Fitch Ratings: Засгийн газрын өр 2022 оны эцэст ДНБ-ий 65.3 хувьтай тэнцэнэ
Хэрэв Засгийн газрын өр ДНБ-ийн 70 хувьд хүрвэл өрийн тааз хэтэрсэнд тооцохоор хуульчилсан. Тэгвэл олон улсын санхүүгийн үнэлгээний “Fitch Ratings” байгууллагаас манай улсын Засгийн газрын өрийн хэмжээг 2022 оны эцэс гэхэд ДНБ-ий 65.3 хувьтай тэнцэнэ гэж үзсэн байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны үеэр Засгийн газрын өрийн асуудлыг ил тод ярьж, даах “нуруу”-гүй болж буй талаар онцолсон. Түүнээс хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд Засгийн газар дахин томоохон төслүүдэд өрийн баталгаа гаргах асуудлууд ч яригдсан юм.
ДОТООД ӨР 42 ХУВИАР БУУРЧЭЭ
Тэгвэл, Үндэсний статистикийн хорооны сүүлийн мэдээллээр, Засгийн газрын өр энэ оны эхний улиралд 27.5 их наяд төгрөг болж нэмэгдсэн байна. Энэ нь өмнөх улирлаас 426 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт болж байна. Харин энэ дундаа:
- Гадаад өрийн хэмжээ 1 их наяд төгрөгөөр өссөн
- Дотоод өр 42 хувиар буурсан онцлогтой байна.
Энэ чиглэлд Дэлхийн банкны тайланд хэд хэдэн зөвлөмж дурдсан нь анхаарал татсан.
Тодруулах юм бол:
- 2022-2023 онд хийгдэх нийт 1.5 тэрбум ам.долларын бондын эргэн төлөлтийг санхүүжүүлэд хүндрэл учирч болзошгүй
- Засгийн газрын өрийн 95-аас илүү хувь нь гадаад валютаар илэрхийлэгдэж байгаа нь шокод өртөх эрсдэлийг нэмэгдүүлнэ
- Гадаад санхүүгийн зах зээлээс эх үүсвэр татах нөхцөл чангарна
- Урсгал тэнцлийн алдагдал 2023 он дуустал өндөр байх эрсдэлтэй зэрэг чухал өнцгүүд багтаж байв.
Сонирхолтой тооцоолол хийхэд, 27.5 их наяд төгрөгийг Монгол Улсын иргэдэд хуваавал, нэг иргэнд 8.6 сая төгрөгийн өр ноогдож байна.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өрөө өсгөөд л байх юм бидний үр хүүхдүүд төлөх байх даа
ЗГ өрөө компаниуд дээр гэмэхээр бүр их өр бий