Цемент болон сурагчийн формны үнийг үгсэн нэмсэн газруудыг шалгаж эхэллээ
ШӨХТГ-аас “Бараа бүтээгдэхүүний гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх” аяны талаар болон сүүлд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар (ШӨХТГ)-ын дарга С.Мөнхчулуун "Зургаадугаар сарын сүүлээр цементийн үнийн өсөлтийн гомдол санал ихээр ирсэн. 13-16-ны өдрийн хооронд 320-330 мянган төгрөг байсан цементийн үнэ 400-480 мянган төгрөг болж өссөн гомдол ихээр ирсэн. Үүнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас хяналт шалгалт хийхэд Монголын томоохон үндэсний үйлдвэрлэгч компаниуд цементийн үнээ нэмээгүй байсан. Зөрчлийн хэрэг нээн 15 гэрээт ААН-д хяналт шалгалт хийхэд зургаа нь худалдааны хууль бус арга хэрэглэж, үндэслэлгүйгээр үнийг нэмэгдүүлсэн байна. Иймд тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдууллаа.
Цаашид цементийн үнийг огцом өсгөхгүй байх тал дээр үйлдвэрүүд болон гэрээт борлуулагч нартай хэлэлцээр хийн хамтарч ажиллаж байна" гэлээ.
Түүнчлэн “Дүрэмт хувцасны үнэ дээр хяналт шалгалт хийсэн. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан сурагчдын дүрэмт хувцасны үнэ нэмэгдсэн гэх асуудал гарсан. Энэ дагуу "Монголын оёдлын нэгдсэн холбоо" гэх ТББ, аж ахуйн нэгжүүд сурагчийн дүрэмт хувцасны үнийг тохирч, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоосон байж болзошгүй зөрчил илэрсэн. Иймд наймдугаар сарын 25-ны өдөр зөрчлийн хэрэг, бүртгэлийн ажиллагааг эхлүүлээд байна" гэлээ.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв
Зөв, одоо л энэ байгууллага үндсэн ажлаа хийдэг болох нь уу даа