ЭДИЙН ЗАСАГ

“Оюу толгой”-н ТУЗ: Бүтээгдэхүүн урьдчилж борлуулах асуудал яриа, хэлэлцээний хэмжээнд яваа

Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахаа Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдээд буй. Энэ хүрээндээ, “Эрдэнэс таван толгой”, “Оюу толгой”-н бүтээгдэхүүнийг урьдчилж худалдах хэлбэрээр 600 орчим сая ам.доллар татна гэж ярьсан байгаа.

“Оюу толгой”-н хувьд энэ шийдвэрт эцэслэн хүрээгүй, хэлэлцээний шатандаа яваа гэдэг мэдээллийг Б.Жавхлан сайд өгсөн. Харин “Оюу толгой” ХХК-ийн зүгээс, хил гааль, логистикийн асуудал жигдэрвэл бүтээгдэхүүнээ их хэмжээгээр гаргахад хүндрэл учрахгүй гэсэн байдлаар мэдэгдээд байгаа юм.

З.ГАН-ОЧИР: ТУЗ ХАМГИЙН СҮҮЛД ГУРАВДУГААР САРД ХУРАЛДСАН

Уржигдар буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдөр “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ хуралдсан гэх мэдээлэл байгаа юм. Улмаар тус бүтээгдэхүүн урьдчилан борлуулах хувилбарыг хэлэлцсэн байж болох таамаглал бий болсон. Энэ талаар ТУЗ-ийн гишүүн З.Ган-Очироос тодрууллаа. Тэрбээр 18-ны өдөр ТУЗ хуралдаагүй гэсэн юм.

-Хамгийн сүүлд “Оюу толгой”-н ТУЗ хэзээ хуралдсан бэ?

-Өнгөрөгч гуравдугаар сард, ээлжит хуралдаан болсон. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдөр ТУЗ хуралдаагүй.

-Сүүлийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцсэн бол?

-Ээлжит хуралдаан тул анхаарал татахуйц асуудал хэлэлцээгүй гэж болно. Санхүүгийн болон үйл ажиллагааны зэрэг асуудлуудаар тогтмол хуралддаг жишгээр хуралдсан.

-“Оюу толгой”-н бүтээгдэхүүнийг урьдчилж борлуулах хэлбэрээр гадаад валютын нөөцийг нэмэгдүүлнэ гэж Сангийн сайд мэдэгдээд байгаа. Энэ шийдвэр ТУЗ-өөр хэлэлцэгдэх үү?

-Одоогоор энэ асуудал яриа хэлэлцээний шатандаа явж буй гэж ойлгож байна. Шийдвэр гараагүй байгаа. Шаардлагатай бол процессынхоо хүрээнд ТУЗ-өөр хэлэлцэгдэх байх гэж бодож байна.

-ТУЗ дахин хэзээ хуралдах вэ?

-Төлөвлөгөөт хуралдаан зургадугаар сард болно. Ээлжит бус хуралдаан одоогоор зарлагдаагүй байна.


Б.Жавхлан сайдын мэдээлснээр, “Оюу толгой”-н бүтээгдэхүүнийг урьдчилж борлуулснаар 300 орчим сая ам.долларыг татах боломжтой. Зэсийн үнэ өндөр байгаа байдал хэр удаан үргэлжлэх прогноз гарахаас шалтгаалж, “Оюу толгой” ХХК-ийн удирдлагууд энэ шийдвэрийг гаргах нэг үндэслэл болно. Цаашлаад хөрөнгө оруулагчдын байр суурийг нэгтгэх шаардлагатай болох юм.

Яг өнөөгийн нөхцөл байдалд “Рио Тинто” групп “Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг “Туркоиз Хилл Ресурсес” компанийн бүх хувьцааг худалдаж авах санал тавьж, хэлэлцээг эхлүүлээд байгаа билээ.

Ташрамд мэдээлэхэд, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ есөн гишүүнтэйгээс гурав нь Монголын талыг төлөөлж, Засгийн газраас томилогддог. Энэ гишүүдэд өдгөө З.Ган-Очироос гадна Э.Баясгалан, Ерөнхийлөгч асан Н.Багабанди нар багтаж буй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Урьдчилж авна , хүүлнэ ,иргэдээ шулна , хулгайч , луварчидтай нийлж цавчина. Өөрийг мэдэхгүй.

Зочин
Зочин

Эдийн засгийн маш том дайралтад өртөж байна. Яаж гарах вэ валют чинь өсөх бүрт бидний авах өргөн хэрэглээний бараа бензиний үнэ өснө яаж тогтвортой барих вэ

Зочин
Зочин

Оюу толгойн бүх гүйлгээг Монгол улсаар дамжуулаач тэгвэл тэр олон доллар чинь хүрээд ирнэ

Зочин
Зочин

Урьдчилж авна ,зээл нь гэсэн ч бараг нэг үг шүү дээ .2008-2012 онд МАН өнгөтэй өөдтэй комдани болгоноос урдчилгаа зээл авч тараагаад өөрсдөө идээд дуусгасан даа .Яг түүнтэй адил ажил хийх гэж байна уу даа .2011 онд ЧЕЛКОД нүүрсээр тавьсан өрөө 2017 онд арай хийж дуусгаж баяр хийхээ шахаж билээ. Өр хэрэггүй л баймаар юм .Түүний оронд данхайсан төрийн бүтэцээ цомхон болговол болох биш үү.Цахимж буй оронд олон дарга хэрэгтэй юу

Холбоотой мэдээ

Back to top button