ДЭЛХИЙ

Шоронгийн тухай хуучин ойлголтыг үгүй хийх 7 ШОРОН

Шорон гяндан гэмэгц таны толгойд төмөр сараалжин торууд, харанхуй хонгил, бүгчим чийгтэй агаар буух нь дамжиггүй. Гэвч дэлхий дээр үүнээс тунчиг ялгаатай хорих газрууд оршдог гэдгийг хэлэх нь зүйтэй. Хууль ёсны хорин саатуулах газар хэдий ч эгээ л амралтын газар шиг тав тухтай, амттай хоол, найрсаг үйлчилгээгээр хангагдсан тэдгээр шоронгууд олны анхаарлыг эрхгүй татдаг.

Бидний хувьд ягштал тогтсон “шорон” гэгч зүйлийн тухай ойлголтыг эвдэж чадах дэлхийн хамгийн тав тухтай 12 шоронг танилцуулъя.

1.  Бастой, Норвеги

Норвеги улсын Бастой арал дээр байрлалтай энэхүү шоронд 100 гаруйхан хоригдол люкс зочид буудлын үйлчилгээ хүртэн аж суудаг. Тэд наранд биеэ шарна, ширээний теннис тоглоно, морь унана, загасчилна бас усанд сэлнэ. Хоригдол тус бүрийг нэг давхар зуны байшинд амьдруулдаг бөгөөд үржил шимтэй фермийн талбай дээр ажиллуулдаг аж. Харуул хамгаалалтын санаанд багтамгүй сул байдал эцэстээ хоригдол хоригдол гэдгээ ор тас мартахад хүргэнэ.

2.  HMP Аддивел, Шотланд

Хоригдлуудыг хорихоос гадна сурган хүмүүжүүлдэг эрхэмсэг Аддивелийн шорон Шотландын өмнөд хэсэгт оршдог. Хүмүүжигч нэг бүртээ долоо хоногийн 40 цагийг амьдрах ухааны чадварт сургах ажилд зарцуулдгаараа дэлхийн бусад шоронгуудаас ихээхэн ялгарна. Тэднийг эргээд нийгмийн амьдралд гарахад нь бэлдэх зорилготой гэх Аддивелийн бодлогын дагуу хоригдлууд ариун цэврээ сахихаас эхлээд хоол хийхэд хүртэл суралцаад эндээс гардаг ажээ. Одоогийн байдлаар 700 орчим хүн эл шоронд хоригдож буй.

3.  Отаго, Шинэ Зеланд

Харуул хамгаалалтыг нь сул гэж хараахан хэлж боломгүй ч, эндхийн хоригдлууд зочид буудлынх шиг тав тухтай өрөөнд мэргэжлийн хичээл заалган суудаг ажээ. Отагогийн засан хүмүүжүүлэх газарт хоригдоод гарсан хүмүүс мэргэжилтэй болоод нийгэмд хөл тавьдаг гэсэн үг л дээ. Цахилгааны инженер, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн мэргэжилтэн, нарийн боовчин зэрэг төрөл бүрийн боловсон хүчин бэлтгэдэг энэ шоронг шорон гэх үү, сургууль гэх үү?

4.  Леобэн, Австри

Хүчирхийллийн бус гэмт хэргээр яллагдсан этгээдүүдийг хорьдог Европын энэхүү гяндан хоригдол нэг бүрт өрөө гаргаж өгдөг. Бүгд тусдаа ариун цэврийн өрөөтэй, гал тогоотой, бас телевизтэй. Үүний дээр бүрэн тоноглогдсон бялдаржуулах клуб, сагсан бөмбөгийн зал, гадаа талбайн спорт тохижилтууд нийлээд, энд хоригдох  ял авсан нэгний аз од нь гийжээ гэдгийг батална.

5.  Аранхуэз, Испани

Ихэнхи шорон, засан хүмүүжүүлэх газар хоригдлыг гэр бүлээс нь онхи тусгаарладаг билээ. Тэгвэл Испанийн энэхүү шоронд эцэг эхгүй өнчин хүүхдүүдийг хоригдлуудын хамт амьдруулдаг шинэлэг хэвшил тогтсон байна. Шоронгийн дотор засал хүүхдийн цэцэрлэгийг санагдуулам бөгөөд хананууд нь Диснейн баатруудын зурагаар дүүрэн. Аранхуэз ял авж гэр бүлээсээ тусгаарлагдсан хүмүүст эцэг, эхийнхээ үүргийг биелүүлж аз жаргалыг мэдрэх боломж олгож буй. Мөн бодит амьдралд хөл тавихаас хараахан эрт буруу үйлдэл хийн хоригдох болсон залууст хүүхэд асрах, хайрлах сэтгэхүйг суулгадаг давуу талтай.

6.  Шамп-Доллон, Швейцарь

Дотоод заслын шинэчлэл хийхээсээ өмнө тийм ч алдартай байгаагүй энэ шорон хуучнаасаа төрөл арилжжээ. Хорих өрөө бүртээ угаалгын өрөө байршуулснаараа Шамп-Доллоны шорон багагүй бахархдаг бөгөөд, дэлхийн бусад хорих газруудыг ийм хүнлэг чиг рүү өөрчлөгдөхийг уриалж буй нэгээхэн төлөөлөл болдог. Өрөөний дотор засал, ор тавилга сэлт нь хоригдолд шоронд буй мэт сэтгэгдлийг огтхон ч төрүүлэхгүй. Харин эгээ л их сургуулийн дотуур байранд амьдарч байгаа юм шиг санагдуулах нь дамжиггүй.

7.  Фүльсбүттел, Герман

Related image

Германы Хамург хотноо байрладаг энэхүү шоронгийн хоригдлууд өөрийн гэсэн өрөөтэй, өрөөндөө душтэй. Эндхийн дотор засал байгалийн гэрлээр нэвт гэрэлтдэг онцлогтой. Санаанд багтамгүй олон тавилга сэлтийг харамгүй байршуулдгийн нэг жишээ нь Фүльсбүттелийн хоригдлууддаа өгсөн угаалгын машин. Мөн хурал уулзалтын өрөө, бялдаржуулах дасгалын танхим зэргийг дурьдахгүй, сонирхуулахгүй байхын аргагүй.

Image result for fuhlsbuettel prison

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button