ЭЕРЭГ: Эмнэлгийн бичигтэй, заслага хийлгэсэн, үржил хаалгасан муурыг өдрөөр, хоногоор харж үйлчилнэ

Амралт зугаалгаар явахдаа гэрийн тэжээвэр амьтдаа хэрхэн вэ хэмээн санаагаа чилээдэг. Тэгвэл ингэж санаагаа чилээх шаардлагагүй болжээ. Муур хоногоор нь харах үйлчилгээг Б.Номин эмэгтэй үзүүлж байна. Тэрбээр гэртээ хүүхдээ харахын хажуугаар ийнхүү өөрийн бизнес санаагаа хэрэгжүүлж буй ажээ.
Бид түүнтэй холбогдож тодруулга мэдээлэл авлаа.
Тэрбээр "Манайх хоёр мууртай. Нэг дор 15 муур харах боломжтой. Долоодугаар сарын 1-нээс үйл ажиллагаа эхлүүлээд явж байна. Ер нь бол их эрэлттэй байна. Долоо хоногийн хугацаанд өдөрт 4-5 дуудлага ирж байна. Хамгийн багадаа дөрөв, хамгийн ихдээ 10 хоног муураа харуулахаар хандаж байна. Бүр гадаад руу явах гэж байгаа хүмүүс гэрээ хийгээд, сар сард нь төлбөрийг нь төлөөд явъя гэж ч хандаж байна. Үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 10 муур харж байна.
Төлбөрийн тухайд хоногоор харуулах бол нэг муурыг 15,000-аар, нэг айлын хоёр муурыг 25,000-аар, гурван муурыг 35,000-аар харж байгаа. Цагаар харуулж ч болно. Нэг цагийн төлбөр нь 2000 төгрөг. Үйлчилгээний хөлсөнд хоол, ор, хөтөвч багтсан. Мөн үс уналтын витамин өгч байгаа. Муураа харуулах хүмүүс зөвхөн хөтөлгөөтэй нь авчрахад болно. Мөн төлбөрийг нь төлөөд муураа усанд оруулуулж болно. 15,000 төгрөгийн тарифтай байгаа.
Би муураа харуулах гэж байгаа хүмүүст нэг л шаардлага тавьж буй. Дэлгэрүүлбэл, эрүүл гэсэн эмнэлгийн бичигтэй, заслага хийлгэсэн, үржил хаалгасан муурыг л харах үйлчилгээ үзүүлнэ" хэмээв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.