Бодлогын хүүг дахиад нэмнэ

Инфляц улсын хэмжээнд долдугаар сарын байдлаар 15.7 хувь байна. Харьцангуй тогтворжиж ирсэн шинжтэй үзүүлэлт ч нөлөөлсөн шалтгаан нь цаг үеийн шинжтэй байв.
Тухайлбал, мах, хүнсний ногооны үнэ буурсан нь инфляцын ерөнхий дүн буухад нөлөөлжээ. Харин цаана нь, урт хугацаандаа инфляц нэмэгдэх нэгэн эрсдэл бий нь төгрөгийн ханш болж байна.
Юу гэвэл, долдугаар сарын урьдчилсан тооцоогоор төлбөрийн тэнцлийн алдагдал 258.94 сая ам.доллар болжээ. Гэтэл өмнөх сард нь ердөө 9.94 саяын алдагдал тооцогдсон. Төлбөрийн тэнцлийн зөрүү их гарах тусам төгрөгийн ханш сулардаг. Тэр хэрээр өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, инфляц нэмэгдэх эрсдэлтэй юм. Алдагдал огцом өсөж буй үед бодлогын хүүг нэмэж, төгрөгийн ханшийг тогтоон барих үйлдэл хийх хэрэгтэйг эдийн засагчид онцолж байна.
Шинэхэн томилогдсон Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын хувьд төлбөрийн тэнцлийн алдагдлыг энэ оны эхнээс хойших өссөх дүнгээр 1.3 тэрбум ам.доллар болсон гэж мэдээлсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1 тэрбум орчим ам.доллараар илүү дүн тул яаралтай мөнгөний бодлогоо чангаруулах ёстой гэсэн байр суурь илэрхийлэв.
Зургадугаар сарын 22-нд Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүг 10 хувь болгож нэмэгдүүлсэн билээ.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.