УРЛАГ

“Шүүлт” үүргээ биелүүллээ

Говьд контемпорари инстолляцууд дэлгэж, электро хөгжимтэй хослуулдаг “Spirit of Gobi” фестиваль уламжлал ёсоор зохион байгуулагдаж байна. А.Очирболдын “Ухамсар” олноор говьд зэрэгцэн “зогсож” байгаа дүр зураг олон нийтийн сэтгэлд нэгэнтээ хоногшсон болов уу. Өнөө цагт дүрслэх урлагийн салбарт, контемпорари урсгалаар туурвиж буй уран бүтээлчид энд цугладаг.

Харин энэ жил нэлээд далайцтай, хөдөлмөр шингэсэн, хурц бүтээлүүд дэлгэгдсэн нь анзаарагдаж байна. Тэдний нэг нь уран бүтээлч Т.Баттогтохын “Шүүлт”. 700 ширхэг далны ясыг улаан өнгөөр будаж, урт урт хөл хийгээд говь талд байршуулжээ. Улмаар үзэгчдэд асар хурц, сонин содон мэдрэмж төрүүлж байна.

Сошиал орчинд эерэг гэхээсээ сөрөг сэтгэгдэл хөвөрч байгаа нь анзаарагдана. Тухайлбал, “Муу ёртой”, “Юу зөгнөөд байна аа”, “Бэлгэ дэмбэрэлэгүй юм” гэх мэт өнцгөөр хүлээж авч буй хэсэг дийлэнх байгаа юм.

Үүнээс хоёр зүйл анзаарч болж байна. Нэгдүгээрт, контемпорари бүтээл урьд өмнө нийгэмд ийн хэлэлцүүлэг авчирч, ихээр анхаарал татаж байсан нь цөөн. Галлерей, үзэсгэлэнгийн хэмжээнд тавигдаад, уран бүтээлчид болон шүүмжлэгч, кураторуудын хүрээнд хэлэлцэгдээд өнгөрдөг байсан. Иргэдийн хувьд “Урлаг л юм байлгүй дээ. Би ямар урлаг ойлгох биш” гэлцсэн болоод тоодоггүй байв гэлтэй. Харин Т.Баттогтохын энэ бүтээл хийц, хэв маягаараа олон нийтийг тодорхой хэмжээнд цочроож, зөрчилд оруулж байгаа нь үүргээ сайтар гүйцэтгэснийг батална. Контемпорари урлаг ерөөс хил хязгааргүй талбар, хэрэгсэл, дүрслэлээр бидний мэддэг юм шиг мөртлөө мэддэггүй сэдвүүдийг хурцаар хөнддөг, хүчтэй сэтгэл хөдлөл төрүүлдэг онцлогтой.

Хоёрдугаарт, олон нийтийн урлаг гэхээр л гоё сайхан, төгс эстетик, эрхэм дээд гэж ойлгодог хэвшмэл ойлголтыг илэрхийлж байгаа юм. Өнөө хэр реалист уран зураг, эсвэл одоогоос олон мянган жилийн өмнө уран бүтээлчдийн анхаарлыг татдаг байсан аливааг бодит байдалтай яв цав, уран яруу адилтган дүрсэлсэн хэв маяг бүхий баримлуудыг анхаарч үзэж байна. Харин 21-р зуунд уран бүтээлд хэлбэр болон дүрслэлийн хил хязгаар арилж, нэг ширхэг зураас, хоёрхон өнгөөр мэдрэмжийг илэрхийлж болох боломжийг олж нээж байна.

Урлаг нэгдүгээрт хүний оюун санаа, ой дурсамжийн нэг хэсгийг ховстон татах бол нөгөө талаар нэг л өөр мэдрэмж төрүүлж, бодролд хөтөлдөг гол онцлогтой. “Шүүлт” өөрөө монголчуудад хүрч чаджээ. Манай соёлд далны яс чухал утга учиртай. Далны ясаар мэргэ төлөг ч тавьдаг. Энэ үүднээс 700 далны яс нь дэлхийн долоон тэрбум хүнийг төлөөлүүлж буй бөгөөд тэд яс болж үгүйрсэн ч шүүлтэд орохоор босоцгоож, тал дундуур туучиж байгаа дүрслэл уншигдана. Энд бэлгэдэл гэхээс хүний сэтгэлд нөлөөлөх хүч байгаа нь чухал. Говьд байршуулсан нь хүний буруутай үйлдлээс болж байгаль цөлжиж, доройтож байгаа асуудлыг ч хөндсөн анзаарагдана.

Уран бүтээлч Т.Баттогтоход баяр хүргэе.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button