Нийгмийн

СЭДЭВ: Байгалийн түүхийн музейн барилгыг Европын мэргэжилтнүүдээр шинжлүүлье

Улаанбаатарын төвд чангахан инээвэл нураад уначих нэг барилга бий гэсэн. Тэр нь Байгалийн түүхийн музей. Барилгын элэгдэл 99 хувьд хүрсэн тул бушуухан буулгахгүй бол хүний амь насанд аюултай гэж айлгана. 2013 онд ашиглагдах боломжгүй гэх актлагдсан цагаасаа эхлээд маргаан, хардалт дагуулсан Байгалийн түүхий музейг нураах нь зөв үү? эсвэл үнэхээр тэнэглэл үү?

Гаднаас нь харахад хана нь бүлтэрч төмрөөр тогтоох гэж оролдсон, тоосго, блокууд нь энд тэнд сугарч гарсан, хөгц мөөгөнд баригдаж чийгтсэн, эд эс бүхэн нь эмтэрч, хагарсан мэт энэ барилга үнэхээр ч айдас төрүүлнэ.

Тэгээд ч музейг нурааж, шинэ музей барих асуудал дөнгөж өчигдөрхөн л яригдаж байгаа юм биш, 2014 онд МХЕГ нурах аюултай барилгуудын жагсаалтад оруулсан, ШУТИС-ийн харьяа Барилгын материалыг шинжлэх судлах лабораториос ашиглах боломжгүй гэж дүгнэсэн, ОБЕГ-аас газар хөдлөлтийн гурван баллын чичиргээ даахгүй гэдгийг анхааруулсан.

Гэвч адилхан л 1954 онд төрсөн 65 настай хүн мэнд сэрүүн, сайхан явж байхад барилга нурна гэдэг байж болохгүй гэх логик үнэний ортой. 65 жил бол барилгын хувьд өвгөн нас биш. Үүний цаана хотын А зэрэглэлийн бүсэд байрлах газрын шунал байна гэж иргэд эсэргүүцэн музейн үүдэнд өдөр, шөнө ялгахгүй жагсаж, гарын үсэг цуглуулж байна. Тэд соёлын өвөө хамгаалж үлдье гэсэн цор ганц зорилготой. “Хөгшин” Европын 200, 300 жилийн настай барилгууд одоог хүртэл оршин тогтнож, Монголд ч зэрэг баригдсан барилгууд нь өдөр тутамд түм түчигнэж, бум бужигнаж байхад энэ барилгыг л буулгах гээд байгаа эрх ашиг хэнд байна вэ? гэх.

Хэнд ч итгэж болохгүй ийм нөхцөлд нэг арга бий.

1946 онд анхны суурийг нь тавьсан УДБЭТ-ын барилга ч мөн ийм асуудалтай нүүр тулж, эцэст нь “ялсан”. Ялсан учир өдгөө ч дүнхийсээр.

Тэд 2016 онд чийгтэй байшингийн насжилтаар мэргэшсэн Engelbert Zollner нарын Австрийн мэргэжилтнүүдийг урьж, цемент, тоосго зэрэг барилгынхаа дээжийг авч явж Европын өндөр зэрэглэлийн лабораторид шинжлүүлэв. Бүх судалгаа шинжилгээ “ХЭВИЙН” гэж гарсан бөгөөд Австри мэргэжилтнүүд “Энэ барилгыг чийгтэй гээд нураана гэвэл Вена хотын бүх барилгыг ч нураах хэрэгтэй болж” гэжээ.

Ингээд л асуудал шийдэгдчихсэн. Нурах гэж байгаа барилгыг авч үлдэх гэж муйхарлан зүтгэхгүй, нураах ёсгүй соёлын өвөө шуналаасаа болж сүйтгэхгүй байхыг аль аль тал нь хүсэж байвал бидэнд ийм нэг гарц байна. Хэлэлцэж ярилцаад шийдэлд хүрэхгүй хойно гуравдагч этгээдийг оролцуулъя.

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ: А.МАНДУУЛ, Г.БЭЛГҮТЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button