НийгмийнСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Шинээр байгуулсан хороодын зөвхөн шилжилт хөдөлгөөнд ЗУРГААН тэрбумыг зарцуулна

Нийслэлийн засаг захиргааны анхан шатны нэгж болох 171 хороог хувааж, шинээр 33 хороо нэмж байгуулан 204 хороотой болох ажил эхлээд байна. Ингэснээр төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртоно хэмээн үзэж байгаа юм. Гэтэл иргэдийн зүгээс шинээр байгуулах биш одоо байгаа хороодынхоо үйлчилгээний чанарт анхаарахыг шаардаж байна.

Шинэ хороод байгуулах ажлыг эрх баригч нам улс төрийн зорилгоор буюу 2024 оны сонгуульд бэлдэж байна гэх хардлага бий.

Харин анхнаасаа энэ ажлыг дэмжих эсэх талаар иргэдийн дунд санал асуулга явуулахад ихэнх нь дэмжээгүй гэдгээ хэлж байна. Тодруулбал БЗД-ийн 25 дугаар хороог хувааж 43 дугаар хороо шинээр бий болгох тал дээр санал асуулга явуулан тус хороог байгуулсан байна.

Бид 25 дугаар хорооны 20-80 насны 20 иргэнээс санал асуулгад оролцсон эсэх, санал асуулгад оролцсон бол ямар санал өгсөн, хороогоороо хэдий хугацааны давтамжтай үйлчлүүлдэг талаар судалж үзлээ. Ингэхэд 20 иргэний 15 нь санал асуулгад оролцжээ.

Санал асуулгад оролцсон 15 иргэний хоёр нь хороо байгуулах нь зөв гэж үзсэн бол хоёр иргэн мэдэхгүй, үлдсэн 11 иргэн татгалзсан саналыг өгчээ. Өөрөөр хэлбэл, 74 хувь нь татгалзсан санал өгсөн гэсэн үг. Үүнийг хувьчилж үзүүлбэл:

Харин 20 иргэнээс шинээр байгуулагдсан 43 дугаар хороогоороо үйлчлүүлсэн эсэх талаар асуухад хорооны байраа хаана байдгийг мэдэх нэг л хүн байсан юм. Хуучин болон шинэ хороогоороо тогтмол үйлчлүүлдэг эсэх дээр хоёр иргэн бага насны хүүхдээ үзүүлэхээр өрхийн эмнэлгээрээ үйлчлүүлдэг гэж хариулсан бол үлдсэн иргэд хороогоороо хэзээ үйлчлүүлснээ санахгүй, долоон жилийн өмнө орсон, хоёр жилийн өмнө үйлчлүүлсэн гэж хариулсан юм. Энэ тоог баримтыг нарийвчилж үзвэл 20 иргэний хоёр нь тогтмол, хоёр нь хааяа,  үлдсэн 16 иргэн хороогоор үйлчлүүлдэггүй гэжээ. Одоогоор 25, 43 дугаар хороо дундаа нэг өрхийн эмнэлэгтэй гэж иргэд хэлж байна.

Иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

БЗД-ийн 25 дугаар хорооны иргэн И.Соёлмаа: Судалгаа, санал асуулгад оролцсон, мөнгө идэх гэсэн л нэг арга байх даа. Цэцэрлэг сургуулиа барьсан дээр байсан юм. Хорооноос үйлчилгээ авснаа санахгүй байна. Харин хүүхэд бага байхад вакцин хийлгэх гэж л өрхийн эмнэлгээрээ орсон.

С.Ханбүргэд: Хороогоороо үйлчлүүлдэггүй. Сүртэй ажил хийж байгаа нь харагддаггүй шүү дээ. Адаглаж л энэ хороонд сагсны шийд ч алга байна. Тэнэг олон хороо боллоо. Байгаа хэдэн хороогоо зохицуулаад ажил хийсэн ч үр дүнтэй байлгах хэрэгтэй.

Б.Бадрал: “Үйл ажиллагаа нь хүмүүстээ хүрч чадаж байвал салгасан нь зөв байх. Одоо бичиг баримтаа солиул гэх мэт асуудлууд гарах байх. Үйл ажиллагаа нь тэлэгдэж, өрхийн эмнэлэг нь нэмэгдвэл сайн л байна. Манайх бол шинээр байгуулагдсан 43-р хороо руу нь шилжиж таарах юм билээ” гэв.

“ШИНЭ ХОРООД БАЙГУУЛАХ ТӨСӨВ МӨНГИЙГ ХЭРХЭН ХУВААРИЛСАН БЭ"

Шинээр 33 хороог байгуулснаар урьдчилсан тооцооллоор нэг удаад 13 тэрбум төгрөгийн зардал гарч байсан байна.

Нарийвчлан авч үзвэл:

1 Хуулийн этгээдийн гэрчилгээ солиход 661 сая 620  гаруй
мянган төгрөг
2 Улсын бүртгэлийн албан
хаагчдын зардал
780 сая 960 гаруй
мянган төгрөг
3 Шилжилт хөдөлгөөнд 6 тэрбум 568 сая 154 гаруй төгрөг
4 Үл хөдлөх  хөрөнгийн гэрчилгээ газрын гэрчилгээ солиход 1 тэрбум 100 сая 392 мянган төгрөг
5 Цалин хоол унаа НДШ 1 тэрбум 701 сая 672 мянга гаруй төгрөг
6 Байр ашиглалтын зардал 1 тэрбум 560 сая
7 Тавилга эд хогшил 517 сая 950 мянга
8 Бусад зардалд 68 сая 40 мянга
Нийт зардал: 13 тэрбум

Эндээс харахад урьдчилсан тооцооллоор зөвхөн нэг удаагийн зардалд гэсэн байгаа юм. Харин эх сурвалжийн мэдээлснээр хороодыг шинээр байгуулснаар жил бүр 17.4 тэрбум төгрөгийн урсгал зардал нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа аж. Тодруулбал,

-Баянзүрх дүүрэгт хамгийн өндөр буюу нийт 8,7 тэрбум

-Баянгол 5,8 тэрбум төгрөг

-Чингэлтэй 2,9 тэрбум төгрөг төсөвлөсөн гэх мэдээлэл байна.

“П.НАРАНБАЯР: ШИНЭЭР ХОРООД БАЙГУУЛЖ ХУВААСНААР ТӨР ДАНХАЙНА”

Тэгвэл бид судлаачийн зүгээс шинээр хороо байгуулж буй асуудалд ямар байр суурьтай байгаа талаар НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяраас тодрууллаа.

-Нийслэлд шинээр 33 хороо шинээр байгуулж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ? Төсөв, урсгал зардал нь хэд байх юм бол?

Шинээр хороод байгуулж хувааснаар төр данхайна. Хороог нэмснээр үүнийг дагасан үндсэн 15, гэрээт 15 ажилтан, нийтдээ 30 хүний орон тоо төр талдаа бий болж байна. Дан эрх баригч намын хүмүүс орж ирнэ.

Иргэд хороогоор биш өрхийн эмнэлгээрээ ордог. Хороогоор орж ч үзээгүй иргэн олон, ганц орсон нь цэрэг татлага, гэрлэлт, хүүхдийн гэрчилгээ, иргэний үнэмлэх солиулах гэх мэт ихэнх нь E-Mongolia болон нэг цэгийн үйлчилгээний төв, дүүрэг дээр хийлгэж болох ажлууд байсан.  Энэ бол төрийг данхайлгаж, төсвийг нэмэгдүүлж байгаа маш буруу бодлого. Хороог хувааснаар цалин авч суудаг хорооны дарга нар л нэмэгдэж байна даа.

-Хороодыг салгаж шинэ хороо байгуулахдаа иргэдээс санал авахад ихэнх  хувь нь зөвшөөрөөгүй гэж сонссон. Иргэд зөвшөөрөөгүй байхад хороод байгуулна гэдэг нь хууль зөрчсөн явдал мөн үү?

-Иргэд дэмжээгүй бол хууль зөрчсөн болж таарна.

Ийнхүү бид судлаачаас гадна энэ асуудлыг хамгийн сайн мэдэж болох НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэнгээс одоо ажил ямар шатанд яваа, төсөв мөнгөний захиран зарцуулалт гэх мэт асуудлын талаар асууж тодруулах гэсэн боловч гадаад улс руу томилолтоор явсныг холбогдох албаны хүн хэлсэн юм.

“ИРГЭД ДЭМЖЭЭГҮЙ БАЙХАД ШИНЭ ХОРООД БАЙГУУЛСАН НЬ ЯМАР ХУУЛЬ ЗӨРЧСӨН БЭ”

2020 оны 12 сарын 24-ний өдөр батлагдсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх хэсгийн 13.4, 13.5, 13.6 заалтыг зөрчсөн байж болзошгүй байна.

13.4. Багийг өөрчлөх асуудлыг тухайн нутаг дэвсгэрийн хүн амын байршил, өрхийн тоо, уламжлал, эрхлэх аж ахуй, зам харилцааны онцлогийг харгалзан аймгийн Засаг даргын өргөн мэдүүлснээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ.

13.5. Хороог өөрчлөх асуудлыг тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоо, иргэдэд хуульд заасан үйлчилгээг хүргэх боломжийг харгалзан нийслэлийн Засаг даргын өргөн мэдүүлснээр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ.

13.6. Баг, хороог өөрчлөхдөө тухайн баг, хорооны иргэдийн саналыг авах болон санал авах ажлыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зохион байгуулна.

СБД-ийн 8-р хорооны цагдаагийн байр

 СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Энэ бол Сүхбаатар дүүргийн 8-р хорооны цагдаагийн байр. Энэ зургийг харуулсан нь эдийн засаг хүнд байхад урсгал зардал ихтэй шинэ хороод барьж байгуулснаас хуучин хороодын үйлчилгээ чанарт илүү анхаарах энэ мэт зүйлсээ арчилж тордох хэрэгтэй гэдэг нь харагдаж байгаа юм.

Нөгөө талаас төрийн үйлчилгээ цахимд шилжиж буй өнөө цагт ажиллах хүчний орон тоо нэмж буй нь хэр оновчтой шийдэл вэ. Мөн иргэд зөвшөөрөөгүй байхад шинээр засаг захиргааны анхан шатны нэгжийг өөрчлөх нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг харуулсан явдал болж таарч байна.

Х.УМААХАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-18 08:32

Арай үгүй байлгүй дээ
ямар нүүлгэж байгаа биш. Зүгээр л ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН ш дээ

Зочин
Зочин
2022-04-18 12:04

Тэр сонгуульд нь ашигтай байх. Хорооны ашиг тусыг мэдэрдэггүй шүү. Сав�##� хийвэл мөнгө идэх гээд үнэн арчаагүй төр засаг юмаа

Зочин
Зочин
2022-04-18 15:04

АЦНУУДАА ТОГЛООД БАЙГАА ЮМ УУ? ИЙМ ИХ МӨНГӨӨР ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНД ЗАРЦУУЛАХ ЮМ УУ? ИНГЭЖ Л ХЭМНЭНЭ ДЭЭ ТА НАР АРАЙ ХЭТЭРНЭЭ ДАХИН ЖАГСАХГҮЙ БОЛ БҮҮР ДАВАРЧ ГҮЙЦЛЭЭ ШҮҮ

Зочин
Зочин
2022-04-18 16:36

Ганган чавчаа. Ойрд манай дарга инээд �##�даад байсиймаа. Баяжих нь

Зочин
Зочин
2022-04-18 16:37

Хороо нэмэхээ боль

Холбоотой мэдээ

Back to top button