Сурвалжилга, Нийтлэл

Тэмдэглэл #2: Зөрчлийн хуулиар баривчлагдсан долоо хоног

Зөрчлийн тухай хуулийн 14.7.5-д заасны дагуу шүүхээс долоо хоног баривчлах шийтгэл хүлээсэн тэмдэглэлийн хоёр дахь хэсэг. Шүүхийн шийдвэр гарах хүртэлх хоёр сарын хугацаанд Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтэст дүлий дүмбэ оргисон ямар харилцааг туулсан талаараа өмнөх хэсэгт бичсэн билээ. Харин одоо, ШШГЕГ-ын харъяа Баривчлах байрын нөхцөл байдал ямар байдаг талаар өгүүлнэ.

Үүний өмнө, баривчлах байр явах хүртэл ямар үйл явдал өрнөсөн талаар товч танилцуулъя.

Нэг. Баривчлагдахаа хүлээсэн хүмүүс

Нэг хүний хэргийг 10-15 минутын дотор шүүсээр 10 гаруй хүн 13.00 цагийн орчимд шийтгэлээ авч дуусав. Байцаагч цагдаагийн хэлтэс дээр бүгдийг ирэхийг сануулаад өөрөө явлаа. Хэлтэс Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхтэй ойрхон тул 10 гаруй хүн бүгд алхлаа.

Замын цагдаагийн хэлтэст ирээд хэзээ, хэдэн цагаас баривчлах байр луу явцгаахаа мэдэх гэсэн хүмүүс хүлээж эхлэв. Байцаагч өрөө лүүгээ орж, бусад ажлуудаа амжуулж эхэллээ. Нэг цагийн дараа хүмүүст коронавирусийн түргэвчилсэн шинжилгээ, иргэний үнэмлэхний лавлагаа бэлсэн байхыг сануулсан талаар дууллаа. Чингээд 15.00 цагаас хөдлөхөөр болсон гэх. “Баривчлах байр нь хаана байдаг юм бол?” гэж асуусан ар гэрийн төлөөлөлд байцаагч “Мэдэхгүй” гэж хариулаад цааш явахыг харлаа. Байцаагч угтаа мэдэх бөгөөд орой 19.00 цагийн орчимд бүгдийг машинд суулгаад, өөрөө хүргэж өгсөн юм.

19.00 цаг хүртэл хэлтэс дээр 10 гаруй хүн бүгд хүлээв. Шүүгчийн туслах коронавирус туссан тул шийдвэрүүдийг шивэх ажил удаж байна гэх мэдээлэл өдөр 16.00 цагийн орчимд ирлээ. Ингээд байцаагч өөрөө шүүх рүү буцаж очин, шийдвэрүүдийг хэвлэж авч ирснээр хөдөлцгөөх болов. Замын цагдаагийн машин, тэдний өөрсдийн нэрлэдгээр “Алаг тэрэг”-нд суух аж. Хоёр “Алаг тэрэг”-нд 10 гаруй хүн багтах болов. Байцаагч “Наана чинь 7-8 хүн чихээд багтдаг юм. Чих, багт” гэсээр манай машинд долоон хүн давхралдан суулаа. Хоёр машин ар араасаа хөдлөв. Байцаагч дохио дуугаргаж, шууд сөрөг урсгал руу оров. Өөдөөс нь машинууд ирэх ч дохиогоо дуугарган сануулаад, сөрөг урсгалаар зорчсоор аж. Зарим жолооч уурлаж, сигналдах нь бий. Байцаагч цонхоо нээгээд тамхи татна.

Урсгал сөрж явсаар 10 гаруй минутын дараа Монель дэх баривчлах байрны гадаа ирлээ. Машинаас бууцгаагаад бие засах нь засаж, нэг нэгнээсээ тамхи, гал гуйн тамхилцгаав. Баривчлах байранд тамхи татах хориотой. Ингээд хоёр дахь машин араас ирсний дараа орцгоолоо. Ерөнхий жижүүр угтаж авав. Инээд алдсан, яриа хөөрөө нь Х.Нямбаатар сайдыг санагдуулам эр байна. Бид үүдэнд тойрч зогсов. Эмч гарч ирж, эрүүл мэндийн хуудас хүн бүр дээр хөтлөөд, коронавирусийн шинжилгээний бэлдцүүдийг хурааж авав.

Угтаж авсан жижүүр албан хаагч “Үндсэн хуулиар иргэн танд хэд хэдэн эрх олгогддог. Түүний бараг ихэнхийг нь энд хязгаарлана. Та бараг л эрхгүй” гэж хэлээд инээмсэглэх аж.

Баривчлах байр луу согтууруулах ундаа хэрэглэсэн, бичиг баримт дутуу хүмүүсийг нэвтрүүлэлгүй буцаадаг аж. Бидний дунд ирсэн, 30 хоног баривчлах шийтгэл авсан ах хүү 100 татжээ. Түүнийг буцаав. Бусад нь шинжилгээгээ өгч дуусаад дотогш нэвтрэх хүртэл нэг цаг гаруйн хугацаа өнгөрөв. Байцаагч энэ хооронд “Өвчин, зовлон байхгүй шүү. Эрүүл л гээрэй. Гайгүй биз дээ. Буцах асуудал болов” гэж сануулна.

Хоёр. Камерт орох хүртэлх шалгалтууд

Дотогш орсны дараа жижүүр /ахлагч гэж дуудах учиртайг дараа нь ойлгосон, цэргийн хувцастай/ мөн хүн тус бүр дээр бүртгэл хөтлөв. Овог, нэр, мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн байдал, сэтгэцийн өвчтэй эсэхийг асууна. “Сэтгэцийн өвчин бий юу?” гэж асуухад хүмүүс “Үгүй” гэж хариулна. Бидний сэтгэц зүгээр эсэхийг шууд асуун, түүнд үндэслэн бүртгэж байгаа нь сонирхолтой. Мөн бэлэн мөнгөтэй ирсэн хүмүүсийн мөнгийг хураан авч, давхар бүртгэж байна. Хэрэв мөнгө төлөн үйлчилгээ авах болбол эндээс шууд суутгадаг аж.

Нийт 12 хүн бий. Бүртгэж байхад дахин долоон хүн араас нэмэгдэж ирлээ. Тэд хулгайн хэргээр ирж буй аж. Тэдний хоёр нь согтууруулах ундаа хэрэглэсэн, нэлээд гөлөмцүү байсан ч оруулчихлаа. 100 татчихсан байгаад буцсан ах хүүг эргэн бодно. Ингээд тэднийг ч бас бүртгэж эхлэв. Бүгд дуустал дахин нэг цаг гаруйн хугацаа өнгөрлөө. Өглөө шүүхээр орсноос хойш хэлтэст хүлээж, одоо бүртгэл хийлгэцгээх бид ийн 21.00 цагийн орчимд баривчлах байрны нэгдүгээр давхарт зогсож байв. Зарим нь ядарч, газар суужээ. Хөл нэлээд чилнэ.

Бүртгэл дууссаны дараа доош бууцгаалаа. Тэнд подваль маягийн давхар байна. Зоорь шиг дүр зурагтай, хүйтэн өрөөнд хувцасны эрээн уут болон резинэн углаашнууд овоолгоотой байна. Ахлагч “Нэг нэг эрээн уут аваад гадуур хувцсаа хийж үлдээ. Углааш өмс” хэмээх юм. Ингээд дахин хүн тус бүр дээр бүртгэл үйлдэж, уутандаа ямар ямар эд зүйлс үлдээснийг тэмдэглэлээ. Солих хувцас авхуулаагүй бөгөөд илүү хувцаснуудыг уутанд үлдээхийг сануулав. “Өмд, цамцны уяагаа үлдээнэ. Хурц үзүүртэй юу ч орохгүй. Ганц, хоёр ном авч орж болно” гэв. Би гурван номоо авч үлдэв.

Ингээд эрээн уутанд эд зүйлсээ үлдээж, углааш өмсөцгөөсний дараа өгсөж, эрэгтэйчүүдийн камер байрладаг давхарт ирлээ. Энэ давхрын ахлагч өөр хүн байна. Энэ үед хэдийнэ 22.00 өнгөрсөн байх бөгөөд хоёр ахлагчийн аль аль нь ядарч, уур уцаар ихтэй байв. Энд жагсаж зогсоод дахин нэгжүүлэх ажээ. Биднийг нэг нэгээр нь дуудаж, бүх хувцсаа тайлахыг тушаав. Дотуур өмдөө хүртэл шувталж, бэлэг эрхтэн, анусны нүхийг хүртэл харж байна. Жагсаалаас гарч, тайчиж үзүүлээд хувцсаа буцааж, өмсөн, жагсаалдаа нийлцгээнэ. Нэг эр өмдний уяа байдаг хэсэгт тамхи үйрүүлж хийжээ. Түүнийг илрүүлсэн ахлагч уурлаж, бүх тамхиа дуустал сэгсэрч гаргахыг үүрэгдэв. Зарим хүн дүрдэг цай, ёотон зэргийг авчирсан байх ба оруулсангүй. Зөвхөн боорцог оруулдаг аж. Ингээд цагаан хэрэглэл тарааж өглөө.

Унтаагүй, сэрүүн байсан хүмүүс камерынхаа шагайвчаар гөлөлзөх нь эвгүй. Ингээд биднийг камер, камерт нь хуваариллаа. Шийтгүүлсэн зүйл ангиар нь ангилдаг аж. Автозамын зөрчил буюу 14.7.5-аар шийтгүүлсэн бидний долоон хүн нэг камерт хуваарилагдав. 22.40 цаг болж байв. Шууд ороод цагаан хэрэглэлээ дэвсэж, ум хумгүй унтацгаав. Өглөө 06.00 цагт босгоно.

Гурав. Баривчлах байран дахь өдрүүд

Баривчлах байрны нөхцөл байдал.

ЦАГИЙН ХУВААРЬ: Энд өглөө 06.00 цагаас камер бүрийн хананд суурилуулсан өсгөгчөөр Төрийн дуулал явна. Нэлээд чанга дуугарах бөгөөд энэ үед босоцгоох ёстой. Ингээд нэг удаа бие засуулна. Дараа нь өглөөний унд ирнэ. Улмаар ээлж хүлээлцэж, дараагийн ахлагч камер бүрээр явж бүртгэл хийнэ. Ингэсээр 10.00 цаг болно. Харин өдрийн хоол хүртэл албадан сургалт хийгддэг. Өдрийн хоолны дараа гадагш гаргаж, салхилуулах учиртай. Оройн хоол идээд, бүртгүүлж тоолуулаад 10.00 цагт унтацгаана.


ОРЧИН: Тийм ч бохир биш. Энэ шинэ баригдсан байр учир камерын шал, хана, төмөр ор зэрэг нь хуучирч амжаагүй. Цэвэрхэн. Өглөө бүр шүүр, шалны алчуур өгч, камерыг өөрсдөөр нь цэвэрлүүлдэг. Цонх бүрсгэр теньтэй учир юу ч харагдахгүй, нарны гэрэл л нэвтэрнэ. Мөн наагуураа сараалжин тортой, шорон шиг. Харин төмрөн хаалга гаднаасаа хоёр түгжээтэй бөгөөд нэг шагайвчтай. Ариун цэврийн өрөөнд цагийн хуваарийн дагуу оруулах, албадан сурналтын өрөө явуулах, салхилуулах зэрэг цөөн тохиолдолд л камераас гаргах бөгөөд бусад үед энэхүү хаалганы цаана байх учиртай. Мөн зарим баривчлагдсан этгээдүүдийг коридор, ариун цэврийн өрөө угаах ажилд томилж, ажиллуулдаг.


ХООЛ: Өглөөний цайнд хар цай, гал тогоонд тогооч өөрөө барьсан сэвсгэр зүсэм талх өгнө. Талх амт багатай ч голоод байхааргүй. Төмөр аяганд халбага сахар, дээрээс нь хар цай хийгээд өгдөг. Харин өдөр, оройн хоолонд таван цулын мах татаж, "үнэрлүүлсэн" будаатай шөл юм уу бантан өгнө. Амтыг бас гололтгүй, тийм ч муу хоол биш. Харин нэг удаа том гэгч үхсэн ялаа гарч ирсэн. Долоо хоног бүрийн мягмар гарагт цуйван өгөх бөгөөд энэ нь харин шөлтэй хоолнуудаасаа хавьгүй дор. Ихэнх хүн тэр цуйванг идэж чаддаггүй юм билээ.


АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ: Гүний ус болов уу гэмээр цэв хүйтэн устай. Суултуурууд намхан хаалтаар тусгаарлагдсан. Угаалтуурын дэргэд. Иймд ерөнхий дүр зургаараа сууж бие засъя гэвэл бүх хүний нүдэн дээр байх болдог тул эвгүйцдэг ч, тоодоггүй ч хүмүүс байна. Ариун цэврийн өрөө санасныг бодвол цэвэрхэн ч шаардлагатай үедээ орох боломжгүй. Гаргах цагт нь гарч, хүчээр ч хамаагүй бие засаж авахгүй бол гэнэт хэрэгцээтэй болох үед хэчнээн "Онгойлгоод өгөөч, давсаг хагарлаа" гэж орилсон бай амжилт олохгүй юм билээ.


ТОГТСОН ДЭГЛЭМҮҮД: Долоо хоноход гурван удаа гарч, салхилуулсан. Ингэхдээ гадаах талбайд, хашаан дотор хүмүүсийг тойргоор алхуулдаг. Хэсэг алхуулж байгаад амьсгалын дасгал, 16 тоот дасгалууд хийлгээд буцаад оруулна. Энэ хооронд 10 минут л болно.
Мөн зарим олон хоногийн шийтгэлтэй хүмүүсийг цэвэрлэгчээр томилж, ажилуулна. Тэднийгээ Цээвк гэж дууддаг, нэрлэдэг аж. Коридорын, ариун цэврийн өрөөний, угаалгын Цээвк гэж гурав байна. Мөн гал тогоонд нэг нь томилогдож, хоол хийлцэж, тараалцана.

Тэдний хувьд камертаа шөнө л орж унтах ба бусад үед коридороор явж, ажлаа хийнэ. Тэд тамхи олж, татах боломжтой. Ахлагч нар өөрсдөө ч заримдаа өгдөг. Тэд хоног нь дуусахын алдад ажлаа хэнд шилжүүлэхээ өөрөө шийддэг. Өдөржин хийх зүйлгүй, цаг асар удаан өнгөрдөг энд Цээвк болж авбал хамаагүй ашигтай. Мэдээлэлд ч ойр. Гэхдээ баривчлах байрны үйлчилгээний ажлыг цалин хөлсгүй гүйцэтгэнэ гэсэн үг. Хууль ёсны дагуу шийтгэлээ хүлээж байгаа хүмүүс дундаас заримыг нь тамхи, тариа татах боломжтой л болохоос үндсэн ажлуудаа ийн хийлгэдэг дэглэм тогтжээ.


ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ: Энд эдлэх хэдхэн эрх нь: Хамгаалуулах, эрүүл мэндийн үйлчилгээ авах, дотоод журмын талаар мэдээлэл авах гээд хязгаарлагдана. Гэтэл эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхийг төдийлөн эдэлж чадахгүй л болов уу. Эмч байх боловч "Зүгээр байна аа, битгий биеэ чагнаад бай" гэж хэлэх нь л элбэг. Миний хувьд хамгийн сүүлийн өдрөө нэлээд хүчтэй халуурсан. Энэ тухайгаа хэлэхэд "Санаа дагаад байгаа юм биш үү, зүгээр байна" хэмээгээд өвчин намдаах эм өгөөгүй. Иймд 24 цагийн турш эмгүй халуурч, чичирч хэвтсэн ба гарсан хойноо шинжилгээ өгөхөд тэндээс коронавирус туссан байв. Эргэж утастаж хэлсэн, "Коронавирус гарсан байна шүү. Хүмүүсийн зовуурийг сонсож үзэхгүй бол хүндэрцгээж магадгүй" гэж. "Би есөн жил шоронд байсан, ийм аймаар газар үзээгүй. Би ялтан биш. Зөрчлийн хуулиар шийтгэл хүлээж байгаа иргэн хүн" гэж хоёр, гурван удаа хэрүүл хийсэн нэгнийг бол эмч үзэж, дусал хийж, эм бичиж өгөх ажээ. Харин миний адил "Бие зарайлаа, толгой өвдлөө" гэж цонхийсон хүмүүс бүгд эм авч чадаагүй буцаж байсан.


АЛБАДАН СУРГАЛТ: Уг нь албадан сургалт өгөх нь баривчлахаасаа чухал ач холбогдолтой баймаар. Шүүхийн шийдвэрт "Тэдэн цагийн албадан сургалтад хамруулах" гэж хамт заагддаг. Үүгээр хүмүүсийн алдаа дутагдлыг, учирч болох байсан эрсдэлийг ойлгуулах хэрэгтэй. Гэтэл ханан дахь өсгөгчөөр Youtube орчин дахь подкэст, хувь хүний хөгжлийн зөвлөгөө, уншсан номын тэмдэглэл зэргийг тавьж сонсгодог нь үр дүн муутай санагдсан. Зарим өдөр сургалт болохгүй. Би лав 30 цагийн сургалтад хамрагдах ёстой ч нийт тав орчим цагийн сургалт л сонссон болов уу.


Баривчлах байрны дотоод нөхцөл нэг иймэрхүү. Учиргүй бохир заваан биш боловч баривчлагдсан хүмүүсийн эрхийг хүндэтгэж үздэг тал тун бага. Дотроо ялгавартай, зүй бус харьцаа ихтэй. Ерөнхийдөө хүнийг "Баривчлагдсан этгээд" гэж үл тоох, язгуур оршихуйг нь доош хийх хандлагатай байдгийг дээр бичлээ. Түр саатуулагдаж байгаа хүмүүсийг гэмт хэрэг үйлдсэн ялтнууд мэт хандаж, харилцдаг нь анхаарууштай санагдсан.

Ингээд хоног дуусахад өглөө эртэд, 06.00 цаг өнгөрөөд л гаргачихдаг юм билээ. Байцаагчийн зөвшөөрлөөр машиныг журмын хашаанаас гаргана. Гэрчилгээгээ авчихвал ингээд л үйлдсэн зөрчлийнхөө шийтгэлийг бүрэн хүлээж, дууслаа, хэрэг эцэслэгдлээ гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-09 08:30

Маш олон з�##�уус баривчлах байраар дамжиж, гэр бүл с�##�ж олон олон хүүхэд өнчирч хоцорсоор.

Зочин
Зочин
2022-08-09 09:30

Кино их үзсэн бололтой, баривчлагдаад сайхан амарна гэж бодоо юу?!

Зочин
Зочин
2022-08-13 17:04
Reply to  Зочин

tiishd

Зочин
Зочин
2022-08-09 23:32
Reply to  Зочин

Гай газар дороос . . . Чи хэнэгүй нэг өдөр баривчлагдана.Ёрөөл тавъя

МОНГОЛ
МОНГОЛ
2022-08-09 22:03

Huniig buruutai eseh ni togtoogdoogui baihad neg tiimerhuu gazart avaachij zalhaan tseerluuldeg yum bna gej oilgogdoj bna. Hunleg ardchilsan niigem baiguulj bna gechiheed iim bna gej arai ch de

Энхбаяр
Энхбаяр
2022-08-10 09:25

гэмт хэрэг үйлдсэн ялтан шиг харьцсан гэж бичжээ. Та гэмт хэрэг хийгээд шүүхээс баривчлах ял авсан бусуу

beegii
beegii
2022-08-13 20:59
Reply to  Энхбаяр

tiishde zuv zugeer bhd ni lavdag avaachaad hiicheeguil bhda

Зочин
Зочин
2022-08-10 22:18

ихэнх цагдаа зөвхөн дундаж амьдр�##�тай ирэгдийг дээрхлэж байдаг, адилхан зөрчил гаргасан зарим хүмүүсийг утасаар яриад явуулана, сануулага манай хуулинд байдагүй, харин яаж давхар давхар мөнгө саах арга байна вэ? гэдэгт толгой нь ажиллана . Торгуулийн мөнгө, машин ачсан мөнгө хэний х�##�аасанд орж байна вэ? зам нь там хэвээрээ л байх юм.

Зочин
Зочин
2022-08-11 06:37

Ээ чааваас даа з�##�уу чи энэнээс дор согтуугаар жолоо барьж явчихаад хүний амь эрсэдсэн бол чи ингэж наад газарт биш шоронгийн нэг өдрийн тэмдэглэл хөтлөөд явж байх байсан чиний л буруу байна шдээ. Эхлээд өөрийн тоглгой дээрх өвсөө хар. Бусдыг дараа ч буруутгаж болно. 30 хоноод шээс баастайгаа зуур�##�даад мөөмнөөсөө с�##�аагүй хүүхэд байнадаа.

Зочин
Зочин
2022-08-11 07:08

Энэ сэтгүүлч өөрөө баривчладаж дээ. Архи ууж яваад хусуулчихаад гоншигноод байгаа юм бна

beegii
beegii
2022-08-13 20:57

uuriinhuu ajiliig huneer hiilgedeg ym togtson gj yu yariad bnaa ehner huuhedee zodoj nudsen sogtuu teeveriin heregsel joloodson sanaatai hulgai hiisen tiim humuusiin s###s baas haltar tsagaan heregleliig tangarag urgusun turiin alban haagch ugaagaad zogsoj bh ym boljino uu arai davartsan garuud uu gyu urigdaj irsen noyn shig

Мандах
Мандах
2022-11-05 15:52

Нийтлэл бичсэн хүн тэнд болж буй үйл явдлыг тодоор бичсэн байна. Хүмүүст хорих ял эдлэх ямар байдаг т�##�аар мэдээлэл өгч байгаа нь олон түмэнд хэрэгтэй.
Өөрийгөө өмөөрч, буруугүй энээ тэр гэж бичээгүй байна.
Үнэхээр хорих ангиудад хүний эрх зөрчигддөг нь үнэн. Нийгмээс тусгаарлагдаж, сург�##�танд суух ёстой болохоос бусад төрлөөр хуягуудаас дарамт авах ёсгүй.

Холбоотой мэдээ

Back to top button