Н.Бат-Эрдэнэ: 32 жил сумандаа засуул хийж, 15 дахь заан төрөхөд баярласан агшин маань хүмүүст хүрчээ

Увс аймгийн Давст сумын уугуул 19 настай залуу бөх нутгийнхаа наадамд зодоглож, аймгийн начинг давахад баярлан үсэрч буй засуулын бичлэг нийгмийн сүлжээнд нийтлэгдэж, олны анхаарлыг татаад буй. “Үсэрдэг” засуул буюу Увс аймгийн Давст сумын малчин, манлай засуул Н.Бат-Эрдэнэтэй товч ярилцлаа.
-Таны үсэрч баярлаж буй бичлэг олон хүнд хүрч, хүмүүс таны тухай мэдэхийг хүсч байгаа учраас холбогдож байна?
-Миний их хөөрөлтэй зураг тавигдсан юм байна лээ. /инээв/ Яалт ч үгүй мах цусны минь тасархай түрүүлэхээр нь айхтар хөөрч л дээ. Миний аавын талын хамаатны хүүхэд. Нөгөө талаас ах нь сумандаа 32 засуул хийж, 15 дахь заанаа төрүүлж байгаа нь энэ. Тэгээд их баярласан даа. Одоо цагт энэ утас гэдэг юм хүний санаанд оромгүй ажил амжуулдаг шидтэй юм.

-Та хэдэн настайгаасаа засуул хийж эхлэв?
-19 настай байсан. Яг энэ сая түрүүлдэг дүү шигээ байхдаа л бөхийн засуул болж байлаа. Надад манлай засуул гэдэг цол өгсөн. Ах нь өөрөө залуудаа барилдаж явлаа. Манай удамд барилддаг хүмүүс бий.
-Танай удмаас гарсан бөхчүүд гэвэл...?
-Алдартай том цолтой бөх байхгүй ээ. Дандаа сумын заан бий. Би энэ түрүүлдэг дүүгээ цаашаа өгсөж барилдаасай гэж боддог.
-Сайн бөх болох шинж байна уу?
-Юу ярьж байгаа юм. Энэ хүү чинь аймгийн өсвөрийн аварга, улсын өсвөрийн аваргад түрүүлсэн. Улсын цолонд хүрчхээсэй гэж залбирч явдаг. Одоо сумын заан Цэрэнпилийн Бямбацогт гэж цоллуулна.

-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Ах нь дөрвөн залуутай. Зарим нь чөлөөт бөх энэ тэрээр ноцолдож байдаг юм. Удмын юм байлгүй яахав.
-Нутгийнхан тань таны бичлэгийг олонд хүрснийг мэдсэн байх. Танд юу гэж байна?
-Бүр аюул болж байна. /инээв/ Улс даяараа чамайг харлаа л гэнэ. Од болчихлоо л гэнэ. Би өөрөө яг ямархуу үйл явдал болж олонд хүрснийг мэдэхгүй юм чинь. Бөхөд хайртай хүн чинь ямар жигтэй их баярлав. Баярлалаа, баярлалаа гэхэд тэр үсэрч харайж орилж байгаа чинь өөрийн мэдэлгүй хийж байгаа үйлдэл шүү дээ. Тэр хэдхэн мөч ингээд хүнд хүрчихнэ гэхээр гайхаад байгаа юм.
-Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
баярлаж хөөрөх гэдэг эрүүл ухаантай хүний хамгийн сайхан авир . саяхан их аварга Баян мөнх зодог тайлах даа санаан зоргоороо амьдарч бусдын сайн сайхнаар баярлан бахархаж амьдрахыг сургаж байсан нь санагдаад явчихлаа. Хэдийгээр ахан дүүсийн холбоотой ч гэсэн... ямар сайхан баяр вэ.
ДАВСТЫН ТОРХЛОГ БАГИЙН ХУЛХИ ДАМДИН /БАЛДОРЖ/ 1000 МАЛТАЙ 1 МАЛ ӨГНӨ ГЭЖ ХҮН АМЬТАН ХУЛХИДАЖ МӨНГӨ АВАХАА БОЛИНО УУ АВСАН МӨНГӨӨ ӨГНӨ ҮҮ