ЭДИЙН ЗАСАГ

Дахиад эрсдэл: БНХАУ импортын нүүрсээ багасгах нь Монгол Улсад алдагдалтай тусах уу

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хуралджээ. Үүгээрээ нүүрсний хэрэглээгээ цаашид аль болох дотоодоосоо хангана, импортоо багасгана гэсэн агуулгатай шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, импортын нүүрсний хэрэглээгээ багасгахын тулд дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх шаардлагатай байгаа асуудлыг дэвшүүлсэн байна. Энэ хүрээнд үндэсний нүүрс олборлолтоо 300 сая тонноор нэмэгдүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн байна.

Дагаад манай улсын эдийн засагт ямар хохирол учруулах вэ гэдэг асуулт тавигдана. Энэ цаг үед цөөн хэдэн уул уурхайн бүтээгдэхүүн экспортолж эдийн засгаа сэлбэн, гадаад валютын нөөцөө "хадгалж" буй энэ үед БНХАУ руу чиглэх манай нүүрсний экспортын хэмжээ багасвал томоохон эрсдэл үүснэ.

БНХАУ: ИМПОРТЫН НҮҮРСНИЙХЭЭ ДОР ХАЯЖ 50 ХУВИЙГ "ТАСТАНА"

БНХАУ-ын хувьд нэг жилд 4 тэрбум тонн нүүрсийг салбар салбарын үйлдвэрлэлдээ ашигладаг гэсэн тоо мэдээ бий. Үүнийхээ үлэмж хэмжээг буюу 3.7 тонн орчмыг нь дотоодын олборлолтоороо хангадаг. Тэгэхээр импортолдог нүүрснийх нь хэмжээг дор хаяж 300 сая тонн, дээд талдаа 700 орчим сая тонн гэж хэмждэг.

Энэ үүднээсээ, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо дотоодын олборлолтоо 300 сая тонноор нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн нь импортынхоо дор хаяж л 50 хувийг "тастах" зорилго тавьсных гэж ойлгогдож байна.

Гэтэл бидний БНХАУ руу экспортолж, эдийн засгаа "сэлбэдэг" нүүрсний хэмжээ энэ дунд өртөх вий гэсэн эрсдэл бий. Коронавирусийн хоёр жилд манай урагш чиглэсэн нүүрс экспорт үлэмж хэмжээгээр буурсан. 2021 оны дөрөвдүгээр сард гэхэд ердөө 21.7 сая тонн нүүрс экспортолсон байдаг.

ЭДИЙН ЗАСГИЙН ЭРСДЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ҮҮ

Энэ утгаараа, БНХАУ хатуу бодлого баримталж, манайхаас импортолдог бага хэмжээний нүүрсээ танах уу, таналтыг өөр эх үүсвэр дээр хийх үү гэдэг асуулт ургаж буй. Хэмжээний хувьд үлэмж жин дарахгүй, хоёрдугаарт ойр оршдог, хөрш орны хувьд тэгэхгүй гэх магадлал бий л дээ.

Гэхдээ их гүрэн, олон улсын харилцааны "Үндэсний ашиг сонирхол нэгдүгээрт" гэсэн үзэл санаагаар хандвал үгүйсгэх газаргүй. Үүний дээр хилийн боомтуудын үйл ажиллагаа цар тахлын бус үеийн хэмжээнд очоогүй байгаа билээ.

Орос, Украины нөхцөл байдал болон бусад шалтгаанаас үүдэн гадаад валютын нөөц багасаад буй энэ үед хэрэв БНХАУ манайхаас импортлох нүүрсний хэмжээгээ багасгавал учрах хохирол, эдийн засгийн эрсдэл нь улам нэмэгдэнэ гэдгийг эрх баригчид анзаараасай.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button