ЭДИЙН ЗАСАГ

Тооцоолол: ЗГ татаас өгч буй тул АИ92 автобензин 3000 төгрөг даваагүй юу

"Шатахууны үнийг төрөөс зохицуулахаа больж байна. Эрэлт, нийлүүлэлтийн зарчим руу нь аажмаар шилжүүлнэ" гэж УУХҮ-ийн сайд Г.Ёндон өнгөрөгч оны аравдугаар сарын сүүлээр мэдэгдэж байв.

Зах зээлийн зарчим руу аажим шилжүүлэх механизм нь: Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг сүүлийн гурван сараар дунджилж, шатахууны үнийг тооцох. Энэ нь хэрэв газрын тосны үнэ огцом өсвөл савлагаа нь дотоодын зах зээлд аажим буух давуу талтай гэж УУХҮЯ-ны Дэд сайд О.Батнайрамдал тайлбарлаж байв.

Энэ дагуу дизель түлшний үнэ чөлөөтэй нэмэгдсэн. Харин АИ92 автобензиний үнэ "Үнэ чөлөөллөө" гэж мэдэгдсэнээс нь хойш яг нэг хэвэнд шахуу байсаар ирэв. Хамгийн сүүлд 100-200 төгрөгөөр нэмэгдчихлээ, эсвэл 800 төгрөгөөр нэмэгдэх гэнэ гэсэн шуумууд цахим сүлжээнд явж эхэлсэн нь өдгөө АИ92-ын асуудал тавигдах цаг ирснийг илтгэх шиг.

Бяцхан тооцоолол хийе.

Брент маркийн газрын тосны үнэ 2021 оны арваннэг, арванхоёр, 2022 оны нэгдүгээр саруудад харгалзан: 82, 65, 75 ам.доллар байжээ. Үүний дундаж нь 74 ам.доллар.

За, энэ сүүлийн гурван сарын дундаж үнэ хоёрдугаар сарын АИ92 автобензиний үнийг тогтоох ёстой гэж үзье. Тэгвэл 2022.02.09-нд 2250, 2022.02.17-нд 2287 төгрөг байсан байна.

Тэгвэл, зургадугаар сар дахь АИ-92 бензиний үнийг тогтоохын тулд сүүлийн гурван сар буюу гурав, дөрөв, тавдугаар сарын газрын тосны дундаж үнийг олъё. Тооцож үзэхэд 100 ам.доллар байна.

Тэгэхээр: Газрын тосны үнийн дундаж 74 ам.доллар байсан үед АИ92 нь 2250 төгрөг байсан. Харин 100 болбол шууд 3000 гарах учиртай юм. Өөрөөр хэлбэл, уг зарчмаараа тооцсон бол газрын тосны үнэ өссөн энэ цаг хугацаанд, зургадугаар сард л гэхэд АИ92 автобензин 3000 төгрөг гарах байв. Харин 2350 төгрөгт хүрч, 100 төгрөгөөр л нэмэгдсэн.

Эх сурвалжууд Засгийн газар АИ92 автобензиний тухайд шатахуун импортлогчдод татаас өгч буй талаар дурдах болсон. Энэ үүднээс харахад, хэдийгээр үнэ чөлөөллөө хэмээсэн ч тодорхой хэмжээнд татаас өгөх маягаар зохицуулалт хийж байна уу гэх таамаглал хийж болж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button