Эгэл бус амьдрал

Эгэл бус амьдрал: “Би мөрөөдлөө өөрчилсөн. Хорт хавдраа ялан дийлээд...”

Түүнд өмнө нь зовуурь байсангүй. Хөл хорионы үеэр БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлэгт тэнцэн онлайнаар магистрын зэрэг хамгаалсан, хөдөлмөрч, оюунлаг IT инженер эмэгтэй. Хожуу үеийн ходоодны хорт хавдартай гэсэн онош сонссон мөч. Тэр итгэсэнгүй. Бас хамгийн түрүүнд “Би ямар аймаар хариуцлагагүй юм бэ. Төрүүлсэн охиноо орхиод явах гэж үү. Ээжгүй охины ирээдүй ямар байх юм бэ” гэж боджээ. Н.Халиунаагийн охин одоо ой, сургаан сартай.

Биднийг ирэхэд тэр угтаж аван, өөрийнхөө барьсан талхаар дайлж, охиноо тойглоно. Туж л босож, суух аж. “Зарим хүн намайг яг эрүүл юм шиг л яваад байх юм гэж хэлээд байгаа” хэмээх түүний нүдэнд гунигийн сүүдэр бүр гүнээс нь үл ялиг тэмтрэгдэх ч ил харагдахгүй. “Хандивын аян маань нэг л өрнөж өгөхгүй байна. Хүн болгон хандив гуйдаг болсон болохоор нийгэм дөжирсөн байх аа. Гэхдээ үхлээ хүлээгээд хэвтэхгүй ээ” гээд тэр инээнэ.

Өнөөдөр 30 настай залуу бүсгүй яагаад гэнэт ийм онош сонсов оо.

ГЭНЭТИЙН ОНОШ

Н.Халиунаа 2020 оны гуравдугаар сард бие давхар болсноо мэдээд эмнэлгийн үзлэг, оношилгоонд ороход ямар нэг асуудал илэрсэнгүй. Охиноо тээж, төрүүллээ. Харин 10 сартай болоод байхад нь тэр ходоодоо дурандуулсан дүүгээ “Сонгодо” эмнэлгээс очиж авчээ. Өвөл байж. “Он гараад ажилдаа орно доо” хэмээн бодож байсан тэр жирэмсний амралтаа дуусахаас өмнө нэг мөр үзлэг оношилгоо хийлгээд авъя гэж бодсон нь тэндээс эхлэлтэй. Ингээд “Сонгодо” эмнэлэгт ходоодоо дурандуулахад нь эмч “Хожуу үеийн хорт хавдар байж болзошгүй” гэсэн мэдээг анх дуулгажээ.

Нөхөртөө хэлэв. Хамтдаа тэр өдөр ХСҮТ-д очиж үзүүлэв. Маргааш нь тэнд дахин дурандуулахаар болжээ. Тэр хүртэл ХСҮТ-ийн эмч “Хавдар биш ч байж магадгүй” гэж хэлсэн нь тэдний сэтгэлийг жаахан тайтгаруулав. Гэвч сайн мэдээ ирсэнгүй. Тэднийг тийм мэдээ дуулгах маргааш хүлээж байжээ.

“Яг миний хариу, онош мөн үү. Андуураагүй биз” гэж Н.Халиунаа эргэлзэн асууна. Эмнэлгийн коридорт их удаан бодлогширч суужээ. “Би яахаа ч мэдэхгүй байна” гэж нөхөр тэр хоёр хоорондоо учраа олохгүй ярилцаж, уйлжээ. Ямар ч зовуурьгүй, тэр дундаа ходоод нь огт өвдөж байгаагүй Н.Халиунаа энэ оношийг дэндүү цочир хүлээж авав. Охиноо л их боджээ. “Би ямар аймаар хариуцлагагүй юм бэ”.

-Нээрэн танд ямар ч зовуурь байгаагүй юү. Биед мэдэгдэлгүй хавдар ийм шатандаа ороход юу нөлөөлдөг гэж эмч нар тайлбарласан бэ?

-Цээж ч хорсож байгаагүй юм. Миний хавдрын үүсгэгч эс нь мутацад орж өөрчлөгдсөн, хоруу чанар ихтэй, эрт илрүүлэх боломж багатай гэж эмч тайлбарласан. Төрсний дараа нэг хэсэг өтгөн хатахад эмч төрөлттэй холбож тайлбарлахад нь тоогоогүй. Хооллолтоороо зохицуулаад өнгөрч байсан.

Ерөнхийдөө генийн удамшил, эсвэл ямар нэг вирус, бактерын халдвар авсан байсан нь жирэмсний үед хурдацтай хавдрын эс болж хувирсан гэх мэт шалтгаанууд хэлэгддэг юм байна. Жирэмсэн үед бодисын солилцоо хэд дахин хурдан явагддагтай холбоотой. Ходоодны хорт хавдар дөрөвдүгээр үедээ ортлоо 8-10 жил болдог бол жирэмсэн эмэгтэйн хувьд энэ хугацааг бие давхар үедээ “товчилчихдог” тохиолдол бий гэсэн.

Онош дуулаад тэр 2022 оны нэгдүгээр сард ходоод тайрах мэс засалд оржээ.

“ХОДООДОО ЯАЖ БУЦААЖ АВАХ ВЭ?”

Тэр онош дуулснаас хойш бас л ямар нэг зовуурь мэдрэлгүй байсаар ходоод тайрах мэс засалд яаралтай орсон байна. Хавдрын голомт ходоод, улаан хоолойг холбосон булчинлаг хэсэгт байжээ. Иймд ходоодноос гадна улаан хоолойноос нь тодорхой хэсгийг тайрч, нарийн гэдэстэй нь залгажээ.

“Би хагалгаанаас хойш сар гаруй шокноос гараагүй. Эхлээд балга ус ч уудаггүй. Дан дуслаар шингэн, шим тэжээлээ авдаг юм билээ. Ингээд балгахан ус ууж болох өдөр ирэхэд, ямар гоё амттайг нь мэдсэн. Өмнө нь огт анзаардаггүй байсан юм билээ. Энгийн зүйлс ч ямар их үнэ цэнтэй юм бэ”.

Н.Халиунаа ярианы дундуур босож, “Байн байн шингэн уухгүй бол болохгүй. Химийн эмчилгээний хороо тайлахгүй бол” хэмээгээд ус буцалгагчнаас ус хийж авна.

Тэрбээр хагалгаанд орохынхөө өмнө хэдэн жилийн өмнө явж байсан Шри Шри бясалгалаа дахин сэргээж, “Давж гарна аа, болно” гэж итгээд байсан ч ходоодоо тайруулах амар байсангүй. Ус уусан ч бөөлжиж гаргах, маш сайн зажилж идэхгүй бол горойх. Мөн “Ходоодгүй болсон” гэх бодол үргэлж ээрнэ.

“Эрхтэн бүтэн байхын жаргалыг анзаардаггүй байжээ. Алдсан ходоодоо яаж буцааж авах вэ гэж их бодсон. Өөрийгөө яая гэж байж интернэтээс ходоод шилжүүлэн суулгах хагалгаа хүртэл судалсан. Амжилттай болсон тохиолдол байдаг ч тэгэхээс илүү хооллолтоо зохицуулж, энэ хэв маягтаа дасах нь илүү дээр сонголт юм билээ. Зүгээр л хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан” хэмээнэ.

ХАВДАР ГЯЛТАН ХАЛЬС РУУ ҮСЭРХИЙЛСЭН БАЙЖЭЭ

Эрэлхэг ходоод хорт хавдрын эсийн голомтыг аваад, эзнээ орхиод одсон ч асуудал үлджээ.

Н.Халиунаа мэс засалд орсноос 15 хоногийн дараа реакц өгч эхэлсэн байна. Хэвлийд нь ус үүсжээ. Хэвлийнхээ уснаас шинжилгээ өгөхөд хавдрын эс илрэв. Үсэрхийлж. Томографт харуулахад хавдрын эс илэрсэнгүй. “Тэгэхэд илрээгүй мөртлөө гялтан хальс руу үсэрхийлсэн байсан. Харин “Интермед” эмнэлэгт дурандуулахад хавдрын эсүүд бүдүүн, нарийн гэдэсний нугалаа бүрд будаа шиг цацагдсан байна гэсэн”.

Гялтан хальс руу хавдрын эс үсэрхийлсэн бол бусад эрхтнүүд ч гэмтдэг. Хэвлийн бүх эрхтэнд хавдрын эс үржих бололцоо бий болно. Иймд гай, хөөт хавдрын эс Н.Халиунаагийн биеэр тархчихсан болж таарчээ. Дээрээс нь гялтан хальс судасжилтгүй бүс учраас химийн эмчилгээ хийхэд 5-10 хувь нь л нөлөөлдөг байна.

“Одоо би химийн эмчилгээнд орж байгаа. Хэвлийдээ суваг /порт/ тавиулсан. Сайн үр дүн харагдаж эхлээгүй л байна” хэмээнэ.

Энэ үйл явдлуудын зэрэгцээ тэр сэтгэл зүйтэйгээ ажилласаар л байжээ. “Би давна”.

НАС УРТАСГАХ ЭМЧИЛГЭЭ

Эмч нарын хувьд түүнд нас уртасгах эмчилгээ санал болгож байгаа аж. Энэ нь химийн эмчилгээ. 30 удаагийн химийн эмчилгээ хийнэ, энэ хугацаанд түүний амьдралыг  тогтоон барина хэмээж. Гэхдээ уг эмчилгээний явцад хавдрын эсийн хуваагдал зогсож, тогтоон барих боломж гардаг. Ийм жишээ олон бий. Иймд тэр найдсаар байна.

-Эмч нар танд “Эдгэнэ” гэсэн баталгаа өгсөн үү?

-Анагаах ухаан өнөөдөр ч туршилтын шатандаа байгаа шүү дээ. 100 хувь баталгаа, нотолгоо өгдөг эмч, эмнэлэг байхгүй л байна. Гадаад, дотоодын эмнэлгүүд ийм тохиолдолд нас уртасгах, эсвэл хөнгөвчлөх эмчилгээ санал болгодог юм байна. Гэхдээ энэ эмчилгээндээ орж байх явцад эдгэрэлт явагддаг. Тэгэхээр боломж бий гэсэн үг. “Боломж байна, хүрээд ирээрэй” гэсэн учраас БНСУ-ыг зорихоор болоод байгаа.

-Ямар зардал гарах вэ?

-Химийн эмчилгээний сарын зардал тэнд 40 сая төгрөг юм байна. Хоёр жилийн хугацаанд нийт эмчилгээ хийгдэнэ. Тэгэхээр бараг тэрбум төгрөгийн хэрэгцээ үүснэ. Монголоос ядаж 500 сая төгрөг босгоод явна, болно л гэж итгэж байгаа.

-Одоо хийлгэж буй эмчилгээ нь ямар өртөгтэй байна вэ. Санхүүгийн боломж хэр хүндэрсэн бэ?

-Ерөөсөө л мөнгө урсчихдаг юм билээ. Одоо хийлгэж буй химийн эмчилгээ маань: Долоо, долоо, 14 хоногийн хуваарьтай. Долоо хоногийнх нь 1.6 сая, 14 хоногийнх 2.3 сая орчим төгрөг болдог. Нэг курс нь 4 сая орчим төгрөг гэсэн үг. Одоогоор гурван курс хийлгээд байгаа. “Интермед” эмнэлгээс курс эмчилгээний төлбөрт бүх уух эм, бэлдмэлийг дагалдуулж өгдөг учраас ижил нөхцөл байдалтай хүмүүс ямар зардалтай байгааг элж мэдэхгүй байна.

Одоо ганц нөхрийнхөө цалингаар амьдарч байгаа. Боломжит бүх цалингийн зээлийг авсан. Машинаа зарж, лизингээр жижигрүүлсэн. Хашаа байшинтай байснаа зарсан. Одоо манай гэр бүлд ипотекийн зээлийн энэ байр л байна. Хамт олон, найз нөхөд, гэр бүлийн хүрээллээс маань 20 сая төгрөг цугларсан. Үүнийг эмчилгээндээ зарцуулж байна.

Миний бие өвдсөн ч бусад хүмүүсийн сэтгэл өвчихдөг юм байна. Би хэдий дийлнэ, ялна гэсэн итгэлтэй байгаа хэдий ч. Охин үр, нөхөр минь болон хүрээлэл минь надад маш их итгэл өгч байгаа.

"БИ ЯЛНА"

Одоо тэр ялна, дийлнэ гэсэн халуун итгэлээр амьдралын хэв маягаа өөрчилжээ. IT инженер мэргэжилтэй тэр зорьсон зорилгодоо заавал хүрдэг хэмээнэ.

"Миний адил нөхцөл байдалтай хүмүүс гурилтай шөлөө идээд л яваад байдаг юм байна. Тэгэхээр шим тэжээлийн дутагдалд орно шүү дээ" гээд тэр хэрхэн хооллож буй тухайгаа ярилаа. Бясалгал хийхийн зэрэгцээ тэр хоол зүйг идэвхтэй уншиж судалж байна.

Энэ хүрээнд тэрбээр төрөл бүрийн ногоог шим тэжээлийг нь алдагдуулалгүй жигнэж болгох зэргээр асар нарийн хандаж байгаа аж. Хоёр цаг тутам хооллоно. Мөн өдөр бүр 30 минутаас нэг хүртэл гадаа алхаж, агаарлаж байна.

"Өмнө нь ийм энгийн мөчийг ч мэдэрдэггүй, дэндүү завгүй амьдардаг байжээ. Одоо байгаа нөхцөл байдалдаа яаж боломжийн хангалуун амьдрах вэ гэж сэтгэдэг болсон юм уу даа. Учиргүй өөрийгөө хүчлэхгүй, бас өвдлөө гээд хэвтэхгүй".

Тэр яг өдгөө хандивын аянаа эхлүүлээд байна. БНСУ-аас наймдугаар сарын сүүлээр хүрэлцэх ирэхийг урьсан ч зардал мөнгө дутмаг байгаа. "Би мөрөөдлөө өөрчилсөн. Хорт хавдраа ялан дийлээд, хоол зүйн чиглэлээр суралцана. Ингээд ижил зүйл туулж буй хүмүүст хэрхэн тэмцэх, хэрхэн шим тэжээлтэй, эрүүл хооллох талаар зөвлөдөг, зааж сургадаг болно".


ХАНДИВЫН ДАНС

ХААН банк: 5700825689
Хас банк: 5004752063
Голомт банк: 2205020529
Social pay: 99043703
Monpay: 99043703

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-23 08:44

Хүчтэй байгааарай охин минь заав�##� эдгэнэээ

Зочин
Зочин
2022-08-23 08:49

Чи чаднааааа

Зочин
Зочин
2022-08-23 09:11

ммөрөөдлөө заав�##� биелүүлээрэй

Зочин
Зочин
2022-08-23 09:39

Хүчтэй байж заав�##� ялаарай

Зочин
Зочин
2022-08-23 09:59

MOROODOLDOOO HURCH ZAAWAL EDGEEEREI CHI CHADNAAAA

Зочин
Зочин
2022-08-23 10:17

Солонгос худлаа мөнгө саах л гэж боломж байгаа гэнэ хандив аваад солонгос явсан хүмүүс бүгд л үхлээшд

zochin
zochin
2022-08-23 11:03

Эдгэж эрүүл саруул болох болтугай

Зочин
Зочин
2022-08-23 11:18

BOLOMJ URGEL BAIDAG ZAAWAL EDGEEEREI

Зочин
Зочин
2022-08-23 13:38

sain sanaj ywahad shar tos gej setgeleeeree huchtei buh muu muuhai ymiig ylan diilj moroodoldoo zaawal hureerei

Зочин
Зочин
2022-08-23 22:02

Охин минь хүчтэй өгөөрэй эдгэнэ ээ

Холбоотой мэдээ

Back to top button