ЯРИЛЦЛАГА

Ж.Баттуул: Нүд халтирам Дорнодын талыг хараад эмзэглэж, “ПетроЧайна”-гийн мөрөөр орсон

TV8 телевизийн "Эрэл" эрэн сурвалжлах багийн сэтгүүлч Ж.Баттуултай ярилцлаа. Тэр Дорнод аймагт газрын тос олборлож, экспортолдог "ПетроЧайна Дачин Тамсаг" компанийн талаар 2021 оны сүүлээс эхлэн цуврал нэвтрүүлэг бэлтгэж буй.

Өнөөгийн сэтгүүл зүйд нэг сэдвийг тууштай хөндөж, үр дүн гартал нь мухарлахыг хичээх хандлага үгүйлэгдэж байна. Мөн даруу, тууштай, мэргэжилдээ үнэнч хөдөлмөрлөж буйгаар нь сэтгүүлч Ж.Баттуулыг онцолсон юм.

Eguur.mn сайт онцлох контентуудаа танилцуулах үеэр сэтгүүлч М.Тэнгис ярилцлагын талаар товч мэдээлэл өглөө.

-УЛСТӨРЧДИЙН ЭРХ АШИГ ГАЗРЫН ТОСОНД ЗАНГИДАГДАЖ БАЙНА-

-Сэдвийн хүрээн дэх хамгийн анхаарал татаж буй асуудлын нэг нь бүтээгдэхүүн хуваах гэрээ юм билээ. Энэ гэрээн дэх Монголын эрх ашиг зөрчигдөж буй өнцгийг сэтгүүлчийн хувьд хэрхэн харсан бэ?

-Манай баг “ПетроЧайна Дачин Тамсаг”-ийн асуудлыг хөндөх хүрээнд бүтээгдэхүүн хуваах гэрээг тойрч 45 минутын нэвтрүүлэг бэлтгэсэн. Үүгээр Монгол Улсад ашиггүй тусдаг  заалтуудыг тайлбарласан.

Тухайлбал, “ПетроЧайна Дачин Тамсаг” компанийг бүх төрлийн татвараас чөлөөлсөн байдаг. Хэрэв татвар төлөх болбол Монголын Засгийн газар өөрөө өөртөө төлнө. Энэ гэрээг 1993 онд, П.Жасрайн Засгийн газрын үед АНУ-ын компанитай байгуулсан. Тухайн үеийн хууль тогтоомжоор ЗГ-т татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх эрх байгаагүй, татвар төлөх хэлбэрийг л сонгох боломжтой байсан. Гэвч хууль зөрчиж, ийм гэрээ байгуулсан байдаг.

Түүнчлэн 2005 онд уг гэрээг АНУ-ын компаниас “ПетроЧайна Дачин Тамсаг” шилжүүлж авахдаа ЗГ-аар хэлэлцүүлээгүй. Уг нь заавал ЗГ хуралдаж, зөвшөөрөл олгох ёстой ч УИХ-ын гишүүн асан Л.Болд дур мэдэн шилжүүлсэн байх жишээтэй. Ийм мэтийн ноцтой асуудлууд бий.

Ер бүтээгдэхүүн хуваах гэрээг бүтнээр нь уншаад үзвэл үнэхээр харамсмаар. Бизнес гэдэг хоёр тал харилцан ашигтай ажиллахыг хэлдэг ойлголт. Гэвч Монгол Улс 1993 оноос хохирч ирсэн.

-Уг гэрээнд нэмэлт өөрчлөлт орж байсан болов уу?

-Хавсралт хэсгийн хэмжээний, талбай томсгох зэрэг жижиг сажиг өөрчлөлтүүд орж байснаас том заалтуудад ер гар хүрч байгаагүй. 1993 оноос хойш 30 орчим жил үе, үеийн Засгийн газар энэ алдаа дутагдлыг засъя, сайжруулъя гэж алхам хийгээгүйд сэтгүүлч хүний хувьд харамссан.

-Бүтээлд улстөрчдийг нэр холбон цоллосон хурц агуулга төдийлөн бага санагдсан. Сэдвээ улстөржүүлэх талд ямар зарчим баримталж ажиллаж байгаа вэ?

-Бид улстөрчдийн хэн нь ямар холбоотойг таамгаар биш баримтаар нотлохыг хичээж байгаа. Сургаар эх сурвалжууд их холбогдож байна. Ерөнхий агуулгаар нь харвал хоёр том намын оролцоо энд бий. Аль ч нам засгийн эрх авна, газрын тосны эрх ашиг байж л байдаг. С.Ганбаатар гишүүн “Улс төрчдийн эрх ашиг газрын тосон дээр зангидагддаг” гэж хэлж байсан нь ортой.

Бид аль болох улс төрчдийг ил болгоё гэж бодсон, чадахаараа дэлгэж байна. Нөгөөтээгүүр “манайхан” шууд өөрийн юм уу эхнэрийнхээ ч юм уу нэр дээрх компаниар үйл ажиллагаа явуулахаа больж. Найз, туслах зэрэг хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээрх компанийг ашиглаж, “ПетроЧайна Дачин Тамсаг”-тай хамтран ажиллаж байна.

Манай “Эрэл” сурвалжилга нэг зүйлийг баримталдаг. Энэ бол баримтад тулгуурлах, хүнийг огтхон ч гүтгэж болохгүй. Нэвтрүүлгүүдэд магадгүй зарим хүний нэр төдийлөн дурдагдаагүй анзаарагдсан байх, бүрэн баримтаар нотлоогүй л гэсэн үг.

-Үр дүн гарахгүй бол эрэн сурвалжлах бүтээл биш гэж хэлэх нь ч бий, онолын хувьд. Сэтгүүлчид үр дүнгээ нэхэж, өөрсдөө процессын оролцогч тал болон, акц зохион байгуулдаг болсон. Танд ингэмээр санаа төрж байна уу?

-2-3 сурвалжилга хийсний дараа ч хүмүүс мэдэхгүй, анзаарахгүй байхад шантармаар, орхимоор санагдсан нь бий. Гэвч үнэхээр эмзэг асуудал байгаа учраас хаяагүй, цаашид ч хаяхгүй байх.

Чи асуулаа, сэтгүүлчид өөрсдөө АТГ-т хандаж, хэвлэлийн хурал зарладаг болсон. мундаг байгаа. Би тэгэхийг хүсээгүй л дээ. Миний хувьд бүтээгдэхүүн хуваах гэрээг УИХ-ын 60 гаруй гишүүнд тарааж, жижиг акц хийсэн удаатай. Эмгэнэлтэй шүү дээ. 60 гаруй гишүүнд өгөхөд гэрээний талаар мэдэж байгаа хүн гарын таван хуруунд багтахтай үгүйтэй байсан.

-Уул уурхайн сэдвүүд дээр эх оронч үүднээс хандах сэтгүүлчдэд их төвөгтэй тусдаг. Гадаадын хөрөнгө оруулалтыг эс дэмжсэн байр суурийг баримталбал “орк”, “шантаажчин” нэр зүүдэг болчхоод буй. Энэ сэдэвт эх оронч байхыг та зүрхэндээ мэдэрсэн үү, ийм агуулга яагаад чухал юм бэ?

-Би Төрийн ордонд л гүйж байдаг улс төрийн сэтгүүлч байсан. Харин монголчууд хэний ч дор орохгүй, өөрсдийнхөөрөө хөгжин цэцэглэж амьдрах ёстой гэсэн эх оронч бодол миний багшаас надад суусан. Л.Мөнхбаясгалан сэтгүүлчийн цэрэг л дээ, би. Энэ хүний гаргаж буй үйлдэл, хандлага эх оронч. Тэр нь надад суусан байх.

2021 оны аравдугаар сард бид анх Дорнодод очиж ажилласан. Үнэхээр нүд халтирам байсан. Хүмүүс “Нүд алдам Дорнодын тал” гэж ярьдаг, дуулдаг юм байна. Одоо “Нүд халтирам Дорнодын тал” болсон байна. Тийм зүйл харсан монгол хүн чинь хэцүү л байдаг юм байна.

Бид гадаадын хөрөнгө оруулалтыг үгүйсгэж, үзэн ядаад байгаа зүйлгүй. Зүгээр л “Харилцан ашигтай бай л даа, Монгол Улсын хууль тогтоомжийг мөрд л дөө” гэж асуудлыг тавьж байгаа.

Тухайлбал, уул уурхайн компаниуд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг жил бүр батлуулдаг. Үүнийг батлуулж байж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх нь нээгддэг. Гэтэл “ПетроЧайна Дачин Тамсаг” 2021 онд менежментийн төлөвлөгөө батлуулаагүй байж үйл ажиллагаа явуулаад л байсан. Бас ямар ч зөвшөөрөлгүйгээр ус ашиглана. Гэхдээ мөнгөтэй компани их “гоё” байдаг юм байна. Хууль зөрчлөө, мөнгөн торгууль ирлээ, төллөө. Учир нь торгууль ихэвчлэн 2-3 сая төгрөгт л хүрдэг юм байна.

-Сэтгүүлч ямар ч захиалгагүй ажиллаж байгаа боловч заавал аль нэг талыг баримтлагч болж харагдах, хараалгах нь элбэг. Аль болох тэнцвэрээ хадгалахыг хэрхэн эрмэлзэж байна вэ?

-Нэг хэсэг би УИХ-ын гишүүн Х.Болорчулууны захиалгаар ажилласан нэр зүүсэн. Дараа нь Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн хүн болж хувирсан. Сүүлдээ бүр ОХУ-ын гар хөл ч болох шахсан. Нэг хүн уулзаад “Чиний ард хэн байгаа юм, том ар байна, тэ? Оросууд байгаа юм биш биз дээ?” гэсэн. Угаас ингэж харагддаг юм билээ. Ямар ч эрэн сурвалжлах бүтээл  хийсэн түүний ч, үүний ч захиалга гэж хэлүүлдэг. Үгүй бол хувьдаа шантааж хийж байна гэж хардаг.  

Нэг эмгэнэлтэй нь, манай салбарын нэр хүнд нэлээд унажээ. Яаж салбарынхаа нэр хүндийг сэргээх тухайд би айхтар гарц хэлж мэдэхгүй байна, үнэндээ. Гэхдээ үргэлж хэн нэгний захиалгаар явдаг, шантааж хийдэг гэж хэлүүлдэг нь үүнтэй л холбоотой байх гэж бодож байна, ний нуугүй хэлэхэд. Би хэлдэг юм, манай ард редакц  маань л бий. Дорнод руу бид байгууллагаасаа бензиний мөнгө гуйж, хамгийн бага иддэг машинд суугаад л явж байлаа.

Тэнцвэртэй мэдээлэх чиглэлд аль болох л хичээж байна. Анх Дорнодод очиж, тал талын байр суурийг цуглуулсны дараа хичээж байгаад заавал “ПетроЧайна Дачин Тамсаг”-аас тодруулга авсан. Цагаан дээр хараар буй фактыг хүлээн зөвшөөрдөг л юм билээ. “Тийм ээ, бид тэгсэн” гэж. Ингэж улаан цагаан хүлээн зөвшөөрч байгаа боловч хэн ч арга хэмжээ авахгүй байгаа нь анхаарал татдаг.

Бас энэ нэвтрүүлгийг хийх явцад “ПетроЧайна Дачин Тамсаг”-ийн талаар ярьдаг хуульч, эдийн засагч, улс төрч байхгүйг ойлгосон.

-Ганцаардсан гэж үү?

-Бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар нэвтрүүлэг хийхдээ тойргоос нь сонгогдсон Х.Болорчулуун гишүүнээс л яриа авсан. Тойргийнх нь гишүүн учраас бага сага мэдээлэлтэй юм билээ. Олон хүнд санал тавьсан, татгалзаж байсан. Энэ сэдвээр нээлттэй ярих ч хүн олддоггүй юм билээ.

-ДӨРВӨН ЦУВРАЛ ХИЙСНИЙ ДАРАА Л ХҮМҮҮС ХОЛБОГДОЖ ЭХЭЛСЭН-

-Гэхдээ үнэхээр захиалга байсан эсэхийг асуумаар байна. Анх энэ сэдвийг яагаад барьж авах болсон юм?

-Ямар ч захиалга байхгүй. Энэ сэдвийг барьж авсан түүхийг ярья л даа. Би 2021 оны есдүгээр сард “Tv8” телевизэд ажилд орсон. “Эрхэт монгол” групп өөрөө багаа бүрдүүлж ирэх сайхан боломж олгосон. Ийн багаа бүрдүүлж, ажиллаж эхлээд бид хөндөх сэдвүүдээ жагсаасан. Энэ дунд “ПетроЧайна Дачин Тамсаг” багтсан байсан л даа. Бүрэн цогцоор нь хөндсөн, томоохон материал огт хийгдэж байгаагүй нь анхаарал татсан. Яг энэ үед давхцаад Дорнод аймгийн Засаг дарга хэвлэлийн бага хурал хийж, “ПетроЧайна Дачин Тамсаг”-ийн Ерөнхийлөгчийг Экологийн цагдаагийн газар өгч буйгаа мэдэгдсэн. Үүнийг сонсоод ер нөхцөл байдал ямар байгааг очиж үзье гэж шулуудсан.

Түрүүнд хэлсэнчлэн, “Томилолтын мөнгө шийдэж өгөөч” гэж удирдлагадаа хандаад л бид гарсан. Харахад үнэхээр нүд халтирам байсан. Матад суманд газрын тос олборлох 19-р талбай нь бий. Энэ сум байгалийн баялгаа өгчхөөд нэг контейнерэн худагтай л үлдсэн байхгүй юу. Матадынхан тэндээсээ ус авах гэж өдөржин дугаарладаг, маш хүндрэлтэй. Үүнийг хараад үнэнийг хэлэхэд зэвүү хүрсэн. “ПетроЧайна Дачин Тамсаг”-аас тодруулга авахад “Матадад нэг худаг байна уу. Түүнийг чинь бид барьсан шүү дээ” гэсэн. Тавлаж байгаа юм шиг. Үүнд бүр их эмзэглэсэн.

Ингээд л эцсээ хүртэл явъя гэж шийдсэн. Үнэнийг хэлэхэд бидэнд захиалагч байхгүй ээ. Мөн энэ ташрамд удирдлагууддаа талархмаар байна. Нэг сэдвийг тууштай хөндөх боломж олгосонд нь. Чи надтай холбогдоод, “Манай сэтгүүл зүйд нэг сэдэв барьж аваад, тууштай хөндөх нь цөөн болсон” гэж хэлж байсан. Бодоод байхад тийм юм. Ингээд бодохоор миний хувьд анхных юм билээ.

Үнэндээ дөрвөн цуврал нэвтрүүлэг хийсний дараа л сая хүмүүс холбогдож эхэлсэн. “Чамайг ажигласан, хэдэн төгрөг салгаж аваад больчих юм болов уу гэж харсан. Харин тууштай байгаа болохоор чинь одоо холбогдож байна” гэж. Тэр хүмүүс үнэхээр “алтан” мэдээллүүдийг өгч эхэлж байна. Би “Сэтгүүл зүй ийм байх ёстой” гэж айхтар онол хэлж чадахгүй, өөрөө ч ойлгоогүй яваа байх. Гэхдээ ер сэтгүүлчид маань нэг сэдвийг барьж аваад тууштай явбал хувь хүнд нь ч, нийгэмд ч ач тустайг олж харж байна.  

-1993 оноос хойш арга хэмжээ авагдалгүй явсан нь тодорхой хэмжээнд авлигын сүлжээ бий болсныг харуулж байх шиг. Цаашид ийш нэвтрэх, дэлгэх сэжүүр бий юу.  Ямар баримтууд хэрэгтэй байна вэ, сэдвээ хэрхэн үргэлжлүүлж хөндөх вэ?

-Монголд газрын тосны мафи байна. Эндээс амьдралаа залгуулдаг шат шатны албан тушаалтнууд байна. АМГТГ-ын гол асуудал хариуцсан дарга нар “ПетроЧайна Дачин Тамсаг”-тай ашиг сонирхлын зөрчилтэй. Бизнес хамтрагчид болчихсон байх жишээтэй.

Газрын тосны 19, 21-р талбай дээр хяналт тавих ёстой, ЗГ-аас томилогддог хоёр албан тушаалтны нэг нь дүүгээрээ дамжуулж бизнес хийдэг байсан. Нөгөө нь эхнэрийнхээ ахаар. Ийм байхаар “ПетроЧайна Дачин Тамсаг”-т хэн, яаж хяналт тавих вэ.

Мөн газрын тос экспортолсон орлогын 40 хувийг “ПетроЧайна Дачин Тамсаг” үйл ажиллагааны зардал нэрээр, өөрсдөдөө авдаг. Гэтэл одоог хүртэл энэ зардалд нь баталгаажуулалт хийгээгүй. АМГТГ-аас, дарга нараас “ПетроЧайна Дачин Тамсаг” руу “Энэ компанийг дэмжиж өгөөрэй, хамтарч ажиллаарай” гэсэн бичиг  явдаг. Гэх мэт ашиг сонирхлын зөрчил шат шатандаа байгаа.

-Танай баг энэ сэдвийг тууштай хөндөж явлаа, одоо ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?

-Би чамд болоод танай редакцад маш их баярлаж байна. Энэ л дэмжлэг. “Эрэл”-ийн хийсэн нэвтрүүлгийг үзээд, шэйрлэх нь бас дэмжлэг.

Бас яг санаснаар болохгүй, нэг их газар авахгүй л байна. Би уг нь сэтгүүлчийнхээ үүргийг л гүйцэтгэж байгаа. Гаргаж тавиад, харин бусад нь шалгаад явмаар. Тийм учраас би тэмцмээргүй байна. Тэмцэгч биш сэтгүүлч шүү дээ. Харин тэмцэхэд хүргээд байна л даа.

Үнэхээр үүнд арга хэмжээ авахгүй юм бол хуулиа өөрчилчих хэрэгтэй. “Манай газрын тос бол “ПетроЧайна Дачин Тамсаг”-гийнх. Дорнодод дураараа ажиллана. Байгаль орчин хамаагүй” гээд. Тэгвэл бидэнд сурвалжилга хийж явах хэрэг байхгүй. Харин үгүй гэвэл хуулийн хэрэгжилтийг хангах л хэрэгтэй.

-“ПетроЧайна Дачин Тамсаг”-гаас танай багт нөлөөлөх оролдлого хэр хийсэн бэ. Энэ сэдвийг ямар үед орхих вэ гэж асуугаад ярилцлагаа дуусгая?

-Гэрээ байгуулъя гэж холбогдсон. “ПетроЧайна Дачин Тамсаг”-ийн хуучин Ерөнхийлөгч нь эрүүгийн хэрэгт холбогдсон. Иймд урдаас шууд татаад, шинэ Ерөнхийлөгч авчирсан. Тэр үед нэг өвөр монгол залуу холбогдоод  “Манай шинэ Ерөнхийлөгч томилогдож ирсэн. Гэрээ байгуулъя. Үнийн саналаа явуулчих” гэсэн. Би “Гэрээ байгуулж болно. Мэддэг хүнийг нь холбож өгье. Миний нэвтрүүлэг харин энэ гэрээний хүрээнд хязгаарлагдахгүй шүү” гэж хэлсэн. Хаалтын бус, сурталчилгааны гэрээгээр хамтран ажиллах нь хувийн мэдээллийн хэрэгслүүдэд эрүүл жишиг. Тэгтэл намайг их хэмжээний мөнгө нэхсэн гэж гүтгэж, төрийн байгууллагуудад ярьж явсан байна билээ.

Би хэчнээн “Петро чайна”-тай арсалдмааргүй байвч тэр үед нүүр хуудастаа “Намайг худалдаж авч чадахгүй шүү” гэж бичсэн. Ер нь санал тавьдаг юм билээ. Манай нэвтрүүлэгт орсон хүмүүстэй ч дараа нь холбогдсон байдаг юм билээ.

Манай баг зогсохгүй. “Газрын тос “ПетроЧайна Дачин Тамсаг”-ийнх” гээд хуулиа өөрчилчихдөггүй л юм бол гэрээнд өөрчлөлт ортол нь  бид явна. Зуны цаг хугацаанд баримт материалаа цуглуулна. Хөндөөгүй олон сэдвүүд байна.

Төгсгөлд нь, иргэдээ газрын тос гэдэг зүйлд анхаарлаа  хандуулаач гэж уриалмаар байна. Засгийн газар энэ асуудлыг сөхөж эхэлсэн нь сайн хэрэг. Иргэд маань шахаад өгөөч. Нэр төдий шийдвэр гаргаад өнгөрөх вий гэж санаа зовж байна. Засгийн газар дотор ч ашиг сонирхлын зөрчилтэй хүн бий.

Мөн, энэ зун Буйр нуур луу аялаарай, тэгэх замдаа “ПетроЧайна Дачин Тамсаг”-ийн үйл ажиллагааг дайрч хараарай гэж хэлмээр байна. Үргэлжид тонголзох өндөр төхөөрөмжүүд гунигтай шүү. Судас ханах шиг л мэдрэмж төрнө, ний нуугүй хэлэхэд.


"ЭРЭЛ" БАГИЙН НЭВТРҮҮЛГҮҮД:

“Эрэл” сурвалжилга-“Петрочайна дачин тамсаг” цуврал-1

“Эрэл” сурвалжилга-“Петрочайна дачин тамсаг” цуврал-2

“Эрэл”сурвалжилга-“Петрочайна дачин тамсаг” цуврал-3 “НУУЦ” ГЭРЭЭ

“Эрэл” сурвалжилга-''Петрочайна дачин тамсаг" цуврал-4 “АВЛИГА, АШИГ СОНИРХОЛ”

“Эрэл” сурвалжилга-''Петрочайна дачин тамсаг" 5 “БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭ БА МОНГОЛЫН ТӨРИЙН ҮНЭН"

“Петрочайна дачин тамсаг”Цуврал 6 “350 тэрбум”

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Мөнх
Мөнх
2022-05-17 08:41

Монголчууд бүгд хүнээ байчихаагүй л юм байна. Тууштай тэмцээрэй. Сэтгэл зүрхээрээ дэмжье

Зочин
Зочин
2022-05-17 08:46

Сэтгүүлч сайн байна

irgen
irgen
2022-05-17 08:55

Yun 2021 ond ochood nud halitrah ve, 10 garui jiliin omno bi tuugeer ajlaar yavj baihdaa haraad estoi gaihaj baisan, tom hamgaalalttai company baijee. 30 jil manai gazriin tosiig odor shonogui sorj baihad odoo yum uldsiimuu. Daanch dee, uneheer haramsmaar. Setguulch zaluud amjilt husye, zaaval ard ni garaarai, ene ajliin toloo duu hooloigoo orgoh hun olon bga gedegt itgej baina. Manai darga nertei luivarchinguud iim l bga yum daa, Chinese humuus tedniig doog tohuu hiigeed, doromjlood l yarij bga sh dee, oi gutam.

Зочин
Зочин
2022-05-17 10:02

Мундаг сэтгүүлч байна аа амжилт хүсье ээ Ихэнх сэтгүүлчид яг улс төрчид шигээ хэтэрхий поп болчихсон санагддаг хэлбэр хөөх төдий. Харин Баттуул бол өөр гэдгээ харуулж байх шиг санагддаг

Туяа
Туяа
2022-05-17 10:13

Йим сэтгүүлч олон байгаасай

Зочин
Зочин
2022-05-17 10:27

Улс орны эрх ашиг, ард түмний, газар нутгийнхаа асуудлыг хөндөж тууштай, дайчин зүтгэж буй сэтгүүлч дүүд баярлаж т####архаж явна. Олны мэдэхгүй олон нууцыг ч мөн ил гаргаарай гэж хүсье.

Иргэн
Иргэн
2022-05-17 10:49

МАНАН дорнодын т####ыг сэглэжээ. Иргэддээ ####ж т####агсадын угсаа нэг иймэрхүү ажил хийнэ. Иргэд засгийн эрхийг бүрэн мэдэлдээ авах хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-05-17 10:49

Эрэл сурв####жлагынханд амжилт хүсье бүгдээрээ шударга хүмүүсээ дэмжье харин луйварчдыг огцруулья

Зочин
Зочин
2022-05-17 13:49

mongold unheer uur hurmeer yumaa buh yum ni baigaa hernee baahan archaagui darga nariin gaigaar haraldaa buur arai

Халх
Халх
2022-05-17 15:48

Тэр дорнодын т####ыг там болгож байгаа Хятадуудыг ,хамга####аад үхэх шахаад байгаа Нямдорж тагнуул ай нь, хамт хөөж гаргах юмсан. Даанч энэ төрд шург####сан хулгайчууд нь бас л МАН бан д####баан дор хамга####аад үлдээх байх л даа. Монгол улс ч хэцүүдэх замруугаа орлогодоо!!!

иргэн
иргэн
2022-05-17 15:52

Газрын тосны агентлаг бол үнэнийг хэлхэд хахуулын партизанууд төрж өссөн газар гэж хэлж болохоор харагддаг. Яагаад мэдсээр байж арга хэмжээ авахгүй ийм олон жил болов. Яагаад энэ агентлагын дарга солигдсонч ийм увайгүй эх орноо бодохгүй чимээгүй байв. Энэ бол авилг#### эхнээсээ өнөөг хүртэл хөгжүүлж чадсан Петрочайнаагийн л арга гэж ойлгогдохоор байгаа юм. Нэн даруй гэрээг өөрчилж харилцан үр ашигтай байх, байг####ь экологид учруулсан хохиролыг төлүүлэх, нөхөн сэргээх гарафик төлөвлөлөгөөттэй болгох хэрэгтэй. Энэ архагшсан амаргүй ажил. Гэвч үүнийг цааш даврааж хэрхэвч болохгүйээ. Үүнд УУХҮЯ, АМГТГ онцгой анхаарч шуурхай арга хэмжээ авхуулхад Ерөнхий сайд ЗГХЭГ илүү анхаар#### хандуулах ёстой шүү.

Зочин
Зочин
2022-05-17 19:33

Үнэн нүд х####тирам

Зочин
Зочин
2022-05-17 22:01

Дорнотын т####ыг там болгрж байгаа. Очирбат л хятадад анх өгсөн гэж ойлгоод байгаа зөв үү

guyuu
guyuu
2022-05-17 22:23

alivaa tom ashigtai uildver uil ajillagaa huulind doloovor ,dund huruunii dund erhii huruu haragddag ,tegeed hujaa gej muu bugdiin amnii unshilaga ,shivshleg ,gevch ene bugdiin ard zasag turiin tamgalagsan tom erhemuud l ner n ih garahgui ch , mungun deer bol baasan deer shavsan batgana shig nergui nuur bgaa n buhend oilgomjtoi boljee ! huuli tedend hamaagui , ted uursduu zohioson n ter!

Зочин
Зочин
2022-05-18 02:45

Одоо бид нар ингэж амьдармааргүй байна

Ж.Энхбаяр
Ж.Энхбаяр
2022-05-18 09:47

Энэ хүүхэд эх орныхоо төлөө их их юм даа. Даанч авч хэлэлцэхгүй Энэ. Дорнодын засаг дарга гэж хүн Худлаа хашхируулаад л өөр юм хийж чадахгүй юм даа Энэ Ашигт м####тм####ын газар гэж ямар юм байна аа. Энэ газрын Тус хариуцсан газар, Байг####ь орчны сайд, Бат Эрдэнэ нар юу хийж байна вэ юу хариуцаж байдаг юм. Энэ т####аар ер нь явах хэрэгтэй шүү дээ Сэтгүүлч хүүдээ амжилт хүсье ээ. Чи мундаг шүү. Ийм л улсууд. манай эх оронд хэрэгтэй Амжилт хүсье. Хүү дээ

Иргэниргэн
Иргэниргэн
2022-05-18 20:35

Энэ асуудлыг хөндөж тавьсан сэтгүүлч з####ууд баярл####аа.үнэхээр хүний нутаг болсон мэт харагдаж бсан.хятад машинууд шөнө өдөргүй зөөгөөд газар нь харлаад дэндүү муухай болжээ.хэн гэдэг хүн ингэж нёфтээ үнэгүй шахам өгөөд бгааг ойлгох арга ####га.өөрсдөө нефтийн байж гаднаас өндөр үнэтэй бензин аваад бгббг бүр ойлгохгүй юм.яахаараа хятадууд дураараа аашилж тусгаар улсын баялагийг үнэгүй зөөж бид ядуу амьдрах ёстой юм бол.худ####дан авах гэрээ гэж юу бгааг ард түмэнд нээлттэй зарлаж гэрээ хийсэн улсыг ялоах цаг болсон бишүү?

Зочин
Зочин
2022-05-19 06:18

Дорнодоос сонгогдсон гишүүд нь арга хэмжээ аьч энэ шударга з####ууд туслаач. Аягүй бол өөрсдөө идэлцэж бaйгаа даа энэ гишүүд нэртэй хуВ####зууд.

Иргэн
Иргэн
2022-05-19 11:26

Баярл####аа, шантарч огт болохгүй, цааш иргэд хамтдаа явах болно.

Холбоотой мэдээ

Back to top button
19
0
Would love your thoughts, please comment.x
()
x