БОЛОВСРОЛНийгмийнЯРИЛЦЛАГА

Т.Нацагдорж: "Бага ангийн эрэгтэй багш байдаг юм уу" гэж хүмүүс их гайхдаг

Бага ангийн эрэгтэй багш байдаг юм уу гэж хүмүүс их гайхаж асуудаг. Одоо ч бүр дасал болчихжээ. Би анхнаасаа л хүүхдэд их хайртай байсан. Энэ мэргэжлээр суралцаж эхлээд хүүхдийн ертөнцөд бүр илүүтэй татагдаж, дурласан. Тэд миний мэдэх хамгийн гэгээн, хайрлам хүмүүс гэж ярих энэ залуухан багшийг Төмөрбаатарын Нацагдорж гэдэг.

Түүний шавь нар одоо гуравдугаар анги. Хоёрхон жилийн дараа энэ залуу анхны шавь нараа эрдмийн их үйлсэд үдэн гаргана. Тэрээр, чөлөө завгүй өдрүүд олон ч хүүхдүүдээ харах төдийд бүх ачаалал хөнгөн санагддаг. Хүүхдүүд минь надад өдөр бүр хичээж, урагшлах хүч урам зоригийг өгдөг хэмээн ярьж байлаа. Т.Нацагдорж одоо Шинэ-Монгол сургуульд бага ангийн багшаар ажиллаж байна. Бид түүнтэй мэргэжлийнх нь сайн сайхныг ийнхүү хуваалцлаа.

-ЭРЭГТЭЙ БААГ АНГИЙН БАГШ БАЙДАГ ЮМ УУ ГЭЖ ХҮМҮҮС ИХ ГАЙХДАГ

-Яагаад заавал бага ангийн багш болохоор шийдсэн юм бэ?

-Их сургуулиа төгсөөд энэ сургуульдаа багшилж эхэлсэн. Одоо гуравдугаар ангитай. Анхны дааж авсан анги, анхны шавь нар маань гэсэн үг. Ер нь хүүхдэд их хайртай л даа. Бага ангийн багш болоход энэ байдал маань надад илүү нөлөөлсөн юм болов уу гэж боддог. Багшийн сургуулийн нэгдүгээр курсэд танилцах дадлага гэж хийдэг юм. Тэр дадлагын үеэр хүүхдүүдтэй ажиллахын сайхныг, хүүхэд гэж хичнээн гоё, сайхан ертөнц болохыг олж мэдсэн. Тэгээд л сонгосон мэргэжилдээ улам ихээр дурлаж эхэлсэн гэж хэлж болно. Хүүхэдтэй ажиллахад ямар ч үед уур уцаар гэдэг зүйл байхгүй болдог. Бага насны хүүхэд учир үймүүлэх, дэггүйтэх, үгэнд орохгүй үе мэдээж гарна. Тэр зүйлүүдээс болж хааяа нэг бухимдах тохиолдол гардаг ч тэр дороо зүгээр болчихдог. Стресс зохихгүй мэргэжил шүү дээ. Хүүхэд хараад, тэдний инээж тоглохыг нь хараад уурлах хүн лав байхгүй. Тиймээс өдөр бүр шавь нараасаа сайхан энергийг мэдэрдэг. Ихэнх хүн намайг бага ангийн багш гэхээр гайхдаг. Эрэгтэй бага ангийн багш байдаг юм уу гээд л. Одоо ч дасал болчихсон доо. Хүмүүст их сонирхолтой санагддаг юм байна даа гэж л ойлгодог болсон.

Бага ангийн эрэгтэй багш нар байдаг, гэхдээ цөөхөн. Намайг 2015 онд МУБИС-д элсэж байхад 20 гаруй эрэгтэй оюутан элссэн ч арав нь л мэргэжлээрээ төгссөн байх жишээтэй. Тиймээс өөрөө дурлаж, хүсэж байж л эзэмших мэргэжил шиг санагдсан. Манай төгсөлтийн арван эрэгтэй бүгд одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа.

-Хүүхдийн хүмүүжилд анхаарах нь зөв үү эсвэл онц сургахад анхаарах нь чухал юм уу?

-Багш, эцэг эх, сурагчийн хооронд энэ асуудал нэлээн тулгардаг. Хүмүүжлийн хувьд хүүхдийг багаас нь буюу гэр бүлийн, цэцэрлэгийн орчноос нь эхлээд сайтар анхаарах хэрэгтэй. Сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн буюу цэцэрлэгт хамрагдаж байгаад нэгдүгээр ангид орсон хүүхдүүд сургуулийн орчинд хүмүүжлээрээ ялгардаг гэж хэлж болно. Хүмүүжил гэдэг нь ядаж л суугаад сурчихсан, хүний хэлсэн үгийг хүлээж авдаг болчихсон, болно болохгүйг ялгадаг, ойлгодог, гэр болон сургуулийн орчны ялгааг мэддэг байх тухай юм шүү. Хүүхдийн хамгийн гол хүмүүжил бол үнэнээ хэлдэг байх чанар. Жишээ нь, өдөр бүрийн даалгавар шалгах явцад анзаарагддаг. Даалгавраа хийхгүй ирэх тохиолдол мэдээж гарна. Тийм тохиолдолд багш уурлах биш шалтгааныг нь заавал сонсох хэрэгтэй. Энэ нь багш шавьдаа, шавь багшдаа итгэх гол харилцааг бий болгодог гэж хэлж болно. Тиймээс хүүхэд даалгавраа хийгээгүй ирсэн тохилдолд маргааш өдөр нь нөхөж хийх боломж өгөхөөс гадна тухайн агуулгаар нь шалгалт аваад даалгавраа хийхийн чухлыг ойлгуулж бас болдог. Тиймээс, дүн чухал уу гэвэл би чухал гэж хэлнэ. Гэхдээ зөв дүн. Зөв гэдэг маань шударгаар үнэлэх асуудал юм л даа.

-ХҮҮХДИЙГ ЭЭЖ, ААВЫГАА ЗУРААРАЙ ГЭХ НЬ БАГШИЙН МЭДРЭМЖГҮЙ ҮЙЛДЭЛ-

-Бага насны хүүхдэд сургуулиас гадна гэр бүлийн орчин их нөлөө үзүүлдэг шүү дээ?

Хүүхэд гэдэг аав ээжийн тусгал байдаг. Гэрт болж байгаа харилцаанаас хүүхэд шууд суралцдаг, үлгэрлэдэг. Тухайлбал, манай гэрт аав ээж хоёр хоорондоо яаж харилцаж байна, дүүтэй ээж аав хоёр яаж харилцаж байна ч гэдэг юм уу энэ бүхнийг хүүхэд анзаарч байдаг. Хамгийн чухал нь тэдгээр харилцааг хүүхэд давтахад бэлэн буюу дуурайж эхэлдэг. Бүр тодруулбал, тэрхүү үйлдлүүдийг ангидаа ирээд найз нөхдөдөө гаргадаг тохиолдол олон. Тийм учраас гэр бүлийн, аав ээжийн харилцаа, хүүхдийн дэргэдэх үйлдлүүд дандаа зөв байх нь хамгаас чухал. Хүүхдээ багаас нь онц сурах ёстой, тийм мундаг хүн болох ёстой гэдэг байдлаас аль болох зайлсхийж өөрөө үлгэрлэх байдлаар хүмүүжилд нь нөлөөлөх чухал санагддаг. Харин сурлага болоод дүнгийн хувьд яагаад чухал вэ гэдэг талаас нь энэ үеүдэд түлхүү ойлгуулах хэрэгтэй байх. Тиймээс бага насны хүүхдийн боловсролд гэр бүл буюу ялангуяа аав ээжүүд голлох үүрэг гүйцэтгэдэг гэдгээ ухамсарлавал маш сайн.

-Хүүхдийг ээжийнхээ, аавынхаа тухай бичээрэй, зураарай гэх нь хэр зохимжтой юм бэ?

-Яг энэ тохиолдол надад өөрт тулгарч байсан. Намайг бага ангид байхад зургийн хичээл дээр ээжийгээ зурж ирээрэй гэсэн даалгавар өгсөн юм. Гэтэл тэр өвөл ээж маань бурхан болчихсон байсан. Надад их хүнд санагдаж маргааш өглөө нь зуралгүй очсон доо. Төсөөлөхөд ч хэцүү байсан болоод л тэр. Багш өглөө даалгавар шалгаж яагаад намайг ээжийгээ зураагүйг асуухад ширээний маань найз та яагаад хүүхэд бүрийг ээжийгээ зур гэж хэлсэн юм бэ гээд нулимс дуслуулан миний өмнөөс хариулж байсныг би одоо ч тод санаж байна. Тэр үеийг эргээд бодоход тийм даалгавар өгсөн нь багшийн маань буруу байж дээ гэж бодогддог. Зүгээр л хамгийн эрхэм хүнээ, хайртай хүнээ зураарай гэж хэлсэн бол өөр. Тийм учраас хүүхдүүдийнхээ өөр өөр гэдгийг мэдэрсэн даалгавар өгөх нь чухал. Нийгмийн сүлжээнд энэ асуудал сүүлийн нэг жил олны анхаарлыг татаж энэ байр суурь ихээр хөндөгдсөн нь багш нарт зөвөөр нөлөөлсөн гэж харж байгаа.

-ХҮҮХДИЙН ДУТАГДЛЫГ АНГИ, ХАМТ ОЛНЫ ДУНД ШУУД ХЭЛЭХ НЬ БУРУУ-

-Өөр дутагдалтай зүйлүүд танд анзаарагддаг уу?

-Эцэг эхчүүд болон зарим багш нарын хувьд анзаарсан зүйл бий. Хүүхдийн дутагдлыг анги хамт олных нь дунд юмуу, бусад хүмүүсийн дэргэд шууд хэлчихдэг. Хүүхэд гэлтгүй бидэнд ч сул тал их бий шүү дээ. Тиймээс өөртэй нь ганцаарчилж уулзаад ч юм уу эвээр ойлгуулах нь зүйтэй. Олны дэргэд, ялангуяа найзуудынхаа дэргэд хэлүүлэх нь тэдэнд их эмзэг тусдаг онцлогтой. Үүнээс болж бусдаасаа ичих, өөрийгөө буруугаар ойлгох бүр цаашлаад хичээлдээ явах сонирхол нь ч буурах эрсдэлтэй. Наад захын энгийн жишээн дээр тайлбарлахад хүүхдэд магадгүй ойр ойрхон нойл явах шаардлага үүссэн байж болно. Түүнийг ойр ойрхон нойл гүйлээ гэж зэмлэхээс илүүтэй гэр бүл, аав ээжээс нь шалтгааныг асуух эсвэл хүүхэдтэй өөртэй нь ярилцаад бусдад нь зөвөөр тайлбарлаж ойлгуулах чухал.

-Тэгвэл хүүхдийн гэм буруу, алдааг өөрт нь ямар байдлаар ойлгуулбал илүү үр дүнтэй санагддаг вэ?

-Миний хувьд хүүхдийг шийтгэхийг чухалчилдаггүй. Ямар нэгэн алдаа гаргасан бол алив нааш ир, гараа өргөөд зогс, аав ээжид чинь  хэлнэ гэх байдлаар ханддаггүй. Болж өгвөл аав ээжид нь хэлэхгүйгээр өөрөө хэлж ойлгуулж ойр байхыг л хичээж ажилладаг. Хэлээд байхад албаар зөрөөд байдаг хүүхэд гэж бараг байхгүй. Тиймээс багшийн чадвар, хүүхэдтэй ажиллах арга барил л үүн дээр чухал санагддаг. Хүүхэд гэдэг амархан гомдож, мартаж, уучилж чаддаг хайрламаар гэгээн ертөнц. Тэд энэ үе дээрээ бодлогогүй, болгоомжгүйгээсээ болж зөндөө л алдаа гаргана. Хүүхэд насных нь онцлог л энэ шүү дээ. Харин өөрөөр нь алдааг нь олуулах чухал. Би буруу үйлдэл гаргажээ, болохгүй юм хэлжээ гэж бодох орон зайг бий болгож өгөхийг эрмэлздэг. Алдаагаа өөрөө олж ойлгосон хүүхэд ахиж давтахгүй шүү дээ.

-ОДООГИЙН ХҮҮХДҮҮД ҮЗЭЛ БОДЛОО НЭЭЛТТЭЙ ИЛЭРХИЙЛЖ БАЙГАА НЬ ЗӨВ-

-Одоогийн нийгэмд амьдарч байгаа багачууд өөр болжээ гэж хүмүүс их ярьдаг болсон. Энэ хэр үнэн юм бэ?

-Цаг үе, нийгмээ дагаад өөрчлөгдөж буй зүйлүүд мэдээж олон. Хүүхдийн хувьд ярихад тэдний маань үзэж харж байгаа зүйлүүд, харьцаж байгаа техник технологийн шийдлүүд өмнөх үеүүдтэй харьцуулахад асар зөрүүтэй болсон. Энэ нь нэг талаараа давуу байдал юм. Ковидын үед цахимаар хичээл заахад хүүхдүүдийн интернет орчинтой харьцаж байгаа чадварлаг байдал сонирхол татсан. Нөгөө талаас хүүхдүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, нээлттэй болсон нь зөв санагддаг.

-Удахгүй сургууль, цэцэрлэгүүд амрах гэж байна. Зуны гурван сар хүүхдүүд нь үгүйлэгддэг л байх даа?

Хэсэг хугацаанд эл хуль, дасаж өгөхгүй хэцүүхэн л байдаг. Юу хийж амарч байгаа бол гэх зэргээр хэдэн хүүхдээ бодсоор зуны гурван сар өнгөрчихдөг. Хүмүүс багш нарыг гурван сар сайхан амардаг гэж ойлгодог. Гэвч бид ажилласаар л байдаг. Дараа жилийн хичээлийн төлөвлөгөө зэргээс эхлүүлээд хийж амжуулах ажил мундахгүй их шүү дээ.

-Сүүлийн асуулт. Ирээдүйн хүрэх зорилгоо хэрхэн харж байна?

Ямартай ч энэ мэргэжлээрээ олон жил үр бүтээлтэй ажиллаж боловсролын салбарт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж явах чин хүсэлтэй. Зорилгын хувьд багаас нь эхэлж хардаг. Өөрийн төрөлх сумынхаа сургуульд, тэнд сурч байгаа дүү нарынхаа сурах орчин, сургалтын чанар зэрэгт анхаарал хандуулж, чадахаараа хувь нэмрээ оруулахыг хичээдэг. Алслагдсан газрын хүүхдүүдэд одоогоор олж хараагүй, мэдээгүй байгаа тэр боломжуудыг нээж, эрт мэдүүлэх маш чухал санагддаг. Хүүхэд бүр тэгш эрхтэй шүү дээ. Тиймээс миний зорьж буй хамгийн эхний зүйл энэ л байна даа. Цаашид мэдээж хичээнэ, хөдөлмөрлөнө.

-Ярилцсанд баярлалаа

Д.МӨНХБАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-13 08:59

Бага ангийн эрэгтэй багш, ямар хөөрхөн юм бэ

Зочин
Зочин
2022-05-13 08:59

Сургуулиа төгсөөд ингээд ажиллаж байгаа сайхан з####уустаа амжилт

Зочин
Зочин
2022-05-13 12:02

Мундаг байна шүү. Зорьсон зорилгодоо заав#### хүрээрэй.

Зочин
Зочин
2022-05-13 12:05

эрэгтэй бага ангийн зуу гаруй багш байдаг хотод

Алтанчимэг
Алтанчимэг
2022-05-13 19:55

Мундаг шүү амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button
5
0
Would love your thoughts, please comment.x
()
x