
Украины дайны нөлөөгөөр дэлхийн хүнсний нийлүүлэлтийн сүлжээнд доголдож үүсэж эхэллээ. ОХУ-аар дамждаг тээвэр ложистикийн үйл ажиллагаанд ч хүртэл саатал бий болж, тээвэрлэлтийн хугацаа уртсах, зарим ачаа барааг хориглох, үнэ ханш нь өсөх зэрэг сөрөг нөлөө гарсаар байна.
Гэсэн ч, үүнээс илүү сөрөг нөлөө гарч байгаа нь Украины экспортолдог байсан түүхий эдийн нийлүүлэлт зогссоноос үүдэлтэй байна.
Украин бол дэлхийн үр тарианы 15 хувийг хангадаг ба наранцэцгийн тосны 50 хувийг мөн хангадаг томоохон экспортлогч. Украин нь улаан буудайн нийлүүлэлтээрээ дэлхийд гуравдугаарт, эрдэнэ шишээр дөрөвдүгээрт, наранцэцгийн тосны 50 хувийг, рапсын экспортоор гуравдугаарт ордог.
“Рёйтерз” агентлагийн өгсөн мэдээллээр, энэ оны эхээр Украин дэлхийн улаан буудайн экспортын 12 хувь, эрдэнэ шишийн 16 хувь, арвайн 18 хувь, рапс 19 хувийг эзлэх төлөвтэй байсан.

Гэсэн ч одоо Украины орон зайг нөхөх асуудал хурцаар тавигдаж эхэллээ. Украиныг Энэтхэг улс орлно гэсэн хүлээлт бас үүсээд байгааг мэдээллийн эх сурвалжууд онцолж байгаа юм.
Үр тарианы болон наранцэцэгийн тосны нийлүүлэлт багасах нь үнийн өсөлтийг дагуулах нь мэдээж зах зээлийн хууль. Үр тариаг түүхий эддээ ашиглах бүх бараа үүнд хамаарна гэсэн үг.

Өөр нэг таагүй мэдээ гэвэл дал модны тосны экспортын гуравны нэгийг эзэлдэг Индонез улс дөрөвдүгээр сарын 22-нд экспортын хориг тогтоосон. Хориг тотгтоож буй гол шалтгаан нь ажилах хүчний хомстолоос гадна ургац хураалт муу байсан хэмээн тайлбарлаж байгаа юм.
Бялуу, хоол болгох шарах тос, гоо сайхан, ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүний түүхий эдэд ордог дал модны тос нь дэлхийн ургамлын тосны тээвэрлэлтийн бараг 60 хувийг эзэлдэг. Дал модны тосны нийлүүлэлт багасаж, түүнийг орлуулах тоснуудын үнэ ч нэмэгдэх төлөвтэй байна.
Монгол Улсын хүнсний хэрэглээний 42 хувийг импортын бүтээгдэхүүн эзэлдэг ба үр тариа, тос түүхий эдэд нь ороогүй бүтээгдэхүүн тун бага хувийг эзлэх нь ойлгомжтой байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.