ВИДЕО КОНТЕНТНИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

30 жилийн архины хамаарлыг ялсан Н.Дамдиндорж: Алдаагаа АМЖИЛТ болгосон

“Цэлмэг өглөө төв”. Энэ нэрийг сонсоход танд ямар зүйл бодогдож байна вэ.

Энэ төвийг гуч гаран жил архи ууж, архины хамааралд орсон хэдий ч өөрийгөө ялж чадсан Х.Уранчимэг, Н.Дамдиндорж нар байгуулсан юм. Тэдэнд гудамжинд согтуу унтаж, эргэн тойрныхоо хүмүүст хараалгаж, хаана ч хамаагүй тасарч унан, ойворгон сагсуучуудын хөлд өшиглүүлж явсан хар бараан дурсамж бий. Гэхдээ тэд өөрчлөгдөж  чадсан. Тэгэхдээ бүр архины хамааралд орсон гэр бүлүүдийг архинаас гаргахад тусалдаг “Цэлмэг өглөө төв”-ийг байгуулж гучаад гэр бүлийг архины хамаарлаас нь салгаж баяртай, жаргалтай болгосон хэмээн ярьж байна.

Алтан нарыг эрүүл нүдээр харах, хараад инээмсэглэх, алаг үрсийнхээ баяр жаргал дунд эргэн орох ямар сайхан байдаг гэдгийг үлгэрлэж яваа Х.Уранчимэг, Н.Дамдиндорж нарын туулж өнгөрүүлсэн амьдралын түүхийг хүргэж байна.

-Сайн байна уу, сайхан хаваржиж байна уу. Хэн нэгэнд та хоёрын амьдралын түүх сургамж болж, магадгүй архинаас татгалзах сэдэл болох болов уу гээд анх хэзээ архи амсаж эхэлснээс яриагаа эхэлье?

Н.Дамдиндорж: Тавлаг сайхан хаваржиж байна. 27 жилийн өмнө найз нөхөдтэйгөө дарвиж ууж эхэлсэн. Одоо алхаж буй энэ гудамж айл, дэлгүүр хоршоогүй эл хуль газар байсан. Энэ газраар хамт уудаг хэдэн найзтайгаа алхдаг, энэ газраа цугладаг байлаа. Харин өнөөдөр энэ замаар ганцхан алхаад явж байгаа нь би. Бусад нь хорвоогийн мөнх бусыг үзсэн дээ. Одоо харамсдаг юм. Арай эрт архинаас татгалзсан бол нэгэнтэй нь ч гэсэн инээгээд хамт алхах байсан болов уу. Энэ газраар явах болгонд хуучин дурсамжууд сэргэдэг. Гэхдээ найзууддаа хэлсэн л дээ, би өөрчлөгдөж чадсан юм чинь миний араас ирээч гэхэд “орж ирнэ, орж ирнэ” гэж хэлээд хорвоогийн мөнх бусыг үзсэн. Хүн архинаас холдъё гэж шийдсэн л бол ямар нэг алхам хийх хэрэгтэй. Уудаггүй газар, хамт олонд очъё гэж бодох хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд яг энэ хэсэгт би согтуу хөл нүцгэн хэвтэж байсан хар бараан дурсамж ч бий. Нохой хажууд маань хэвтчихсэн байсан гээд чи төсөөл дөө.

"ХОЁР БАГШ НЬ АЛДААГАА АМЖИЛТ БОЛГООД ЯВЖ БАЙНА ШҮҮ ГЭЖ ШАВЬ НАРТАА ХЭЛДЭГ"

Х.Уранчимэг: Би хүүхэд байхдаа ясны өвчнөөр өвчилж 12 насандаа архи уудаг болсон байсан.  Тэрнээс хойш 30 гаруй жил уусан. Өвчин намдаах эм л гэж ойлгосон нь тэр шүү дээ. Архины хэрэглээтэй хүмүүс янз бүр байдаг. Миний хувьд ганцаараа ууж сурсан учраас ганцаараа л уудаг байлаа. Найз нөхдийн төрсөн өдөр баяраар уух сэдэл нэг их төрөхгүй. Харин бие өвдөж эхлэхэд л шууд уудаг байсан гэх үү дээ. Архи уусан он жилүүдээ бодохоор олон олон боломжуудаа алдсан байдаг. Гэр бүлийн амьдралаа алдах гэх мэт өөрийн эрхгүй харамсдаг. Эмэгтэй хүн архины хэрэглээтэй болох тусмаа баяр хөөргүй, ууртай, ганцаардмал түрэмгий бардам болчихдог. Үүнийгээ хүн анзаардаггүй.  

-Түрүүнд харамсдаг гэлээ?

Х.Уранчимэг: Гэхдээ өнгөрснөө хүн харж амьдарч болохгүй. Ирээдүйгээ харж мөрөөдөлтэй амьдрах хэрэгтэй. Одоо шавь нартаа ярьж инээдэг юм. Хоёр багш нь алдаагаа амжилт болгоод явж байна шүү гэж.

Н.Дамдиндорж: Би боддог л доо. Хэрвээ би архины хэрэглээгүй байсан бол үр хүүхэд маань сэтгэл санаагаар хохирохгүй, одоогийн амьдарч байгаа түвшнээсээ дээр байх байсан ч юм билүү гэж. Гэхдээ өнгөрсөн цаг хугацааг буцааж ирээд балруулдах боломжгүй учраас надад үлдэж байгаа цаг хугацаа нь чухал. Үлдэж байгаа цаг хугацаандаа эрүүл байж бусдад тус болсноороо алдаагаа засаж буй нэг хэлбэр юм байна гэж боддог.

-Архи уугаад тасраад сэрэхэд бүх юм өөрчлөгдөж, асуудлууд улам л дорддог байх шүү?

Н.Дамдиндорж: Авга талаасаа  би хамгийн том нь болсон. Миний ах нар архи уусаар хорвоогийн мөнх бусыг үзсэн. 49 нас хүрэхгүй үхнэ гэж би ч толгойдоо боддог байлаа. Гэтэл өнөөдөр тэр цаг хугацааг таслан зогсоосон. Мөн идэр залуу дүү нартаа үлгэр дуурайлал болж байна даа. Дүү нарынхаа нүдэн дээр архи амсахгүй гоё амьдарч үзүүлж байна шүү дээ

-Та хоёрын хувьд ямар мэргэжилтэй вэ?

Н.Дамдиндорж: Мэргэжил байлгүй яах вэ. Би уухаар юу гэж ярьдаг байсан гээч. Би барилгын салбарт Сэмбээ гуай шиг л хүн, би бүгдийг чаддаг гэж дөвийлгөж ярьдаг байлаа. Өрлөгчин барилга угсралтын мэргэжилтэй. Одоо дээрээс нь сэтгэл засалч болж хувирсан даа.

Х.Уранчимэг: Би нягтлан мэргэжилтэй. Эхлээд худалдагч байсан. Өчигдөр би бодсон чинь 1992-1994 онд Улс төрийн дээд сургуулийг эрх зүйчээр сурж байгаад шоудаад хаячихсан юм билээ /инээв/. Тэрийгээ бодохоор хөөрхий дөө нэг юм сурахаар зүтгэж байжээ гэж санагддаг. Одоо бид хоёр Герман, Пакистаны олон улсын архины хандлагын сургалтуудад сууж нийгмийн ажилтан гэдэг мэргэжилтэй болсон. Мөн даван туулагчид гэдэг утгаараа алдаж үзсэн, онож үзсэн учраас архины хамааралтай хүмүүсээ илүү ойлгож нөлөөлж чадаж байна.

"МИНИЙ ҮЗСЭН ГАШУУН ТҮҮХ БУСДАД УХААРАЛ ӨГӨӨСЭЙ"

-Ярилцлага эхлэхээс өмнө архичин хүн кино шиг амьдралыг туулдаг гэж ярьж байсан? Магадгүй тэр амьдрал нь хар бараан ч  байж болно гэхдээ тэндээс сургамжтай зүйл нь юу байв?

Н.Дамдиндорж: Би архи ууж  буруу зөрүү юм их хийсэн. Үнэнийг хэлэхэд эрхээ хасуулж байлаа. 24-хөн насандаа хүнд мэс хүргэж байсан. Түүнийгээ би залуу нас руугаа булзааруулдаггүй. Хүн архи уухаараа чадахгүй юм аа чаддаг болж, сэтгэлд нь багтахгүй юмаа сэтгэлдээ багтааж, ямар ч том биетэй хүнийг цохиод унагаамаар санагддаг. Тухайн үедээ л хүн хамгийн том алдаагаа хийдэг. Хүний амьдрал эрээнтэй бараантай. Архины хэрэглээ чинь их болж байна шүү гэдэг үгийг нэг л сонсох юм бол шууд мэргэжлийн байгууллагад хандаж гарцаа олоорой. Миний үзсэн гашуун түүх бусдад ухаарал өгөөсэй хэмээн ярьж байгаа шүү. Зарим зүйлийг нь ярихаас эмээдэг, дотор арзганаж нулимс нүдэнд бүрхээд эхэлдэг. Тийм юмыг амсаагүй байгаа дээрээ холдох эрмэлзэлтэй байгаарай. Архийг амаараа ууж донтдог. Тиймээс амаараа ярьж шийдээрэй.

Х.Уранчимэг: Дотор сэмэрмээр олон зүйл бий. Гэхдээ ярихад эмзэг сэдэв шүү дээ. Би талийгаач дүүдээ тусалж чадаагүй. Би эгч шиг эгч байсан бол ахиад нэг жил урт наслах байсан ч юм болов уу даа гэж боддог. Гэхдээ миний дүүгийн охин нэг нь Японд амьдардаг, нөгөө нь есөн настай амьдрахад нь одоо дэм болоод өсгөлцөөд явж байна. Тэрийгээ харахаар гомдоосон дутуу хайрласнаа нөхөж байгаа болов уу гэж боддог.

"НАМАЙГ ТАСАРЧ УНАСАН ДАРАА “БОСООЧ ЭНЭ МУУ ОДОО ҮХЛЭЭ” ГЭЭД ХҮН ӨШИГЛӨЧХӨӨД ЯВЖ БАЙСАН Ч ҮЕ БИЙ"

-Өнөөдөр танай төвийн ойролцоо яриа аваад алхахад зөрж өнгөрсөн хүн болгон л “сайн уу Дамдиа ахаа, Урнаа эгч ээ” гэж байгаа нь надад их таатай санагдлаа?

Н.Дамдиндорж: Архи уусан 27 жилийнхээ сүүлийн нэг жил хэн ч биш болсон. Нохойтойгоо цуг хэвтэж байсан хүн шүү дээ. Намайг тасарч унасан дараа “Босооч, энэ муу одоо үхлээ” гээд хүн өшиглөчхөөд явж байсан ч үе бий. Гудамжинд хэвтэж байх үе бол аймшигтай. Түрүүн чи ярилцлага эхэлхээс өмнө асуусан даа хүний амьдралын хамгийн аймшигтай зүйл юу вэ гэж. Хамгийн аймшигтай зүйл нь гэгээн цагаан өдөр харанхуй гудамжинд хэвтэх шүү дээ. Шавар шавхайд холилдсон, нүд хөхөрсөн намайг ганц ширхэг тамхи асуухад зайлаач муу “П” вэ гэж хараалгах мөн л муухай. Үнэнийг хэлэхэд дахиж л би тэнд амьдармааргүй байна. Эхлээд архийг уудаг байлаа. Дараа нь архи намайг уусандаа. Өнөөдөр “сайн байна уу Даймаа ах аа” гэж байгаа хүмүүс надаас дөлдөг байлаа. Дөнгөж сая бидний хажуугаар усны тэрэг түрээд гардаг хүний усны мөнгийг нь би дээрэмдээд л авчихдаг байсан. Үнэхээр үзэн яддаг байсан байхгүй юу.Архийг бага дээр нь болих хэрэгтэй. Гэхдээ тэр бүхэн миний ард хоцорсон. Одоо би ирээдүйгээ харж сайхан амьдарч байна. Өнөөдөр хүндэлж байгаагаас олон хүний хайр хүндлэлийг хүлээж дэм тус болно. Миний мөрөөдөл өнөөдрийн хийж байгаа бүхэн гэр орондоо ад үзэгдсэн алдсан бүхэнд туслах. Ахиж хэзээ ч архи барихгүй өөрийгөө хуурахгүй. Ингэснээрээ би энэ олон хүмүүсийн хүндлэлийг улам хүртэнэ.

-Хундагаа тавихад хүргэсэн зүйл нь юу байв?

Х.Уранчимэг: Би нэг их хүйтэн өдөр Баянзүрх уулан дээр гарсан юм. Тэгэхэд хүмүүсийн утас хөлдөж их л тухгүй байсан санагддаг. Гэтэл надад өглөөний нар уулын цаанаас алгуурхан ургасаар гарч ирсэн тэр агшин амьдрах хүслийг минь өдөөж өгсөн. Алтан нарыг харах ийм сайхан байдаг билүү гэж би өөрийн эрхгүй дотроо бодсон. Аргагүй шүү дээ архи уугаад нар ч харж чаддаггүй байж.

Н.Дамдиндорж: Бас л хар бараан түүх. Манай охин нэг өдөр намайг архиа зогсоо гэсэн. Тэгэхэд нь чамайг тэжээж байхад чи юугаар дутсан юм гэж хэлээд үсдээд авсан. Бүүр том болсон охиноо тэгж хүчирхийлнэ гэдэг үнэхээр харуусалтай. Гарт туг үс нь үлдчихсэн үнэрлээд уйлаад сууж байсан. Маргааш нь би СЭМҮТ орж архины оюун санааны эмчилгээнд очиж өөртэйгөө адил хүмүүстэй хамт сургалтад суусан юм даа.

Х.Уранчимэг: Би яг үнэндээ архинаас татгалзана гэдгийг ойлгодоггүй байсан юм. 2017 оны нэгдүгээр сарын 18-нд СЭМҮТ-ийн донтох эмгэгийн Ч.Энхчимэг эмчтэй уулзаж байсан. Миний тэнгэрт одсон дүүгийн маань 21 настай охин анх дагуулж очиж байлаа. Оюун санааных нь сургалтад суухдаа архины хамаарлаа өвчин юм байна гэж ойлгосон. Би хоёр дахь удаагийн сургалтаа төгсөхдөө ямар ч байсан давхар хамаарлаас өөрийгөө гаргаж чадсан юм чинь 5 жилийн дотор олон гэр бүлийг архины хамаарлаас нь салгая гэдэг мөрөөдөлтэй болсон.

"АРХИНААС ТАТГАЛЗСАН ДАРААГАА ӨӨРИЙНХӨӨ 359 МЯНГАН ТӨГРӨГИЙН ГРУППИЙН МӨНГӨ, Н.ДАМДИНДОРЖИЙН НАЙМАН НЭРИЙН ДЭЛГҮҮР, МУЖААНЫ ЦЕХЭЭРЭЭ  ОЛСОН ОРЛОГООРОО ЭНЭ ТӨВӨӨ НЭЭСЭН"

 Архинаас татгалзахын тулд иог, бясалгал, цэцгийн сургалт, ламд үзүүлэх гэх мэт олон газраар явсан. Арай л бөө дээр очоогүй байх. Оюун санаагаараа эдгэрье өөрөөрөө өөрийгөө өөрчилье гэдэг далд хүсэл надад байсан юм билээ. Архи ууж, архины хамааралд орсноосоо хойш би 20 гаруй жилийн дараа л энэ бүхнийг ойлгосон гээд боддоо. Бусдыг шүүж, бусдыг буруутгах тусмаа өөрийгөө алдаг юм билээ. Архинаас татгалзсан дараагаа өөрийнхөө 359 мянган төгрөгийн группийн мөнгө, Н.Дамдиндоржийн найман нэрийн дэлгүүр, мужааны цехээрээ  олсон орлогоороо энэ төвөө нээсэн. Монголын нийгмийг архинаас салгах гэж цагдаа, ГБХЗХГ гэх мэт олон төрийн болон ТББ байгууллагууд ажил зохион байгуулж байна. Гэхдээ хүн  рүү чиглэсэн ажил хийдэг нь  ховор. Архины асуудлаа шийдсэн хүмүүсийг нийгэмшүүлнэ, ажлын байраар зуучилна гэдэг нь өөрөө том асуудал. Нийгэмшүүлнэ гэж бас ойлголт байна. Архины хамааралтай болсон хүмүүс 20 жилийн өмнө эзэмшсэн мэргэжлийнхээ ур чадварыг алдчихсан байдаг. Би нэг удаа Политехникийн коллежийг алтан медальтай төгссөн хэдий ч архины хамааралтай болсон залуугаар разетка залгуулах гэсэн чинь салгалаад чадаагүй. Архины хамааралтай болоод ирэхээр ажлын чадамж алдагдаж гологдож эхэлдэг байхгүй юу.

Хүн юм хэлэхээр ойлгодоггүй, ойлгосон хэдий ч уурладаг. Гомдохоороо далайлгаж, уурлахаараа айлгадаг хүмүүс болчихдог. Иймээс харилцааны доголдолтой хүн гээд ажилд авдаггүй. Гэтэл чадах юмаа чадахаа байсан хүн чинь уурлаж л айлгана шүү дээ. Зан үйл, хүн хоорондын харилцаа нь доголддог. Миний гэр бүл намайг ойлгосон учраас би архинаас гарсан байх гэж боддог. Би хүүхэд наснаасаа архийг өвчин намдаах эм гэдэг утгаар нь хэрэглэсээр архинд нэг мэдэхэд живсэн байсан. Янз бүрийн шалтгаанаар хүн архинд ордог. Алдар хүндийн оргилд, аваар ослын үед, уй гашуу болсон ч, баяр наадам болсон ч архи л байдаг. Мөн хүн амьдрал сайжрах тусмаа л архитай нөхөрлөдөг юм билээ. Үүнийгээ ердөөсөө олж хардаггүй. Зан ааш эвдрэх, хүнтэй харилцаж чадахаа хүртэл байчихдаг. Хүнтэй ярихаас ч дургүй хүрдэг. Энэ асуудлуудыг  мэддэг учраас архины хамааралтай болсон хүмүүст зан харилцаа хуучин эзэмшсэн ур чадварыг нь сэргээх тал дээр манай Цэлмэг өглөө төвийн үйл ажиллагаа төвлөрч байна.

-Одоо хэдүүлээ хийж бүтээсэн, хийж бүтээх гэж мөрөөдөж буй зүйлийнхээ талаар ярилцая?

Н.Дамдиндорж: Би архинаас татгалзаж байгаа хүмүүст юу хэрэгцээтэй байдаг вэ гэдгийг олж харсан юм. Эрүүлээр сайхан дуулах хөгжилдөх газар Улаанбаатар хотын хаана ч байхгүй. Харин тэр зүйлийг өөрөө бий болгоё гэсний үндсэн дээр зүйлийг хийж эхэлсэн. Эрүүл зөв орчин бүрдүүлэхийн тулд спорт комплекс барьж эхэлсэн. Дээрээс нь халуун ус, саун, биллиард теннис фитнес барихаар коронагийн үеэр зураг гаргаж өөрийн хөрөнгөөр барьж эхлээд байна. Архинаас гарснаас хойш найман нэрийн дэлгүүрээ гуравхан сарын дотор барьсан. Миний хайгаад байсан зүйл гэр орны амгалан тайван байдал. Одоо архины хэрүүлгүй бүтээн байгуулалт хийгээд  эхлэхээр үгээр хэлэхийн аргагүй сайхан байна.

Би чамд ахиад түүх ярьж өгье. Миний хүү намайг цэцэрлэгээс нь авах гээд очиход танихгүй мэт хажуугаар өнгөрдөг юм даа. Миний хүү яаж байгаа юм гээд асуухад танаас архи үнэртэж, царай чинь муухай байна гэж хэлэхэд би садартлаа уйлж байлаа. Мөн би хүнээр багшаа гэж дуудна гэж мөрөөдөж үзээгүй гэтэл одоо багшаа гэж дуудуулж байна

-Уучлаарай Х.Уранчимэг эгчээ таны хариултыг түр хойшлуулаад Н.Дамдиндорж ахаас нэг зүйл асууя. Хамгийн анх таныг эрүүлжүүлэхэд аваачиж хийсэн цагдаатайгаа одоо хамтарч ажилладаг гэж сонссон? Бас их сонин түүх шүү?

- Нээрээ их сонин түүх. Би эрүүлжүүлэхээс салдаггүй байлаа. Архи уусан хүн ямар олигтой байх вэ дээ. Намайг ирж авдаг байсан цагдааг би хүний мууг үзсэн хүн гэж зэвүүцдэг байсан юм. Харин сүүлдээ намайг таньдаг болчихсон байнга ирэх юм гээд л зэмлэнэ. Архинаас гараад долоон жил гаран уулзаагүй юм. Гэтэл БЗД-йин ГБХЗХГ-аас зохиосон нөлөөллийн сургалтын үеэр гадаа цагдаагийн хошууч залуу намайг тэврээд авсан. Би үнэхээр баярласан. Тэр цагдаатайгаа өнөөдөр хамтраад нийгмээ эрүүлжүүлэх гээд явж байгаа даа баяртай байна. Урд нь тэр цагдааг үзэн яддаг байлаа. Миний оюун санаа тэгтлээ үхэжчихсэн байж. Харин одоо үзэн ядах биш баярладаг. Намайг магадгүй хэрцгий авир гаргахыг таслан зогсоож аварсан гэсэн үг шүү дүү. Баянзүрх дүүргийн гуравдугаар хэлтэст хошууч цолтой ажиллаж байгаа. Одоо таны энэ сайхан ажлыг дэмжинэ гээд л хоёулаа ярина шүү дээ.

-Н.Уранчимэг эгчийн хувьд түрүүний асуултад хариулаач?

-Эгч нь оёдлын цехтэй болно гэж мөрөөддөг байсан юм. Тэр мөрөөдөл маань өнөөдөр биеллээ олсон. Анхны оёдлоороо охин бэр хоёртоо хос хувцас оёж өгнө. ТББ-ынхаа таван жилийн ойгоор цав цагаан даашинз хийж өмсөхөөр материалаа авчихсан байгаа гээд л бод.

-Та хоёр архины хамаарлаасаа салж энэхүү төвийг байгуулснаасаа хойш хэдэн гэр бүлийг архинаас гаргахад нь туслав?

Х.Уранчимэг: Зөвхөн он гарснаас хойш 8-9 гэр бүлийг архины маргаангүй болгосон байна. Нийтдээ 30-аад гэр бүлийг архинаас салгасан. Би яагаад гэр бүл гээд байна гэхээр  айл гэрт нэг л архины хамааралтай иргэн байхад тухайн гэр бүлд олон сөрөг асуудлууд үүсдэг. Орон гэрээ орхиод архиддаг хэрүүл зодоон үүсдэг асуудлууд үүсдэг учраас тэр шүү дээ. Н.Дамдиндорж багш бид хоёрын тусалсан гэр бүлээс одоо ахиад архи уусан хүн одоохондоо алга. Бид өөрсдөө энэ зовлонг ойлгодог, өөрсдөө туулсан учраас энэ хэдийгээ хэнээс ч илүү ойлгохыг хичээдэг юм.

- Архины хамаарлаас нь салгаж чадсан гэр бүлээ харахаар танд ямар сэтгэгдэл төрдөг вэ?

Н.Уранчимэг: Таатай мэдрэмж төрдөг гэхээсээ илүү надад гуниг төрдөг. Баяр баясгалантай байсан ч гэсэн  гуниг заавал дагадаг. Хэдий архины хамаарлаасаа гарсан ч гэлээ гэр бүлтэйгээ харилцах харьцаа нь хурдан сэргэдэггүй. Нийгэмтэй харьцах харьцаа нь ч мөн адил.  10 хүнд архинаас нь гарахад тусалсан 8 татгалзлаа гэж бодъё. Гэтэл үүний цаана илүү уйгагүй ажиллах мөрөөдөлтэй байлгахад их хүч шаарддаг. Гурван жилийн өмнө архины хамаарлаас нь салгасан хүмүүсээ одоо чирээд л явж байна. Архины хамаарлаас нь гаргасан хүмүүсээ хараад өрөвддөг. Ер нь жор үзсэн эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэж ярьдаг шүү дээ. Өнөөдөр зөвлөгөө өгч хичээл заасан хүмүүс маань маргааш нь архи уулгүй босгоо даваад орж ирэх тэр агшинд л нулимс унагахаас наагуур баярладаг.

 Гэхдээ энэ мэдрэмж түр зуурынх. Ээж аав шиг нь л санаа зовно. Хамгийн гол зүйл нь итгэлийн ард найдвар байдаг юм. Уранчимэг гэдэг хүнийг архичин байх үед хүмүүс загнаж байсан бол би ямар байхаа одоо төсөөлдөггүй. Хүн хайртай дотнын хүмүүсээ архи уух тусам нь өрөвдөж эхэлдэг. Өрөвдөлт нь сүүлдээ үзэн ядалт, гомдол, өшөө хорсол сөрөг мэдрэмжүүд болж хувирдаг..  Н.Дамдиндорж бид хоёр заримдаа ярьдаг юм. Хоёулаа нөгөө ертөнцөд очихоосоо өмнө үйлийнхээ үрийг нимгэлж байгаа шүү гэж ярьдаг. Бид хоёр архины хамааралтай байхдаа хайртай дотнын хүмүүсээ зөндөө л зовоож, олон шөнө нойргүй хонуулсан шүү дээ

-Та хоёр амьдралын эрээн барааныг туулан гарч ирсэн болохоор зөвлөгөө тусламж үзүүлдэг хүмүүстэйгээ илүү ойлголцдог гэж түрүүн дурдсан?

Н.Уранчимэг: Би архи уудаг байхдаа маш их ганцаарддаг байсан. Ичгүүр айдас дунд амьдардаг тэрийгээ уураараа халхалдаг байсан юм.  Би чамд нэг түүх ярьж өгье. Нэг охиныг чи архи ууж байсан түүхээ бичээд ир гэсэн чинь архины түүх гэж юу байсан юм гээд уурлаж билээ. Анх хэзээ архи уусан бэ тэр түүхээ олоод ир гэтэл би анх  долдугаар ангидаа ууж гэж хэлж байгаа юм. Зарим эмэгтэй нөхрөө архи уухаар юу ч хамаагүй аваад шиддэг. Гэтэл тэр юм аваад шидэж байгаа эмэгтэй ч гэсэн багадаа гэр бүлийн тийм орчинд өссөн болж таардаг. Би өөрөө архи уудаггүй багш хүн учраас жигшиж байна гэж түүнийгээ тайлбарладаг. Гэтэл тэр хүүний хүүхэд насны ойр орчинд тийм асуудал байсан болж таардаг. Энэ нь жигшил биш буцаад өдөөгч болж өгдөг. Шартсан нөхөртөө бантан хийж өгөх нь буруу юм уу гэж асуух хүмүүс ч байна. Таны анхны бантан хийж өгсөн, анхны ажлын газар луу нь худлаа ярьсан үйлдэл тань тухайн хүнийг архинд орох суурийг нь тавьж өгдөг юм шүү.

-Олон түүх дурсамж, хийж хэрэгжүүлэх гэж буй ажлаа хуваалцсан та хоёрт баярлалаа.  Эцэст нь залуустаа хандаж үг хэлээч?

-Дүү нар минь. Жаргалын хундага, зовлонгийн хундага гэж байдаггүй юм шүү. Тиймээс уухгүй гэж хэлж сураад ухаантай байгаарай гэж хэлье. Мөн үнэхээр асуудал байгаа бол ах эгч хоёр дээрээ санал зоволтгүй хүрээд ирээрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гоё хэлжээ
Гоё хэлжээ
2022-04-28 08:18

Дүү нар минь. Жарг�##�ын хундага, зовлонгийн хундага гэж байдаггүй юм шүү. Тиймээс уухгүй гэж хэлж сураад ухаантай байгаарай гэж хэлье. Мөн үнэхээр асууд�##� байгаа бол ах эгч хоёр дээрээ сан�##� зоволтгүй хүрээд ирээрэй.

Зочин
Зочин
2022-04-28 11:02

Өөрөө архинаас гарсан юм бол архи пиво зардаг нь ямар учиртай юм бол

Зочин
Зочин
2022-04-28 11:55

Сайхан хос байна шүү, олон олон хосыг, гэр бүлийн архинаас с�##�гаарай

Зочин
Зочин
2022-04-28 15:05

@30жил архины хамаар�##�тай явсан Н.Дамдиндорж архинаас гарсанаар амьдр�##� нь сайн т�##� руугаа хэрхэн өөрчлөгдсөныг түүний ярилцлагаас харж болно.

Зочин
Зочин
2022-04-28 15:09

энэ бүх гэмт хэрэг, осол аваарын ард ихэнхдээ архи байгаа шүү з�##�уусаа

zochin
zochin
2022-04-28 17:43

Arxia uudgaa boliod aldaagaa zasaad amidraldaa asar tom yalalt xiigeed tuuniigee bus#ad tugeej baigaa buyantai saixan buurluud baina daa Ta nartaa erul saruul enx tunx amar amgalan amidraliig xusie

Т Алтанцэцэг
Т Алтанцэцэг
2022-05-01 16:53

Та хоёртоо баяр хүргэе.Өөрсдийнхөө �##�даанаас сур�##�цаж, бу�####�д үлгэр жишээ,дуури�##��##� болж нийгэмдээ зөв зохистой үйл хэрэг бүтээж яваа нь маш зөв шийдэл бна. Дахин баяр хүргэе архинаас болж амьдр�##�аа �##�даж яваа хүмүүсийг зөв нийгэмшүүлэх үйл хэрэгт чинь улам амжилт хүсье. Энэ бол түмэнд хүргэж байгаа буян юм шүү.

Холбоотой мэдээ

Back to top button