НИЙГЭМ

Б.Батцэцэг: Эмэгтэй энхийг сахиулагчдыг 15 хувьд хүргэх НҮБ-ын уриалгыг дэмжинэ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш өчигдөр /2022.08.08/ Монгол Улсад хүрэлцэн ирсэн билээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаарх түүний айлчлал өнөөдөр эхэллээ. Дөнгөж сая Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзаж, хамтарсан мэдэгдэл хийсэн юм.

Энэ үеэр Б.Батцэцэг сайд "Монгол Улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн. Өнгөрсөн 2021 онд манай улс тус байгууллага дахь гишүүнчлэлийнхээ 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж, хамтын ажиллагааныхаа ололт, амжилтыг дүгнэн цаашдын зорилго, зорилтуудыг тодорхойлсон. Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй 20 жил, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй хэмээн зарласны 30 жилийн ойтой давхцаж буй үед НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерешийн айлчилсан нь Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд манай улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна. Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн, эмэгтэйчүүд ялгаварлан гадуурхлаас ангид тэгш эрхтэй байх ёстой гэж үздэг ардчилсан улс билээ. Энэ ч үүднээс манай улс НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн эмэгтэйчүүд, аюулгүй байдлын тухай 1325 дугаар тогтоолын дагуу энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэй албан хаагчдын тоог 15 хувьд хүргэх уриалгыг дэмжин, 2027 он гэхэд энэхүү зорилгод хүрэх зорилго баримталж байна.

Олон улсын энх тайван, аюулгүй байдал хурцадсан өнөө цагт манай улсын цөмийн зэвсэггүй гэх статусын ач холбогдол улам бүр нэмэгдэж байгааг онцлон дурдмаар байна. Өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сард Монгол Улс цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг баталсан. Манай улс цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсгээр хөөцөлдөхөөс сэргийлэхийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад цаашид ч хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна.

Дэлхий дахинаа тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүрээлэн буй орчны доройтол зэрэг сорилтуудыг шийдвэрлэхэд бодит хувь нэмэр оруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэрбум мод санаачилгыг дэвшүүлж, үндэсний хөдөлгөөн өрнүүлж байна. Антонио Гуттереш Ерөнхийлөгчийн эл санаачилгыг дэмжиж, өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарина. Мөн манай улс НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай энэ оны тавдугаар сард байгуулсан 2023-2027 онд хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд

  • Хүний хөгжил
  • ногоон хүртээмжтэй тогтвортой өсөлт
  • хүн төвтэй засаглал
  • эрх зүйт ёс
  • хүний эрх гэсэн таван тэргүүлэх чиглэлээр НҮБ-тай нягт хамтран ажиллана.

Нэн ялангуяа манай улсын боловсролыг шинэчлэх, цахим үндэстэн болох, сэргээгдэх эрчим хүчийг гол эрчим хүчний хангамж болгох зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын туслалцаа дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button