Эрчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс илүү байгаа тухай мэдээлэл хөвөрсөөр. Сэтгэлийн хатгүй, стресс бухимдал ихтэйг нь нийгэм даяараа гайхацгаасаар. Бас болоогүй уйланхай монгол эрчүүд... Ийм шүүмжлэл сүүлийн үед нэлээд харагдах болж.
Хүн л болсон хойно уйлмаар, дуулмаар санагдах үе бишгүй. Тэглээ гээд эр хүн гэхээрээ л заавал яагаад уул мэт дүнхийж, дотогшоо мэгших ёстой гэж. Эр хүн чухам яагаад уйлж болохгүй гэж.
Гаднаас нь л харахад гадагшлах нулимсгүй, хүдэр бадар, хээгүй, ер нь гомдож шархалдаг юм болов уу гэмээр байж мэдэх. Яг ачир дээрээ тийм биш. Эрэгтэй, эмэгтэй хүн бүгд адилхан. Хүйс нь л өөр яг адилхан баярладаг, гомддог, уйлдаг, дуулдаг. Зүгээр л “Эр хүн байж уйлах нь уу дээ” гэдэг үг эрчүүдийг хүлж, дотогш нь мэгшүүлдэг.
Тэр хэрээр эрчүүд сэтгэл хөдлөл багатай, юу бодож, ямар байгаагаа тэр бүр нээлттэй хэлэх нь ч ховор. Мэдээж ил гаргахгүй, дотроо уудлахгүй байхын хэрээр бугшдаг. Зүрхэндээ уйлж, дотор нь бугшиж явсаар нэг тэсрэхээрээ сэтгэл зүйн том “толбо” үүсгээд байх шиг.
Хэдий болтол “Эр хүн уйлж болохгүй” гэдэг үгэнд хүлэгдэх вэ. Эрчүүд минь уйлмаар байвал асгартал уйл. Бүр чангаас чанга орилон, сэтгэлээ онгойтол уйл. Хэн нэгэн харах вий, дооглох вий, “Сэтгэлийн тэнхээгүй гэж бодох вий” гэж санаа зоволгүйгээр уйл. Зүгээр л өөрийнхөөрөө бай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.