СПОРТЯрилцлага

ОУШХМ Б.Мөнгөнзулын ээж Ш.Цэвэлмаа: Охиныхоо хожил, хожигдол бүрийг нь хайрлаж, дэмждэг

Эхлэлийн оронд: Бат-Эрдэнийн Мөнгөнзул 2013 оны 12 дугаар сарын 18-29-ний хооронд Арабын нэгдсэн Эмират улсын Аль Айн хотноо болсон өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байв. Тэрбээр Эрдэнэтийн “Хангарьд” спорт клубт хичээллэж, Орхон аймгийн 14 дүгээр дунд сургуулийн 3б ангид суралцаж байхдаа ийнхүү ДАШТ-ий найм хүртэл насны ангилалд есөн хожил, нэг хожигдол, хоёр тэнцээтэй аман хүзүүдэн ДАШТ-ий мөнгөн медалийн тавцанд зогссон юм.

Наймхан насандаа дэлхийд үзүүрлээд үзчихсэн Б.Мөнгөнзул охин 17 насандаа “Оюуны олимп” гэж нэрлэгддэг Дэлхийн шатрын олимпиадын дөрөвдүгээр ширээнд түрүүлж, ийм амжилт гаргасан Монголын анхны эмэгтэй шатарчин болсон бахархам түүхийг бүтээгээд байна.

Бат-Эрдэнийн Мөнгөнзул гэж хэн бэ?

Б.Мөнгөнзул 2005 оны нэгдүгээр сарын 07-ны өдөр Орхон аймагт төрсөн. Одоо 17 настай. Ирэх намар ЕБС-ийн 12 дугаар ангид орно. Шатрын олимпиадад анх удаа эх орноо төлөөлж буй түүнийг МШХ тэмцээний өмнө албан ёсны фэйсбүүк хуудастаа “Туршлага хуримтлуулж, түвшин ахиж, сенсааци тарина” хэмээн таамагласан нь онож, дөрөвдүгээр ширээнд 10 өргөөс 8.5 оноо аван Монголын шатрын түүхэнд ширээндээ алтан медаль хүртсэн анхны эмэгтэй тоглогч болсон юм. Өрсөлдөгчтэйгөө барагтай бол тэнцдэггүй, хожиж бүтэн оноо салгадаг, боксоор бол нокаут хийдэг чанар нь түүнийг ийнхүү түүхэн амжилтад хөтөлсөн билээ. ОУШХ-ны дэд мастер байсан тэрбээр Ченнайн олимпод ОУШХ-ны мастер цол хүртээд зогсоогүй, Эмэгтэйчүүдийн их мастер цолны норм биелүүлсэн юм.

Үргэлжлүүлэн түүний ээж Ш.Цэвэлмаатай ярилцаж, баярын сэтгэгдэлийг нь сонслоо.

-Охин тань шатрын дэлхийн аваргын дөрөвдүгээр ширээнд алтан медаль хүртлээ. Сэтгэгдэлээ хуваалцаач?

-Мэдээж баяртай байлгүй яах вэ. Сайхан байна. Охиноо өмнөх өргүүддээ сайн яваад байсан болохоор ямартай ч медаль хүртэх болов уу гэсэн горьдлого, таамаг байсан. Охин ч өөртөө итгэлтэй байх шиг санагдсан. Хожил, хожигдол бүрийг нь хайрлан, дэмжиж түүндээ дандаа итгэх нь бидний хийж чадах хамгийн сайн дэмжлэг шиг санагддаг. Мэдээж, бүх талаар нь охиноо дэмждэг л дээ. Хол газар тэмцээнд явсан хойно нь чухал, эгзэгтэй үед яаж байгаа бол гээд санаа зовж түгшээд л чимээ хүлээж суудаг шүү.

-Мөнгөнзул анх хэзээнээс эхэлж шатрын спортоор хичээллэх болсон юм бэ. Гэр бүлийнхэн нь нөлөөлсөн үү?

-Багын л аавтайгаа шатар тоглодог, шатарт дуртай, хайртай хүүхэд байсан. Цэцэрлэгт байхдаа шатрын дугуйланд явж түүнээс хойш өөрийн сонирхлоор үргэлжлүүлэн тоглох болсон. Ер нь таван настайгаасаа эхлээд Орхон аймагт хичээллэж эхэлсэн юм. Түүнээс хойш тасралтгүй 12 жилийг охин минь энэ спортод зориулжээ. Ийм баярт өдөр ирнэ гэж итгэдэг байсан.

-Танайх Орхон аймгийн айл уу. Ам бүл хэдүүлээ вэ?

-Манайх Увс аймгийн Тариалан сумын уугуул айл. Орхон аймагт ирж суурьшаад олон жил болж байна. Ам бүл наймуулаа, зургаан хүүхэдтэй. Мөнгөнзулын хувьд энэ жил 12 дугаар ангид орно.

-Багаасаа л олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож байжээ...?

-Тийм ээ. Дэлхий, тив, улс, аймагт гээд гаргасан амжилт их. 2013 онд л гэхэд өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд бас түрүүлж байсан. Энэ удаагийн амжилт хамгийн том нь болж байх шиг байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
BAT-ULZII
BAT-ULZII
2022-08-11 18:25

Anhnii yum buhen nasan turshiih baidag tiim bolhoor hojil hojigdol buhend ene ercheerei baigaarai chinii amjiltand bayartai bn

баяр хүргэе
баяр хүргэе
2022-08-12 06:05

Монголчуудаа олон жил баярлуулж яваарай. Монголын төрийн тугийг олон удаа өргүүлээрэй.

Холбоотой мэдээ

Back to top button