НийгмийнСурвалжилга, Нийтлэл

БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ

-С.АМАРСАЙХАН ТӨРСӨН АХЫНХАА НЭР ДЭЭР ГАЗАР АВЧ, БИЗНЕС ТӨСЛҮҮДЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖЭЭ-

Хотын дарга С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын ДОЛООН байршил дахь нийт 15.02 га газрыг  өөрийн нэр дээрх  “Собт трейд”, “Юко”, “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-иараа дамжуулан эзэмшиж байна. Эдгээр байршлуудад газар авахдаа БОАЖЯ-тай “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-нд үндэслэн, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ашиглахаар гэрээ байгуулсан байдаг.

Гэвч өдгөө эдгээр байршлуудын ихэнхэд “Оюуны Ундраа” группийн хувийн бизнесийн төслүүд хэрэгжиж, бизнесийн чиглэлээр ашиглагдаж байгаа юм. Улмаар улсын бүртгэлд Сайнбуягийн Ганбатын нэрээр бүртгэгдсэн “Собт трейд”, “Юко”, “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-ийн газрын төлбөрийг хотын дарга С.Амарсайханы  24 хувийг нь эзэмшдэг “Оюуны Ундраа” групп жил дараалан төлсөөр ирсэн нь анхаарал татна.

Энэ нь хотын дарга С.Амарсайхан төрсөн ах С.Ганбатын компаниудын нэр дээр их хэмжээний газрыг хэсэгчлэн авч, “Оюун Ундраа” группийнхээ бизнес төслүүдийг хэрэгжүүлдэг гэх нотломж өгч буй юм. Тухайлбал, С.Амарсайханы төрсөн ах С.Ганбатын “Собт трейд” ХХК-ийн нэр дээрх газруудад “Оюуны Ундраа” групп “Зайсан Хилл” тэргүүтэй томоохон бизнесийн төслүүдээ хэрэгжүүлсэн байна.

Тайлбар: “Собт трейд” ХХК-ийг С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат эзэмшиж байна     

       Тайлбар: “Собт трейд” ХХК-ийн нэр дээрх газруудад “Оюуны Ундраа” групп “Зайсан хилл”-ийг  барьжээ

Зөвхөн хотын дарга С.Амарсайханы эзэмшил дэх “Оюуны Ундраа” группийн бүтээн байгуусан “Зайсан Хилл” цогцолборыг тойроод, ТАВАН БАЙРШИЛД  “Собт трейд” ХХК газар эзэмшиж байна.  “Зайсан Хилл” орчим дахь “Собт трейд” ХХК нийт  талбай нь 6.02 га байна. Түүнчлэн,

С.Ганбатын үүсгэн байгуулсан “Юко” ХХК-ийн нэр дээр 2006.07.21-ний өдөр ДӨРВӨН ГА

С.Ганбатын үүсгэн байгуулсан “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-ийн нэр дээр ТАВАН ГА 

      газрууд Зайсангийн ам, Богд Хан уулын орчимд эдгээр газрууд байршдаг.

-ХОТЫН ДАРГА НЬ 214 АЙЛЫН ГАЗРЫГ АХДАА ЭЗЭМШҮҮЛЭХ НЭРЭР БИЗНЕС ТӨСЛҮҮДЭЭ ЦЭЦЭГЛҮҮЛЖ ЯВАХ НЬ ХЭР ШУДАРГА ВЭ-

Нэгэн үес хэвлэлүүдээр хотын дарга С.Амарсайхан “Зайсан Хилл”-ийг барьсан 4.41 га талбайг 2008 онд нэг метр квадрат тутмыг нь 396 төгрөгөөр авсан талаар бичигдэж байв. Энэ нь тухайн үеийн зах зээлийн үнээс 33 дахин бага байсан гэгдсэн. Мөнхүү Зайсан толгойн ард байрлах 1.5 га газраа ердөө 19.8 сая төгрөгөөр худалдан авсан гэгддэг билээ.

Эдгээр бүх газрууд нь түүний төрсөн ах С.Ганбатын нэр дээр байдаг. Тэрбээр хэвлэл мэдээлэл, олон нийтэд  огт ил гаралгүйгээр С.Амарсайханы бизнесийг хөдөлгөдөг гэгддэг юм. Өнөөдөр бидний баримтаар сөхсөн, түүний эзэмшдэг нийт газрын хэмжээг энгийн иргэдийн 0.07 га-д хуваавал 214 айлын газартай тэнцэж байна.

214 айл гэдэг нь багахан хүн амтай нэг сумын өрхийн тоо юм. 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тусгай хамгаалалттай, дархан цаазат газруудад газар эзэмшсэн эрхмүүдийн эзэмших зөвшөөрлийг цуцлах асуудлаар дуугарч, олон нийтээс алга ташилт авсан. Гэтэл яг хамар дор нь хотын дарга С.Амарсайхан энгийн 214 айлын эзэмших газрыг төрсөн ахдаа эзэмшүүлсэн нэрээр, өөрийн бизнес төслүүдээ цэцэглүүлж, Зайсанг тойрон "дүрэмдэж" явна. 

Хөдлөх тоолондоо намынхаа нэрийг шороотой хутгаж, У.Хүрэлсүхийн чихийг хангинуулж явдаг нэг сайн дурын баатраар хотоо удирдуулжээ, бид. Дүгнэлтийг танд үлдээе.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button