УЛС ТӨР

"Зун амрахгүй ажилла" гэснийг тань гишүүд мартчихлаа, Г.Занданшатар дарга аа

УИХ-ын хаврын чуулган хаах өдөр спикер Г.Занданшатар “Зун амрахгүй шүү. Үнийн өсөлт, инфляц намар, өвлөөс бүр даамжирна. Холбогдох байнгын хороод, ажлын хэсэгт үүрэг өгч байна” хэмээн мэдэгдсэн. Үүний өмнөхөн ч яг энэ утгаа чуулганы индэр дээрээс илэрхийлж байсан юм.

Харин одоо зун дуусаж байна. Наадмын дараа намар гэгчээр цэцэрлэг, сургууль эхлэх дөхөж, иргэдийн амьдрал бужигнахад хоёр долоо хоногийн л хугацаа үлджээ. Атал УИХ-ын гишүүд ажилласангүй. Нэг үгээр УИХ-ын даргын үг үг  төдий болж, нөгөө талаас иргэдийнхээ амьдралд тэд санаа тавьсангүй гэлтэй.

ӨГСӨН БАС “МАРТАГДСАН” ҮҮРГҮҮД

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ үеэрээ хэд хэдэн ажлын хэсэгт үүрэг өгч буйгаа мэдэгдсэн байдаг.

Нэгт, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг.

Тэд УИХ-аас баталсан үнийн өсөлтийг хязгаарлах тухай хуулийн төслийн хэрэгжилтийг шалгах үүрэг хүлээсэн. Мөн спикерээс иргэдийн эдийн засгийн амьдралд үүсэж болох эрсдэлээс хамгаалах бодлого, шийдвэрийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх, Засгийн газарт чиглэл өгөхийг үүрэг болгосон.

Харин зуны хугацаанд энэ ажлын хэсэг таг чиг болов. Дөрөвдүгээр сард баталсан уг хуулийн төслөөр мах, гурил, шатахуун нийлүүлдэг ААН-үүдэд төрөөс санхүүжилт олгохоор болсон. Санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой тайлбарлаагүй. Хэчнээн ААН, ямар эх үүсвэрээр, хэдэн төгрөгийн санхүүжилт, хөнгөлөлттэй зээл авсан тухай мэдээлэл ил биш. Түүнчлэн энэ нь аж амьдралд үр дүнгээ үзүүлсэн үү, үнийн өсөлт буурсан уу гэдэг нь асуух асуулт.

Хоёрт, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэж, ҮХНӨ-д бэлтгэх үүрэг

ҮХНӨ-ийг зун ээлжит бус хуралдаан зарлан хэлэлцэнэ гэдэг мэдээлэл байсан ч больсон. Чуулганы хуралдаан хаах үеэр УИХ-ын дарга “Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа хэлэлцэж, ард түмний хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж, ҮХНӨ-ийн үзэл санаанд тусга” хэмээсэн. Цаашлаад “Ажлын хэсгүүд хууль, тогтоолын төсөл боловсруулж, шийдэл олсон бол ээлжит бус чуулган зарлах боломжтой” гэж онцолсон юм.

Үндсэн хуулийг намар шинээр бичих тухай яригдаж эхэлсэн болоод ч тэр үү, ҮХНӨ-ийн үзэл санааг зун огт ярьсангүй. Үүнийг дагаад Үндэсний баялгийн сан тэргүүтэй, ҮХНӨ-д оруулна гэж байсан агуулгууд зун цагаар хэлэлцэгдсэнгүй.

Гуравт, Ж.Бат-Эрдэнэ гишүүнээр ахлуулсан Түр хороо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" хөдөлгөөнийг дэмжих зорилгоор УИХ-ын дарга Г.Занданшатар Ж.Бат-Эрдэнэ гишүүнээр ахлуулсан Түр хороо байгуулсан. Энэ тухайгаа мөн хаврын чуулган хаах өдөр зарлаж, зуны хугацаанд ажиллах үүрэг өгсөн байдаг.

Тэрбээр тус Түр хороог "Хүнсний үйлдвэрлэлээ дэмжих, намрын ургац хураалтын бэлтгэл хангах, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлд онцгой анхаарч ажиллах шаардлагатай" хэмээсэн.


Г.Занданшатар дарга инфляц, үнийн өсөлт намраас бүр хүндэрнэ, зунжин ажиллах шаардлагатай байна, шийдэл олбол ээлжит бус хуралдаан зарлаж болно гэж мэдэгдсэн ч гишүүд тоосонгүй. Дээрх ажлын хэсэг, түр хороод лав зун цагаар ажиллах үүрэг хүлээсэн ч амарцгаав.

Гэвчиг ҮХЦ-ийн шийдвэрийн дагуу сайд нарыг солих, ҮХНӨ-өө эхлүүлэх ажлаар л тэд сэрцгээж байна. Тэднийг сандал суудлын хүсэл, улс төрийн амбиц нь л сэрээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-16 09:05

Ярих биш ажил болго гэпэг чинь л үр дүн нь энэ шүү дээ сайдаа

Зочин
Зочин
2022-08-16 09:10

AMRAHGVI L GEEED BAISAN ZUN JINGEEE L ORDON HOOSON HIIJ BUTEESEN ZVILGVI ZUNIIIG AWAH SHIWDEEE

Зочин
Зочин
2022-08-16 09:37

Hun l ym chin amardag bas ajlaaa ch sain hariutslagatai l hiideg baimaar bgaa ymdaaa

Холбоотой мэдээ

Back to top button