ХЭРЭГ: Үйлчилгээний хөлсөө хар тамхиар авдаг өмгөөлөгчийг саатууллаа
2019 оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд хар тамхи мансууруулах бодистой холбоотой нийт 181 гэмт хэрэг гарч, 319 хүн шалгагдсан гэх мэдээллийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өгч буй. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэргийн гаралт ихэсч байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн хэрэг мөрдөлт, илрүүлэлт ч мөн адил өсөж байгаа юм.
-ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ӨМГӨӨЛӨЛ ХИЙДЭГ ӨМГӨӨЛӨГЧ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧТЭЙГЭЭ ХАМТ МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭЖ БАЙГААД БАРИГДАВ-
Тэгвэл иргэдэд хуулийн зөвлөгөө мэдээлэл хүргэдэг өмгөөлөгч хар тамхины хамааралтай донтогч байсан гэдгийг цагдаагийн байгууллагынхан илрүүлжээ. Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч, хуулийг сурталчлах үндсэн үүрэгтэй өмгөөлөгч хүн эсрэгээрээ иргэдэд хууль бус зүйл санал болгож, өөрийн ашиг сонирхолдоо нийцүүлдэг байсан нь ноцтой зөрчил. Мөн хар тамхи сэтгэцэд нөлөөлөх бодисын хор уршгаас гарч болох бүхий л үр дүнг мэдэх хуулийн ажилтан хүртэл энэ төрлийн зүйлд донтсон нь харамсалтай дүр зураг болон харагдаж байна.
Хэргийг тодруулбал, тухайн өмгөөлөгч нь 40 орчим насны эрэгтэй О гэгч бөгөөд өмнө нь хулгайн гэмт хэргээр ял, шийгтгэл эдлэхийн сацуу баригдахаасаа хэдхэн сарын өмнө энэ төрлийн гэмт хэрэгт өмгөөлөл хийж байжээ.
Түүнийг 2018 оны тавдугаар сарын 25-ны өдөр хар тамхины хэргээр шалгагдаж байсан үйлчлүүлэгч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Т болон Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан А нартай өөрийн машинд хар тамхи хэрэглэж байх үед нь ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгчид үйлдэл дээр нь дайчлан баривчилжээ.
-ТӨЛБӨРИЙН ЧАДАМЖГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭДЭЭ ХАР ТАМХИ АВЧ ИРЭХИЙГ САНАЛ БОЛГОДОГ БАЙЖЭЭ-
Өмгөөлөгч О нь иргэдэд хууль, эрх зүйн зөвөлгөө өгснийхөө хөлсөнд хар тамхи авдаг байж. Ингэхдээ санхүүгийн боломжгүй, хуулийн зөвлөгөө авсан үйлчлүүлэгчдээ ажлын хөлсөнд хар тамхи авч ирэхийг санал болгодог байсан нь шалгалтаар тогтоогдсон гэх.
Хар тамхи хэрэглэдэг өмгөөлөгч өөрөө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох этгээдийг өмгөөлж, үйлчилгээний хөлсөө мансууруулах бодисоор төлүүлсэн нь манай улсад анх удаа тохиолдож байгаа хэрэг аж.
Тэрээр бусдын эд хөрөнгө хулгайлж, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байх үедээ оргон зайлж байсан. Мөн бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулж танхайрах гэмт хэрэг үйлдэж байсан гэх зэрэг эрүүгийн олон хэргээр шалгагдаж ял шийтгэл эдэлсэн нэгэн. Ингэж явсаар О нь хар тамхи хэрэглэгч болж, улмаар донтогч болсон байна. Мөн түүний өмгөөлөх эрхийг цуцалсан ч, тэрээр хар тамхи олж хэрэглэхийн тулд олон газарт очиж өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх нэрээр мансуурсаар байсан нь тогтоогджээ.
Иргэн О-г одоо цагдаагийн байгууллага шалгаж байгаа ба түүнээс тайлбар мэдүүлэг авч байгаа тухай эх сурвалж мэдээлсэн юм.
Ташрамд дурдахад, өнгөрсөн сарын сүүлээр /2019.08.30/ нийслэлийн Баянзүрх дүүрэгт хоёр иргэн хар тамхи хэтрүүлэн хэрэглэж байгаад амиа алдсан хэрэг бүртгэгдсэн. Урьдчилсан байдлаар 29 настай эрэгтэй Ч, 27 настай эмэгтэй О нар нь мансууруулах төрлийн бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан байж болзошгүй байгаа юм.
Иймд хар тамхи мансууруулах төрлийн бодис нь та болон таны ойр дотны хүмүүсийг шорон эсвэл үхэлд хүргэдэг гэдгийг ухамсарлан хорт зуршлаас холуур байх, эцэг эхчүүд хүүхдүүдээ байнга хараа хяналтандаа байлгаж, ярилцах аргыг үргэлж ашиглаж, хэнтэй ямар хүмүүстэй нөхөрлөж буйг нь мэдэж, тандаж, болзошгүй аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
айннннн