НийгмийнСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Оросуудыг алгаа тосон угтсан, шилдгүүд олноороо өвдөг шороодсон "Их дуулга”

Сүүлийн гурван өдөр монголчууд жүдо бөхөөр “амьсгалж”, дэлхийн анхаарлыг төвд Монгол Улс байлаа. Учир нь Их дуулга ангиллын тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Степпе арена”-д болж, дэлхийн шилдгүүд Монголын дэвжээнд өрсөлдсөн юм. “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох эхний тэмцээн гэдгээрээ онцлог “Улаанбаатарын Их дуулга”-д 30 орны 255 тамирчин зодоглолоо.

МОНГОЛЧУУД МЕДАЛИЙН ТООГООР ТЭРГҮҮЛЛЭЭ

Нутагтаа болсон Их дуулга тэмцээнд Монгол Улс давуу эрх эдлэн, нэг жинд дөрвөн тамирчнаа сойсон. Гадаадын тэмцээнд оролцоход нэг тамирчин дунджаар 2000 ам.доллар зарцуулдаг. Тэгвэл Монголынхоо дэвжээнд тэгээд бүр Их дуулгад барилдана, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө гэдэг залуу тамирчдад яах аргагүй том боломж.

Шилдгүүдтэй барилдсан, туршлага хуримтлуулсан гэдэг өнцгөөс нь харвал энэ боломжийг мэдээж ашигласан. Амжилт талаас нь харвал, залуу тамирчид энэ боломжийг хангалттай ашиглаж чадсангүй. ОУХМ Г.Сод-Эрдэнэ, О.Хүслэн хоёрыг эс тооцвол шүү дээ. “Амжилт гаргах болоогүй. Туршлага хуримтлуулаад аваг” гэж хардаг, хүлээдэг үе бусдад нь өнгөрсөн. Одоо бол зөвхөн амжилт л нэхдэг, хардаг болсон тамирчид медаль хүртлээ.

Улаанбаатарын “Их дуулга”-аас Монголын тамирчид хоёр алт, дөрвөн мөнгө, таван хүрэл, нийт 11 медаль авсан амжилтаар медалийн тоогоор бүх орныг тэргүүлж, чанараар гуравдугаар байрт орлоо.

Түрүүлсэн:

Эрэгтэйчүүдийн 66 кг: ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр

Эмэгтэйчүүдийн 57 кг: ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн

Мөнгөн медаль авсан:

Эрэгтэйчүүдийн 66 кг: ОУХМ Гүнжинлхамын Сод-Эрдэнэ

73 кг: ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар

Эмэгтэйчүүдийн 48 кг: ОУХМ Ганбаатарын Наранцэцэг

+78 кг: ОУХМ Амартайваны Адъяасүрэн.

Хүрэл медаль хүртсэн:

Эрэгтэйчүүдийн 60 кг: ОУХМ Энхтайваны Сумъяабазар

66 кг: ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү

Эмэгтэйчүүдийн 52 кг: ОУХМ Бишрэлтийн Хорлоодой

57 кг: ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо

78 кг: Спортын мастер Отгонбаярын Хүслэн.

МОНГОЛ УЛС АЛГАА ТОСОН УГТСАНЫ ХАРИУГ ОРОСУУД БАРИВ

Орос, Украины дайны улмаас хойд хөршийн тамирчдыг тэмцээнд оролцуулахаас олон, олон спортын холбоо, орон татгалзаж, бойкотлосоор буй. Ийм эгзэгтэй, дэлхий нүүрээ буруулсаар буй цаг үед Монгол Улс Оросын жүдочдыг алгаа тосон угтлаа. Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) “Спорт улс төрөөс ангид байх ёстой” гэж мэдэгдэн, Оросын тамирчдыг “Улаанбаатарын Их дуулга”-д зодоглохыг зөвшөөрсөн.

Хойш хөршийн тамирчид Монголын дэвжээнд Оросынхоо бус IJF-ийн туган дор оролцлоо. Улмаар таван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэн, багийн дүнгээр тэргүүлэв. Япончууд (дөрвөн алт, нэг мөнгө, хоёр хүрэл) II, Монгол Улс (хоёр алт, дөрвөн мөнгө, таван хүрэл) III, Израиль (нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл) IV, Узбекистан (нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл) V байрт шалгарлаа.

ЗАЛУУСТ ЭЭЛТЭЙ, ШИЛДГҮҮДЭД ХАЛТАЙ МОНГОЛЫН ДЭВЖЭЭ

Монголын дэвжээнд зөвхөн алтан медаль авах л зорилготой ирсэн, энэ цаг үед босоо байгаа олон аваргууд зодоглосон. Бөмбөрцгийн шилдгүүд олноороо бүдэрч, шинэ залуус шуугиулсан нь энэ тэмцээнийг улам сонирхолтой болголоо.

Олимпын алт, хүрэл медальт, дэлхийн аварга Нагасе, олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Хорхе Фонсека, дэлхийн хошой аварга Ай Шишимэ, олимпын мөнгө, хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт Елдос Сметов, олимпын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Цүкаса Ёшида, олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, дэлхийн аварга Саки Муки нарын олон шилдэг түрүүлж чадсангүй. Зөвхөн түрүүлнэ гээд ногт ганзагалаж ирсэн ийм олон шилдэг өвдөг шороодохын хэрээр олон залуу тамирчин өөрийгөө харууллаа, доороос нь дориухан торниж буйгаа баталлаа.

 “Их дуулга”-аас медаль авсан тамирчид ингэж ярьж байна.

МАДИНА ТАЙМАЗОВА: ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ БОЛОМЖ ОЛГОСОН МОНГОЛ УЛСАД БАЯРЛАЛАА

(“Улаанбаатарын Их дуулга”-д түрүүлсэн)

Амжилт гарган, Оросын ард түмнээ, монголчуудыг баярлуулсандаа баяртай байна. Өнөөдөр ямартай ч түрүүлж чадлаа. Улаанбаатарын “Их дуулга”-д түрүүлэх амаргүй байлаа. Өрсөлдөгч бүхэн өөр, өөрийн гэсэн онцлогтой. Амар өрсөлдөгч гэж үгүй.

 Дайны нөхцөл байдлын улмаас бид удаан хугацаанд олон улсын тэмцээнд оролцоогүй. Их дуулгад оролцох боломж олгосон Монгол Улсад баярлалаа. Баярлахгүй байж чадахгүй нь. Би төдийгүй Оросын жүдочид барилдаанаа маш их үгүйлсэн. Хэзээ тэмцээнд оролцох тодорхойгүй байсан тул барилдаан, бэлтгэлдээ төвлөрөхөд амаргүй байлаа. Тэгсэн ч бид бууж өгөөгүй. Итгэл найдвараа алдаагүй. Энэ хичээл зүтгэл маань үр дүнгээ өглөө.

НАМИ НАБЕКҮРА: ДАРААГИЙН ЗОРИЛГО МААНЬ ПАРИСЫН ОЛИМПОД ТҮРҮҮЛЭХ

(“Улаанбаатарын Их дуулга”-д түрүүлсэн)

Би Монгол Улсад анх удаа ирлээ. Монголын дэвжээнд анх удаа барилдлаа. Танай улс мэргэжлийн сүмод барилддаг сүмочдоороо алдартай. Тиймээс би Монголд ирж барилдахыг их хүсэж байсан. Улаанбаатарын Их дуулга тэмцээн их өрсөлдөөнтэй боллоо. Ямартай ч түрүүлж чадсандаа баяртай байна. Би ингэснээр энэ онд хоёр дахь “Их дуулга”-даа түрүүллээ. Өмнө нь Парисын “Их дуулга”-аас алтан медаль хүртсэн.

Одоо би наймдугаар сард болох Азийн АШТ-д бэлтгэнэ, түрүүлэхийг зорино. Миний дараагийн том зорилго бол Парисын олимпод түрүүлэх.

Ц.ЦОГТБААТАР: САЯХАН МЭС ЗАСАЛД ОРСОН ТУЛ БЭЛТГЭЛ ДУТУУ БАЙЛАА

(“Улаанбаатарын Их дуулга”-д үзүүрлэсэн)

Аваргын төлөө Оросын жүдочтой барилдлаа. Төлөвлөснийхөө дагуу өрсөлдлөө. Өмнө нь түүнд нэг ялагдаад байсан. Энэ удаа даагаа нэхэхийг хүссэн ч чадсангүй. Гэхдээ зүгээр ээ. Өнөөдөр энд ялагдсан ч бүр том тэмцээн дээрээ хариугаа авна аа.

Саяхан жижиг мэс засал хийлгэсэн. 20 ч хонолгүй энэ тэмцээнд оролцсон болохоор бэлтгэл дутуу байлаа. Эх орондоо болсон тэмцээнд монгол түмнээ хүндлээд барилдлаа. Алтан медаль хүртэхийг зорьсон ч санасандаа хүрч чадсангүй. Одоо ямар нэгэн тэмцээнд оролцохгүй байж байгаад Азийн АШТ, ДАШТ-д шууд оролцох байх.

А.АДЪЯАСҮРЭН: ТӨЛӨВЛӨСНИЙХӨӨ ДАГУУ, САНАСАНДАА ХҮРТЭЛ БАРИЛДАЖ ЧАДСАНГҮЙ

(“Улаанбаатарын Их дуулга”-д үзүүрлэсэн)

Юуны өмнө намайг дэмждэг Монголын жүдо бөхийн холбоо, Х.Баттулга Ерөнхийлөгчдөө, гэр бүл, найз нөхөддөө баярлалаа. Аваргын төлөө барилдсан, Оросын бөх Хершкотой өмнө нь Израилын Их дуулгад хүрэл медалийн төлөө хүч сорьж байсан. Тухайн үед би ялагдсан. Ханцуйнаас барьцнаас нь атгаад шилдэж барилдахаар төлөвлөсөн юм. Даанч төлөвлөснийхөө дагуу, санасан хэмжээндээ барилдаж чадсангүй. Уг нь бэлтгэл дээр сайтар давтан, багштайгаа ярилцаад дэвжээнд гарсан. Хершкогоос үүрэх мэх ирэхийг нь мэдэж байсан.

Би хагас шигшээд ДАШТ-ий мөнгөн медальт БНСУ-ын жүдоч Ким Ха-Юүнийг вазари үнэлгээгээр ялсан. Ингэснээр Их дуулгаас хоёр дахь мөнгөн медалиа хүртлээ.

Монголынхоо дэвжээн дээр ийм том тэмцээнд анх удаа өрсөлдлөө. Монгол түмэн минь намайг дэмжээд, уухайлахад их огшлоо. Тэр сэтгэл хөдлөлөөрөө барилдаад финалдлаа. Төвлөрье, сэтгэл хөдлөлөө даръя гэж бодоогүй.

Намайг аав минь ирж дэмжсэн. Аавынхаа өмнө ийм том тэмцээнд анх удаа барилдлаа. Аав минь их баярласан. Уг нь түрүүлээд бүр ч их баярлуулъя гэж зорьсон юм.

М.ИЧИНХОРЛОО: МОНГОЛ УЛСЫНХАА ТӨЛӨӨ БАРИЛДАХЫГ МАШ ИХ ХҮЛЭЭЛЭЭ

(“Улаанбаатарын Их дуулга”-аас хүрэл медаль хүртсэн)

Медаль авсан сэтгэгдэл маш өндөр байна. Би гурван жилийн хугацаанд Азербайжан улсын нэрийн өмнөөс барилдсан. Хамгийн сүүлд Азербайжаны нэрийн өмнөөс Бакугийн Их дуулгад өрсөлдөөд мөнгөн медаль хүртсэн.

Монгол Улсдаа буцаж ирээд, эх орныхоо төлөө барилдсан анхны олон тэмцээн маань Улаанбаатарын “Их дуулга” байлаа. Монгол Улсынхаа төлөө барилдахыг, амжилт гаргахыг маш их хүлээлээ.

Манай жинд олон шилдэг тамирчин бий. “Энэ сайн, тэр нь туршлага муутай” гэх тамирчин байхгүй. Дэвжээн дээр гараад хэн нь илүү байсан нь л ялдаг.

Монголынхоо дэвжээнд, монгол түмнийхээ өмнө Их дуулгаас медаль хүртээд их огшсон. Яг уйлах шахсан.

О.ХҮСЛЭН: “ИХ ДУУЛГА” АНГИЛЛЫН ТЭМЦЭЭНД АНХ УДАА БАРИЛДЛАА

(“Улаанбаатын Их дуулга”-аас хүрэл медаль авсан)

Их дуулга ангиллын тэмцээнд анх удаа өрсөлдлөө. Хүрэл медаль хүртсэндээ баяртай байна. Сэтгэгдэл өндөр байна. Хүрэл медалийн төлөө надтай барилдах байсан монгол тамирчин маань бэртлийн улмаас өрсөлдөж чадаагүй.

Дотоодын тэмцээнд Б.Эрдэнэт-Одтой хоёр удаа таарч байсан. 2021 оны      УАШТ, энэ жил цуврал тэмцээнд хоорондоо барилдсан. Бид хоёр нэгнээ нэг, нэг ялаад байгаа.

Монголынхоо дэвжээнд барилдах сайхан байлаа. Би Япон улсад сурдаг, төгсөх анги. Жүдо бөхөөр хичээллээд дөрвөн жил гаруй болж байна. Олон улсын тэмцээнд өмнө нь хоёр удаа оролцсон. Тэр хоёр тэмцээн нь Португалийн гран при, залуучуудын ДАШТ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-27 09:20

Сэтгэлээр их унасан байхдаа хөөрхий

Зочин
Зочин
2022-06-27 09:21

Yrihaaas ilvvv hodolmorloh iim l chuhal bgam daaa

Зочин
Зочин
2022-06-27 09:21

хэн сайн хөдөлмөрлөсөн нь л ялагч болохоос хойш ялагдсан тамирчиддааа буруу өгөх шүүмжлэх нь бүдүүлэг хэрэг шүү

Зочин
Зочин
2022-06-27 09:22

Тухайн өдрийн од сар нар гариг нь тааараагүй юмыг яа�##�тай ч билээ

Зочин
Зочин
2022-06-27 09:29

Ард түмнээрээ бахархуулсан сайхан тэмцээн болж өнгөрлөө. Тодорхой хэмжээнд манайхан өөрсдийгөө олон улсад харуулж чадлаа

Зочин
Зочин
2022-06-27 10:28

Манайхан энэ тэмцээнд дажгүй сайхан оролцлоо доо

Зоч
Зоч
2022-06-27 12:11

Эрэгтэйчүүдийн 81,90,100-аас амжилт хүлээгээд хэрэггүй шиг санагдлаа,барьцаа авчихаад юу ч хийхгүй нөгөө тамирчныхаа мэхэнд яаж унахаа бодоод хүлээгээд зогсоод байх юм.Тэр бодол нь ч дорхноо биелэх юм

ҮНЭН
ҮНЭН
2022-06-27 21:23

ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНҮҮДЭЭС ҮХЭРНҮҮДИЙГ ЦААШИД ХАСАХ ХЭРЭГТЭЙ

Зочин
Зочин
2022-06-28 03:12

Оросуудыг �##�гаа тосон угтсан ч гэх шиг. Барууныхан, НАТО шиг хавчин гадуурхаад оролцуулахгүй байсымуу. Ирэхийг хүссэн тамирчид бүгд л адилхан ирж оролцлоо, бүгдийг нь харин �##�гаа тосон угтлаа ш тээ, болоо бишүү. Тэнэг сэтгүүлчийн мэдрэл гарчиг вэ

Зочин
Зочин
2022-06-29 16:36

Оросуудыг үнсээд угтсан ч болно шүү.

Холбоотой мэдээ

Back to top button