СУРВАЛЖИЛГА: Сайжруулсан түлш хэрэглээд өвлийг өнтэй давж чадах уу

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилсаар. Шулуухан хэлэхэд хүйтний гэхээсээ илүү утааны улирал хаалга тогшиж байна. Улаанбаатарчуудын хамгийн том “дайсан”, үе үеийн удирдлагуудын “шүдний өвчин” нь утаа байсаар өдий хүрсэн. Жилийн жилд утааны асуудал нийслэлчүүдийг бухимдуулж, агаарын бохирдлын улмаас эндсэн нярай, амьсгалын замын хүнд өвчин туссан иргэдийн судалгааг гаргавал нэлээд олон оронтой тоо гарах нь тодорхой. Гэсэн ч өнөө хүртэл утааг хэрхэн бууруулах шийдлийг бүрэн олохгүй мунгинасаар, иргэд эрүүл мэндээрээ хохирсоор. За, нэг юм хийлээ гэхэд өнөөх нь хэн нэгэн сайдын, төрийн томоохон албан тушаалтны бизнес, шахаа байдаг нь хачирхалтай. Сүүлдээ ч иргэд дөжирч, төрөөс дөмөгхөн шийдэл хүлээхээ ч больж.

Засгийн газраас гаргасан Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг энэ оны тавдугаар сарын 15-наас хэрэгжүүлж эхлэн, Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглон, сайжруулсан түлшээр иргэдийг хангаж байгаа. MNS 5679:2014 стандартын чанарын шаардлагыг хангасан тус түлшийг нийслэлчүүдэд хэрэглүүлснээр агаарын бохирдол 50 хүртэлх хувиар буурна гэж судлаачид үзсэн. Энэ үнэн эсэх, үнэхээр тэгэх боломжтойг дүгнэх, дүн тавих хараахан болоогүй байна. Хаа ч байсан юм бэ, эртэднэ. Хөхөө өвлийн хүйтнээр л сайжруулсан түлшийн ид шидийг нь мэдэрнэ. Тэр үед л хэн нэгний бизнес үү эсвэл үнэхээр агаарын бохирдлын эсрэг оновчтой шийдэл үү гэдэг нь мэдэгдэнэ.

Хараахан хүйтрээгүй, улаанбаатарчууд сайжруулсан түлш түлээд нэг их удаагүй байгаа ч араасаа шүүмжлэл нэлээд дагуулж буй.

Бид бодит байдлыг газар дээрээс нь сурвалжлахаар эхлээд Чингэлтэй дүүргийн зургадугаар борлуулатын цэгийг зорилоо. Тус цэг 10-аад ажилтантай. Ачаалалтай үед 09.00-24.00 цаг хүртэл ажилладаг гэнэ. Биднийг очиход дулаахан байсан тул тэднийхээр үйлчлүүлж байгаа, түлш худалдан авч буй иргэн байсангүй. Харин хоёр хүн сайжруулсан түлш уутлаад тун ч завгүй байв. Тэд гэр бүлийн хоёр. Нэг уут түлшийг 300 төгрөгөөр ууталдаг гэнэ. Савлагааний хөлсийг “Тавантолгой түлш” компани хариуцдаг аж. Тэд өдөрт хийснээрээ цалинждаг юм билээ. Өдөрт дунджаар 70 гаруй мянган төгрөгний ажил хийдэг гэнэ.

Тэдний ууталж буй түлш үүрмэггүй, ширхэг сайтай байлаа. Нэг тонноор савласан ийм сайн түлштэй уутнаас 25 уут гардгийг тэд онцолсон. Харин үүрмэг, бутархай ихтэй бол түүнээс цөөн уут гардаг гэнэ. Нэг уут сайжруулсан түлш 3750 төгрөгийн үнэтэй.
В.Сүрэнхорлоо: Нэг удаа буруу галлаад түүгээрээ шууд өрөөсгөл дүгнэж болохгүй

Бид тус цэгийн ахлагч В.Сүрэнхорлоотой цөөн хором ярилцлаа.
-Ачаалал хэр байна вэ. Өдөрт хэчнээн тонн түлш борлуулж байна вэ?

-Одоохондоо дулаахан байгаа тул ачаалал багатай байна. Хэд хоногийн өмнө хүйтрэхэд өдөрт 6-7 тонн түлш борлуулсан. Одоо бол 3-4 тонныг л борлуулж байна.
-Өвлийн тэсгэм хүйтэнд хэр илчтэй байх бол гэдэгт иргэд эргэлзэж байгаа нь анзаарагдлаа. Одоо шүүмжлүүлж байгаа түлш өвөл яах бол?

-Иргэд эргэлзэх ямар ч шаардлагагүй. Сайжруулсан түлшийг зүгээр сууж байгаад иргэдэд хэрэглүүлэхээр шийдээгүй нь тодорхой. Нэлээд судалж байгаад л хийсэн байх. 2018 онд өвлийн улиралд Сонгинохайрхан дүүрэгт туршсан юм билээ. Өдийд Улаанбаатарт утаа үнэртээд, иргэдийг нэлээд бухимдуулдаг үе. Өглөөд ямар ч утаа үнэртэхгүй байгаа биз дээ. Энэ бол сайжруулсан түлшээр иргэдийг хангасны тодорхой үр дүн болов уу.
-Иргэдээс санал, гомдол хэр их ирж байна вэ?

-Бид энд тавдугаар сарын 15-наас хойш сайжруулсан түлш борлуулж байна. Одоохондоо иргэдээс ямар нэг санал, гомдол ирж байгаа юм алга. Цахим хуудсаар зарим хүн шүүмжлээд байгаа бололтой. Хэн нь тэгээд байдаг юм бүү мэд. Бидний ажлыг албаар харлуулж, иргэдэд буруу ойлголт төрүүлэх гэсэн башир арга байхыг ч үгүйсгэх аргагүй. Зарим иргэн буруу түлээд байгаа бололтой. Хэрхэн зөв түлэх заавар уутан дээр нь бий. Ямар нэг асуудал байхгүй. Бүх юм ойлгомжтой. Нэг удаа буруу галлаад шууд дүгнэж, шүүмжилж болохгүй. Тонноор савласан зарим уутнаас хог, үүрмэг гарвал “Тавантолгой түлш” компани руу буцаадаг. Нэг шуудайнаас тэдэн шуутай түлш, төдөн уут хог гарлаа гээд тэмдэглэж авдаг.
-Иргэд түлшээ “Сайн” картаар авна. Карт нь идэвхижсэн үү?

- Хиймэл хомсдол үүсэх, шаглуулахгүйн тулд иргэдэд карт тараасан. Хэн хэчнээн тонн сайжруулсан түлш худалдан авсныг картаар нь хянах боломжтой. Удахгүй карт нь идэвхжин, иргэд картаараа түлшээ авч эхэлнэ.
-Сайжруулсан түлш борлуулахад ямар нэг хүндрэл, бэрхшээл байна уу?

-Алга аа. Бид хүйтрэхээс өмнө нөөцлөхийн тулд өдөрт 10-аад тонныг ууталж байна.

Сайжруулсан түлш борлуулах цэгт бодит байдал нэг иймэрхүү. Бид дараа нь “Дөлгөөн нуур-III” агуулах дээр очлоо. Тэд хашаандаа 4000 гаруй тонн сайжруулсан түлш нөөцөлжээ. Тонноор савласан түлшнүүдээ хоёр хоёроор нь давхарлан өрсөн байлаа. Биднийг очиход гурван залуу түлшнүүдээ бүтээлгээр бүтээж байсан юм.
Х.Жавхлан: Энэ агуулахдаа дахин 44 000 тонн сайжруулсан түлш нөөцөлнө

Тус агуулахын нярав Х.Жавхлангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Сайжруулсан түлш нунтаг, тортог ихтэй гэж шүүмжлэх хүн олон. Энд задалсан түлш ч бас нунтаг ихтэй харагдаж байна.

-Тонноор савласан ганцхан уутнаас ийм үлдэгдэл гарсан юм биш ээ. Олон уутнуудыг савлаад нунтгийг нь үлдээсэн нь энэ юм шүү. Олон уут түлшний үлдэгдэл нь. Одоо үүнийг үйлдвэр рүү буцаана. Заримыг нь хатааж байгаа. Хатахаар нь савална.
-Тэгэхээр яагаад норсон гэсэн үг вэ. Үйлдвэрээсээ нойтон ирсэн юм уу эсвэл бороо ороод норсон юм уу?

-Сайжруулсан түлш үйлдвэрийн олон дамжлагаар дамжин байж эцсийн бүтээгдэхүүн болдог. Хатаалтын явцад дутуу хатсан байхыг ч үгүйсгэх аргагүй. Дутуу хучсанаас болоод дотогшоогоо чийг татсан байх магадлалтай.
-Уутлахдаа хуурай, нойтон эсэхийг нь яаж ялгаж байгаа вэ?

-Үнэнийг хэлэхэд нүдэн баримжаагаар. Хуурай түлш гялгар, тод өнгөтэй. Харин чийгтэй түлшийг базахад шууд бутардаг. Хооронд нь тогшиход дуу нь тэс өөр. Уг нь түлшний чийгшлийг шалгадаг багаж байдаг юм.
-Энэ хашаанд хэчнээн тонн түлш хуримтлуулаад байгаа бол?
-Одоогоор 4000 гаруй тонныг хадгалаад байна. Үйлдвэрээс татахгүйгээр эндээсээ шууд цэгүүддээ тараах зорилгоор энд хуримтлуулсан юм. Түлшээ краннаар өрдөг. Дахин 44 мянган тонныг нэмж татахаар төлөвлөсөн. Яг манайх шиг агуулах Улаанбаатарын хэмжээнд 20 гаруй байгаа болов уу.
-Үнэ нь цэгүүдийнхтэй адилхан уу?

-Яг адилхан. Манайх шиг агуулахад, цэгт, үйлдвэртээ ч адилхан 3750 төгрөгийн үнэтэй. Манайд иргэдээс ямар нэг гомдол, санал ирээгүй байна. Хэрвээ шүүмжлэл хандаж, сэтгэл дундуур байгаа хүн байгаа бол зөв галласан, түлшнийхээ гүйцэд хатсан эсэхийг шалгаарай.
Сайжруулсан түлшний талаар албаны хүмүүс юу хэлэв

Л.Оюун-Эрдэнэ: Шүүмжлээд суугаад байвал ойрын 15-20 жилд хотын утаа арилахгүй

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:
Олон жил яригдсан хотын утааг энэ өвлөөс эхэлж бууруулах ажлыг Засгийн газар санаачлан ажиллаж байна. Хотыг, иргэдийг утаанаас ангижруулахын тулд олон хүн өдөр, шөнөгүй сайн, муу хэлүүлэн ажиллаж байгаа. Утааг бид олон жил улстөржүүлсэн. Одоо ч зориуд мушгин гуйвуулж, энэ олон хүний хөдөлмөрийг харлуулах оролдлого мэр сэр гарч байгаа. Одоо болих хэрэгтэй. Бодитой шүүмжлэлийг бол заавал хүлээж авах ёстой. Утаа бол зөвхөн гэр хорооллынхны зовлон биш. Энэ жил шахмал түлш хэрэглэгчдийн хувьд ч, үйлдвэрийн хувьд ч анхны жил учраас засаж, сайжруулаад цаашаа явахаас өөр аргагүй. Өөр сонголт одоогоор байхгүй. Хотыг тэр чигт нь нүүлгэх боломжгүй. Хийж байгаа нэгнийгээ тал талаас нь шүүмжлэх бол амархан. Гэхдээ ингээд суугаад байвал ойрын 15-20 жилдээ хотын утаанаас нийслэлчүүд салж чадахгүй. Энэ хэвээрээ байвал харин ч жил бүр нэмэгдсээр байх болно. Тэгэхээр иргэдийн дэмжлэг маш хэрэгтэй. Үйлдвэрийн хувьд өдөр бүр чанартаа анхаарч, стандарт, горимоо барьж ажиллах, түгээлт, борлуулалтаа боловсронгуй болгож, иргэдийг чирэгдүүлэхгүй, бухимдуулахгүй байхад анхаарах хэрэгтэй. Иргэдийн хувьд сайжруулсан түлшийг зөв тээвэрлэж, зөв хадгалж, зөв галлаж дэмжих хэрэгтэй байна. Засгийн газрын зүгээс шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагааг цаашид бүх талаар дэмжинэ.
М.Ганбаатар: Зарим хүн бутархай, хог ихтэй гэж байгаа нь гүтгэлэг

“Таван толгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар:
Нийслэлийн гэр хорооллын айл, өрхүүд жилдээ 1.2 сая тонн нүүрс хэрэглэдэг. Энэ жилээс 600,000 тонн шахмал түлш түлж хэмнэлт хийх боломж бүрдэж буй. Одоогоор манай үйлдвэрт найман шугам ашиглан хоногт 2300-2500 тонн түлш үйлдвэрлэж байна. 10 сард багтаан нэмж хоёр шугам ашиглалтад оруулж, үйлдвэрлэлийн хоногийн хэмжээг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Бид төлөвлөгөөнийхөө дагуу дөрвөн ээлжээр, 20 цагаар, нийт 700 гаруй ажилтан ажиллаж байгаа. Одоогоор 165,000 тонн түлш нөөцлөөд байна. Нийслэлд 540 цэг ажиллуулахаар төлөвлөсөн. Сайжруулсан түлш худалдан авах “Сайн карт”-ыг иргэдэд үнэгүй тарааж байгаа. Эхний ээлжинд иргэд гурван тонн буюу 120 шуудай сайжруулсан түлш авах эрхтэй. Хэрвээ эрх дуусвал манай компанид хандан, картаа сэргээлгэх боломжтой. Өвлөөс нэг тонноор иргэдэд худалдана. Сайжруулсан түлш бутархай ихтэй, үүрмэг байх учиргүй. Бид түлшээ гурван давхар хяналтын дагуу үйлдвэрлэдэг. Зарим хүн “Хог, үүрмэг ихтэй гэж байгаа нь гүтгэлэг. Зарим хүн, байгууллага хуурамчаар үйлдвэрлэж байхыг үгүйсгэхгүй.
Сайжруулсан түлшний талаар иргэд ингэж хэлэв

Г.Ганболд: Илчгүй байсан ч хэрэглэхээс өөр сонголт алга
Сүхбаатар дүүргийн иргэн Г.Ганбалд:
Нялх хүүхэдтэй болохоор түүхий нүүрс хэрэглэхийг хориглосныг дэмжиж байгаа. Манайх одоохондоо сайжруулсан түлш хэрэглэж үзээгүй байна. Хүйтрэхээр л хэрэглэнэ дээ. Хүмүүс сайн, муу янз бүрээр л яриад байх юм. Мэдэх юм алга. Манай нэг хамаатан ах хэрэглэж үзээд илчгүй, үнс ихтэйг нь гайхаж байна лээ. Одоо тэгээд яалтай билээ. Хэрвээ нүүрс хэрэглэвэл зөрчлийн хуулиар торгох юм гэсэн биз дээ. Илчгүй байсан ч хэрэглэхээс өөр сонголт алга.
Г.Хажид: Нүүрснээс илүү тортогтой

Сүхбаатар дүүргийн иргэн Г.Хажид:
Хэд хоногийн өмнө сэрүүсэхээр нь хэрэглэж үзлээ. Худалдаалдаг цэгийг нь олохгүй, нэлээд мунгинасан. Хүүтэйтэйгээ явсан болохоор машиных нь ард шидчихээд л аваад ирсэн. Үнэндээ сайхан асах юм аа. Жаахан мод хийгээд л дээр нь асгахад асчихсан. Гэхдээ сайжруулсан түлш тортог ихтэй юм билээ. Нэг их сонин тосорхог тортогтой. Тортог нь нүүрснээс хавьгүй их юм. Удахгүй хүйтэрнэ. Машингүй иргэд яах билээ. Тортог ихтэй болохоор үүрээд явах боломжгүй. Автобусаар аваад явахад бэрх. Таксигаар зөөх боломжгүй хүн хэд билээ. Хүү минь уурхайд ажилладаг. Гэртээ байхаасаа байхгүй нь их. Өвөл болохоор сайжруулсан түлш авчихаад гэртээ яаж авчирна даа. Бүлгүй надад шаггүй л санагдаж байна.
З.Сэлэнгэ: Утаа гаргахгүй гал түлэх гэж хичээх үндэстэн биднээр дуусаг

Чингэлтэй дүүргийн иргэн З.Сэлэнгэ:
Ямар ч түлш асахдаа утаа гаргаж, асаад жигдрэхээрээ утаа нь багасдаг. Улсаас ийм хөгийн юм хийж байхаар айл бүрийн хашаанд мод тарьж, гудамж бүрийг сайжруулсан чулуун замтай болгон, цахилгаан халаалт, газанд хөрөнгө оруулалт хийгээсэй. Олонх орон газ, цахилгаан зуух хэрэглэн утаанаасаа салж байхад манайх л дөрвөн уулынхаа дунд утаагүй шатдаг зүйл хайсаар. Энэ удаа хоёр аймгийн нүүрсний хог хольж тэнэгтлээ. Яндангаас утаа гарч л байгаа бол утаанаас сална гэж гонжийнжоо шүү. Агаарын бохирдол багасах нь сайшаалтай улаанбаатарчууд бид хоргүй утаан дунд амьдарах юм билээ.
С.Бадамгэрэл: Утааг арилгахын тулд шийдэл эрэлхийлж байгаа нь сайшаалтай

Чингэлтэй дүүргийн иргэн С.Бадамгэрэл:
Болж бүтэхгүй нь гээд зүгээр суулгүй шийдэл эрэлхийлж байгаа нь сайшаалтай. Хүмүүс шүүмжлэлтэй, бухимдалтай байгаа бололтой. Одоо тэглээ гээд яах билээ. Төр засгийн шийдвэрийг дагалгүй яах вэ. Хүмүүс шүүмжилж, бусдыг дагахаасаа өмнө зуслангийнхаа байшинг ч болтугай галлаад үзсэн нь дээр болов уу. Тэгснийхээ дараа л шүүмжилсэн нь дээр. Сайжруулсан түлш сайхан л асдаг юм билээ. Жижиг тортой нүүрс 1000 төгрөгөөр худалдаж авдаг иргэн олон. Сайжруулсан түлшийг тэгж авах боломжгүй. Одоо тэд яах бол.
Г.Дорж: Хэний бизнесийн шахаа юм бол
Баянзүрх дүүргийн иргэн Г.Дорж:
Уг нь сайжруулсан түлш гэхээсээ өмнө цахилгаанаар халаах асуудлыг хэрэгжүүлэх учиртай байсан юм. Одоо нэгэнт шийдвэр нь гараад, бааханг үйлдвэрлэн, иргэдэд худалдаж байгаа болохоор өнгөрсөн. Юу ч хэлээд нэмэргүй, нэгэнт оройтсон. Хэний бизнесийн шахаа юм бол. Нүүрсний хогийг хэвэнд цутгачихсан юм биш үү. Физик, химийн ямар ч мэдлэггүй гаруудын л хийж байгаа ажил.
З.Тулга: Сайжруулсан түлшээр өвлийг давна гэдэгтээ эргэлзэж байна

Сонгинохайрхан дүүргийн иргэн:
Сая хэд хоног сэрүүсэхээр нь хэрэглэж үзлээ. Үнэндээ илчгүй юм билээ. Тэгээд үнс нь дийлдэхгүй. Нэг уут түлшээр өдрийг давахгүй байна. Мах ямар үнэтэй байгаа билээ. Одоо дээр нь түлшиндээ хамаг мөнгөө юүлэх бололтой. Сайжруулсан түлш чанартай эсэх нь хүйтрэхээр мэдэгдэнэ. Хэрэглэж үзсэн хүний хувьд сайжруулан түлшээр өвлийг давна гэдэгтээ эргэлзэж байна. Борлуулалт, үнэндээ анхаармаар. Шуудай нүүрс 3500. Гэтэл сайжруулсан түлш 3750. Одоо нэг шуудайгаар өдрийг давахгүй байгаа болохоор хүйтрэхээр бүрхэг санагдана. Өдөр хэд билээ, бидний цалин хэд билээ.
Г.Алтанбагана: Хууль зөрчихгүйн тулд хөлдөж үхэхээс өөр сонголт нийслэлчүүдэд алга

Баянгол дүүргийн иргэн Г.Алтанбагана:
Хэрвээ нүүрс түлвэл торгоно гэсэн биз дээ. Сайжруулсан түлж илчгүй. Өвөл тэгээд хөнжлөө нөмрөөд бээвийгээд суух бололтой. Нүүрс түлээд торгуулилтай биш. Хуулиа биелүүлэхийн тулд хөлдөж үхэхээс өөр сонголт үлдэхгүй нь бололтой. Сайжруулсан түлш шатаж дууссаныхаа дараа жогшдоггүй юм билээ. Тэгэхээр гал түлэх бүртээ модоор асаана гэсэн үг. Тийм их хаана байгаа билээ. Сайжруулсан түлш хэрэглүүлэх шийдвэр гаргасан эрх мэдэлтнүүд гэр хороололд амьдраад үзээсэй. Хөрсөн дээрээ буугаасай. Тэнгэр дээгүүр л ниссэн амьтад байх юм. Нийслэлчүүд бид хөлдөж үхэх үү, угаартаж үхэх үү гэдэг сонголтын өмнө ирээд байх шиг.
Н.Батсуурь: Нэг хувин түлш түлээд хоёр хувин үнс авдаг

Баянгол дүүргийн иргэн Н.Батсуурь:
Ёстой илчгүй юм билээ. Муухай үнэртэй, үнс ихтэй. Нэг хувин сайжруулсан түлш түлээд хоёр хувин үнс авдаг. Олон хувинг л хийхгүй бол гэр дулаацдаггүй. Одоо ингэж байгаа юм бинь хүйтрэхээр яах бол. Ээ дээ, мэдэхгүй. Хүмүүс ер нь ам муутай байна лээ. Манайх лав аргагүйн эрхэнд хэрэглэж байна.
Б.БУЯНДАЛАЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Online Pharmacy Customer Care Services http://cialibuy.com/#376 - cialis no prescription Priligy Acquisto Buy Cialis Free Viagra Sample Pack Online
Nolvadex Astrazeneca http://buycialisuss.com - Buy Cialis Cialis 20mg Pharmacie Cialis Secure Ordering Dutasteride Medication Price Shipped Ups Store Falkirk
Cialis Professional Kaufen http://buyciallisonline.com/# - Cialis Cialis Was Ist Dass Cialis World Best Online Pharmacy Review