СПОРТСурвалжилга, Нийтлэл

ЭОУШХМ Б.Мөнгөнзул: Шатарт багаасаа дурлаж, энэ спортоор хүмүүжсэндээ баярладаг

"Оюуны олимп" гэгддэг дэлхийн шатрын олимпиад Энэтхэгийн Ченнай хотод долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 10-ны өдрүүдэд болж өндөрлөсөн билээ. 189 орны эрэгтэй, эмэгтэй 343 багийн 2000 гаруй шатарчид оюун ухаанаа сорьсон тус олимпид манай улсын эрэгтэй, эмэгтэй багийн шатарчид амжилттай оролцоод өчигдөр буюу наймдугаар сарын 11-ний орой эх орондоо ирсэн юм. Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн дөрөвдүгээр ширээнд тоглож, 85 хувийн хожлоор ширээндээ алтан медаль хүртсэн 17 настай Бат-Эрдэнийн Мөнгөнзул охиныг бид онцолж байна. Түүнтэй хэсэг хугацаанд ийн ярилцлаа.

-ЗӨВХӨН БАГАА, ТЭМЦЭЭНЭЭ Л БОДОЖ ТҮҮНДЭЭ ТӨВЛӨРСӨН ХЭД ХОНОГ БАЙЛАА-

-Танд уншигч, үзэгчдийнхээ өмнөөс халуун баяр хүргэе. Дэлхийн оюун ухааны олимп гэж нэрлэгддэг үнэ хүндтэй тэмцээнд амжилттай оролцоод ирлээ шүү дээ?

-Баярлалаа. Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад эх орноо төлөөлж, багаараа амжилттай оролцоод ирсэндээ баяртай байна. Миний бие дөрөвдүгээр ширээнд тоглож хувийнхааа дүнгээр алтан медаль хүртлээ. Энэ амжилтыг гаргахад багийн хамт олон маань надад маш том түлхэц, дэм боллоо. Учир нь манай баг дээгүүр амжилттай сайн тоглосон учраас энэ хүндтэй шагналыг хүртэхэд минь тус болсон. Энэ хүртэл хамтдаа явж ирсэн багш нартаа, багийнхандаа, хороонынхондоо их баярлаж байгаагаа илэрхийлмээр байна.

-Нийт 10 өрөг тоглож 8.5 онооны үзүүлэлтээр ширээндээ алтан медаль хүртлээ. Тоглолтуудын тухай яриач, мэдээж бүгд амаргүй даваа байсан байх?

-Тэмцээний хувьд хамгийн хүчтэй баг Энэтхэг байлаа. Түүний араас Германыг нэрлэж болох байх.  Би нэг хожигдол аваад манайх багаараа хожигдсон. Нэмээд Украйны шатарчид хүчтэй өрсөлдөгчдийн нэгд зүй ёсоор багтаж байсан. Дэлхийд чансаа өндөр тэргүүлэх зэргийн шатарчдыг дэргэдээс нь хараад, хамт нэг тэмцээнд оролцоод явах мэдрэмж төсөөлөмгүй сайхан, бас сүрдмээр. Миний дэлхийн аваргын тэмцээнд оролцож байгаа гурав дахь тохиолдол маань энэ удаагийн олимпиад байлаа.

-Сэтгэл зүй, тоглолтын арга барил их чухал байх. Хэрхэн төвлөрч байв?

Зөвхөн багаа, тэмцээнээ л бодож түүндээ төвлөрсөн хэд хоног байлаа гэж хэлж болно. Бүх л өрсөлдөгчөө хүчтэйд тооцож, өөрийнхөө бүхий л нөөц боломжийг гаргаж, чадлаараа тоглосон.

-ШАТАРТ БАГААСАА ДУРЛАЖ, ЭНЭ СПОРТООР ХҮМҮҮЖИЖ ЯВААДАА БАЯРЛАДАГ-

-Удахгүй есөн сард болох өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөн л эх орноо төлөөлөн оролцоно шүү дээ. Шахуу хуваарьтай санагдаж байна. Бэлтгэлдээ эргэн орох нь ээ?

Хэсэг хугацаанд амарч байгаад есөн сард болох тэмцээндээ бэлдэж эхэлнэ. Өсвөрийн дэлхийн аваргын  тэмцээн гэдэг миний хувьд бас л хамгийн том тэмцээн. Мэдээж амжилт гаргаж эх орныхоо нэрийг өндөрт өргөхийг хичээх болно.

-Энэ хүртэлх зам амаргүй байсан нь мэдээж. Шатрын спортод 12 жилийг зориулахад, энэ амжилтыг гаргахад үргэлжид чиний төлөө байсан ээж, аав, багш, ойр дотны хүмүүстээ хандаж юу хэлэх вэ?

Бүхий л цаг үед эргэлзээгүйгээр надад итгэн дэмжиж, найдвар хүлээлгэж ард минь асаалттай танк шиг байдагт маш их баярлалаа гэж хэлмээр байна. Шатарт багаасаа дурлаж, энэ спортоор хүмүүжин төлөвшиж яваадаа бас баярладаг. Мэдээж баг хамт олонгүйгээр төсөөлөхөд бэрх. Багийнхандаа хайртай шүү гэж хэлье.

Үргэлжлүүлэн түүний ээж, аавын болон багш Н.Баттулгын яриаг хүргэе.

Б.Мөнгөнзулын шатрын багш Н.Баттулга

-Шавь нь амжилт гаргаад эх орондоо ирж байна. Эхлээд бидэнтэй баярын сэтгэгдэлээ хуваалцахгүй юу?

-Маш их баяртай байна. Дэлхийн шатрын олимп хоёр жилд нэг удаа болдог. Энэ тэмцээнд дэлхийн бүх орны хамгийн хүчтэй шатарчид оролцдог үнэхээр гайхалтай тэмцээн. Миний хувьд дэлхийн шатрын олимпиадад таван удаа оролцож байсан. Ширээндээ алтан медаль авна гэдэг бараг л боломжгүй, маш хэцүү байдаг. Мэргэжлийн шатарчны хувьд гайхалтай амжилт юм. Тийм учраас сэтгэгдэл их өндөр байна.

-Арван өргөөс 8.5 оноо авсан харагдсан. Энэ хэр өндөр үзүүлэлт юм бэ?

-Их өндөр үзүүлэлт л дээ. Рейтинг болон онооны дунджаар дүнг нь гаргадаг учраас маш хүчтэй тамирчидтай буюу олон улсын болон их мастеруудтай тоглосон. Тийм учраас найм хагас гэдэг хангалттай үзүүлэлт. Ер нь ямар ч тэмцээнд ийм оноо авбал түрүүлнэ л гэсэн үг.

-Хожиж яваад хожигдсон ч юм уу харамсалтай өрөг гарав уу. Тэмцээний явцаас анзаарагдсан, анхаарал татах зүйлүүд юу байв?

-Сонирхолтой зүйлүүд их өрнөсөн. Бага зэргийн алдаа дутагдалтай байдлууд ч мэр сэр анзаарагдсан. Ийм асуудал байлгүй яах вэ. Гэхдээ бараг хийгүй тоглосон. Маш сайн байлаа. Багаа олон удаа аварсан гээд бүх өргүүдэд нь сэтгэл хангалуун, санаанд минь хүрсэн тоглолтууд байсан гэж үнэлж байна.

-Таны оролцоо голлох үүрэгтэй байлаа. Б.Мөнгөнзул та хоёр хэдэн жилийн өмнөөс багш, шавь болов?

-Нүүдэл дөнгөж сурсан бага байхдаа над дээр ирж байсан юм. Түүнээс хойш бусад шавь нартайгаа хамт нийлээд бүх тэмцээн уралдаанд оролцоод явдаг болсон. Б.Мөнгөнзулын давуу тал нь оролцсон тэмцээн бүрээсээ шагнал авдаг байсан. Өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальтай, Ази тивийн аваргын алтан медальтай гээд олон улсад гаргасан амжилтууд ихтэй. Хамгийн сүүлд насанд хүрэгчдийн Орхон аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээний эрэгтэйчүүдийн бу нээлттэй ангилалд түрүүлсэн.

-Өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд удахгүй явна шүү дээ. Багшийн хувьд хүлээж байгаа хүлээлт байна уу?  

Миний хувьд тэмцээний талаар урьдчилж ямар нэг зүйл хэлдэггүй. Ямар ч спорт байсан   тамирчин тухайн цаг үедээ бүхий л нөөц боломжоо ашиглаж, дайчилж чадвал болохгүй зүйл үгүй санагддаг.

Б.Мөнгөнзулын аав Н.Бат-Эрдэнэ

-Охин нь шатрын спортоор хичээллэж эхлэх анхны шалтгаан та өөрөө шүү дээ. Бат-Эрдэнэ ахын хувьд энэ спортод хэдийнээс сонирхолтой байв?

-Би бага байхын л шатар тоглодог хүүхэд байлаа. Нагац эгч маань бас тоглодог, тэгээд л надад зааж өгсөн хэрэг. Би тэр хүнийг л дагаж сурсан. Харин охин минь надаас. Сонирхуулан ярихад, охин маань нэг өдөр цэцэрлэгээсээ ирээд “Аав аа, би шатрын дугуйланд явмаар байна” гэж өөрөө хэлсэн. Ингээд л эхэлсэн дээ. Би өөрөө ч зааж өгөөд, дугуйуланд нь ч явуулаад. Түүнээс хойш өдийг хүртэл охинтойгоо хамт, дэмжээд явж байна. 2013 онд Иран руу охин маань ганцаараа явахдаа Aзи тивийн АШТ-ий мөнгөн медалийн болзол хангаад эх орондоо ирсэн. Түүний дараа ДАШТ-д явахад нь би өөрөө дагаж явсан, хажууд нь дэмжээд л. /инээв/ Тэр тэмцээнээс аав, охин хоёр мөнгөн медальтай ирсэн. Маш их баярлаж, охиноороо бахархаж байсан минь одоо ч тод мэдрэгдэж байна. Энэ мэдрэмжийг охин минь дахин мэдрүүлж байгаад хязгааргүй их баярлаж сууна. Мөнгөнзулыгаа ирээдүйд их мастер болно гэж боддог.

-Бүхий л талаар нь маш сайн дэмжсэний дүнд энэ амжилт ирж байгаа гэж харж болохоор санагдлаа?

-Тийм ээ. Бүх л тэмцээн уралдаанд нь ямар нэг байдлаар явуулахыг л бодно шүү дээ. 2013 оны дэлхийн аваргын тэмцээнд явахад нь Эрдэнэт үйлдвэрийнхэн, Хас банкнынхан, манай худалдааны төвийнхөн, ойр дотны ах дүү, найз нөхөд гээд л их тусалсан. Олны дэм гэж сайхан шүү. Итгэлийг нь хэзээд алдахгүй үүрч гардаг охин минь л бахархам юм даа.

Ээж Ш.Цэвэлмаа

-Охин тань шатрын дэлхийн аваргын дөрөвдүгээр ширээнд алтан медаль хүртлээ. Сэтгэгдэлээ хуваалцаач?

-Мэдээж баяртай байлгүй яах вэ. Сайхан байна. Үртэй хүний жаргал юм даа. Охиноо өмнөх өргүүдэдээ сайн яваад байсан болохоор ямартай ч медаль хүртэх болов уу гэсэн горьдлого, таамаг байсан. Охин ч өөртөө итгэлтэй байх шиг санагдсан. Хожил, хожигдол бүрийг нь хайрлан, дэмжиж түүндээ дандаа итгэх нь бидний хийж чадах хамгийн сайн дэмжлэг шиг санагддаг. Мэдээж, бүх талаар нь охиноо дэмждэг л дээ. Хол газар тэмцээнд явсан хойно нь чухал, эгзэгтэй үед яаж байгаа бол гээд санаа зовж түгшээд л чимээ хүлээж суудаг.

Эргээд бодоход тасралтгүй 12 жилийг охин минь энэ спортод зориулжээ. Ийм баярт өдөр ирнэ гэж итгэдэг байсан. Энэ хугацаанд охин минь нэг ч удаа шантарч, ухарч, хойш сууж завгүй, болохгүй байна гэж шалтаг тоочиж байгаагүй. Энэ зан чанар нь бас их нөлөөлсөн шүү. Ингээд Монголынхоо шатрын холбоо болон эмэгтэй багийн дасгалжуулагч, багш Батсайхандаа маш их баярлаж байгаагаа илэрхийлье.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-12 09:28

Амжмот

Зочин
Зочин
2022-08-12 22:17

Ёстой хөөрхөн, мундаг охин юм аа

Холбоотой мэдээ

Back to top button