Сурвалжилга, Нийтлэл

Шавар гэрийн маргаан буюу жүжиг: Буурийг нь “Энигмаконстракшн” өөрсдөө төсвийн мөнгөөр тохижуулна

Зайсан дахь шавар гэрүүдийг Нийслэлийн ЗДТГ-ын захирамжаар буулгаж, өмчийн маргаан дэгдсэн. Шавар гэрүүд байрлаж, үйл ажиллагаа явуулж байсан газар “Энигмаконстракшн” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй. Тус компаниас “Хууль ёсны зөвшөөрөлтэй байхад хувийн өмч рүү төр халдлаа” гэж мэдээлэл хийсэн. Харин Нийслэлийн ЗДТГ-аас мөн эсрэг хариу тайлбар өгөөд буй. Ямартай ч үйл явдлын дараа “Энигмаконстракшн” болоод Нийслэл хоёрын хооронд маргаан үүссэн дүр зураг бий болоод байгаа юм.

Маргааны үеэр цагдаа нар сэтгүүлчийн биед халдаж, бөөн дуулиан дэгдээхэд хүрсэн. Гэвч ил цагаан маргааны цаана “Энигмаконстракшн”, Нийслэл хоёр урьдчилан гар барьсан байж болзошгүй баримт тендерийн нээлттэй мэдээллийн санд байгаа юм. Тодруулах юм бол, шавар гэрүүдийг буулгахаас бүр өмнө “Энигмаконстракшн” тус газрын ойролцоо тохижуулалт хийх тендерт шалгарсан байгаа юм.

Энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр зарлагдсан “Ар Зайсангийн гудамжаас Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын замын тохижилтын ажил” хэмээх тендерт “Энигмаконстракшн” ХХК шалгарчээ. Шавар гэрүүд байрлаж байсан газрын Дугуй цагаан гэлцдэг. Тиймд яг ч шавар гэрүүдийг буулгасан газарт биш, тэр хүртэлх гудамжийг тохижуулах тендер гэж ойлгогдом. Гэвч яг тендерийн материалтай танилцвал, Дугуй цагааны талбайд сууж нарлах талбай байгуулахын сацуу Хангарьдын хөшөө барих агуулга туссан байгаа юм.

Уг ажлын нийт төсөвт өртөг 6.3 тэрбум төгрөг.

Энэ үүднээсээ “Энигмаконстракшн” ХХК, Нийслэлийн хооронд үүссэн шавар гэрийн маргаан жүжиг байв уу гэсэн асуулт үүснэ. Нэгэнт гэрүүдийг буулгасны дараа тэнд хийгдэх бүтээн байгуулалтыг төсвийн мөнгөөр гүйцэтгэх тендерт шалгарчхаад ийм маргаан дэгдээсэн нь анхаарал татна. Ийм тендерт шалгарсан компанийн  хувьд шавар гэрүүдийг бараг л өөрсдөө буулгаж, чөлөөлөх байв гэлтэй.

"Энигмаконстракшн" ХХК-ийн захирал Л.Мөнхбат.

Нэмэлт мэдээлэл өгөхөд, "Энигмаконстракшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Л.Мөнхбат ажилладаг. Тэрбээр Монголын Үндэсний Их Сургуулийн үүсгэн байгуулагч бөгөөд ТУЗ-ийн дарга юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button