УРЛАГ

С.Рахманинов ба П.Чайковский: Филармонийн тайзнаа үзэгдэл айсуй

С.Рахманинов, П.Чайковский. Оросын романтик хөгжмийн зохиолчид. Тэдний дэлхийн хөгжмийн их санд бүтээж үлдээсэн бүхэн нь жинхэнэ шидээвэр. Оргилсон их эрчим, ундарсаар л байх фантастик элементүүд, эргүүлэгтээ хүний сэтгэлийг ховсдон татах чанар тэнд бүрэлддэг.

Тэд өнөөдөр Монголд “ирж” байна. Төгөлдөр хуурч Б.Одгэрэл, маэстро Л.Нямдаш нар Монгол Улсын Филармонын тайзнаа. С.Рахманиновын цуут Төгөлдөр хуурын хоёрдугаар концерт, П.Чайковскийн Дөрөвдүгээр симфони тоглогдоно. Тавдугаар сарын 6, 7-нд хоёр өдөр болох энэ тоглолт манай нийгэмд нэгэн үзэгдэл болох учиртай.

Төгөлдөр хуурын хоёрдугаар концертын эхлэл намайг шууд татаж билээ. Нууцлаг, түгшмээр, битүү бодлогширсон эхлэл аажим чангарсаар оркестртой “дэлгэрэн” нийлж, “цэцэглэх” нь шууд л гэдийж хэвтээд үргэлжлүүлэн сонсмоор. Тэр чигтээ романтизм. Юм бичихдээ үүнийг тоглуулах нь цөөнгүй. Концертын гуравдугаар анги хүний сэтгэлийн адал баялгийг өнгө өнгөөр сүлж, салют буудуулж, мандан бадраадаг. Төгсгөл гайхамшигтай. Заавал огшино, биширнэ.

С.Рахманиновын энэ концерт Монголд тоглогдох гэж буйг сонсоод Филармони руу гүйхгүй байж чадсангүй. Тэднийг сурвалжлах ёстой. Сонгодог хүний оюун сэтгэлийг чөлөөлөн тэлж, ахуйд баригдсан сэтгэлгээг зөөллөж, хүн төрөлхтний их авьяас, амьдралын үнэт чанар, ертөнц илэрхийлэгдэх урлагийн агуу ихийн өмнө инээмсэглэх үүдийг нээдэг гэж боддог. Бас социализм нуран унаснаас хойш 30 жил сонгодгийг хайрлах хайрыг дутаасан манай улсад С.Рахманинов, П.Чайковскийг тоглох гэж байгаа нь заавал сурвалжлах, цаг зав гарган бичвэр өлгөх, уриалан дуудах шалтгаан юм.

Бэлтгэл дөнгөж дууссаны дараа би ирлээ. Б.Одгэрэл угтав. Тэр бол Монгол Улсын Филармонийн үүсгэн байгуулагч, маэстро Ц.Намсрайжавын ач  охин. Аав нь Филармонид 35 жил “амьдарсан”, нэрт маэстро Н.Бүтэнбаяр байв. Л.Бэтховэний Есдүгээр симфонийг Н.Бүтэнбаяр удирдан, толилуулсан нь хүндэтгэн талархмаар үнэ цэн болж явдаг билээ, сэтгэлд.

-Манайд С.Рахманиновын Төгөлдөр хуурын хоёрдугаар концерт өмнө нь хэдэн удаа тоглогдож байсан юм бэ?

-Хамгийн анх миний багш, солист Л.Замбага тоглож байсан. Би их жаахан байснаа санадаг юм. Мөн П.Доржпагма багш мөн олон жилийн өмнө тоглож байсан. Харин би өөрөө 12 жилийн өмнө, аавтайгаа нэг удаа, бүтнээр нь тоглож байжээ. Ер нь энэ концерт бүтнээрээ тоглогдоод байдаггүй. Ихэвчлэн нэгдүгээр ангийг нь  тоглодог. Бид тавдугаар сарын 7, 8-нд бүтнээр нь тоглоно.

- Яагаад Хоёрдугаар концертыг тавьж байгаа юм бэ. Өөр сонголт байсан уу?

-Хоёр жилийн өмнө аавын маань 70 насны ой тохиосон. Цар тахал, хөл хорио таарсан тул дорвитой үйл ажиллагаа зохион байгуулж чадаагүй. Иймд энэ жил Монголд симфони оркестр үүсгэн байгуулагдсаны 65 жилийн ой болон аавын 70 насны ойн хүрээн дэх ажлууд ийн хийгдэж буй гэж ойлгож болно. Тийм болохоор аавтайгаа 12 жилийн өмнө тоглож байсан концертоо дахин тоглохыг хүссэн. Энэ хүсэлтийг маань маэстро Л.Нямдаш хүлээж авсан.

-Сонгодог тоглолт, тэр дундаа Төгөлдөр хуурын концертыг бэлдэх гэдэг ойлголтыг сонирхож асуумаар байна л даа?

-Бид оркестртойгоо бэлдээд 14 хонох гэж байна. Эхлээд солист өөрөө хувь бэлтгэлээ сайн хангасан байх ёстой. Хамгийн багадаа бараг хоёр сар бэлдэж байж орно шүү. Дараа нь удирдаачтайгаа бүх нюанс, комбинацуудаа тохирно. Удирдаач мөн оркестртойгоо ажилладаг. Үүний эцэст бүгд нийлж,  бэлдэнэ.

-12 жилийн өмнө та аавтайгаа тоглож байж. Тавдугаар сарын 6, 7 бол маш үнэ цэнтэй хоёр өдөр. Үүнээс өмнө догдлох мэдрэмж байна биз дээ?

-Байлгүй яах вэ. Сэтгэл зүйн хувьд маш амаргүй цаг үеэ туулж байна. Дөхөх тусам бид сандарна, заримдаа гутралд орно. Энэ бол стресс л дээ. Би өөрөө тайзан дээр гаралгүй олон жил болчихсон.

-Хэдэн  жил болов?

-Аав маань 2015 онд харвасан. Түүнээс хойш ер тайзан дээр гараагүй. Тайзны сандрал гэдэг амаргүй л дээ. Өөрийн сэтгэл зүрхтэй маш сайн ажиллах хэрэгтэй болдог. Их л контролтой байх хэрэгтэй.

-Та үзэгчдээ хэрхэн төсөөлж байна. Бэлтгэгдсэн үзэгч хэр их байгаа бол?

-Би өөрөө л “Миний тоглолт хэр үзэгчдэд хүрэх бол” гэж эмээж байна. Үзэгчид их мэдлэгтэй болсон. Тийм ч учраас хоёр өдөр тоглохоор болсон. Итгэлтэй байгаа.

-Үүнийг тавьснаар ямар үнэ цэн авчирч байгаа вэ?

-Миний хувьд тийм айхавтар том зүйл бодохгүй байна л даа. Монголын сонгодог урлагийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгаа болов уу. Цар тахлын хоёр жилд уран бүтээлч ч, үзэгчид ч их цангалаа. Энэ хавар олон олон тоглолтууд тавигдаж байна. Үүний нэг хэсэг болж буйдаа баяртай байна.

-Хоёрдугаар концерт танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ?

-Би Францад консерватори төгссөн. 16 настайдаа явсан л даа. Тэгээд хичээлээ хийчхээд, давтлагын өрөө сулрахыг хүлээх хоорондоо янз янзын хөгжим сонсдог байсан. Ингэхдээ С.Рахманиновын Төгөлдөр хуурын хоёрдугаар концертыг олж сонссон. Яагаад ч юм маш их таалагдаж, завсар зай гарвал л тавиад сонсдог болчихсон. Надад эрч хүч өгдөг. Гурван анги гурвууланд нь дуртай. Нэгдүгээр анги надад эрч хүч, урам зориг өгдөг. Хоёрдугаар анги хүний сэтгэлийн дуулал бүхий сайхан аялгуу дүүрэн. Гуравдугаар анги...

-Төгсгөл гайхалтай шүү?

-Гайхалтай, бүр агуу. Үнэхээр сайхан бичсэн зохиол. Нот, такт бүрд нь хайртай. Тоглохдоо ч бас өөрөө дуртай.

Б.Одгэрэл долоон жил тайзан дээр гараагүй байна. Харин өдгөө 12 жилийн өмнө аавтайгаа тоглож байсан С.Рахманиновын Төгөлдөр хуурын хоёрдугаар концертыг дахин тавих гэж байна. Тэр догдлол дүүрэн энэ өдрийг хүлээх бөгөөд дотор нь бас итгэл дүүрэн байна.

Маэстро Л.Нямдаш. Тэр Төгөлдөр хуурын концертыг удирдахаас гадна П.Чайковскийн Дөрөвдүгээр симфони дээр анх удаа ажиллаж, толилуулах гэж байна.

-Танаас С.Рахманиновын эл концертын үнэ цэнийг асуумаар байна?

-Энэ бүтээл дэлхийн төгөлдөр хуурчдын урын санд асар өндөрт бичигддэг.

Ер аливаа том концерт тоглогдоно гэдэг тухайн нийгэмдээ цоо шинэ үзэгдэл болдог. Хүлээж авч буй хүмүүсийн оюун санаанд хүчтэй хүрч байдаг. 12 жилийн хугацаанд дахин анх удаа бүтнээр нь тоглоно гэдэг бүүстэр тун гэдэг шиг ойлголт л доо.

-П.Чайковскийн Дөрөвдүгээр симфонийн тухайд?

-Тавдугаар сарын 7-нд П.Чайковскийн төрсөн өдөр болдог. Энэ утгаар. Мөн Дөрөвдүгээр симфонийг нь Монголд ойрд сэргээж тоглоогүй. Иймд дахин сэргээн тавьж байна.

-Та бүхэнд шинэ сорилт ирж байна уу?

-Тийм, удирдаачийн хувьд надад шинэ л байна. Бас оркестрын хөгжимчид их залуужсан.  С.Рахманинов ч шинэ байна, П.Чайковскийн Дөрөвдүгээр симфони ч шинэ байна.

-Оркестрын бүрэлдэхүүн залуужсан нь ажиллахад шинэ байна уу?

-Үүнийг заавал бичээрэй. Ковидын үеэр төсөв хэмнэх зорилгоор тэтгэвэрт гарах нас нь ойртсон, эсвэл гарчихсан ч ажиллаж байсан туршлагатай хөгжимчдийг гаргачихсан. Оркестрын хөгжимчин байна гэдэг цэвэр туршлагын асуудал байдаг. Залуус сайн, хурдтай. Аливааг сайн хүлээж авдаг. Гэхдээ туршлагыг юу ч орлохгүй.

Өнөөдөр тэд эхний тоглолтоо хийнэ. Монголд С.Рахманинов, П.Чайковский нар дахин тоглогдох нь. Өнөөдөр амжаагүй ч та маргаашийн тоглолтод амжаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хөгжим сонирхогч Б
хөгжим сонирхогч Б
2022-05-06 13:39

Сайхан концерт толилуулах гэж байгаа юм байна. Уран бүтээлийн өндөр амжилт, эрч хүч, онгод хүсье!

Иргэн
Иргэн
2022-05-07 11:34

Ийм тоглолт хийх болсонд баярл�##�аа. Манайх сонгодог урлагийг яагаад сурт�##�чилдаггүй юм бол гэж их гайхдаг. Урлагийнхан бараг бүгд, дарга цэрэггүй зохиолын дуугаар л ард түмнийг нүдээд байх юм. Тэнцвэртэй хөгжих хэрэгтэй л санагддаг даа.

Холбоотой мэдээ

Back to top button