Ярилцлага

Х.Идэр: Буруу мэргэжил сонгох төгсгөл биш, айсуй амжилтын эхлэл ч байж мэднэ

“Элсэлтийн ерөнхий шалгалтад яаж өндөр оноо авах вэ. Хэрхвэл хүссэн сургуульдаа орж, мөрөөдсөн мэргэжлээрээ сурах бол”. ЭЕШ өгч буй хүүхэд бүхэнд ийм бодол төрж, дор бүрнээ хичээж байгаа нь мэдээж. Тэгсэн атлаа яг яах, хэрхэх учраа нэг л олохгүй, шаналж суугаа хүүхэд манай уншигчдын дунд байгаа юм биш биз. Тэгвэл та бүхэнд Хосхүүгийн Идэр ингэж зөвлөж, өөрт тулгарсан саад, бэрхшээлийг даван туулдаг арга, туршлагаасаа ийн хуваалцаж байна.

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисст Соёлын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилладаг, “Мөрөөдөлд хүрэх зам”-ыг үүсгэн байгуулсан түүнээс үлгэрлэдэг, суралцдаг залуус цөөнгүй.

-Энэ өдрүүдэд ЭЕШ ид үргэлжилж байна. Ямар мэргэжил сонгох, ирээдүйд хэн болохыг шийдэхүйц хэмжээний маш чухал шалгалт. Та ЭЕШ-д хэрхэн бэлдэж байв?

-Би арван жилдээ муу сурдаг хүүхэд байсан л даа. Үргэлж л болж бүтэхгүй асуудалд орж, багш нарыг уурлуулж, аав, ээжийнхээ чихийг халууцуулдаг байв. Яг юунд дуртайгаа мэддэггүй, зорилгогүй байсан. Гэхдээ ярих дуртай хүүхэд байв. Хүмүүстэй ярилцаж, харилцах тусам илүү өөртөө итгэлтэй болж эхэлсэн. Түүнээс өмнө намхан, шүдний аппараттай, чимээгүй, шоовдор ч юм шиг хүүхэд байлаа. Тухайн үед нийгмийн ажил бага багаар хийж эхэлсэн. Бараг аравдугаар ангиасаа гайгүй идэвхтэй хүүхэд болоод дараа жилээс нь гэнэт сайн сурдаг болоод, ахлах сургуулиа төгсөж байсан.

Сургуулиа төгссөн ч математик, хими, физиктээ тааруухан оноо авсан. Эргээд бодоход англи хэл, нийгмийн салбарын хичээлүүддээ сонирхолтой байж.

Мэргэжил сонголт бол том сэдэв. Нэг хэсэг нь аав, ээжийнхээ “Тийм мэргэжил сонго” гэснээс зөрдөггүй. Нөгөө хэсэг нь сонирхлоо дагамаар байвч ирээдүйд ямар өгөөжтэй, хэр байхаа мэддэггүй. Зарим нь мэргэжил сонголтын талаар тодорхой мэдээлэл, ойлголтгүй байдаг.

Миний хувьд яг тийм байсан. Би бизнесээр суръя гэж анхнаасаа зориогүй. Би юу хүсэж буйгаа тухайн үед мэдээгүй. Гэхдээ өөрийнхөө давуу талыг мэддэг байсан. Хүмүүстэй харилцах, багаар ажиллах ур чадвар, хоббитой гэдэг ч юм уу тиймэрхүү талын өгөгдөлтэй, авьяастай гэдгээ мэддэг байв. Гэвч яг ямар мэргэжлээр сурахаа анхандаа ойлгоогүй. Буруу мэргэжлийг сонгочих вий гэж айх хэрэггүй.  Буруу мэргэжил сонгочихвол тэр төгсгөл биш гэдгийг дүү нартаа захья.

ЭЕШ өгч байгаа хүүхдүүдэд одоо яг ертөнцийн төгсгөл шиг аймар хэцүү, хаягдсан юм шиг, эмормоор санагдаж байгаа байх. “Би ер хэн юм бэ, хэн ч биш, юу ч хийж чадахгүй” гээд өөрийгөө голж, буруутгадаг.

Яг үнэндээ сэтгэл рүүгээ өнгийж харах хэрэгтэй. Чин сэтгэлээсээ юу хүсэж байна, амьдарч байхдаа юу бүтээмээр байна, чиний үнэ цэн, 30 жилийн дараа хэн байх вэ, алсын хараа, бүтээхийг хүсэж буй зүйлээ нэг эргэцүүлээд бодох хэрэгтэй. Ингэхдээ өөрийнхөө чадварыг бас тодорхойл.

Хүн бүрийн тархи өөрөөр ажилладаг. Жишээ нь, хэт уран сэтгэлгээтэй хүнийг химийн багшаар сур гэвэл тэр хүний өгөгдөл бүрэн ашиглагдахгүй. Тиймээс давуу талаа мэдэх хэрэгтэй. Эцэстээ мэргэжил сонголт гэдэг бол чи юу хүсэж байна, ирээдүйд юу хиймээр байгаатай холбоотой зүйл. Тэрнээс биш “Ирээдүйд тэр салбар тэргүүлэх учраас би энэ мэргэжлээр сурмаар байна” гэж хандах нь учир дутагдалтай.  

-Оюутан байх хугацаандаа чөлөөт цагаараа юу хийвэл зүгээр вэ. Танд харамсаж явдаг зүйл бий юү?

-Би оюутан байхдаа харамсмаар зүйл хийж байгаагүй. Сурагч байхаасаа л нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Бүр ч олон зүйл хийх боломж байсан юм шиг хааяа санагддаг. Гэхдээ хүн бүрийг нийгмийн идэвхтэй бол, ажил хий гэж хэлэхгүй. Энэ бол тухайн хүний өөрийнх нь сонголт. Хичээлээ хий, шоуд, гоё бай. Гэхдээ хажуугаар нь ажил хийх хэрэгтэй. Энэ бүгдээс би ажил хийхийг онцолмоор байна. Яагаад гэвэл, ямар нэг ажил хийснээр цаг баримтлах, хариуцлага, үүрэг даалгавар биелүүлэх, багаар ажиллах чадварыг өөртөө төлөвшүүлдэг. Биднийг олон талаар хөгжүүлдэг. Заавал ажил хийх хэрэгтэй. Цагийн ажил ч байж болно.

Би коронавирусийн халдварын улмаас төгсөх жилээ Монголд онлайнаар сурсан. Энэ хугацаанд би ЮНЕСКО-гийн “Монголын үндэсний комисс”-д дадлага хийсэн. Магадгүй би дадлага хийгээгүй байсан бол ажилд томилогдохгүй байсан байх. Ямар ч оюутан их сургуулиа төгсөөд л орох ажил нь бэлэн байвал гоё шүү дээ. Тиймээс заавал дадлага хий. Тэгж байж бид хариуцлагатай болно.

Эргээд бодоход, Австралид сурч байсан хичээлээс илүү ажил хийсэн үеүд, магадгүй зэмлүүлээд, ганцаараа бодож байсан бодлууд, Англи, Америк, Араб гээд янз бүрийн орноос ирсэн хүмүүстэй найзалж, нөхөрлөж явсан маань одоог хүртэл надад хэрэг болдог.

-Шантарсан үедээ өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?

-Шантрах үе тулгардаг. Бэрхшээл үргэлж гарна. Угаасаа амархан байсан бол бүгд хийнэ, хэн ч шантрахгүй, сөхрөхгүы. Хэцүү бүхнийг давж байж л үр дүнд хүрнэ. Тиймээс нийт хүмүүсийн тав гаруйхан хувь нь амжилтад хүрдэг. Хорвоо ертөнц тэр чигээрээ өөрийнх нь эсрэг байгаа юм шиг санагдсан ч “Чадна” гээд цуцашгүй хичээсэн, тэмцсэн хүн л амжилтад хүрдэг.

Би сэтгэлээр унахаараа “Идэр ээ чи чадна. Чи бусдын хэлж байгаа шиг хүн биш. Өөрийн гэсэн үзэл бодолтой. Чиний хүсэж байгаа зүйл чинь биелэнэ” гэж өөрийгөө зоригжуулдаг. Хамгийн хэцүү үедээ өөртэйгээ ярилцаж, урам өгөх хэрэгтэй. Бас ганцаардаж сурах хэрэгтэй. Чамд хэрэгтэй үед чинь хэн ч туслахгүй. Хааяа үнэхээр хэцүү байвал завсарлага авч байгаарай. Гэхдээ битгий бууж өг. Чанартай завсарлага авах нь амжилтад хүрэх үндэс. Заримдаа бид яагаад шантарч ядардаг вэ гэвэл, өөртөө анхаараагүй, буруу хооллолт, нойргүйдэл, ажлын хэт их ачааллаас болдог. Тиймээс өдөрт ядаж найман цаг унтаад, дасгал хөдөлгөөн хийж, өөртөө анхаарах хэрэгтэй.

-Та хэр эмзэг вэ. Сөрөг сэтгэгдлийг яаж хүлээж авдаг бол?

-Миний эрхэнд халдаагүй бол тоодоггүй. Байдаг л нэг сөрөг сэтгэгдлээс болж тухайн өдрийнхөө уур амьсгалыг эвдэж, өөрийгөө ядраахыг, стресстүүлэхийг хүсдэггүй.

-Зарим хүн “Өнөөгийн залуучууд ийм байна, тийм байна. Бидний үед ийм байсан” гэж шүүмжилдэг. Өнөөгийн залуусын талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Бид галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй тийм эрсдлийг хүлээх чадвартай. Нөгөө талаасаа зоригтой. Мангар ч юм шиг мөртлөө ажил хэрэгч. Галзуу юм шиг хэрнээ идэвхтэй. Тийм л үе дээрээ явж байна. Олон зүйлийг нягтлах хэрэгтэй юм билээ. Нягтлаагүйгээс болоод алддаг. Тиймээс хянамгай, хашир, санаатай байх хэрэгтэй. Бас ямар ч зүйлийн цагийг нь битгий тулгаарай л гэж хэлье.

-Өдөр тутамд, ажил, амьдралдаа баримталдаг зарчмаараа сонирхуулна уу. Залууст сонирхолтой санагдах нь мэдээж.

-Баримталдаг эхний зарчим маань маш энгрийн. Чадна, чадахгүйгээ шууд, тодорхой хэлэхийг хичээдэг. Зарим хүн бусдын цаг завыг үрээд алга болчихдог.

Дараагийн зарчим маань бусдыг хүндлэх. Арьс өнгө, тарган туранхай, хүйсийн чиг хандлага, тахир дутуу байгаа эсэхээс хамааран ялгаварлан гадуурхаж болохгүй. Бүх хүнийг хүндлэх хэрэгтэй. Хүндлэл хамгийн чухал. Хүмүүс нэгнийгээ их ялгаж харилцдаг. Олон шалтгаанаас болж. Би томчуудыг дүү нартаа зөв үлгэрлэл үзүүлээсэй гэж хааяа хүсдэг. Чадахгүй бол бид үзүүлье. Залуучууд бид дүү нартаа үлгэрлэл үзүүлэх хэрэгтэй. Нэгнийгээ хүндэлж, хайрладаг байх хэрэгтэй. Хүндлэл байгаа цагт харилцаа бат бөх байна.

Ард иргэд нэгдмэл байвал улс орон хөнжинө. Ингэж байж тухайн улсын тогтвортой хөгжилд хүрэх зам нээгдэнэ. Урам зоригт битгий найд, харин хатуужилтай бай. Энэ бол миний баримталдаг зарчмуудын нэг нь.

амгийн их таалагддаг онч үг, ишлэл тань юу бол?

-Энгийн амьдрах хэрэгтэй, өөрийнхөөрөө бай. Орхиж чадахгүй бол тэмцэж, тэмцэж чадахгүй бол орхих хэрэгтэй. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй амьдраад хэрэггүй. Санаад байвал уулз, хийхийг хүссэн зүйлсээ хий, айж байвал боль, эхлүүлэх ёстой бол эхлүүл. Маш энгийн “Just do it” гэж хэлье.

-Юунаас та аз жаргал, хамгийн күүл мэдрэмж авдаг вэ?

-Би маш олон зүйлээс аз жаргал мэдэрдэг. Кофе уухдаа, хүмүүстэй уулзахдаа, хэн нэгэнд туслахдаа, дүүгээ харахдаа, ажлаа, хоол хийхдээ, магадгүй машин барьж явахдаа түгжрээгүй замыг хараад, агаарт гарангаа гүнзгий амьсгаа авах гэх мэт амьдралын эгэл, энгийн зүйлсээс аз жаргал мэдрэхийг хүсдэг. Яагаад гэвэл энгийн зүйлс хамгийн чухал.

Аз жаргал бол би өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх. Мэдээж гэр бүл, найз нөхөд, хайртай хүмүүс, дуртай мэргэжил энэ бүгдээсээ аз жаргал, күүл мэдрэмж авдаг.

-Та өсвөр насны үерхлийг юу гэж боддог вэ?

-Өсвөр насны үерхэл хэцүү шүү дээ. Эморно, бүтэх нь их ховор. Гэхдээ л хөөрхөн. Их нандин зүйл. Тиймээс нэгнийгээ хүндлэх хэрэгтэй.

-Зарим нь эсрэг хүйстнийхээ царай төрхөнд, зарим нь оюун санаанд нь ч татагдах нь бий. Та харин эмэгтэй хүний юунд татагддаг вэ?

-Яг ийм байх ёстой гэсэн зарчим байхгүй. Мэдрэмжтэй байвал л гоё. Ажил дээрээ ядраад сууж байхад өдрийн хоол бариад ирдэг, эсвэл дандаа урам өгдөг байж ч болно. Ер нь бол надад биеэ зөв авч явдаг, соёлтой эмэгтэйлэг бүсгүй л таалагддаг.

-Урилгыг маань хүлээж авсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе...

-Хүн бүр өөрийн гэсэн түүхтэй. Ямар нэг хэцүү зүйлийг даван туулсан, бүтээсэн гээд л. Тиймээс өөрөөрөө бахархах хэрэгтэй. Та нар чадсан. Цаашдаа ч чадна. Гол нь битгий бууж өгөөрэй. Урагшлаад л байгаарай. Тулгарч буй асуудал бүхэн чинь чиний түүх. Түүх болж үлдэнэ. Бэрхшээлийг давах тусам чи хатуужилтай, “үзэсгэлэнтэй” болно. Унах тусам бат бөх болно. Тэгж байж хүссэндээ хүрнэ. Өөртөө таарсан асуудлаа олоорой гэж л хэлмээр байна. Энэ хүртэл уншсанд баярлалаа.

О.ПҮРЭВСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-25 10:52

Гарчиг буруу байна. Буруу мэргэжил гэж байхгүй, мэргэжлээ буруу сонгох гэж байж болно

Зочин
Зочин
2022-06-25 15:37

Zaluu xun gexed ix zuv uzel bodoltoi zorilgotoi tuundee tuushtai erch xuchtei zorigtoi xun baina Tuunii yariltslaga mash ix taalagdlaa Alivaa zuil engiin baix tusmaa saixan baidag gedgiig ooilgoltiig zaluuchuud olj medeesei

Зочин
Зочин
2022-06-26 10:33

Муу сурдаг байсан хэрнээ өөрийгөөө олж ууд�##�ж чадсан гэх энэ з�##�уу үнэхээр мундаг хүү бна лээ. Манай хүүгийн шүтээн

Зочин
Зочин
2022-06-26 10:33

Мундаг з�##�уу шүү

Зочин
Зочин
2022-06-26 10:34

Илүү том амжилт хүсиы з�##�уу хүн ингэж л гял�##�зах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-06-26 10:35

My crush hairtai shvvvv

Зочин
Зочин
2022-06-26 10:39

Ёооооооо бүр үнэхэээр гоё инэээх юмаааа

Зочин
Зочин
2022-06-26 10:39

Mundag hvv shvv amjilt

Холбоотой мэдээ

Back to top button