс болж гэнэтийн цочролд орсон.

Мөн эрч чөлөөтэй байж байгаад хүүхдээ хараад нойр хоолоо хасах зэргээр хямарсан. Төрсний дараах эхний зургаан сард хэзээ ч халуун хоол идэж чаддаггүй юм билээ. Би эхний зургаан сар маш их жин хаясан. Хоолоо ч идэх завгүй байсан учир хэвийн хэмжээнээсээ тураад 42 кг болсон. Тухайн үед сошиал ертөнц рүү бараг ордоггүй байлаа. Намуухан ая сонсоод, өөрийгөө аль болох тайван байлгахыг хичээх болсон.

-Төрсний дараах сэтгэлзүйн хямралаа хэрхэн даван туулсан бэ?

-Би 20 нас гараад ээж болсон. Хүн хүний хувь тавилан ондоо байдаг учраас “Би залуугаараа ээж болчихлоо” гэдэг ч юм уу бусадтай өөрийгөө харьцуулаад хэрэггүй юм шиг санагдсан.

Харин түүний оронд тэр байдалдаа эвлэрээд, “Хүүхдээ яаж өсгөх вэ, ээж болох сэтгэлзүйгээ хэрхэн бэлдэх вэ” зэргээр ном унших ч юм уу, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Би өвдчихсөн байхад хэзээ ч тэнд байгаа өөр хүн өвдөхгүй шүү дээ.

Тиймээс хүмүүсийн юу ярих, бодоход ач холбогдол өгөөд хэрэггүй санагддаг. Аль болох өөрийгөө тайван байлгаж, намуухан ая сонсох, өөртөө цаг гаргах зэргээр хямралаа даван туулсан.

-Этгээд УСК-ноос гадна өөр бүтээлд ажиллаж эхэлсэн үү?

-Өөр уран бүтээлд ажиллаагүй. Зураг авалтаа дуусгаад л гэр бүлдээ цаг гаргаж, хамтдаа цагийг өнгөрүүлж байна. Бага насны хоёр хүүхэдтэй ээжийн хувьд хүүхдүүддээ илүү их цагийг зориулж, сайхан дурсамж үлдээх нь чухал гэдгийг ойлгосон. Заримдаа хэт зарчимч, үглэх гээд байдаг. Түүнийгээ засахыг хичээж байна.

-Этгээд УСК-г үзэх шалтгааныг нэрлээч?

-Магтаал, шүүмжлэл аль нь ч байлаа гэсэн хүмүүст яригдаж байна гэдэг нь бид зүтгэсэн зорилгынхоо тодорхой хувийг биелүүлсэн гэсэн үг. Кино багийнхандаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.

Бид зорьж хийсэн бүтээлээрээ үзэгчдэд нэгийг бодуулж, зорилгодоо хүрсэн болов уу. Алдаа, оноотой зүйл байгаа ч, тухайн бүтээл маш өвөрмөц болсон гэдгийг хүн бүр хэлж байгаа. Миний хувьд ч маш этгээд уран бүтээл болсон.

-Цаашид хийхээр төлөвлөсөн зүйлээсээ бидэнтэй хуваалцаач?

-Ер нь аялах, дэлхийг тойрох, сайн чанартай уран бүтээлд оролцохоос гадна өөрөө гологдохгүй хэмжээнд жүжигчин байх, чадвартай байх ёстой гэж боддог. Гадаад дүр төрх гэхээсээ илүү боловсролтой, хөдөлгөөний эвсэлтэй, ямар ч "action" уран бүтээлд тоглоход чанга биетэй, хэлтэй байхын тулд хичээх ёстой гэж боддог. Дотоод сэтгэлзүй, мэдлэг болон гадаад бие бялдартаа аль алинд нь анхаарна.

-Бидэнтэй цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2022-02-16 09:51

ger buld n az jargal husiy

Haha
Haha
2022-02-16 10:59

Duraaraa y####n be haha

Зочин
Зочин
2022-02-16 19:14

yamar goy uran buteelch ve amjilt husey

Зочин
Зочин
2022-02-16 19:14

unheer goy kino bolson shuu nice

Холбоотой мэдээ

Back to top button