ЭДИЙН ЗАСАГ

КЭЙС: Банкууд зээл олгохдоо 1 хувийн шимтгэл авдгийг хууль бус гэж үзэн, буцаан олгуулахаар шийдвэрлэжээ

Иргэний нэхэмжлэлийн дагуу шимтгэл болгож авсан зээлийн хүүгийн 1 хувийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн кэйс бүртгэгдсэн байна.

Арилжааны зарим банкууд зээл гаргахдаа тухайн зээлийн нийт дүнгийн 1 хувийг “Зээл олгосны шимтгэл” хэмээн суутгадаг. Тэгвэл энэ нь хуульд харшилж байгааг давж заалдах шатны шүүх ийн тогтоожээ.

Шүүхэд анх нэхэмжлэл гаргасан иргэн нь 559 сая төгрөгийн зээл авсан байна. Энэ мөнгөө бүгдийг нь өөр данс руу шилжүүлж, өр хаах зорилготой байжээ. Харин банк зээлийн дүнгээс нь 559 мянган төгрөг суутгасан тул иргэн зээл авсан зорилгоо биелүүлж чадаагүй байна. Ингээд иргэн “Ийм шимтгэл авсан нь хууль зөрчиж байна. Зээлийг зориулалтын дагуу ашиглах боломж олгоогүй. Иймд банк зээлийн хүү авах эрхгүй” гэсэн үндэслэлээр шүүхэд ханджээ. Тэр 10.6 сая төгрөгийн зээлийн хүүнд төлөөд байсан аж.

Харин анхан шатны шүүх тухайн иргэний нэхэмжлэлийг хүчингүй болгожээ. Иргэн давж заалдсан бөгөөд, энэ шатны шүүх банкийг хууль бусаар 1 хувийн шимтгэл авсан гэж үзэн, буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин зээлийн хүүнд төлсөн мөнгийг банкнаас гаргуулах үндэслэл байхгүй гэж үзжээ.

Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс: “Зээлийн гэрээнд талууд хэдийгээр гарын үсэг зурсан, сайн дурын үндсэн дээр байгуулсан боловч, Банкнаас зээлдэгчид урьдчилан санал болгосон зээлийн гэрээнд хуулиар эрх олгогдсоноос бусад хураамж, шимтгэл авахаар өөртөө эрх олгосон заалтыг шүүх хүчин төгөлдөр гэж үзэхгүй. Иймд, зээл олгосны шимтгэл суутган авахаар заасан зээлийн гэрээний заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, уг заалтын дагуу шимтгэлд суутган авсан 559,000 төгрөгийг Банкнаас буцаан гаргуулахаар шийдвэрлэв” гэж шийдсэн байгаа юм.

Мэдээлэл өгөхөд, банк талаас энэ шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Улсын дээд шүүхэд хандаад байгаа юм байна. Иймд УДШ-ийн шийдвэр хэрхэн гарахаас шалтгаалж, 1 хувийн шимтгэл авах нь хууль зөрчдөг эсэхийг тогтоох юм. Хэрэв УДШ давж заалдах шатны шүүхийн адил шийдвэр гаргавал энэ бүх хугацаанд зээлийн дүнгийнхээ 1 хувийг шимтгэлд өгсөн иргэд буцааж авахаар нэхэмжилж болох үндэслэл бий болох юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дорж
Дорж
2022-08-11 15:46

ЗЭЭЛ ТӨЛӨХӨӨР ЗЭЭЛ АВЧ БОЛОХ УУ

Холбоотой мэдээ

Back to top button