ҮЙЛДВЭРЛЭГЧ Ц.Цог: Талх хийж чаддаг байгаад талхны цех ажиллуулдаггүй
Үйлдвэрээс дөнгөж гарсан шинэхэн талхны үнэр ханхална. Талх гэдэг яах аргагүй бидний өдөр тутмын хэрэглээ аж.
Бид энэ удаагийн үйлдвэрлэгч буландаа эдийн засгийн мэргэжилтэй боловч өөрийн сонирхлын дагуу талх үйлдвэрлэх болсон “Вива талх” талх нарийн боовны үйлдвэрийн захирал Ц.Цогийг урилаа. Уг үйлдвэрийн гол зорилго нь нэгэн төрлийн хэвшмэл талх бус эрүүл мэндэд эерэг нөлөөтэй, хугацаа уртасгагч болон ямар нэгэн химийн бодис агуулаагүй органик талхыг Япон улсын технологиор хэрэглэгчдэд хүргэх юм.

- МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЭХИЙН ТУЛД ХИЧЭЭЖ ЯВНА-
-Үйлдвэрлэл эрхлэх болсон шалтгаан тань юу байсан тухайгаар яриагаа эхэлье
-Манайх 2016 онд “Вива талх” талх нарийн боовны цехийг байгуулж байсан. Би банк санхүүгийн чиглэлээр хөрөнгийн зах зээлд 10-аад жил ажилласан. Хувиараа юм хийж үзье гэж зориг шулуудаад өөрийн сонирхлоор талх, нарийн боов хийж эхэлсэн. Би бага байхаасаа л кекс, талх хийх сонирхолтой байлаа. Тиймээс 2016 онд ажлаасаа гараад, хувийн хөрөнгөөрөө зуух, зуурагч аваад л талхаа хийж эхэлсэндээ. Анх эхэлж байснаа бодвол хэрэгчлэгчдийн зах зээлд танигдсан бүтээгдэхүүн болж байна. Хүсэл зорилгоороо талхны цех нээж ажиллуулсан, гурван жил үйл ажиллагаа явуулахдаа ухарч биш урагшаа явах гээд зүтгэж байна.
-Мэргэжлийн хүн биш учраас хүндрэлтэй зүйл гарч байв уу? Бүтээгдэхүүний жор найрлагаа өөрөө зохиодог уу? Технологичийн мэргэжлийг хэрхэн эзэмшив?
-Үйлдвэрлэл эхлүүлэхээсээ өмнө сургалт ордог газар юу байна гэж явсан. 2016 онд Голландын засгийн газраас “Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим”-аар дамжуулан иргэдэд мэргэшил олгох сургалт явуулдаг юм байна. Үүний дагуу нарийн боов хийх ганцаарчилсан сургалтанд хамрагдаад 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хийж сурсан. Үүнийгээ үргэлжлүүлж хөгжүүлээд зах зээлд ямар бүтээгдэхүүн илүү сайн зарагдах вэ гэдэг чиглэл рүү хөгжүүлэлт хийгээд бүтээгдэхүүнээ гаргаж байна. Мөн 2019 оны нэгдүгээр сард Япон улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан.
-Зах зээлийн судалгаа сайн хийсэн гэж харлаа. Хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг тань эрсдэлд орохоос сэргийлж, үйлдвэр амжилттай ажиллахын үндэс болсон уу?
-Талх нарийн боов гэдэг бол хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ. Манай улсад талх, нарийн боовны “Мишээл”, “Атар” зэрэг удаан хэрэглэгдсэн, хэвшмэл хэдхэн төрөл байдаг. Хүмүүст сонин содон байх үүднээс талхны төрлийг нэмээд, сонирхолтой байх үүднээс шинэ шинэлэг талх нийлүүлэхийг зорьж байна. Хүнд сурсан зүйл илүүддэггүй. Маш их хэрэг болсон.

-ҮЙЛДВЭРЛЭЛ ХИЙГЭЭД ЯВЖ БАЙХ ЭНЭ ХУГАЦААНД ЖИЖИГ, ТОМ БҮХ ЗҮЙЛИЙГ ӨӨРӨӨ ХИЙДЭГ ЮМ БАЙНА-
-Үйлдвэрлэл эрхлээд гурван жил болсон байна. Энэ хугацаанд хэр их асуудалтай тулгарав. Хэрхэн шийдвэрлэж байсан бэ?
-Мэдээж ямар нэгэн зүйл хийж бүтээгээд явахад асуудал их гарна. Төхөөрөмж эвдрэх, дэлгүүрт хүргэсэн бүтээгдэхүүний уут нь задраад талаар нэг болчихсон байх зэрэг асуудлууд их. Үйлдвэрлэл хийгээд явж байх энэ хугацаанд жижиг, том бүх зүйлийг өөрөө хийдэг юм байна. Ганц талх хийж чаддаг байгаад талхан цех ажиллуулахгүй юм байна гэдгийг ойлгосон. Үйлдвэрийн сан эвдэрсэн тохиолдолд өөрөө л засна. Сантехникч хүлээвэл үйлдвэрийн ажил хойшлогдоно. Энэ бүхнийг хийх ажлын байрыг яваандаа бий болгохоор зорьж байгаа. Үйлдвэрлэл эхэлж байгаа бид бүх зүйлээ өөрсдийн гараар хийдэг. Тийм болохоор асуудал тулгарна. Шантрахгүй давах ёстой гэсэн зарчмаар явж байна.
-Үйлдвэрлэл явуулахад цаг төлөвлөлт, ажлын төлөвлөгөө гаргах шаардлагатай байдаг. Сайн төлөвлөж чадвал зах зээлд байр сууриа хялбар олох зэрэг давуу талтай. Төлөвлөгөөгөө хэрхэн гаргадаг вэ?
-Манай хамт олон ойрын таван жилийн төлөвлөгөө гаргаад, хүрэх арга замаа тодорхойлоод ажиллаж байна. Өөрсдийн зурсан зургаараа амжилттай ажиллахаар хичээж байгаа. Мөн долоо долоо хоногоор болон нэг сард хийх ажлаа төлөвлөөд явдаг.
-Үйлдвэрийн хүчин чадал болон ажлын байрны тухайд. Өдөрт хэдэн талх хэрэглэгчдийн гарт хүргэдэг вэ?
-Ажлын найман цагт ажилладаг. Бүтэн хүчин чадлаараа ажилдаггүй. Өдөрт 500-аад ширхэг бүтээгдэхүүн гаргадаг. Хоёр дахь үйлдвэр маань ашиглалтанд орохоор 1200 орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж байна. Ажлын байрны тухайд 10-аад ажлын байрны зар гаргасан явж байгаа. Үүнд одоогийн байдлаар дөрвөн хүн ажиллаж байна. Бидэнд зургаан хүн шаардлагатай, нэмж авахаар зар гаргасан.
-Ажилчдын тухайд бүгд мэргэжлийн хүмүүс үү?
-Технологи барьдаг хүмүүс маань яг мэргэжлийн хүмүүс. Бусад туслах ажилчдадаа мэргэжлийн гэсэн зүйл тогтоодоггүй. Ажиллах хүсэл эрмэлзэлтэй бол бид сургаад дадлагажуулаад ажиллуулдаг. Олон жил тогтвортой ажиллаж байгаа хүмүүсээ Япон улс руу мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулахаар бэлтгэл ажлын шатандаа явж байгаа.

-НЭГ МАШИН ТАЛХ ҮНЭГҮЙ ТАРААЖ БАЙСАН-
-Аль улсын тоног төхөөрөмж хэрэглэж, хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа вэ? Тэдгээрийн онцлог болоод давуу талыг тодорхойлбол?
-Япон улсын “Aicohsha” гэх үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Япон бүтээгдэхүүн хийхэд бэлэн болоод байна. Манай нэгдүгээр цехээс бүхэл үр голчилсон бүтээгдэхүүнүүд гардаг. Бүхэл үрийн талх, булочка, үзэмтэй ороомог болон аарцтай боов үйлдвэрлэдэг. Мөн хоёр төрлийн бүтээгдэхүүн шинээр хийхээр судалгааны шатандаа явж байна. Япон тоног төхөөрөмжтэй цехээсээ есөн төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байгаа. Япон улсад бренд болсон хамгийн хэрэглээ өндөртэй, бүтээгдэхүүнийг сонгож үйлдвэрлэнэ. Дотроо шоколадтай, буурцагтай, бяслагтай булочка зэрэг манай зах зээлд байдаггүй тийм талхнуудыг хийж эхэлж байна.
-Япон технологийн талх гэхээр их сонирхолтой сонсогдож байна? Юугаараа онцлог байдаг юм бол?
-Талх бол европоос гаралтай. Япончууд өөрсдөө хэрэглээндээ тааруулаад илүү амттай, зөөлөн, чанартай, сонин содон орцтой талх нарийн боов үйлдвэрлэж, талхыг чамин хэрэглээ болгочихсон байдаг. Бүх талхны газрууд л энгийн талх хийж байгаа. Бид юугаараа ялгарах вэ гэвэл илүү баялаг орцтой, амтлаг бүтээгдэхүүнийг хийхээр голчлон ажиллаж байна. Хөрөнгө исгэдэг машин Япон улсаас авч ирсэн. Манай бүх бүтээгдэхүүн хөрөнгөөр исгэгддэг. Энэ нь илүү эко, эрүүл бүтээгдэхүүн болж байгаа юм. Мөн манай бүтээгдэхүүнд хүнсний нэмэлт, хугацаа уртасгагч ордоггүй.
-Хөрөнгө исгэгчнээс ямар ялгаатай вэ?
-Өнөөдөр хийгдэх талхны хөрөнгө өмнөх өдөр нь бэлтгэгддэг. Энэ маань бүрэн автоматаар хийгдэж байгаа. Цэвэр эрүүл орц болох гурил, усаа хийгээд өгөгдөл өгөхөд өглөө нь талхны хөрөнгө бэлэн болсон байх болно. Исгэгч нь эрүүл мэндэд сайн нөлөөтэй.
-Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зах зээл, орц найрлага гээд маш олон судалгаа хэрэгтэй. Нэг бүтээгдэхүүн гаргахын тулд хэр удаан хугацаанд судалж байж эцсийн бүтээгдэхүүн болгож хэрэглэгчдэд хүрдэг вэ?
-Хоёр жилийн хугацаанд судалдаг. Технологи болон төхөөрөмжийг нь нутагшуулах зэрэгт багадаа зургаан сарын хугацаа зарцуулагдаж байгаа. Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгдээд худалдаанд гарах хүртлээ нэг сар орчим болдог. Гэхдээ бүтээгдэхүүний онцлогоос ихээхэн шалтгаална. Мэргэжлийн хяналтын газраар баталгаажуулах хэрэгтэй. Ном ёсны дагуу бүх бичиг баримтаа бүрдүүлж байж худалдаанд гарах эрх маань үүсч байгаа.
-Танай үйлдвэр баяр наадмын өдрүүдэд хэвийн ажилладаг. Энэ танай бас нэгэн онцлог гэж харж байгаа?
-Манайх шиг жижиг үйлдвэр нэгдүгээрт борлуулалтаа бодож байгаа. Мөн том үйлдвэрүүд амарч байгаа болохоор хариуцлага нь бидэнд ирж байна гэж үздэг. Дэлгүүр талхгүй байж болохгүй. Ямар нэгэн байдлаар талх нийлүүлээч гэсэн санал дэлгүүрүүдээс ирдэг. Тийм учраас баяр наадмын өдрүүдээр хариуцлагатай байхыг бодож хэрэглэгчдээ талхаар таслахгүй байхыг хичээдэг.
-Ямар ямар дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна вэ?
-“Номин”, “Сансар”, “Миний сүлжээ” зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүдээс гадна хотын төвийн 100 гаруй дэлгүүрүүдээр зарагддаг. Жижиг дунд үйлдвэлэгчдийг хамруулсан экспод алгасалгүй орохыг хичээдэг.
-Үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийн тулгамддаг гол асуудлуудын нэг бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд таниулах байдаг. Танигдах хугацааг хэрхэн давж туулав?
-Танигдах хугацаа гэж байдаг нь үнэн. Манай үйлдвэр эхний нэг жилдээ түгээлт хийгээгүй. Цех дээрээ “Вива сити”-ийн оршин суугчдад бүтээгдэхүүнээ зарсан. Анхны талх маань л үйлчлүүлэгчдэд таалагдаад эхэлсэн нь азтай хэрэг болсон. Гайгүй хүнд таалагдахаар талх хийсэндээ бид баярладаг. Хэрвээ анхны маань талх хүмүүст таалагдахгүй байсан бол тухайн үед ямар нэгэн байдлаар үргэлжлүүлэх үү? үгүй юу? гэдгийг ярих байсан байх. Хүмүүст таалагдсан учраас цаашид үргэлжлүүлэн үйлдвэрлэх хүсэл тэмүүлэлтэй болсон.
-Танай үйлдвэр нийгмийн хариуцлагыг сайн биелүүлдэг. Хүмүүст хэрхэн тусалж байсан түүхүүдээсээ хуваалцахгүй юу?
-Жил бүр хүүхдийн баяраар хорооны хүүхдүүдэд бэлэг өгдөг. Өнгөрсөн өвөл агаар шүүгч борлуулдаг компанитай хамтраад агаар шүүгч авсан эхний 10 хүний төлбөрийн 20 хувийг манайх төлсөн. 10 айл ч гэсэн гэртээ цэвэр агаартай байг гэсэн үүднээс хэрэгжүүлсэн. Талх үнэгүй тараах тохиолдол ч олон. Яармагийн эцэст нэг машин талх зарах санаатай очсон. Тухайн үед талх худалдаж авах боломжтой хүмүүс их ховор харагдсан. Машиныхаа арын хаалгыг онгойлгож байгаад 10 минутын дотор бүх талхаа үнэгүй тараасан. Нийгмийн хариуцлагын хүрээнд аль болох олон хүнд туслах юм сан, зөв зүйтэй зүйл хийх юм сан гэж боддог.

-МАНАЙ БАХАРХАЖ ЯВДАГ БАС НЭГ ЗҮЙЛ ГЭВЭЛ БҮТЭЭГДЭХҮҮНДЭЭ ХИМИЙН НЭМЭЛТ БОДИС ХИЙДЭГГҮЙ-
-Сав баглаа боодлоо хэрхэн шийдэж байгаа вэ? Талхны хадгалах хугацааны тухайд...
-Нэгдүгээр цехийн маань хувьд гоё ганган чамин зүйл байхгүй. Яг стандартын дагуу бүх бүтээгдэхүүн маань гаднаасаа ил харагдахаар хийцтэй. Япон бүтээгдэхүүнүүд маань Япон стандартаа баримтална. Сав баглаа боодол нь илүү өөр байгаа. Ер нь талхыг 72 цаг хадгалдаг. Манай талх үйлдвэрлэсэн өдөртөө борлуулагдаад дуусчихдаг.
-Олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхолтой байгаа талаараа ярилаа. Гэхдээ хэрэглэгчид ихэвчлэн ямар төрлийн бүтээгдэхүүн худалдан авч байна вэ?
-Хүмүүс эрүүл хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зорьдог болсон байна. Бүхэл үрийн гурилаар хийсэн, исгэгчгүй талхыг түлхүү сонирхож байгаа. Мөн шинэ содон, өмнө нь үйлдвэрлэгдэж байгаагүй бүтээгдэхүүнийг их сонирхдог. Цоо шинэ зүйл гаргахад эрсдэл өндөртэй. Бидний хувьд таалагдаад үйлдвэрлэсэн боловч хүмүүс уг бүтээгдэхүүнийг хэр сонирхож авах вэ гэдэг чухал. Зах зээл дээр борлуулж үзэж байж л хэрэглэгчдийн хандлагыг мэднэ гэсэн үг.
-Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тань амжилтгүй болж байсан тохиолдол бий юу?
-Байлгүй яахав. Хамгийн анх 10-аад төрлийн бүтээгдэхүүн хийж байсан. Одоо бол шигшигдэж үлдээд дөрвөн төрлийн бүтээгдэхүүн борлуулагддаг. Үлдсэн зургаа нь хүмүүсийн сонирхол татаагүй болохоор үйлдвэрлэгдэхээ больсон. Хэрэглэгчдийн хандлагад тулгуурлан ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ гэдэг маань тодорхой болдог. Жишээлбэл Францын багет талхыг ногоотой, сонгинотой гээд янз бүрээр хийж байлаа. Энэ талхыг идэхэд гоё хэдий ч манайхан өргөн хэрэглэж хэвшээгүй учраас олноор үйлдвэрлэхээ больж зөвхөн захиалгаар хийдэг болсон зэргээр бүтээгдэхүүнүүд маань шинэчлэгдээд явдаг.
-Та бүхэн цаашдын зорилгоосоо хуваалцаач?
-Монгол улсынхаа хэмжээнд томоохон байр суурь эзэлсэн, чамин талх үйлдвэрлэгч компани болох зорилготой байна.
-Бидэнд цаг гарган ярилцсан танд маш их баярлалаа. Хэрэглэгчдэдээ хэлэхийг хүсдэг эсвэл миний асууж амжаагүй зүйл байж магадгүй тул танд сүүлийн асуултыг үлдээе
-Манай бүтээгдэхүүн борлуулагдаж байгаа дэлгүүр бүр харилцан адилгүй темпратуртай байдаг. Зарим нь хэт халуун байхад их сэрүүн дэлгүүр ч байна. Гурван хоногийн хадгалах хугацаатай талх хэт халуун дэлгүүрт нэг хоноод л хөгцрөх, амт орох зэрэг асуудлууд үүсдэг. Энэ нь муу зүйл биш. Ямарч химийн бодис агуулагдаагүйн баталгаа болдог. Энэ талаар иргэд буруу ойлгосноос сошиал орчинд худлаа мэдээлэл гарах нь бий. Манай пэйж хуудсанд ч гэсэн санал ирдэг. Жижиг дунд бизнес эрхлээд эх орондоо нэг ч гэсэн ажлын байр бий болгоод баялаг бүтээхийг эрмэлзээд явж байгаа аль ч салбарын хүмүүсээ дэмждэг байгаасай гэж хүсэж байна. Нэрд гарсан том үйлдвэрүүдийг л хэрэглээд байх юм бол улс орон хөгжихгүй гэдгийг мөн бодолцож үзэх хэрэгтэй.
Д.ЦЭРЭНЧИМЭГ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БЭЛГҮТЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yanztai, estoi mundag bna
amjilt huseye, mash amttai bdag shuu, shine talh tesen yadan huleej bna
Amttai talh shu. Bainga avch iddeg. Amjilt husey
Нэг амт�##�ж үзмээр санагдлаа. Шинэ юм хэрэглэх сонирхол байдаг ч хүнсний бүтээгдэхүүн дээр хамаагүй эрсдэл гаргах сонирхол бага байдаг болохоор хүмүүс хуучин зүйлээсээ аажим с�##�даг байх л даа. Фэйсбүүкээр бүтээгдэхүүнээ сайн сурт�##�члаад хүмүүст таниулах хэрэгтэй.
amjilt
З�##�уу насны амт ажлын амт гял�##�заж яваа мундаг з�##�уу байна ирээдүй үргэлж гэрэлтэй яваарай амжилт