УЛС ТӨР

Дураараа аашилж, доромжилсон бол хариуцлага хүлээх агуулга нэмж, сонгуулийн заалтыг хасжээ

ХЗДХЯ-наас өргөн барьсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж эхлээгүй байна. Гэхдээ “Доромжлох” тухай зүйл заалт орж ирсэн нь нийгэмд хэлэлцүүлэг үүсгэсэн. Үүгээр олны танил хүмүүс, тэр дундаа улстөрчдийг элэглэх эрх хязгаарлагдах уу, сэтгүүлчид ийм агуулгаар эрүүгийн хариуцлага хүлээдэг болох уу зэрэг асуултууд үүсээд байгаа юм.

Тэгвэл, тус нэмэлт өөрчлөлтөөр “Дураараа аашлах”, “Илт худал” нэр томъёог “Худал” болгох, “Сонгуулийн үеэр худал мэдээлэл тараах” зүйл заалтын хүчингүй болгох зэрэг бусад анхаарал татах заалтууд ч тусжээ.

Тэднээс онцолъё.

Нэг. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Илт худал” гэсэн томъёолол бий. Үүгээр худал мэдээлэл түгээсэн гэмт хэргийг “Илт худал” гэсэн дэс ангиллаар ялгаж үздэг. Тэгвэл энэ заалтаар “Илт” гэсэн үгийг хасна. Улмаар худал гэж үзэх мэдээллүүдийг ялгаж үзэлгүй, нэг цензурээр харна гэсэн үг.

Явцуу утгаар хэлбэл: Илтэд худал биш, үнэн худлыг тогтооход баримт нотлогоо, мэдүүлэг судалгаа шаардлагатэй кэйсүүдийг энэ хүрээнд нэгтгэх нь. Мэдээж ийм хэрэгт холбогдсон бол Эрүүгийн хариуцлага хүлээнэ.


Хоёр. Дураараа аашилсан бол эрүүгийн хариуцлага хүлээнэ. Нэмэлт өөрчлөлтөөр "Дураараа аашлах" нэртэй 22.11 дүгээр зүйл шинээр орж ирж буй. Мөртлөө "Дураараа аашлах" гэдэгт: Нийтийн албан тушаалтад бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлэх, ашиглахыг хамааруулж үзэх аж.

Түүнчлэн ийм гэмт хэрэг үйлдэн их хэмжээний хохирол учруулсан бол: Нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ.


Гурав. Мөн "Виртуал хөрөнгийн үйлчилгээг бүртгэлгүй эрхлэх" гэсэн шинэ зүйл нэмж байна. Үүгээр, ийм гэмт хэрэг үйлдсэн бол: Хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурав жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх аж.

Хэрвээ бүртгэлгүйгээр виртуал хөрөнгийн үйлчилгээ эрхэлж, их хэмжээний хохирол учруулсан бол: Нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр зүйлчилжээ.


Дөрөв: "Сонгуулийн үеэр илт худал мэдээ тараах" зүйлийг хүчингүй болгоно. Өөрөөр хэлбэл, өдгөө үйлчилж буй хуулийн 14.8-д ийм зүйл заалт байдаг. Үүгээр улс төрийн нам, намуудын эвсэл, гишүүдийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээ тараасан бол хариуцлага хүлээх зохицуулалттай байв.

Тэгвэл эл нэмэлт өөрчлөлтөөр тус зүйл заалтыг хүчингүй болгохоор тусгажээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
өлзий
өлзий
2022-05-26 14:50

22.11 дүгээр зүйл "Дураараа аашлах" одоо ч бий.

Холбоотой мэдээ

Back to top button