УЛС ТӨР

Н.Тавинбэх: Эрчим хүчний салбар нөөц тоноглолгүй ажиллаж байна. Тасрах, саатах эрсдэл бий

Эрчим хүчний сайд Н.Тавинбэхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ӨСӨХ ХОЁР ШАЛТГААН БИЙ-

-Одоогийн нөхцөлд цахилгаан эрчим хүчний үнийг хэрхэн тогтоож байна вэ?

-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиар 2019 онд өөрчлөлт орсноос хойш үнэ сонгон шалгаруулалтын журмаар тогтоогддог болсон. “Нарны эрчим хүчнээс худалдаж авах нэгж бүтээгдэхүүн буюу нэг квт цахилгаан эрчим хүчний үнийг 15-18 америк центээр, салхины эрчим хүчнээс авах үнийг 9-9.5 центээр худалдаж авахаар хуульчилсан байсан. Энэ хуулийн дагуу л үнээ тогтоож байгаа. Үнэ өсч, хэрэглэгчдэд ачаалал болж байгаа нь үнэн. Үнэ өсөх хоёр шалтгаан бий.

-Ямар хоёр шалтгаан байгаа вэ?

-Нэгдүгээрт, анх хэрэгжиж буй үнээс өндрөөр тогтоосонтой. Хоёрдугаарт, макро эдийн засгийн төвшинд долларын үнэ өсч, төгрөгийн ханш суларч байгаатай холбоотой.    

-Сүүлийн үед ирэх оноос цахилгааны үнэ тариф дор хаяж 28 хувиар нэмэгдэнэ гэж та хэлээд байгаа. Энэ тарифын нэмэгдэл, хязгаарлалт иргэдийн амьдралд яаж нөлөөлнө гэж тооцоолж байна вэ. Хэрэглэгчид хүлээн зөвшөөрөх үү? 

-Хэрэглэгчийн үнийг дор хаяж 28 хувиар нэмэгдүүлэх тооцоог Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан. Үүнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн үнийг нэмэгдүүлэхгүйгээр тооцоолж байгаа.  Түрүүний миний дурдсан сэргээгдэх эрчим хүчний есөн эх үүсвэр Монгол Улсын хэрэгцээний 9-11 хувийг л үйлдвэрлэж байгаа. Ачаалал нэмэгдэж байгаа нь үнэн. Гэхдээ хүчтэй нөлөөлөл үзүүлэхгүй.

-Цаана нь үлдсэн 90 хувь нь яагаад сэргээгдэх эрчим хүчний төлбөрийг төлж төлөх ёстой гэж гэдэг асуудал байдаг шүү дээ?  

-Би түрүүн хэллээ. Сэргээгдэх эрчим хүчний есөн эх үүсвэр Монгол Улсад цахилгаан нийлүүлж байгаа. Тэдгээр есөн эх үүсвэрийн үйлдвэрлэгчидтэй бид ярилцан хамтран ажиллаж байна. Хоёр шаардлага тавьсан, бид. Эхнийх нь үйлдвэрлэлийн үнээ бууруулах, хоёрдугаарт Монгол Улсын эрчим хүчний технологийн онцлогт тохируулан үйлдвэрлэдэг байх, техникийн шийдлийг шийдэх гэсэн хоёр хүсэлт тавьсан. Бүр тодруулбал, хэрэгцээтэй үед нь эрчим хүч нийлүүлдэг технологитой байх ёстой. Одоо зөвхөн нар салхитай үед л эрчим хүч нийлүүлэх хэлбэрээр ажиллаж байна. Зарим үед технологийн хүндрэл учирч байгаа талууд бий. Эхнээсээ зарим нэгэнтэй нь ойлголцол хүрч байна. Үнэ тарифыг буулгах боломж байгаа.

-Нийт хэрэглэгчдээс сэргээгдэх эрчим хүчний төлбөрт жилд хичнээн төгрөг хуримтлагддаг вэ?

-Сэргээгдэх эрчим хүч 11 хувийг үйлдвэрлэж байгаа боловч, нийт орлогын 24 хувийг авч байна.

-2022-2023 ОНЫ ӨВЛИЙН АЧААЛЛЫН ҮЕЭР ОХУ-ААС АВДАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧАДЛЫГ 100 Мвт-ААР НЭМЭГДҮҮЛНЭ-

-Монгол Улсын эрчим хүч” дэлхийн 115 орноос 113-р эрэмбэлэгдсэн тухай судалгаа гарчээ. Манайх Зимбаб, Гайти, Ливан, Венесуэл зэрэг орнуудтай энэ тэнцүү хэмжээнд л байна гэж шүүмжлэл байгаа. Энэ хэр бодитой юм бэ. Энэ судалгаанаас ямар дүгнэлт хийх ёстой юм бэ, бид?

-Ямар учиртай судалгаа, тоо вэ гэдгийг сайн мэдэхгүй байна. Ер нь цахилгаан хангамжийн найдвартай байдал, технологийн зөрчил, тасрал саатал зэргийн үзүүлэлт гайгүй шүү дээ. Тасрал саатал бага гардаг. Өвлийн улиралд хэрэглээ хэтэрч, давж байгаа нь үнэн. Импортын эрчим хүчээр хангагдаж байгаа тул. Иймд цаашид эх үүсвэрүүдээ бариад хэрэглээгээ дотооддоо хангах, аюулгүй нөөц эх үүсвэртэй болох гэсэн зорилгуудыг тавин ажиллаж байна.

-Ирэх оноос нөхцөл байдал хэцүүдвэл, шөнийн цагаар хязгаарлалт хүртэл хийх хэлбэрт шилжих эрсдэл хүлээж байгааг та бүхэн ил зарлаад байгаа. Дараа жилийн өвлийг давах нөөц бололцоо хэр байгаа вэ. Сөргөөр бодож цахилгаан, эрчим хүч тасалдлаа гэхэд ямар арга хэмжээ авахаар төлөвлөсөн бэ?

-Одоо хэрэгжиж буй хоёр, гурван төсөл бий. Дорнодын дулааны цахилгаан станцыг өргөтгөхөөр ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотод 200 Мвт цагийн багтаамжтай батарейн цэнэгт хураагуур ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үйлдвэрлэлийн бодлого хэрэгжүүлэхээс гадна хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж байна. Хэмнэлт их чухал шүү. Ингэж байж тулгамдсан нөхцөл байдлыг давах ёстой.

-Тасалдах аюул үнэхээр бий юу?

-Эх үүсвэр болоод дамжуулах төвийн сүлжээний тоноглолын 40 орчим хувийнх нь  ашиглалтын хугацаа дууссан байна. Мөн хэрэглээний өсөлт үйлдвэрлэлээс давсан. Ямар нэгэн нөөц тоноглолгүй ажиллаж байна. Энэ нь өөрийн тань хэлдгээр тасрах, саатах эрсдэл байна гэсэн үг. Гэмтэл, саатал гарвал системийн хэмжээнд технологийн асуудал учрах эрсдэлтэй нөхцөлд байна гэж ойлгож болно. Одоохондоо гайгүй. 2022-2023 оны өвлийн ачааллын үеэр ОХУ-аас импортоор авдаг эрчим хүчний чадлын хэмжээг 100 Мвт-аар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Бидний тооцоолж буй хэрэглээний хэмжээнээс давчихгүй бол хязгаарлах хэмжээнд хүрэхгүй байх.

-Цахилгаан станцууд нэмж барих, өргөтгөх ажлууд одоо яг ямар төвшинд явагдаж байна?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон эх үүсвэрүүдийг яаралтай ашиглалтад оруулахгүй бол бид хүндрэлтэй байгаа талаар мэдээлэл өгсөөр л байгаа. Хэрэглээний өсөлт, үйлдвэрлэлийн хэмжээнээс давчхаад байгаа. Тийм учраас бид цаг хугацаа алдалгүй эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулах хэрэгтэй байна. Эрдэнэбүрэнгийн УЦС-ийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан, Тавантолгой дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлачхаад үнэлгээний ажил хийгдэж байна. Харамсалтай нь эхний үнэлгээгээр шаардлага хангасан тендер ирээгүй учир хоёр дахь тендерийг зарлачхаад байж байна. Тендер ирүүлэх хүчинтэй хугацаа хараахан дуусаагүй байна.

-ОЛОН УЛСЫН СУДАЛГААНЫ ДҮГНЭЛТ ГАРСНЫ ДАРАА ОХУ-ТАЙ ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТАЛААР ДАХИН ЯРИЦЛАХ ШААРДЛАГАТАЙ-

-Эгийн голын усан цахилгаан станцын талаар ОХУ-тай ойрын үед хэлэлцээр хийгдэв үү. Ахиц гарч байгаа юу?

Эгийн голын усан цахилгаан станцын хувьд ОХУ-тай заавал ойлголцолд хүрч байж хэрэгжүүлэх учиртай төсөл. Дэлхий нийтээр хүлэмжийн хийн ялгаралтай холбоотойгоор эрчим хүчний хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр шийддэг тогтолцоо руу явж байна. Энэ хүрээнд бид эрчим хүчний хэрэглээнийхээ тодорхой хувийг хангаж байгаа нь сайн үзүүлэлт. Ер нь манайд хамгийн тохиромжтой нь усан цахилгаан станц юм. Монгол Улс гадаргуу дахь ус багатай. Цахилгаан станц барихад тохиромжтой цөөн тооны голтой. Тэдний нэг нь Эгийн гол байгаа юм. Тооцоо судалгааны ажил бүрэн хийгдсэн. Одоо 215-310 Мвт-ын усан болон усан цэнэгт цахилгаан станц барих боломжтой. Харамсалтай нь Эгийн гол ОХУ-руу хил амжин урсдаг Сэлэнгэ мөрөнд цутгадаг учир  олон улсын гэрээ конвенцын дагуу хоёр улс хэлцэлд хүрч байж эхлүүлэх боломжтой. Эгийн гол дээр УЦС баривал Байгал нуурт нөлөөлөх нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Олон улсад энэ чиглэлээр ажилладаг компани энэхүү үнэлгээг хийж байгаа. Энэ ажил 2022 оны долдугаар сард дуусах ёстой байсан ч коронавирусийн нөхцөл байдлын улмаас удаашралтай байна. Цаашлаад гэрээ сунгаж өгөх хүсэлт ирсэн. Бид ярилцаж тохироод үнэлгээний ажлаа ирэх аравдугаар сард дуусгана. Улмаар үр дүнг нь ОХУ болон дэлхийн өв ЮНЕСКО-д хүргүүлнэ. Үүний дараа ОХУ-тай Эгийн гол дээр усан цахилгаан станц барих эсэх хэлэлцээр дахин хийгдэх боломж нээгдэх юм.

-Таны хувьд “салбарынхаа асуудлыг попрол, хөөсрөлгүй бодитоор ярьдаг” гэх үнэлэмжтэй сайд нарын нэг. Эл салбарыг толгойлж байх хугацаандаа гараасаа ямархуу ажлуудыг гаргачихъя гэсэн төлөвлөгөөтэй байна вэ?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эх үүсвэрүүдийг эхлүүлж, дуусгах зорилготой ажиллаж байна. Тийм хэрэгцээ шаардлага байгаа. Би олон удаа хэлж байна. Бид цахилгаан эрчим хүчний хүчин чадлын дутагдалд орчихсон учир цаг алдаж болохгүй. Нөхцөл байдал маш хүнд байна.

-Манайх салхин цахилгаан станцууд байгуулж хөгжүүлж чадвал ирээдүйн эрчим хүчний чухал нэг бололцоо гэдэг. Та салбар яам толгойлж байгаа энэ цаг үедээ энэ чиглэл рүү хэр анхаарч ажиллаж байна вэ?

-Манай улс сэргээгдэх эрчим хүчний нөөц арвинтай улсад тооцогддог. Гадна, дотнын байгууллагуудтай хамтран хийсэн судалгаагаар 1.2 террабаттын салхины нөөц бий гэсэн. Үүнээс өнөөдрийн байдлаар 271 мегаваттыг нь л ашиглаж байгаа. Тэгэхээр цаашид салхин болон, нарны цахилгаан станцыг олноор барих боломж манайд бий гэж ойлгож болно. Гэхдээ үнэ болоод технологийн хувьд Монгол Улсын эрчим хүчний системд тохирч ажиллахаар, хэрэглэгчид санхүүгийн хүндрэл үл учруулахуйцаар тогтоох ёстой.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Гэрэл зургийг: Б.Тэмүүлэн

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Их мэдэх
Их мэдэх
5 сар 6, 2022 11:44

Хятад нүүрсээр г�##�ладаг цахилгаан станц дээр санхүүжилт болон барилга угср�##�тын ажлуудыг хорьчихоод байхад дахин тендер ш�##�гаруул�##�т зарлах ямар шаардлага байнаа.Хугацаа �##�дахын нэмэр.Өөр гарц гарг�##�гаагаар хөрөнгө оруул�##�т хийсэн нь дээр .

Зочин
Зочин
5 сар 6, 2022 18:59

Чадахгүй бол �######�аа

Зочин
Зочин
5 сар 7, 2022 13:17

дорнодын цах станцийн төсөл зогсчихоод байна. ажлаа хийгээчээ. сайдаа

Холбоотой мэдээ

Back to top button