Түрээсийн орон сууцны шалгаруулалтыг хакерджээ

Авлигатай тэмцэх газар /АТГ/ сар тутмын ээлжит хэвлэлийн хурлаа энэ мягмар гарагт /2019.09.10/ зохион байгуулсан. Тэр үеэр Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү хэлэхдээ НОСК-ын шалгаруулалтын үеэр системд нэвтэрч, бусдаас мөнгө авсан, залилан мэхэлсэн үйлдэл гарсан нь шалгалтаар тогтоогдсон. Иймд хэргийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлэн, шалгуулж байна” гэх мэдээллийг өгсөн юм.
Тодруулбал, Нийслэлийн орон сууцны корпорациас зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах арга хэмжээг зохион байгуулж байгаатай холбогдуулан уг үйл ажиллагааг хариуцлагатай, шударга, ил тод, нээлттэй зохион байгуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд 2019 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүргүүлсэн. Гэтэл тус байгууллагын дотоод хяналт шалгалтын ажиллагаа суларсны улмаас зарим этгээд хууль бусаар системд халдах, албан тушаалаа ашиглан бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг гарсан. Үүнд хэрэг үүсгэн шалгаж байна.
Тухайн байгууллагад ажилладаггүй албан тушаалтнууд системд нэвтэрч, бусдаас мөнгө авсан, залилан мэхлэх үйлдэл гаргасан нөхцөл байдал тогтоогдсон тул хэргийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлэн, шалгуулж байна” хэмээсэн билээ.
Б.ТОГТУУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.