ВИДЕО КОНТЕНТСПОРТ

БӨХ ТАЙЛБАРЛАГЧ Ц.Батнасан: Бөхийн 400 хуудастай номыг нэг уншаад л толгойд ордог

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадам Урианхай сурын харваагаар эхэллээ. Энэ жил хамтатган тэмдэглэж буй тэгш ойн баяр наадмыг Монголын ард түмэн сэтгэл догдлон хүлээж байна. Тэр дундаа наадамчин олны баяр хөөрийг ноцоож өгдөг хэсэг бол үндэсний бөхийн барилдаан. Энэ жилийн барилдаанд Г.Өсөхбаяр, А.Сүхбат тэргүүтэй олон бөхчүүд зодоглохоор бэлтгэлдээ гарсан.

Тэгвэл домогт аваргаас авхуулаад, шинэ залуу бөхчүүдийг нүдэнд харагдаж сэтгэлд хоногштол тайлбарласаар ирсэн бөх тайлбарлагч Ц.Батнасантай ярилцлаа. Түүний хувьд өөрийн дуу хоолой, уран тайлбарлалтаараа үзэгч олны хүндэтгэлийг хүлээж чадсан нэгэн билээ.

-Үндэсний их баяр наадам хэдхэн хоногийн дараа болно. Хаанахын ямар бөх уран мэхээ уралдуулж, хүч бяраараа илүүрхэх шинжтэй байна вэ?

-Байгаль дэлхий хур бороо хайрласан сайхан наадам болох юм шиг байна. Зуншлага сайхан байна гэдэг нь наадам сайхан болохын илэрхийлэл. Хэчнээн сайхан зохион байгууллаа гээд ган гачигтай байвал наадам гандуухан болдог. Бөхчүүд гал галаараа бэлтгэл сургуулилтдаа гарсан. Наадмаар хэн сайн барилдаж, аль нутаг усны бөх түрүүлж цол авах бол гэсэн хүлээлт хүн бүрт байгаа байх. Бөхчүүдтэй ойр байдаг хүний хувьд Увс, Архангай аймгийн бөхчүүд энэ жилийн төрийн их баяр наадамд дээгүүр барилдах болов уу гэсэн бодолтой байна.

-Хэдийнээс бөх тайлбарлагч болж, үндэсний бөхтэй ажил, амьдралаа холбох болов. Ер нь хэдэн жил бөх тайлбарлаж байна вэ?

-Багын л бөх сонирхдог хүүхэд байсан. Малчин айлын хүүхэд учраас радиогоор бөх сонсдог байлаа. Эхлээд сайхан бөх болчих юм сан л гэж хүсэж мөрөөддөг байсан. Хөдөө малын бэлчээрт давхиж явахдаа бөхийн тайлбар унших гэж оролдог байлаа. Бөх болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж яваад 1995 онд цэрэгт байхдаа Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын баяр наадамд бөх тайлбарлаж, түүнээс хойш 27 жил тасралтгүй бөх тайлбарлаж байна даа.

Сүүлийн 18 жил ТВ-9 телевизээр улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдааныг тайлбарлаж байна. Бөх тайлбарлахын тулд монгол бөхийн түүх намтрыг арван хуруу шигээ судалсан байх ёстой. Багаасаа бөхийн холбогдолтой ном, сонин цуглуулж малынхаа бэлчээрт уншиж судалдаг байсан. Тэр үед Агвааны Ганбаатар, телевизээр Ш.Чанрав гуай бөх тайлбарладаг байлаа. А.Ганбаатар гуай “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас 1500 км-ийн алсаас улсын харцага Однойн Бахыт ирээд барилдаж байна.

Увс аймгийн Малчин сумын харьяат Хархираагийн тэжээлийн сангийн аж ахуйн жолооч улсын заан Тулгаа ЗИЛ-130 машинтайгаа Спортын төв ордны гадаа ирээд, аян замынхаа тоосыг ч гөвж амжилгүй барилдахаар алхаж явна. Дундговь аймгаас Ц.Улаанхүү, Өмнөговь аймгаас Д.Багахүү начин ирээд барилдаж байна" гэж ирээд л тайлбарлана шүү дээ. Шимтэн сонсохоос өөр аргагүйгээр, уран сэцэн, оновчтой үгээр нүдэнд үзэгдтэл тайлбарлана.

Дээр нь 1980-аад оны дунд үед содон нэртэй бөхчүүд барилддаг байсан нь намайг бөхөд их сонирхолтой болгосон. Жишээ нь Улсын арслан М.Мөнгөн, Улсын заан Д.Амгаа ,Ё.Ишгэн, Ө.Тулгаа, З.Дүвчин, Улсын харцага Ж.Бор, Улсын начин Ц.Улаанхүү, Д.Шоовдойхүү, Д.Багахүү зэрэг содон нэртэй бөхчүүд барилддаг байсан.

-Таны хоолой их өвөрмөц шүү дээ. Зарим үзэгчид энгийн үедээ ч ингэж ярьдаг болов уу гэж боддог юм билээ?

-Манай удамд хоолойны цар хүрээ сайтай улсууд их бий. Мэдээж худлаа жүжиглэж ярина гэж юу байх вэ дээ. Миний хоолой яг шилжилтийн насан дээр л ийм болж тогтсон гэж боддог юм.

-Бөх тайлбарлахын тулд бөхийн түүх намтрыг арван хуруу шигээ судалсан байх ёстой гэж та яриандаа дурдсан. Мэдээж унасан, давсан бөхийг дэлгэрэнгүй тайлбарлахад их юм уншиж, судлахаас гадна ой тогтоолт чухал болов уу?

-Хүн өөрийгөө хэт их магтаж дөвийлгөх дэмий л  дээ. Гэхдээ би 300 үхрийг тугалтай нь таньдаг, мэддэг байлаа. Зуны шөнө зэлэн дээрээс хаана хаана уяатай байгааг нь мэдэж очоод эвлэдэг байлаа шүү дээ. Харин бөхийн холбогдолтой номыг нэг уншаад л цээжилчихдэг. Цээжилье гэж хичээгээгүй байхад л ерөнхийдөө толгойд орчихсон байдаг юм даа. 1921-2013 оны улсын баяр наадамд түрүүлсэн бөхийг түгдрэлгүй хэлдэг болох юмсан гэж бодож байтал нэг л мэдэхнээ мэддэг болчихсон байсан. Ер нь хүн өөрийн сонирхсон зүйлдээ л тэгж ханддаг ч байж болох юм. Бөхийн 400 хуудастай номыг нэг уншаад л толгойд орчихсон байдаг. Дургүй юмаа мянга хичээгээд ч цээжлэхгүй шүү дээ.

-Танай удамд хоолойны цар хүрээ сайтай хүмүүс олон бий гэсэн. Ой тогтоолт тал дээр ч ялгаагүй юу?

-Манай удамд нэг тийм ой сайтай хүн байсан юм билээ. Эмээгийн талд Өндөр өвгөн гэж лам хүн байж. Түүний тухай нутгийн хууччуул ярихдаа “Сайхан унзад дуу хоолойтой, хэллэг сайтай хүн байж билээ. Энэ Батнасан адилхан юм” гэж хэлэхийг их сонссон. Би өөрөө тэр хүнийг тийм ч сайн мэдэхгүй. Намайг хоёр настай байх үед өөд болсон юм билээ.

-Таны хувьд наадам тайлбарласан энэ олон жилийн хугацаанд хамгийн их сэтгэлд хоногшиж, санаанаас мартагддаггүй наадам бий биз?

-2015 оны наадам юм уу даа. Манай Дундговь аймгаас хоёр ч начин төрж билээ. Бүр төрсөн нутаг усны хүү Э.Даш, А.Алтанхуяг нар Улсын начин болсон. Гэхдээ би тэр жилийн наадмын тавын давааг тайлбарлаагүй юм даа. Ямар өөрийнхөө нутгийн бөхчүүдийг учир зүггүй магтаад байлтай биш.

-Бас нэг сонирхолтой зүйл байна. Бөх сонирхогчид зүй тогтлоор бөхийн таавар явуулдаг. Тэгэхээр тэгш ойтой баяр наадмуудад ихэнхдээ аль аймгийн, ямар цолтой бөхчүүд илүүрхэж байсан бол?

-1921 оноос хойш түрүүлсэн алдар цуутай аваргуудыг судалж үзэхэд, 1931 онд Улсын арслан М.Лхагва, 1941 онд Б.Түвдэндорж аварга, 1951 онд Ж.Цэвээнравдан аварга, 1981 онд даян аварга С.Цэрэн, 1971, 1981 онуудад Дархан аварга Х.Баянмөнх, 1991 онд О.Балжинням аварга түрүүлсэн байдаг. Мөн 2001 онд Дархан аварга А.Сүхбат, 2011 онд С.Мөнхбат аварга түрүүлсэн гээд аварга цолтой бөхчүүд тэгш ойд давамгайлсан байдаг л даа. Энэ мэт түүхэн барилдаануудаас харвал аварга цолтой бөх дээшээ гарч ирэхийг үгүйсгэхгүй.

-Танд гарын шавь бий юу. Залгамж халаагаа бэлдэх тал дээр хэрхэн анхаарч байна?

-Би 50 нас хүртлээ бөх тайлбарлана гэж боддог. Гурван жилийн дараа 50 нас хүрлээ дээ. Гэхдээ хоолойны цар сайхан байвал түүнээс цааш тайлбарлаад явахыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ доороос шинэ залуус гарч ирж байхад сандлын бөглөө болоод суугаад байхыг нэг их эрмэлзэхгүй л байгаа. Юм суръя, мэдье гэсэн залуус ирж л байна. Би мэддэг, чаддаг бүхнээ хэлж өгөөд л явуулдаг юм.

-Залуустаа хандаж үг хэлээч?

-“Би”-гээр л өвчилж болохгүй юм даг уу даа. Даруу төлөв, ахас ихэстээ мэндтэй устай явах хэрэгтэй. Мэндэлсэн ч зөв мэндлэх хэрэгтэй юм болов уу. Саяхан манай цэргийн найз 20 гаруй жил уулзаагүй, яриагүй хэр нь гэнэт залгаад “Юу байна даа” гэж мэндчилж байгаа юм. Угтаа энэ бол байнга шахуу хамт байдаг хүмүүсийн өөр хоорондоо мэндчилэх үг шүү дээ. Энэ мэтчилэн манай үеийнхэн ч гэсэн зөв сайхан мэндчилж, нэгэндээ элэгтэй байх их чухал болоод байна гэж би боддог.

-Ярилцлагын төгсгөлд наадамчин олондоо хандан баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Наадамчин олондоо Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Айл бүхний гал голомт ашид бадран гийж, хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелэн, хүүхэд бүр аз жаргалтай, настан буурлууд минь сэтгэл тэнэгэр, өргөн их нутаг минь гэрэлтэн, Монгол орон минь дэвжин дээшлэхийн  ашдын ерөөлийг  баяр наадмын мэндийн хамтаар уламжилъя.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-08 08:49

Ene hvnd shaqnal uramshal bhqvi yu Monqolchuuda Odbayr Ichinhorloo qeed uursdiiqu shaqnaad bhaar

Зочин
Зочин
2022-07-08 08:51

Наадмааар энэ хүний бөх тайлбарлаж байгаааг гэрийнхээ гаднаас сонсох хичнээн сайхан гээ ч. Сонсож л өслөө харин ийм нууцлаг монголын оч болсон хүмүүсээ анхаарахгүй бгаа нь гомдмоор шүү

Зочин
Зочин
2022-07-08 08:54

Дуу хоолойг нь бараг мэдэхгүй сонсож өсөөгүй хүн ховор байхөө. Таньд эрүүл энхийг хүсий

Зочин
Зочин
2022-07-08 09:10

Eruuul enkhiiig hvsiii tanid

Зочин
Зочин
2022-07-08 09:29

Томооос томооос аз жарг�##� хүсий????

Зочин
Зочин
2022-07-08 09:50

Baharhal mongoliiin

Уншигч
Уншигч
2022-07-08 11:35

Энэ хүний 27 жилийн хөдөлмөр бүтээлийг нь үнэлэх юмсан, гүндүүгүй нэгэн бололтой, түүнээс биш лобби хийгээд л элдэв цол гуншин авах юм доо. Урлагийн соёлын гавьяат өгчихөд барьцах хүнгүй л цор ганц шүү дээ.

Зочин
Зочин
2022-08-17 21:09
Reply to  Уншигч

Харин тийм шүү, наадмын бөхийг учир утгатай ард түмэнд чихэнд нь уянга яруу, сонсголонтой хэлдэг, наадмын 2 өдрийг амилуулдаг, авч явдаг хүн дээ...
Нэг гонгиносон, үгийн баялаггүй нөхөр тайлбарлав�##� бөх үзэх ямар сонирхол байхав, яг давсгүй хоол гэсэн үг биз дээ...

Холбоотой мэдээ

Back to top button