УЛС ТӨР

“Энх тайванч” улс: С.Лавров, Ван И нартай уулзчихаад НҮБ-ыг дуудсан У.Хүрэлсүхийн гадаад бодлого

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн айлчлал үргэлжилж байна. Тэрбээр өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, төрийн ордны Хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурсан юм. Харин үүний дараа “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан. Тарьсан модоо “Энх тайван” гэж нэрлэжээ.

Антонио Гутеррешийн айлчлалыг олон нийт эерэгээр хүлээж авч байна. НҮБ-ыг “Дэлхийн Засгийн газар” гэж өргөмжлөх нь бий. Харин геополитикийн хувьд төдийлөн төв  байр суурь илэрхийлдэггүй, түүхэн цаг хугацаандаа АНУ-ын нөлөөнд хэт автан ажиллаж ирсэн гэж судлаачид үздэг. Тэдгээрийг үл харгалзан хэлэхэд, ямартай ч Антонио Гутерреш Монголд ирээд “Энх тайван” гэдэг үгийг хэд хэдэн удаа онцолсон нь анхаарал татсан юм.

Хоёр талаас нь  харж болно. Нэг талаас, манай улсын байршил цаг үеийн тод одуудын дунд. Хойд хөрш ОХУ Украины асуудалд “байлдаанч” үүргээр оролцсон, муу нэр зүүсэн. Намжиж амжаагүй байтал урд хөрш БНХАУ Тайваны асуудалд мөн л өнгө ижил дүр зургаар харагдчихлаа. Өөрөөр хэлбэл манай хоёр хөрш хоёулаа энх  тайвны эсрэг гэсэн имижээр олон улсад харагдаж байгаа. Харин тэдний дунд, төвийг сахисан байр суурь илэрхийлэн оршиж буйгаараа яах ч аргагүй “Энх тайванч” улс гэж онцлогдох боломжтой юм. Үүнийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн хувиар Антонио Гутерреш олон улсад зарлав. Манай улсын нэр хүндэд хэрэгтэй.

Харин нөгөө талаас, НҮБ-аар “Энх тайванч улс” гэж цоллуулсан нь мөнхийн хоёр хөршийнхөө нүүр лүү жаахан жийрхүү харц шидчихлээ гэлтэй. Нэгэнт Монгол Улс нүүж, холдож чадахгүй. Мөнхийн хөрш хоёр оронтой. Эднээсээ улс төр, эдийн засгийн хувьд багагүй хэмжээнд хараат. Хэдийгээр гуравдагч хөршийн харилцааг эрчимжүүлж, олон тулгуурт гадаад бодлого баримталдаг ч Орос, Хятад хоёртой нэн тэргүүнд эв найрамдалтай байх ёстой нь манай Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд ч заагдсан байгаа. Хоёр хөрш нь “Байлдаанч, дайнч” нэр зүүж  байхад “Манай улс гоё харагдлаа” гэж сугарч үлдэх нь энэ талаар болгоомжлууштай л юм.

Харин эцэст нь, яг ийм цаг үед Антонио Гутеррешийг урьсан Ерөнхийлөгчийн үйлдэл маш оновчтой боллоо. Мөртлөө, өмнө нь БНХАУ-аас Ван И,  ОХУ-аас С.Лавров нарыг хүлээн авсан. “Бат харилцаатай, хамтран ажилласаар байх болно” гэдгээ хоёр хөршдөө ийн илэрхийлчхээд, араас нь НҮБ-ыг дууддаг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын стратегид өндөр үнэлгээ өгөх нь зүйн хэрэг билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2022-08-11 12:18

За мэдэхгүй, цаг хугацаа харуулна, урьдчилж дүгнээд, энэ т####аар цацаад байх хэрэггүй

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x