ХУУЛЬ

ХУУЛЬ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй орон тоод ногдох төлбөрөөс ИНГЭЖ чөлөөлөгдөнө

Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй орон тоо тутамд ногдох төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх журам.

Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулна. Аж ахуйн нэгж, байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд ногдох төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байх бөгөөд уг төлбөрийг сар бүр Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд төлнө.

Энэхүү төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх журмыг Засгийн газрын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 253 дугаар тогтоолын хавсралтаар баталсан байна.

Журамд зааснаар Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй орон тоо тутамд ногдох төлбөрийг хөнгөлүүлэх, чөлөөлүүлэх аж ахуйн нэгж, байгууллага нь дараах этгээдэд дэмжлэг үзүүлсэн байна. Үүнд:

- Хөгжлийн бэрхшээлтэй хүн;

- Хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа асаргааны тэтгэмж авагч.

Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд ногдох төлбөрийг сар бүрийн 25-ны өдрийн дотор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлөх ба уг төлбөрийг урьдчилан төлж болно.

Аж ахуйн нэгж, байгууллага жил бүрийн 1 дүгээр сард багтаан нийт ажлын байрны болон хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулах ажлын байрны мэдээллийг хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, тухайн жилд төлбөр төлөх хуваарийг харьяалах аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагатай тохиролцон баталгаажуулна. Төлбөр төлөх хуваарийг баталгаажуулахад тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн холбогдох тайлангаар баталгаажсан нийт ажилтны тоо, үүнээс хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулбал зохих болон ажиллуулж байгаа орон тоо, төлбөрийн нийт хэмжээ зэргийг харгалзан үзнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг гэрээгээр байнга худалдан авах зэргээр тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн ажил олгогчийг дараахь дүнгээр төлбөрөөс хөнгөлнө:

- Хөгжлийн бэрхшээлтэй хүний болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг 6 сараас доошгүй хугацаатай гэрээ байгуулж худалдан авсан бол худалдан авсан бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнийн дүнгээр;

- Хөгжлийн бэрхшээлтэй хүн болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүн хөдөлмөр эрхлэхэд шаардагдах ажлын багаж, тоног төхөөрөмж худалдан авахад нь дэмжлэг үзүүлсэн бол уг үзүүлсэн дэмжлэгийн үнийн дүнгээр.

Аж ахуйн нэгж, байгууллагын дээрх журмыг дагуу үзүүлсэн дэмжлэгийн үнийн дүн мөн хуваарийн дагуу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлөх төлбөрөөс илүү гарсан тохиолдолд төлбөрөөс чөлөөлнө.

Аж ахуйн нэгж, байгууллага төлбөрөөс хөнгөлүүлэх, эсхүл чөлөөлүүлэх тухай албан хүсэлтээ харьяа аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагад хандан цахим, эсхүл цаасан хэлбэрээр гаргах бөгөөд хүсэлтэд дараахь баримт бичгийг хавсаргана:

- Дэмжлэг үзүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүний асаргааны тэтгэмж авдаг талаарх мэдээлэл;

- Хөгжлийн бэрхшээлтэй хүний болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг худалдан авах хүчин төгөлдөр гэрээ, худалдан авсан бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлбөрийг төлсөн санхүүгийн баримт;

- Хөгжлийн бэрхшээлтэй хүн болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүн хөдөлмөр эрхлэхэд шаардагдах ажлын багаж, тоног төхөөрөмж худалдан авахад нь дэмжлэг үзүүлсэн тухайг нотлох худалдах, худалдан авах гэрээ, төлбөр төлсөн санхүүгийн баримт зэрэг холбогдох баримт бичиг.

Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16530754404811&showType=1

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x